Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2022/04903

 

 

 

 

 

 

 

 

                              2022        11          21

            101/ШШ2022/04903

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Б” ХХК /рд:/-д холбогдох

 

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, З.Я, хариуцагчийн өмгөөлөгч К.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, багасгасан шаардлага, түүний төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь 2022 оны 5-р сарын 16-ны өдөр өөрийн компанидаа “Вэбсайт” хийлгүүлэх, компанийн ЕРР системд холбуулах ажлыг хийлгэхээр “Б” ХХК-тай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч нь тухайн ажлыг хуанлийн 30 хоногт хийж дуусгах ба эхний 15 хоногт вэбсайт бүтээх ажлыг хийж захиалагч талд хүлээлгэн өгөх, сүүлийн 15 хоногт вэбсайтыг захиалагчийн ЕРР системд холбох ажлыг хийж гүйцэтгэхээр, нөгөө талаас захиалагч нь гэрээ байгуулагдсан өдөр гэрээний үнэ болох 6,000,000 /зургаан сая / төгрөгийн 50% болох 3,000,000 /гурван сая /төгрөгийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх, үлдсэн 50%-ийг ажил дууссаны дараа өгөхөөр тус тус тохиролцсон болно. Гэрээ хүчин төгөлдөр болмогц захиалагч тал гэрээний үүргээ биелүүлж 3,000,000 /гурван сая / төгрөгийг 2022 оны 05 сарын 16-ны өдөр гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал нь гэрээнд тавигдсан шаардлагыг хангасан вэбсайтыг захиалагч талд хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бөгөөд захиалагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар удаа дараа холбогдох гэж оролдсон боловч утсаа авахгүй байх, эсхүл утас нь сүлжээнээс салсан байх, ажлын байран дээрээ байхгүй байх зэрэг хүндрэлүүд тулгарсан. Хэзээ хойно өөрсдөө холбогдож манай хүүхэд төрсөн тул танай ажлыг хийж чадсангүй уучлаарай хугацаа сунгаад өгөөч гэсний дагуу бид ярилцаад нэмэлт 30 хоногийн хугацаа олгосон. Энэ хугацаанд гүйцэтгэгч тал интернэт орчинд үнэгүй байдаг вэбсайтын загваруудаас нэгийг бидэнд үзүүлсэн бөгөөд энэ нь гэрээнд тавигдсан шаардлагыг огтхон ч хангаагүй тул бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг дахин шаардсан. Үүнээс хойш гүйцэтгэгч тал бас л ажлын байран дээрээ байхгүй хэл чимээгүй алга болсон бөгөөд утсаар холбогдоход Баян-Өлгий аймагт явж байна хотод очиж байгаад танай ажлыг хийгээд дуусгана гэх хариултыг өгөх болсон. Энэ мэтчилэн гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж байсан тул бид нэг ажилтнаа үндсэн ажлыг нь 2 сарын турш хийлгэлгүй зөвхөн хариуцагч талтай холбоо тогтоох, уулзах, гэрээний гүйцэтгэлийг шаардах зэрэг ажлуудыг хийлгэх болж компанид нэмэлт ажил үүсгэн хохирол учруулах болсон, нөгөө талаас өнөөдрийг хүртэл бид гэрээний шаардлага хангасан вэбсайтыг хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 225.1-д заасны дагуу гэрээг цуцлахаас өөр аргагүй болсон.

Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасан гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэснийг үндэслэн гүйцэтгэгч талд урьдчилан төлсөн 3,000,000 /гурван сая/ төгрөг, компанид учруулсан хохирол 2,399,408 /хоёр сая гурван зуун ерөн есөн мянга дөрвөн зуун найм/, нийт 5,399,408 /таван сая гурван зуун ерөн есөн мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг “Б” ХХК-иас гаргуулан “С” ХХК-д олгож зөрчигдсөн эрхийг сэргээн, хохиролгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд вэбсайт хийж гүйцэтгэхээр 5 дугаар сарын 16-нд гэрээ байгуулсан. Хариуцагч уг гэрээний 2.1-д заасан хүрээний ажлыг уг гэрээний 2.2-д заасан хугацаанд буюу 30 хоногт гүйцэтгэх, үүний эхний 15 хоногт вэбсайтыг хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн 15 хоногт ERP системд холбох ажлыг гүйцэтгэх байсан. Гэтэл хариуцагч гэрээний үүргээ огт биелүүлээгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсаны эцэст гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа нь дууссанаас хойш 81 хоногийн дараа нэг талын санаачилгаар уг гэрээг цуцлах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах тухайгаа хариуцагчид мэдэгдсэн. Хариуцагч “Вэбсайт хийх” гэрээний үүргээ биелүүлээгүй нь дараах баримтаар нотлогдож байгаа. Үүнд:

Нэг. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний дагуу хийгдэх вэб сайт нь

2.1.1.   Компанийн тухай ерөнхий мэдээлэл

2.1.2.   Компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл

2.1.3.   Компанийн бүтээгдэхүүн танилцуулга

2.1.4.   Харилцагч үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсэгтэй байх

2.1.5.   Бараа захиалгын хэсэгтэй байх

2.1.6.   Мэргэжилтний зөвлөгөө булан ажиллах

2.1.7.   Онлайн асуулт хариулт

2.1.8.   Сургалтын видео контент байршуулах хэсэгтэй байх

2.1.9.   Admin хэсэгтэй байх ёстой байсан.

Гэтэл хариуцагчаас ирүүлсэн вэбсайтыг нээж үзэхэд,

-               2.1.2-д заасанчлан компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл байрлуулах загвар нь Захиалагчийн хүсэлтийн дагуу хийгдээгүй, байгууллагын хаяг, утасны дугаар, е-мэйл хаягийн хэсэгт оруулсан мэдээлэл нь бүгд буруу байсан.

-                      2.1.3-д заасан Компанийн бүтээгдэхүүн танилцуулах хэсэгт танилцуулах бүтээгдэхүүний мэдээллийг бүрэн оруулаагүй,

-                      2.1.4-д заасан Харилцагчийн үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсгийн загвар харуулсан боловч бүрэн гүйцээж хийгээгүй,

-                      2.1.5-д заасан Бараа захиалгын хэсэг хийгдээгүй,

-                      2.1.6-д заасан Мэргэжилтний зөвлөгөө булан хийгдээгүй,

-                      2.1.7-д заасан Онлайн асуулт хариултын хэсэг хийгдээгүй,

-                      2.1,8-д заасан Сургалтын видео контент байршуулах хэсэг хийгдээгүй,

-                      2.1.9 Admin хэсгийг харуулсан боловч захиалагчийн хүссэн загварын дагуу засаж сайжруулаагүй, мөн хэрхэн ашиглах ажиллуулах тухай зааварчилгаа өгөөгүй.

Хоёр. Хариуцагч “Вэбсайт хийх” гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацааг 81 хоногоор хэтрүүлсэн нь захиалагчийн зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл болсон. Тухайлбал,

-                Гэрээний 2.2-д ажил гүйцэтгэх хугацааг тодорхой тусгасан бөгөөд 2.2.1-д ажлыг гэрээг байгуулсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ.

-                      2.2.2-д Вэбсайтыг эхний 15 хоногт хийж гүйцэтгэх бөгөөд үлдсэн 15 хоногт вэбсайтыг ЕРР системд холбогдох ажлыг хийж гүйцэтгэнэ гэж бичсэнээр бол хариуцагч гэрээнд заасан ажлыг 6 сарын 16-нд хийж дуусгаад тухайн вэбсайтыг захиалагчид хүлээлгэж өгөх ёстой байсан. Ийм байтал энэ ажлыг хүлээлгэж өгөөгүй.

Гурав. Хариуцагч “Вэбсайт хийх” гэрээний дагуу гүйцэтгэх ажлын дараалал нь уг гэрээний 2.3-т зааснаар бол төлөвлөгөө гаргах, хар зураг гаргах, дизайн, кодчилол, туршилт, нэвтрүүлэлт, хүлээлгэн өгч акт үйлдэх зэрэг дарааллын дагуу ажиллах үүрэгтэй байсан.

Гэтэл хариуцагч нь “Вэбсайт хийх" гэрээний

-                2.3.1-д зааснаар Хөгжүүлэгч нь захиалагчийн санал хүсэлтийг харгалзан нийт хийгдэх ажлын жагсаалтыг гарган өдөр тутам хийх ажлын төлөвлөгөөг гаргаагүй,

-                2.3.2-д зааснаар Вэбсайтын ерөнхий харагдац хэмжээ өнгө, блок товчнуудын байршил зэргийг цаасан дээр буулгасан хар зураг гаргаагүй.

-                2.3.3-д зааснаар хөгжүүлэгч нь үндсэн хар зургийн дагуу дизайны хувилбаруудыг гаргаж захиалагч талд танилцуулаагүй, дизайны эцсийн хувилбарыг батлаагүй.

-                2.3.4-д Батлагдсан дизайны дагуу программчлалын код бичиж вэбсайт болгоогүй.

-                2.3.5-д зааснаар Вэбсайтын ажлын явц 75%-с дээш болсон тохиолдолд захиалагч тал явуулах байсан бөгөөд хөгжүүлэгчтэй хамт бэлэн болсон хэсгийг ажиллуулж үзсэний дараа туршилтын үр дүнг хэлэлцэн засаж сайжруулах зүйл байгаа бол засаж сайжруулах байсан боловч энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй.

-                2.3.7-д зааснаар “Нэвтрүүлэлт дуусгаад хөгжүүлэгч тал хийсэн ажлаа захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөхдөө акт үйлдэнэ. Тухайн актад гүйцэтгэсэн ажлуудын жагсаалтыг бичин ар талд нь хүлээн авсан захиалагч тал гарын үсэг зурна. Хүлээлгэн өгсөн өдрөөс баталгаат хугацаа тоологдоно” гэж гэрээнд тусгагдсан байсан боловч энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй.

Дөрөв. “Вэбсайт хийх” гэрээний дагуу акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй вэбсайт нь гэрээний 2.4-т заасан “Ажилд тавигдах шаардлага”-ыг хангаагүй. Акт үйлдэж кодоо хүлээлгэж өгөөгүй тул кодыг шаардлага хангаж буй эсэхийг шалгах боломжгүй байсан. Тодруулбал,

4.1.       “Вэбсайт хийх” гэрээний дагуу акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй боловч өөрсдөө хийж гүйцэтгэсэн гэж тайлбарлаад байгаа вэбсайт нь “Вэбсайт хийх” гэрээний 2.4-т заасан “Ажилд тавигдах шаардлага”-ыг хангаагүй. Учир нь акт үйлдэж кодоо хүлээлгэж өгөөгүй тул кодыг шаардлага хангаж буй эсэхийг шалгах боломжгүй байсан.

4.2.       Хариуцагч “Вэбсайт хийх” гэрээний дагуу хийсэн вэбсайтыг актаар хүлээлгэж өгөөгүй, хийсэн гэж харуулсан вэбсайт нь цахим орчинд байдаг загвар төдий байсан. “Вэбсайт хийх” гэрээний 7.2.1-д зааснаар хүлээлгэн өгч буй вэбсайт нь захиалагчийн тавьсан шаардлагыг хангасан байна, 7.2.2-д зааснаар хүлээлгэн өгч буй вэбсайт нь ажиллагааны доголдолгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “Вэбсайт хийх” гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 3,000,000 /гурван сая/ төгрөг, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар хөлсөлсөн өмгөөлөгчид “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний төлсөн 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 5.16-нд гэрээ байгуулсан. Гэрээнд хийх ажил болон хугацааг заасан. Гэвч ажлаа хийхгүй сураггүй байсан. Улмаар чатаар асуухад өөр хүнтэй холбогдох талаар хэлсэн. Ингээд бид гэрээг цуцлах мөнгөө буцаах талаар хэлсэн. Улмаар мэдээллээ өгөөд 6.27-нд дундын групп чат нээсэн. Гүйцэтгэгч нь эхнэр төрсөн гэсэн тул бид хүлээцтэй хандсан. 8 сард бид гэрээг цуцлах талаар хэлэхэд бараг дуусаж байхад гэж хэлсэн. Улмаар 8 сар дуусахад ажлаа хүлээлгэж өгөөгүй. 9.5-нд гэрээг цуцлах талаар хэлэхэд Баян-Өлгийгөөс ирсэн тул гэрээг цуцалъя гэж шийдсэн. Гэрээгээр 5.16-нд төлсөн 3 сая болон өмгөөлөгчийн хөлс 500 мянгыг гаргуулна. Гэрээнд ажлын хүрээг тодорхой заасан. Гэтэл гэрээнд заасан ажил бүрэн хийгдээгүй байгаа юм. Үзлэгээр гаргасан баримтаар мэдээлэл буруу байна. Манайхаас энэ ажлыг хариуцаж байсан 3 ажилтан зэрэг амраагүй. 8 сард вэбсайтаа үзүүлье гээд үзэхэд маш их дутуу байсан. Хариуцагчаас код хүлээлгэж өгсөн боловч ажиллахгүй байсан. Үүнийг хэлэхэд эргэж холбоо бариагүй. Бид нэмэлт ажил хийлгээгүй. Вэбсайтын хар зургийг батлуулаагүй. Хугацаа сунгаагүй тул энэ талаар баримт байхгүй. Гэрээгээр ажлыг 30 хоногт хийх ёстой байсан гэв.

 

Хариуцагч “Б” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Д.Б, З.Я, өмгөөлөгч К.Ж нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “С” ХХК болон “Б” ХХК нар нь 2022 оны 05 сарын 16-ны өдөр “Веб сайт хийх, ЕРР системд холбуулах” үүрэг бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээнд тусгасны дагуу хариуцагч компани нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

1.1.       Компанийн тухай ерөнхий мэдээлэл

1.2.       Компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл

1.3.       Компанийн бүтээгдэхүүн танилцуулга

1.4.       Харилцагч үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсэгтэй байх

1.5.       Бараа захиалгын хэсэгтэй байх

1.6.       Мэргэжилтний зөвлөгөө булан ажиллах

1.7.       Онлайн асуулт хариулт

1.8.       Сургалтын видео контент байршуулах хэсэгтэй байх

1.9.       Админ /Абтт/ хэсэгтэй байх

Дээрх ажлуудыг гэрээний дагуу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн болно. Хүлээсэн үүргийн дагуу дээрх ажлуудыг тохирсон хугацаандаа хийж хэрэгжүүлэн хүлээлгэж өгөхөөр “С” ХХК-ны ерөнхий программист н.М, худалдааны менежер н.Н, н.Г нартай хариуцагч “Б” ХХК-ны программист Б.Б болон гүйцэтгэх захирал Д.Б хамт УБ гранд зочид буудлын 9 давхарт байрладаг “Б” ХХК-ны ажлын өрөөнд уулзсан. Манай зүгээс хийж гүйцэтгэсэн ажлуудаа бүрэн гүйцэт танилцуулсан буюу гэрээнд заасан хугацаандаа ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байсан. Тус уулзалтын үеэр “С” ХХК-ны ахлах программист н.М гэрээнд тусгагдаагүй хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Анх гэрээнд тусгагдсаны дагуу “Б” ХХК нь бүтээгдэхүүний жагсаалт харуулах, тухайн жагсаалтыг ЕРР системд байгаа өгөгдлийн сангаас татаж харуулахаар тохирсон. Харин дараа нь бүтээгдэхүүнийг ангилах, ангилал нэмэх, ангилал хасах, бараа бүтээгдэхүүн нэмэх, бараа бүтээгдэхүүн хасах болон засварлах, хэрэглэгчдэд харагдах, харагдахгүй болгож ангилах гэх мэтчилэн хэд хэдэн ажлуудыг нэмж хийлгэх шаардлагатай хэмээн хүсэлтээ илэрхийлсэн. Тухайн үед “Б” ХХК-ийн программист Б.Б нь гэрээний хугацаа дууссан талаар сануулж хэлсэн боловч нөгөө талаас гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Уг хүсэлтийг манайх хүлээн авч нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Нэмэлт ажлуудыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны бүрэн хийж дуусгасан. Наадмын амралтын дараа хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулах зорилготой манай программист Б.Батырбек н.Нтай утсаар ярихад 7 хоногийн хугацаатай амралт авсан байгаа ба н.Гтэй холбогдоорой гэсэн хариу өгсөн. Тухайн үед н.Гтэй холбогдоход мөн адил 7 хоногийн чөлөө авснаа хэлсэн. Тэрний дараа удаа дараа уулзаж 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “С” ХХК-ны серверт манай их кодыг байршуулж эхэлсэн. 7 дугаар сарын сүүлээр тухайн ХХК-ний ажилчидтай уулзалт хийж хийгдсэн ажлуудаа танилцуулсан. Хамгийн сүүлийн шат болох тестэлж нэвтрүүлэх үе шатыг “С” ХХК-ны ахлах программист н.М нь ээлжийн амралтаа авсан ба амраад орсны дараа 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хүлээж авна хэмээн санал дэвшүүлсэн. Тэр хүртэл тестэлж нэвтрүүлэх ажлыг дуусгаж, нэмэлтээр өөрчлөлт хийх хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Серверт их код байршуулах ажлын явцад нэхэмжлэгч талаас тус Веб сайтад фейсбүүк групп чат нээж нэмэлт өөрчлөлт болон засаж янзлах тухай дахин санал гаргаж энэ талаар 2022 оны 08 дугаар сарын 31- ний өдрийг хүртэл тогтмол хэлэлцээд явсан. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан талаар мэдэгдэж линк явуулсан. Гэтэл 2022 оны 9 сард гэрээний ажлын дарааллын дагуу хамгийн сүүлийн шат болон туршилт буюу тестлэх үеэр манай хийсэн ажлыг хүлээж авахгүй, гэрээгээ цуцалж шүүхээр явна гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хариуцагчийг үүргийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байх буюу гэрээний хугацааг сунгасан шалтгаан нь нэхэмжлэгчийн хүсэлттэй холбоотой мөн сүүлд ажил удааширсан нь нэхэмжлэгч компанийн холбогдох ажилчид ээлжийн амралттай зэрэг шалтгаантай байснаас хариуцагчаас огт шалтгаалаагүй юм. Хариуцагчийн зүгээс гэрээнд заагдсан ажлыг анх хугацаанд нь чанартай хийж, гүйцэтгэж хүлээлгэж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд зааснаас өөр нэмэлт ажил хийх шаардлагыг удаа дараа тавьснаар ажил удааширсан. Үүнээс үзвэл хариуцагч компанийн хувьд үүргийн зөрчил гаргаагүй тул нэхэмжлэгчийн гэрээг цуцалж, хохирол шаардаж буй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч тал удаа дараа нэмэлт ажил хийлгэсэн, өөрсдөө хугацаа сунгах хүсэлт гаргасан зэрэг нь хоёр компанийн хоорондын харилцсан фэйсбүүк чатаас харагдах бөгөөд хариуцагчийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг эх хувиар нь өгөх боломжгүй буюу биет бус ажил тул шүүхийн ажиллагааны явцад үзлэг хийлгэж тогтоолгох болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5 дугаар сарын 16-нд гэрээ хийгээд дунд нь нэг удаа уулзсан. Гэрээний хугацаа дуусахад нэг удаа уулзаж ажил арай дуусаагүй байна гэхэд нэмэлт зүйл хүссэн. Улмаар ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх гэхэд 3 хүн нь бие бие уруугаа уулз гэж хэлсэн. Улмаар амралтаа авчихлаа гэсэн. Тэгээд би хөдөө явсан. Манайхыг үзүүлье гэхэд боломжгүй гэдэг байсан. Тэгээд уулзахад гэрээгээ цуцалъя гэсэн. Би нэмэлт зүйлийг үнэгүй хийж өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Гэрээ байгуулсан. 6 сарын 10-нд кодчиллыг бэлэн болгосон. Энэ нь вэбсайт бэлэн боллоо гэсэн үг юм. Нийт 9 хэсэгтэй  ажлыг гүйцэтгээд нэхэмжлэгчид танилцуулсан. Гэтэл нэмэлт ажлын санал гаргасан. Ингэхэд нэмэлт ажил хийвэл  нэмэлт хугацаа хэрэгтэй гэсэн бөгөөд нэхэмжлэгч нь хугацаагаа сунгасан тул бид нэмэлт ажлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар амаар тохиролцсон тул баримтгүй. Нэхэмжлэгч нь гэрээг зөрчсөн тул цуцаллаа гэсэн нь баримтгүй. Хугацаа сунгасан нь нэмэлт ажил хийх болсонтой холбоотой. Мөн наадмаас болоод ажлаа хүлээж аваагүй. Бид хугацаа хэтрүүлээгүй харин үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн. Улмаар наадмын дараа дахиж чат пот нэмэх хүсэлт хэлснээр бид дахин зөвшөөрч гүйцэтгэсэн. Дахиад ажлаа хүлээлгэж өгөх гэтэл ээлжийн амралттай гэсэн. Үүний дараа Баян-Өлгий явах ажил гарсан. Ингээд 8 сарын сүүлээр туршилтын ажил эхэлсэн бөгөөд эцсийн шатанд гэрээг цуцаллаа гэсэн. Гэрээний 2.1-д заасан 9 хэсэг ажил бүрэн гүйцэтгэгдсэн. Ажлыг бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэгч гэрээг цуцлах эрхгүй. Ажлыг нэхэмжлэгч хүлээн авах үүрэгтэй. Мэдээллийн хувьд бид вэбсайт бүтээх ёстой бөгөөд мэдээллийг бид оруулах ёсгүй юм. Нэхэмжлэгч өөрөө мэдээллээ оруулах ёстой. 7.20-нд ажлаа хүлээлгэж өгөхөөр холбогдсоныг нэхэмжлэгчийн төлөөлөгч хэллээ. Гэрээнд туршилтыг нэхэмжлэгч явуулахаар заасан. Бид кодчиллыг 6.10-нд танилцуулснаар туршилт явуулах боломжтой болсон. Гэрээнд заасан ажлыг бүрэн хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд байхгүй барааг нэмэх хэсэх гэх мэтийг нэмж ажил хийлгэх хүсэлт гаргасан. Зарим бараа нь харагддаггүй байх мөн засварлах гэх мэт зүйлийг нэмж хийлгэсэн. Өмгөөлөгчийн хөлс төлсөн баримтгүй тул өмгөөлөгчийн хөлсийг хохирол гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь гэрээний хугацааг хэтрүүлсэн гэдэг. Гэтэл хугацааг тохиролцоод сунгасан тул хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй. Нэмэлт ажил хийснээр хугацаа сунгагдсан юм. Иргэний хуулийн 251.1.2-т захиалагч ажлыг хүлээн авах үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 7 сарын 20-нд ажлыг хүлээлгэж өгөх талаар холбогдсоныг хэлж байна. Нэхэмжлэгч нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Гэрээ цуцлах тухай ярих юм бол энэ талаар санал гаргах ёстой. Гэтэл гэрээг цуцлах татгалзах тухай мэдэгдэл өгч байгаагүй. Хэн нэгэн ажилтан гэрээг цуцлах талаар хэлсэн гэдэг нь гэрээг цуцлах үндэслэл биш юм. Цуцлах талаар ямар нэг санал ирүүлж байгаагүй. Гэрээг байгуулагдсанаас хойш зарим нөхцөл өөрчлөгдсөн. Иймд хариуцагчийг гэрээг зөрчсөн гэх үндэслэлгүй гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: вэбсайт хийх гэрээ /хх6-14/, Голомт банк дахь дансны хуулга /хх26/, Д.Н, Ж.М нарын гаргасан тайлбар /хх52-55/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хариуцагч талын хүсэлтээр маргаж буй цахим хуудсанд үзлэг хийсэн. /хх57-58/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “С” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, учирсан хохиролд 2,399,408 төгрөг, нийт 5,399,408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг төлсөн төлбөр 3,000,000 төгрөг, учирсан хохиролд өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг болгон багасгасан.

 

Хариуцагч “Б” ХХК нь бид ажлыг хугацаанд нь гүйцэтгэсэн боловч нэмэлт ажил захиалсан тул хугацаа сунгагдсан, улмаар нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж маргаж байна.

 

Зохигчид 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр вэбсайт хийх гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх6-12/

Энэхүү гэрээний 1.1, 1.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн вэбсайтыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хөлс төлөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээдэг.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн.

 

Гэрээний удиртгал хэсэгт зааснаар захиалагчийг төлөөлж Д.Н гэрээг байгуулсан бол харин хөгжүүлэгч гэж нэрлэсэн гүйцэтгэгчийг Д.Б гэжээ. Улмаар гэрээ байгуулсан хэсэгт зохигч хуулийн этгээдүүдийн тэмдэг дарагдсан, түүнчлэн шүүх хуралдаанд оролцогчдын тайлбараас үзэхэд хуулийн этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Мөн Д.Н нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх талаар маргаагүй.

Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан этгээд болон гэрээний оролцогчийн талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 3.4-т зааснаар ажил гүйцэтгэж эхлэх үед буюу гэрээ байгуулсан өдөр 3,000,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь Голомт банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хх26/

 

Гэрээний 2.2.1-д зааснаар ажлыг 30 хоногт багтаан гүйцэтгэхээр тохиролцжээ.

Улмаар гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож тодорхой хугацаанд сунгасан талаар хэн аль нь тайлбарласан. Цаашлаад нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай буюу ажил бүрэн гүйцэтгэгдээгүй байснаас гэж тайлбарласан бол хариуцагч нь нэмэлт ажил хийхээр захиалсантай холбоотойгоор хугацаа сунгасан гэж маргаж байна. Гэвч хэн аль нь гэрээний хугацааг сунгасан үндэслэлийн талаарх тайлбараа эргэлзээгүйгээр нотлоогүй.

Иймд гэрээний хугацааг 30 хоногоор сунгасан үйл баримт нь маргааны зүйл биш байх бөгөөд гэрээнээс татгалзах үндэслэл болоогүй байна.

 

Улмаар хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэсэн ажлаа “харах” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь ажлыг гүйцэтгэж дууссан гэж өөрийн зүгээс үзэж, үр дүнг хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчид ханджээ.

Энэ үед нэхэмжлэгч нь ажлын үр дүнгийн доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн гэх боловч хариуцагч нь нэмэлт ажил гүйцэтгэх хүсэлт байсан гэж маргасан.

Гэвч хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтаар өөрийн тайлбарыг нотлоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээний үүрэг зөрчигдөж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн гэх тайлбараа мөн нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийн гэрээнд нэмэлт хугацаа олгосон боловч үүрэг биелэгдээгүй гэх тайлбар баримтаар нотлогдоогүй, тодруулбал, үндэслэлгүй байна.

 

Цаашлаад хариуцагч нь тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр нэхэмжлэгчид хандаж байсан нь дээрх үйл баримтаар тогтоогдсон бөгөөд ийнхүү ажлыг гүйцэтгэсэн болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх57-58/

Эдгээрээс гадна нэхэмжлэгч тал оруулсан мэдээлэл алдаатай гэх боловч маргаж буй вэбсайтад байрших мэдээллийг хариуцагч биш, харин нэхэмжлэгч гаргах үүрэг хүлээнэ.

 

Дээрх үндэслэл, үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын үр дүнг захиалагч хүлээн авах үүрэг хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэгэнт гэрээнээс татгалзах эрх үүсээгүй тул төлсөн урьдчилгаа төлбөрийг буцаан шаардах эрхгүй юм.

 

Харин нэхэмжлэгч нь ажлыг бүрэн хүлээн авсны дараа хэрэв доголдолтой гэж үзвэл Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар гомдол гаргах эрх нээлттэй байна.

 

Нэхэмжлэгч нь энэхүү маргаантай холбоотойгоор шүүх хуралдаан зарлагдсан энэ өдөр өмгөөлөгч Л.Мтай эрх зүйн туслалцаа үзүүлэх 500,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулжээ. /хх49-50/

Гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч нь энэ маргааны талаар хууль зүйн туслалцааг өмнө нь авсан, өөрөөр хэлбэл өмгөөллийн үйл ажиллагаа явагдсан гэж үзэхгүй.

Цаашлаад энэхүү гэрээний дагуу төлбөр төлсөн гэх баримтгүй.

Түүнчлэн иргэний эрх зүйн маргаанд хууль зүйн туслалцаа авах нь тухайн этгээдийн эрхэд хамаарах бөгөөд эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригоос шууд хамаардаг. Тодруулбал, ийнхүү хууль зүйн туслалцаа авсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан учирсан гэх хохиролд хамааралгүй юм.

 

Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн  дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД