Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00225

 

 

А-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04903 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ХХК-ийн хариуцагч Б- ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А-ХХК нь Б- ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Вэбсайт хийх гэрээг байгуулж компанийн вэб сайтыг ЕРР системд холбох ажлыг хуанлийн 30 хоногт хийх, захиалагч нь гэрээ байгуулсан өдөр гэрээний үнэ болох 6,000,000 төгрөгийн 50 хувь 3,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талд хүлээлгэн өгөх, үлдсэн 50 хувийг ажил дууссаны дараа өгөхөөр тохиролцсон. Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр 3,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээнд тавигдсан шаардлагыг хангасан вэбсайтыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бөгөөд захиалагч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар удаа дараа холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Гүйцэтгэгч тал хэсэг хугацааны дараа ... манай хүүхэд төрсөн тул танай ажлыг хийж чадсангүй уучлаарай хугацаа сунгаад өгөөч... гэсэн тул 30 хоногийн хугацаа олгосон. Гэтэл гүйцэтгэгч гэрээнд заасан шаардлагад нийцэхгүй, интернэтэд үнэгүй байдаг вэбсайтын загваруудыг захиалагчид үзүүлээд мөн алга болсон. Утсаар холбогдоход ... Баян-Өлгий аймагт явж байна хотод очиж байгаад танай ажлыг хийгээд дуусгана... гэж хэлсэн. Гүйцэтгэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. А-ХХК нь гэрээний шаардлага хангасан вэбсайтыг хүлээн аваагүй тул гэрээг цуцалж учирсан хохирлоо гаргуулах шаардсан. Б- ХХК-д урьдчилгаа төлбөр 3,000,000 төгрөг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргахаар өмгөөлөгчийн хөлсөнд 500,000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Б- ХХК-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

А-ХХК нь Б- ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Веб сайт хийх, ЕРР системд холбуулах гэрээг байгуулсан. Гэрээнд компанийн тухай ерөнхий мэдээлэл, компанийн хаяг, холбоо барих утас, е-мэйл, компанийн бүтээгдэхүүн танилцуулга, харилцагч үйлчилгээний захиалга өгөх, бүртгэх хэсэгтэй байх, бараа захиалгын хэсэг, мэргэжилтний зөвлөгөө булан ажиллах хэсэг, онлайн асуулт хариулт, сургалтын видео контент байршуулах, админ (Абтт) хэсэг бүхий ажлуудыг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Б- ХХК-ны программист Б.Батырбек болон гүйцэтгэх захирал Д.Баттөгс нар дээрх ажлуудыг гэрээгээр тохиролцсон хугацаандаа хүлээлгэн өгөхөөр А-ХХК-ийн ерөнхий программист н.Мөнхбаяр, худалдааны менежер н.Намуунаа, н.Ганцэцэг нартай уулзсан. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл А-ХХК-ийн ахлах программист н.Мөнхбаяр гэрээнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг ангилах, ангилал нэмэх, ангилал хасах, бараа бүтээгдэхүүн нэмэх, бараа бүтээгдэхүүн хасах болон засварлах, хэрэглэгчдэд харагдах, харагдахгүй болгож ангилах гэх мэт хэд хэдэн ажлуудыг нэмж хийлгэх шаардлагатай хэмээн хүсэлтээ илэрхийлсэн. Б- ХХК-ийн программист Б.Батырбек нь гэрээний хугацаа дууссан талаар сануулсан боловч нөгөө талаас гэрээний хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Б- ХХК уг хүсэлтийг хүлээн авч нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцож нэмэлт ажлуудыг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хийж дуусгасан. Наадмын амралтын дараа нэмэлт ажлыг танилцуулах талаар А-ХХК-д мэдэгдэхэд ... 7 хоногийн хугацаатай амралт авсан байгаа ба н.Ганцэцэгтэй холбогдоорой... гэсэн хариу өгсөн. н.Ганцэцэгтэй холбогдоход мөн адил 7 хоногийн чөлөө авснаа хэлсэн. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн А-ХХК-ийн серверт их кодыг байршуулсан. Хамгийн сүүлийн шат болох тестэлж нэвтрүүлэх үе шатыг А-ХХК-ийн ахлах программист н.Мөнхбаярыг амраад орсны дараа 2022 оны 08 дугаар сарын сүүлээр хүлээж авна хэмээн санал дэвшүүлсэн. Серверт их код байршуулах ажлын явцад нэхэмжлэгч талаас веб сайтад фейсбүүк групп чат нээж нэмэлт өөрчлөлт санал гаргасан. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан талаар мэдэгдэж линк явуулсан. Гэтэл 2022 оны 9 сард гэрээний ажлын дарааллын дагуу хамгийн сүүлийн шат болон туршилт буюу тестлэх үеэр манай хийсэн ажлыг хүлээж авахгүй, гэрээгээ цуцлах талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсоноос өөр ажил нэмж өгсөн атлаа гэрээний хугацааг хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцохоор өмгөөлөгч Л.Мөнхсайхантай гэрээ байгуулсан. Өмгөөлөгч Л.Мөнхсайхан өөр шүүхэд хуралтай гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү" гэсэн хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь тэгш эрхийн болон мэтгэлцэх зарчмын дагуу явагдана гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Шүүх нэхэмжлэгч өмгөөлөгчдөө мөнгө төлсөн байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмын дагуу явагдах зарчмыг зөрчсөн.

Мөн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ дурдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх, шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрх зүйч мэргэжилтэй. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өмгөөлөгч авах боломжит хугацаа байсан. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гэрээний хамт гаргаж өгсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар нэхэмжлэгч маргаагүй. Гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй нь уг хэрэгт ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт заасан үндэслэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Мөн шүүхийн шийдвэрээр ажлын үр дүнг хүлээж авах, үр дүнг хүлээж авсны дараа доголдолтой болохыг Иргэний хуульд заасны дагуу шаардлага гаргах, хохирлоо нөхөн төлүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зэрэг шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах эрх, хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

1.Нэхэмжлэгч А-ХХК нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 3,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтыг өөрөө бүрдүүлэхээс гадна шүүхэд хүсэлт гаргаж, гэрч оролцуулах зэргээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, гэрч Ж.Мөнхбаяр, Д.Намуун нарыг оролцуулах асуулгах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хариуцагч талаас эсэргүүцсэн тайлбар гаргаагүй, харин ч дэмжсэн байхад анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/27215 дугаар захирамжаар ...цахим хуудас хийх ажлын үр дүнг гэрчийн мэдүүлгээр нотлохгүй ... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хангахаас татгалзсан нь буруу байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно. гэж, 43.2.-т Гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж заасантай нийцээгүй байхаас гадна Иргэний хуулийн 42.11.-т Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч... гэж заасан ба ажлын үр дүн юу байхаас хамаарч гэрчээр нотлох эрх алдагдах эсэхэд дүгнэх боломжтой.

 

Хариуцагч талаас ...А-ХХК-ийн ерөнхий программист н.Мөнхбаяр, худалдааны менежер н.Намуунаа, н.Ганцэцэг нартай уулзсан. Гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн. ... ахлах программист н.Мөнхбаяр гэрээнд тусгагдаагүй хэд хэдэн нэмэлт ажлуудыг хийлгэх хүсэлт гаргасан .. улмаар хугацаа сунгасан... гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд тэдгээрийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

 

4.Анхан шатны шүүх дээрх байдлаар нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хэргийн талын хүсэлтийг хангаагүй атлаа ....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтаар өөрийн тайлбарыг нотлоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зүйн туслалцаа авах өмгөөлүүлэх эрхээр хангаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянаанхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/04903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ