Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/03435

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр                         Дугаар 102/ШШ2022/03435                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С... дүүргийн ... дугаар хороо, Б...-р гудамж, ... тоотод оршин суух, регистр ..., Х.. овогтой М..ын У.,  

Хариуцагч: Б.. дүүрэг, .. дугаар хороо, ..-р бичил хороолол, ...-р байрны .. тоотод оршин суух, регистр ..., Б... овогтой Б...ийн Эн..,

Хариуцагч: Б.. дүүргийн .. дугаар хороо, ..-р бичил хороолол, ...-р байрны .. тоотод оршин суух, регистр .., Б.. овогтой Г...гийн Д..,

Нэхэмжлэлийн шаардлага: 15 297 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О.., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Энхболор нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.У... нь Б.Э.., Г.Д.. нарт холбогдуулан 15 297 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

М.У... нь гэрээр даалин, гар урлал хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг ба иргэн Б.Э.. нь захиалагч нарт хүргэж өгөх ажлыг харилцан тохиролцож хийдэг байсан. Мөн бүтээлүүдийг зээлээр авч, дараа тооцоо нийлээд явдаг байсан. Б.Э.. нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авдар 17 ширхэг, нэг тус бүрийн үнэ 15 000 төгрөгний нийт 255 000 төгрөг, 34 ширхэг хээт даалин тус бүрийн үнэ 18 000 төгрөгний нийт 612 000 төгрөг, 30 ширхэг дөрвөн хүчтэн шигүү хээт даалин нэг тус бүрийн үнэ 20 000 төгрөгний нийт 600 000 төгрөг, торгон даалин 200 ширхэг, нэг тус бүрийн үнэ 6 500 төгрөгний нийт 1 300 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийт 2 767 000 төгрөгийн бараа материал өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6 800 000 төгрөгийн үнэ бүхий гар зүү ороосон 3 ширхэг даалин, 3 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг халтар жижиг мана хөөрөг, нийт үнэ нь 9 800 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 200 000 төгрөгийн үнэ бүхий хурган дотортой 1 500 000 төгрөгийн үнэ бүхий цагаан судалтай гартааман хөөрөг 2 хос нийт 2 700 000 төгрөг, нийт 3 удаагийн авалтаар 15 267 000 төгрөгийн бараа материалыг авч тухайн үеийн ханшаар тооцож баримт үйлдэж өгсөн.  Хариуцагч Б.Э...тай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бараа материалын тоо ширхэг, үнийг дүнг гар бичмэлээр дахин тулгаж тооцоо нийлсэн ба өнөөдрийг хүртэл төлбөр барагдуулаагүй байгаа тул 15 297 000 төгрөгийг хариуцагч Б.Э... болон түүний гэр бүлийн хүн Г.Д... нараас нэхэмжилж байна гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э.. шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эн... нь нэхэмжлэгч М.У...тай найз нөхдийн холбоотой. М.У... нь жирэмсэн байхдаа бараа материал заруулахаар өгдөг байсан. 20 000-30 000 төгрөгийн урамшуулал авч ажиллаж байсан гэсэн тайлбар гаргадаг. 2019 оны 11 дүгээр сард М.У...ийн хувьд Б.Э... 17 ширхэг авдарын бэлдэц зараад өг гэхээр нь авсан. Зарагдаагүй учраас нэхэмжлэгчид буцааж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 150 ширхэг хөөрөгний торгон даалинг нэг бүрийн үнэ 5 000 төгрөгөөр зарж өгөхөөр аваад 30 ширхэгийг нь 5 000 төгрөгөөр зараад 150 000 төгрөгийг нь дансаар шилжүүлээд үлдэгдэл 120 ширхэг даалинг буцааж өгөөд тооцоо дууссан. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зүү ороосон даалин 3 ширхэгийг тус бүрийн үнэ 2 000 000, 1 200 000, 6 000 000 төгрөгөөр үнэлж нийт 3 800 000 төгрөгөөр авсан. Мөн том жижиг 2 манан хөөргийг тус бүрийн үнэ 1 500 000, 1 000 000 төгрөгөөр үнэлж нийт 2 500 000 төгрөгөөр авсан. Үүнийг зээлээр хүнд өгсөн. Тухайн үед энэ талаар М.У...д мэдэгдэж, зөвшөөрөл авч байсан. 2020 оны 2 сард хурган дотрыг 1 200 000 төгрөгөөр, гартааман хөөрөг 2 ширхгийг 1 000 000 төгрөгөөр үнэлж авсан. Гартааман хөөргийг 700 000 төгрөгөөр худалдахаар М.У...гаас зөвшөөрөл авч нийт 1 900 000 төгрөгөөр зарсан. Нийт 8 350 000 төгрөгийн барааг авч зарсан. Үүнээс нэхэмжлэгчид нийт 5 489 500 төгрөгийг дансаар төлсөн. 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ATM-ээс бэлнээр 500 000 төгрөг авч нэхэмжлэгчид өгсөн. Одоо үлдэгдэл 2 360 500 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэлтэй байгаа. Тиймээс 15 297 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

3.Нэхэмжлэгчээс: орлогын баримт /хх 5-7/, төлбөр барагдуулах баталгаа /хх 9, 53/, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон 2022-07-18-ны өдрийн тэмдэглэл /хх 10/, Анцапала ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 79/,

Хариуцагчаас: орлогын баримт /хх 21/, ХААН банкны дансны хуулга /хх 22-38, 73-89/, Э.М...ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 90/

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 59-65/ зэрэг баримтуудыг гаргажээ.     

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагаас 7 205 500 төгрөгийг хариуцагч Б.Э...гаас гаргуулахаар хангаж, бусад хэсэг болох 6 269 500 төгрөгийн нэхэмжлэл, Г.Д...д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогджээ.

 

М.У... нь хувиараа хөдөлмөр эрхэлж хөөрөгний даалин, гар урлалын бүтээгдэхүүн хийж, тэдгээрийг Б.Э...гаар захиалагчдад хүргүүлэх, зээлээр худалдаж, дараа тооцоо хийдэг байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

Талууд 2022 оны 5-р сарын 16-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай баталгаа гаргах нь” баримт үйлдэж /хх 53/ нийт 17 467 000 төгрөгийн төлбөр тооцоог нийлж, М.У..., Б.Э..., Г.Д... нар гарын үсэг зуржээ. 

Хэдийгээр тооцоо нийлсэн баримтад Г.Д... гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг зарж өгөх, зээлээр худалдан авахаар тохирсон нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин тооцоо нийлсэн баримт болон нэхэмжлэлийн үнийн дүн 15 267 000 төгрөг, тооцоо нийлэх үндэслэл болсон баримт зөрүүтэй байгаа зэргээс дүгнэж төлбөрийн тооцоог хийх нь зүйтэй.

-Нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 11-р сарын 5-ны өдрийн баримтад хүлээн авагч нь Сараана, үг, тооны засвартай  байх /хх 7/ ба харин хариуцагчийн гаргасан орлогын баримт /хх 21/ торгон даалин 150 ширхэг гэсэн ямар нэг засваргүй баримт байна. Нэг бүрийн үнийг нэхэмжлэгчийн үнийн дүн 6 500 төгрөгөөр тооцож 975 000 төгрөгийн,

-2019 оны 12-р сарын 10-ны өдрийн орлогын баримт 3 ширхэг даалин 6 800 000 төгрөг, 2 ширхэг хөөрөг 3000 000 төгрөг бүгд 9 800 000 төгрөг байна. Харин үнийг дүнг 12 000 000 гэж буруу тооцсон /хх 5/,

-2020 оны 02-р сарын 25-ны баримт /хх 6/ ар талд Э..д өгсөн бараа буюу хурган дотор 1 ширхэг 1 200 000 төгрөг, 2 хөөрөг 1 500 000 төгрөг нийт  2 700 000 төгрөгийн бараа нийлүүлсэн нь тус тус баримтаар тогтоогджээ.

Эдгээр баримтыг нэхэмжлэгч Анцапала ХХК-ний баримт дээр үйлдсэн боловч иргэд хоорондоо үйлдсэн баримт болох талаар талууд маргаагүй болно.

 

Иймд дээрх 13 475 000 төгрөгийн барааг Б.Э..д нийлүүлсэн, үүнээс дансаар нийт 6 269 500 төгрөгийг М.У...ийн Хас банкны 5601056206, охин Н...ы ХААН банкны 5021592236, М.У...гийн ХААН банкны 5029477848, 5006331962 тоот дансаар тус тус  шилжүүлсэн /хх 22-38/, үлдэх 7 205 500 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж дүгнэлээ.

Нөгөө талаас, М.У...ийн охиныг ажилд оруулж өгнө, гаргаж авч өгнө гэж авсан мөнгөө цувуулж өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн 993.., 997.., 968... дугаарын утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл төлбөр тооцооны талаар тодорхой тусгагдаагүй байна.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 234 435 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 435 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Б.Э....аас 124 332 төгрөг гаргуулж М.У...д олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б...ийн Э...аас 7 205 500 /долоон сая хоёр зуун таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж М..ын У..д олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 8 061 500 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагч Г.Д...д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Э...аас 124 332 төгрөг гаргуулж М.У...д олгосугай.      

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Р.АЛТАНТУЯА