Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/00071

 

 

 

 

 

 

 

 

 

М.Угийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03435 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Угийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э, Г.Д нарт холбогдох

 

15,297,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: М.У нь гэрээр даалин урладаг ба Б.Э нь захиалагч нарт худалдах ажлыг харилцан тохиролцож хийдэг байсан ба бүтээгдэхүүнийг зээлээр авч, дараа нь тооцоо нийлдэг байсан. Б.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр авдар 17 ширхэг, нэг тус бүрийн үнэ 15,000 төгрөг, нийт 255,000 төгрөг, 34 ширхэг хээт даалин тус бүрийн үнэ 18,000 төгрөг, нийт 612,000 төгрөг, 30 ширхэг дөрвөн хүчтэн шигүү хээт даалин нэг тус бүрийн үнэ 20,000 төгрөг, нийт 600,000 төгрөг, торгон даалин 200 ширхэг, тус бүрийн үнэ 6,500 төгрөг, нийт 1,300,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нийт 2,767,000 төгрөгийн бараа өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 6,800,000 төгрөгийн үнэ бүхий гар зүү ороосон 3 ширхэг даалин, 3,000,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг халтар жижиг мана хөөрөг, нийт 9,800,000 төгрөгөр, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,200,000 төгрөгийн үнэтэй хурган дотор, 1,500,000 төгрөгийн үнэтэй цагаан судалт гартааман 2 ширхэг хөөргийг 2,700,000 төгрөг, нийт 3 удаагийн авалтаар 15,267,000 төгрөгийн барааг тооцон авч баримт үйлдсэн. Хариуцагч Б.Этай 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр барааны тоо ширхэг, үнийн дүнгийн тооцоо нийлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй тул 15.297.000 төгрөгийг хариуцагч Б.Э, нөхөр Г.Д нараас нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б.Э, М.У нар найз нөхдийн холбоотой ба М.У нь жирэмсэн байхдаа бараа заруулахаар өгдөг байсан. 20,000-30,000 төгрөгийн урамшуулал авч ажиллаж байсан. 2019 оны 11 дүгээр сард М.Угийн 17 ширхэг авдарын бэлдэц зараад өг гэхээр нь авсан. Зарагдаагүй учраас буцааж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 150 ширхэг хөөрөгний торгон даалинг нэг бүрийг нь 5,000 төгрөгөөр зарж өгөхөөр аваад 30 ширхэгийг нь 5,000 төгрөгөөр зарж 150,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэх 120 ширхэг даалинг буцааж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зүү ороосон даалин 3 ширхэгийг 2,000,000, 1,200,000, 600,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 3,800,000 төгрөгөөр, мөн том жижиг 2 манан хөөргийг 1,500,000, 1,000,000 төгрөгөөр тус тус үнэлж 2,500,000 төгрөгөөр авч зээлээр хүнд өгсөн. 2020 оны 02 сард хурган дотрыг 1,200,000 төгрөгөөр, 2 ширхэг гартааман хөөргийг 1,000,000 төгрөгөөр үнэлж аваад гартааман хөөргийг М.Угийн зөвшөөрснөөр 700,000 төгрөгөөр худалдсан. Нийт 8,350,000 төгрөгийн барааг авч зарсан. Үүнээс нэхэмжлэгчид 5,489,500 төгрөгийг дансаар, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бэлнээр 500,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн. Одоо 2,360,500 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймээс 15,297,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Б.Эгаас 7,205,500 төгрөг гаргуулж М.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх 8,061,500 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.Дд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Эгаас 124,332 төгрөг гаргуулж М.Уд олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагч Б.Эгаас 7,205,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч худалдсан гэх бараа бүтээгдэхүүний үнийг талууд хэрхэн тохирсон эсэх, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсэх талаар дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгч М.У нь хариуцагч нараас 15,297,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2019 оны 12 дугаар сарын 10, 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орлогын баримтууд нь 2 талын гарын үсэггүйгээс гадна үнийн дүн илт зөрүүтэй, засвартай баримтуудыг гаргаж өгсөн байхад шүүх эдгээр баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт авагдсан баримтын хүрээд дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь үндэслэлтэй. Мөн худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнг тохиролцоогүй гэж гомдолд дурдсан ч 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар үнийн дүнг тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн баримтын хүрээнд 17,467,000 төгрөгийг өгөхдөө 24 цагийн дотор 5,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцож, хамтран хариуцагчаар татсан Г.Д, Б.Э нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Дээрх баримтын хүрээнд нэхэмжлэл гаргасан бөгөөд 12,000,000 төгрөгөөс барааг зарсан тохиолдолд 2,200,000 төгрөгийг урамшуулал болгож өгөхөөр тохиролцсон учраас тухайн үнийн дүнг хасч үлдэх мөнгийг нэхэмжилсэн. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нотолгооны хуваарилалтыг буруу хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

3.Нэхэмжлэгч М.У нь хариуцагч Б.Э, Г.Д нарт холбогдуулан 15,297,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ

4.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүйг давж заалдах шатны шүүх залруулна. Нэхэмжлэгч М.У өөрийн урласан гар урлалын бүтээгдэхүүнийг тодорхой үнээр тооцон хариуцагч Б.Эд худалдаж, хариуцагч үнийг төлөхөөр талууд тохиролцсоноос үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхээр байна.

5.Нэхэмжлэгч нь 200 ширхэг торгон даалинг нэг бүрийн үнийг нь 6,500 төгрөгөөр тооцон хариуцагчид шилжүүлсэн гэсэн тайлбараа нотлоогүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 150 ширхэгээр хүлээлгэн өгсөн барааны хэмжээг, нэг ширхэгийн үнийг 5,000 төгрөгөөр тодорхойлно. Харин үүнээс 130 ширхэгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хасч тооцох боломжгүй болно. Иймд хариуцагч 150 ширхэг торгон даалингийн үнэ (150х5,000=750,000) 750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

6.Анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн зүү ороож оёсон 3 ширхэг даалинг 6,800,000 төгрөгөөр, 2 ширхэг халтар манан хөөргийг 2,500,000 төгрөгөөр тооцон хариуцагч худалдан авсан гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь уг баримтын эд зүйл хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй тул нэхэмжлэгч талын дангаар үйлдсэн баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эргэлзээтэй гэж дүгнэгдэх учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Харин хариуцагч тус баримтад бичигдсэн 3 ширхэг даалинг нийт 3,800,000 төгрөгөөр, 2 ширхэг хөөргийг нийт 2,500,000 төгрөгт тооцон авч бусдад худалдсан гэж тайлбарласныг үндэслэн түүнээс нийт 6,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

7.Мөн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баримтын ар талд Энхтуяад өгсөн бараанууд гэх гарчигтай хурган дотор 1,200,000 төгрөг, гартааман хос хөөрөг 1,500,000 төгрөг, нийт 2,700,000 төгрөг гэсэн бичвэрыг нэхэмжлэгч тал өөрөө бичиж тэмдэглэсэн нь нэг талын үйлдсэн баримт гэж дүгнэх учир уг баримтыг хуульд заасан бичмэл нотлох баримт шаардлага хангаагүй гэж дүгнэх юм. Харин хариуцагч хурган дотрыг 1,200,000 төгрөгөөр, хос гартааман хөөргийг 1,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжлэгчээс авсан гэж тайлбарласан тул энэ хэмжээгээр хариуцагч нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хөөргийг 700,000 төгрөгөөр бусдад худалдсан гэх тайлбарыг нь нэхэмжлэгч эсэргүүцсэн тул хариуцагч нэхэмжлэгчээс зөвшөөрөл авч хөөргийг 700,000 төгрөгөөр худалдсан үйл баримтыг нотлох үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч хурган дотрыг 1,200,000 төгрөгөөр, гартааман хос хөөргийг 1,000,000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэж дүгнэж түүнээс нийт 2,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна

8.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч 9,250,000 /750,000 + 6,300,000 +2,200,000 төгрөг/ төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгчээс хүлээн авсан байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч Б.Эгийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5059426514, түүний охин Э.Маралын эзэмшлийн мөн банк дахь 5059279103 тоот дансны хуулгаар хариуцагч 5,739,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба анхан шатны шүүх хариуцагч 6,269,500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж дүгнэсэн үйл баримтад нэхэмжлэгч гомдоогүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэв.

9.Иймд хариуцагч 2,980,000 (9,250,000-6,269,500) төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Эгаас 2,980,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,316,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заладах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Хариуцагч Б.Э, Г.Д нарын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн Төлбөр барагдуулах баталгаа гаргах нь гэх баримтад хариуцагч нар нэхэмжлэгчийн шаардлага, шахалтын улмаас бичиж өгсөн гэх байдал тогтоогдоогүй боловч тус баримтыг бусад баримт болон зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл эргэлзээтэй байна.

11.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч М.У болон хариуцагч Г.Д нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

12.Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн зүйл заалтыг бичихдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6.3-т зааснаар хуулийн зүйлийг араб тоогоор, ард нь "дүгээр", эсхүл "дугаар" зүйл гэж бичгээр бичнэ гэснийг баримтлаагүйг, 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт: Энэ хуулийн 118.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна гэснийг тус тус зөрчсөн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

13.Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/03435 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243-р... гэснийг 243 дугаар... гэж, ...7,205,500 төгрөг... гэснийг 2,980,500 төгрөг гэж, ...8,061,500 төгрөг... гэснийг 12,316,500 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...124,332 төгрөг гэснийг 62,638 төгрөг гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...гомдол гаргах эрхтэй. гэснийг гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Эгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,238 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ