Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/04945

 

 

 

 

 

 

                                2022       11          23

                   101/ШШ2022/04945

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Э. Б /рд:-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  “Х” ХХК /рд:/-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэг, алдангид нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагчийн төлөөлөгч Л.Ц, В.Р, гэрч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Ч.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн  овгийн Э. Б миний бие “Х” ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 8-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Кобелко 5К310 маркийн  улсын дугаартай экскаватор, ЗЕМ маркийн  улсын дугаартай дугуйт ачигч буюу ковш машиныг тус тус Дорноговь аймгийн Зүүнбаяны төмөр замын далан барих ажилд ажиллуулахаар түрээслүүлсэн. Тус гэрээний дагуу экскаваторын нэг сарын түрээсийн төлбөрийг 24,000,000 төгрөг, дугуйт ачигчийг нэг сарын түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөгөөр тус тус харилцан тохиролцсон бөгөөд экскаваторыг 2020.04.09-2020.05.31-ний өдрийг хүртэл нийт 52 хоног, 2020.04.13-2020.06.05-ны өдрийг хүртэл нийт 51 хоног ковш машиныг тус тус ажиллуулсан.

2020.06.24-ний өдөр түрээслэгч “Х ХХК-тай харилцан тооцоо хийж, экскаватор машины ажилласан 52 хоногийн 1 хоногт 800,000 төгрөгөөр тооцож 41,600,000 төгрөг, ковш машин ажилласан 51 хоногийн 1 хоногт 400,000 төгрөгөөр тооцож 20,400,000 төгрөг нийт 62,000,000 төгрөгийн төлбөртэй болсон ба үүнээс Э.Этай холбоотой 19,000,000 төгрөгийн өрийг хасаж тооцон 43,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба хариуцагч талаас өнөөдрийг хүртэл дараах байдлаар нийт 27,000,000 төгрөгийг төлсөн.

1.         2021.06.01-ний өдөр 10,000,000 төгрөг,

2.         2021,07.24-ний өдөр 10,000,000 төгрөг,

3.         2021.09.28-ны өдөр 5,000,000 төгрөг,

4.         2022.02.01-ны өдөр 2,000,000 төгрөг.

Тодруулбал 16,000,000 төгрөгийн төлбөрийг үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчсөөр байна. Түрээсийн гэрээний 4.3-т “Төлбөрийг гэрээт хугацаандаа төлөгдөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно” гэж заасны дагуу 2020.06.24-ний өдрөөс 2022.09.19 өдрийг хүртэл 817 хоног хэтрүүлсэн бөгөөд анзын хэмжээг 50 хувиас хэтрэхгүй тул төлөгдөөгүй 16,000,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн нийт алданги 8,000,000 төгрөг болно. Түрээслэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байх тул уг маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Хоёр. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу түрээсийн төлбөрт 16,000,000 төгрөг гаргуулахаар, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т ‘Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”., 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” гэж заасны дагуу 2020.04.08-ний өдрийн түрээсийн гэрээний 4.3-т “Төлбөрийг гэрээт хугацаандаа төлөгдөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5%-р алданги тооцно.” гэж заасны дагуу 8,000,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар тус тус шаардаж байна.

Иймд түрээслэгч “Х” ХХК-аас түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 16,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг нийт 24,000,000 төгрөгийг төлбөрийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй Э.Б миний нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох 24,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу хариуцагч талаас 2022.11.10-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад дараах тайлбар, нотлох баримтыг гаргаж байна. Хариуцагч нь 2020.05.23 өдөр 2,000,000 төгрөг, 2020.06.03-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн дүнгээс хасагдах ёстой гэсэн тайлбарыг гаргажээ. 2020.06.24-ны өдөр Э.Б, В.Ренчинсамбуу, Э.ЭнхБ бид тооцоо нийлсэн акт үйлдэж тухайн өдрийн байдлаар 19,000,000 төгрөгийн төлбөрийг төлснийг баталгаажуулж, хариуцагч үлдэгдэл 43,000,000 төгрөгийн төлбөр төлөх ёстойг бичгээр баталгаажуулсан. Уг 19,000,000 төгрөгт хариуцагчийн 2020.05.23-ны өдөр 12,000,000 төгрөг багтсан болно. Хариуцагч нь 2020.06.24-ний өдрийн байдлаар 43,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байсан. Үүнийг В.Р сайн мэдэх атал уг төлбөрийг давхардуулан хасаж тооцсон байна. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар үндэслэлгүй болно.

Хариуцагч нь 2020.4.8-нд түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр экскаватор, дугуйт ачигч ковш түрээсэлсэн. Сарын түрээс 24 болон 12 сая байсан. Улмаар 52 болон 51 хоног ажиллуулсан. 6.24-нд хариуцагчтай тооцоо нийлсэн. Тооцоогоор нийт 62 саяын ажил хийсэн. Урьдчилгаанд 19 саяыг авсан. Тооцоо нийлснээс хойш 43 саяын үлдэгдэлтэй байгаад 27 саяыг аваад 16 саяыг аваагүй байгаа юм. Иймд 16 сая болон алданги нэмээд 24 саяыг нэхнэ. Алдангийг 6.24-9.19 хүртэл 817 хоног бодогдоно. Тус тусдаа гэрээтэй тул Этай тусдаа тооцоотой тул хасахгүй.

19 саяын асуудал тодорхой боллоо. Нэхэмжлэл гаргахдаа төлсөн төлбөрийг хасаж тооцсон. Тооцоо нийлсэн тул хариуцагчийн төлөөлөгч нь өглөгөө зөвшөөрч байна. Гэрээний 4.3-т зааснаар алдангийг 5 хувиар тооцсон гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч В.Р нь шүүхэд болон шүүх хуралдаанд, төлөөлөгч Л.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2020 оны 4 сарын 1-ны өдөр “Т” ХХК-тай Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд туслан гүйцэтгэгчээр №ТЗДБ-20/05 тоот гэрээ байгуулан оролцож пк391+000-пк396+000 хооронд шороон далангийн ажлыг гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд иргэн Э.Бтай 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр түрээсийн гэрээг байгуулж, уг гэрээгээр Кобелко ЗКЗЮ маркийн  улсын дугаартай экскаватор, ЗЕМ маркийн  улсын дугаартай дугуйт ачигч тус тус түрээсэлсэн. Тус гэрээний дагуу:

1.         Экскаватор сарын түрээс нь - 24 000 000 төгрөг

2.         Дугуйт ачигч сарын түрээс нь - 12 000 000 төгрөг

2020 оны 6 сарын 24-ны өдөр тооцоо хийж экскаватор түрээсийн төлбөрт 41 600 000, дугуйт ачигчийн түрээс 20 400 000 төгрөг болж нийт 62 000 000 төгрөг болсон ба үүнээс Э.Этай холбоотой 19 000 000 төгрөгийг хасаж тооцон 43 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

Манай талаас дараах байдлаар нийт 39 000 000 төгрөгийг төлсөн:

1.         2020 оны 5 сарын 23-ний өдөр 2 000 000 (баримтыг хавсралтаар оруулав)

2.         2020 оны 6 сарын 03-ний өдөр 10 000 000 (баримтыг хавсралтаар оруулав)

3.         2021 оны 6 сарын 01-ний өдөр 10 000 000 (нэхэмжлэгчийн баримтад байгаа)

4.         2021 оны 7 сарын 24-ний өдөр 10 000 000 (нэхэмжлэгчийн баримтад байгаа)

5.         2021 оны 9 сарын 28-ний өдөр 5 000 000 (нэхэмжлэгчийн баримтад байгаа)

6.         2022 оны 2 сарын 01-ний өдөр 2 000 000 (нэхэмжлэгчийн баримтад байгаа)

Төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг байгаа тул эвлэрэх хүсэлтэй байна.

Жич: Ерөнхий гүйцэтгэгч компаниас санхүүжилт удаашруулснаас болж дээрх нөхцөл байдал үүссэн бөгөөд одоо хүртэл манай компани нь ерөнхий гүйцэтгэгчтэйгээ төлбөр тооцоо дуусаагүй байгаа юм.

Нэхэмжлэгчтэй дурдсан гэрээг хийж түрээсэлсэн нь үнэн юм. 5.23-нд 2 сая, 6.3-нд 10 сая нийт 12 саяыг тооцоо нийлэхээс өмнө өгсөн. Мөн 39 саяыг өгсөн. тооцоо нийлэхэд 62 саяын төлбөр байснаас 39 саяыг хийчихсэн байгаа юм. Мөн ЭнхБтай бас гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрт автомашин 42 саяд тооцож өгсөн. Улмаар ЭнхБгаас авлагатай гарсан тул нэхэмжлэгчид шилжүүлэхийг хүссэн. Мөн ЭнхБд 7 саяыг дансаар өгсөн. Үүнийг болон авлагаа тооцохоор 5.5 саяын үлдэгдэлтэй байгаа юм. Төлбөр удааширсан нь ажлын санхүүжилт удаж орсноос болсон юм. 16 саяын үлдэгдлийг зөвшөөрч байгаа юм.

Э бид нар анх тохирохдоо механизмын түрээсэнд тооцохоор тохирсон бөгөөд ачсаны дараа Бгийн тооцоонд орохгүй гэдгээ хэлсэн юм. Гэтэл ЭнхБгийн тооцоо бага гарсан. Анх тохирсноороо машины 42 саяыг тооцох ёстой. Нэгэнт л ах дүү тул өглөг авлагаа тооцож болох байх гэж бодож байсан юм. ЭнхБгаас ахдаа өглөгөө өгчхөөч анхнаасаа тэгж тохирсон гэж хэлж байсан юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн түрээсийн гэрээ /хх5-6/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх7-9/, төлбөр тооцооны талаар гараар бичсэн баримт /хх34/, Хаан банк дахь Э.Эгийн дансны хуулга /хх41-42/-г нотлох баримтаар ирүүлсэн

 

Хариуцагч нь шүүхэд: Хаан банк дахь В.Рн дансны хуулга /хх28-29/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 8,124,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Б нь түрээсийн гэрээний төлбөр, алдангид нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Х” ХХК нь түрээсийн гэрээ байгуулж, хэрэгжсэн, тооцоо нийлсэн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн дүү Э.ЭнхБтай байгуулсан гэрээний авлагад тооцох ёстой гэж маргаж байна.

 

Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр авто техник түрээслэх гэрээ байгуулсан байна. /хх5-6/

Гэрээгээр нэхэмжлэгч нь экскаватор болон дугуйт ачигч түрээслэх, хариуцагч нь төлбөр төлөхөөр тохиролцжээ.

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн.

 

Улмаар хариуцагч нь эдгээр 2 техникийг тодорхой хугацаанд түрээсээр ашиглаж, цаашлаад тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хх34/

Энэхүү гараар бичсэн тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн болон мөнгөн дүнгийн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь 43,000,000 төгрөгийн төлбөр төлөхөөр заажээ.

Үүний дараа хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 10,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн Хаан банк дахь дансны хуулгаар тогтоогдсон. Цаашлаад хариуцагч дээрх гараар бичсэн тооцоонд ороогүйгээр 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь хариуцагчийн төлөөлөгч В.Р-йн дансны хуулгаар тогтоогдсон. /хх29/

Эдгээрээс үзэхэд тооцооны үлдэгдэл 43,000,000 төгрөг байсан бөгөөд нэмж төлсөн 27,000,000 төгрөгийг хасаж тооцвол хариуцагч нь 16,000,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байна.

Дээрх үйл баримтуудын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийн дүү Э.Э-тай мөн адил түрээсийн гэрээ байгуулж, төлбөрт 2 автомашиныг 42,000,000 төгрөгт тооцож өгсөн бөгөөд түрээсийн техникийн ашигласан төлбөр нь автомашины үнээс бага гарч, илүү төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгчийн төлбөрөөс хасаж тооцно гэж маргасан.

Харин нэхэмжлэгч нь Э.Э-г өөрийн төрсөн дүү гэдэг талаар маргаагүй боловч энэ нь тус тусдаа түрээсийн гэрээний харилцаа тул суутган тооцох үндэслэлгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан дээрх гараар бичсэн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч В.Р болон Э.Э нар хамтдаа үйлджээ.

Уг актад хариуцагчийн төлөх төлбөр 43,000,000 төгрөг, авах авлага 10,584,000 төгрөг гэж тодорхойлсон байгаагаас үзэхэд тухайн үед төлөх төлбөр болон авах авлагыг суутган тооцохоор тохиролцсон гэх хариуцагч талын тайлбар нотлогдож байна.

Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн нь 5,415,000 төгрөг юм.

 

Гэрээний 4.3-т үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцнэ.

Мөн гэрээний 4.3-т ерөнхий гүйцэтгэгчээс төлбөр төлснөөс хойш 7 хоногийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэх төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. Гэвч хариуцагч нь ерөнхий гүйцэтгэгчээс төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн энэхүү нөхцөлийн талаар маргаагүй тул зохигч тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойших хугацаанд алданги тооцох нь зүйтэй.

Зохигчид 2020 оны 06 дугаар сарын 24-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 818 хоног хэтэрсэн байна.

Дээрх үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 5,416,000 төгрөг тул 1 хоногт 27,080 төгрөг, 818 хоногт 22,151,440 төгрөгийн алданги тооцогдоно.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 2,708,000 төгрөг тооцох нь зүйтэй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас гэрээний үүрэг, алдангид нийт 8,124,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,876,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн хураамжийг буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Х” ХХК-с түрээсийн гэрээний үүрэг, алдангид нийт 8,124,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,876,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,934 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 1,000 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД