Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/00174

 

*гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04945 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *гийн хариуцагч * ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэг болон алдангид нийт 24,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэрэнчимэд, өмгөөлөгч Ч.Цолмонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие * ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 33-62 УН улсын дугаартай, экскаватор, 22-32 УБ улсын дугаартай дугуйт ачигч буюу ковшийг тус тус түрээслүүлсэн. Тус гэрээний дагуу экскаваторын нэг сарын түрээсийн төлбөр 24,000,000 төгрөг, дугуйт ачигчийн нэг сарын түрээсийн төлбөрийг 12,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон.

1.2.2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр түрээслэгч * ХХК-тай харилцан тооцоо хийж, нийт 62,000,000 төгрөгийн төлбөртэй болсон ба үүнээс *тай холбоотой 19,000,000 төгрөгийн өрийг хасаж тооцон 43,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

1.3.Хариуцагч тал нь өнөөдрийг хүртэл нийт 27,000,000 төгрөгийг төлж, 16,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчсөөр байна. Түрээсийн гэрээний 4.3-т Төлбөрийг гэрээт хугацаандаа төлөгдөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасны дагуу төлөгдөөгүй 16,000,000 төгрөгийн алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь *тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, экскаваторын нэг сарын 24,000,000 төгрөгөөр, дугуйт ачигчийг нэг сарын 12,000,000 төгрөгөөр тус тус түрээслэсэн. Мөн нэхэмжлэгчийн дүү *тай бас гэрээ байгуулсан бөгөөд түүнээс 10,584,000 төгрөгийн авлагатай гарсан тул нэхэмжлэгч *д шилжүүлэхийг хүссэн. Нэхэмжилсэн дүнгээс *гийн төлбөрийг хасаад үлдэх мөнгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч * ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг, алдангид нийт 8,124,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,876,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 144,934 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 1,000 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15,876,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасанд нийцээгүй. Миний бие Харганат констракшин ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 33-62 УН улсын дугаартай экскаватор, 22-32 УБ улсын дугаартай дугуйт ачигч буюу ковш машиныг тус тус Дорноговь аймгийн Зүүнбаянгийн төмөр замын далан барих ажилд ажиллуулахаар түрээслүүлсэн.

Уг ажилд * мөн өөрийн техникийг хариуцагчтай тусдаа гэрээ байгуулан түрээслүүлсэн бөгөөд хариуцагч нар нь уг ажилдаа нэмж тоног төхөөрөмж түрээслэх шаардлагатай байгаа талаар надад хэлж, миний бие хариуцагч талтай гэрээ байгуулан ажиллах болсон.

Түрээсийн үлдэгдэл төлбөрийн талаар 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр * миний бие хариуцагчтай тооцоо нийлж, хариуцагч нь нэхэмжлэгчид 43,000,000 төгрөгийн өглөгтэй, мөн *гаас нь 10,584,000 төгрөгийн авлагатай байгаа талаар тооцоо нийлсэн бөгөөд надад өгөх төлбөрөөс 10,584,000 төгрөгийг хасч тооцох талаар харилцан тохиролцоогүй, тус тусдаа дээрх тооцооны үлдэгдэлтэй байгааг баталгаажуулсан байхад анхан шүүх нэг цаасан дээр үйлдсэн гэдгээр харилцан тооцно гэж дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй дүгнэлт болсон.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч В.Ренчинсамбуу *д өгсөн мөнгийг хасах боломжтой юу, хасаад тооцоод өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. ... Энэ хоёр чинь ах дүү хүмүүс юм чинь *гийн 10,584,000 төгрөгийг ахдаа өгч болох байх гэж бодсон зэргээр тайлбар гаргасан бөгөөд ийм хүсэлтийг шүүх хуралдаан дээр хасаад тооцох хүсэлт гаргаж байгаа, өөрсдөө л хасах боломжтой гэж бодсоноос нэхэмжлэгчтэй зөвшилцсөн, хасч тооцно гэж тохиролцоогүй.

Түүнчлэн энэ талаар гэрчээр асуугдсан * нь тусдаа гэрээ байгуулсан, хариуцагч компанид төлөх үлдэгдэл 10,584,000 төгрөгтөө ажил гүйцэтгээд төлбөрийг төлөхөөр тохиролцсон" гэж шүүхэд тодорхой мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүх уг гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан.

Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, банкны дансны хуулга, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь нийт 62,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөх тооцоотой бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тоооцоо нийлж 43,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тохиролцоод үүнээс хойш 27,000,000 төгрөгийг төлсөн нь дансны хуулга талуудын тайлбараар тогтоогдож, үлдэгдэл түрээсийн төлбөр 16,000,000 төгрөгийг төлөөгүй нь нотлогдоно.

Иймд хариуцагч талаас 15,876,000 төгрөгийг нэмж гаргуулах буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХХК-д холбогдуулан, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч * нь 33-62 УН улсын дугаартай, экскаваторыг нэг сарын 24,000,000 төгрөгөөр, 22-32 УБ улсын дугаартай, дугуйт ачигчийг нэг сарын 12,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх, хариуцагч * ХХК нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч компани нь тодорхой хугацаанд дээрх хоёр техник хэрэгслийг түрээсээр ашигласан болох нь талуудын тайлбар, түрээсийн гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 5-6-р тал/. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.

4.а.Талууд 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, гэрээний үлдэгдэл төлбөр 43,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан байна. /хх-ийн 34-р тал/. Хариуцагч * ХХК нь дээрх 43,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *д төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогджээ. /хх-ийн 7-10-р тал/

4.б.Нэхэмжлэгч * нь гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөгийг алданги 8,000,000 төгрөгийн хамт нэхэмжилсэн ба талуудын байгуулсан гэрээний 4.3-т ... төлбөрийг гэрээт хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч * нь гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй.

5.Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч *гийн дүү * нь манай компанид 10,584,000 төгрөгийн өглөгтэй, тус мөнгийг нэхэмжлэгчид өгөх төлбөрөөс хасаж тооцохоор талууд тохиролцсон гэх боловч 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн баримтад дээрх төлбөрийг хасаж тооцох агуулга тусгагдаагүй байна.

5.а.Түүнчлэн, гэрч *гийн хариуцагч * ХХК-тай тусдаа гэрээний харилцаатай, тус компанид өгөх 10,000,000 төгрөгийг гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж төлөхөөр тохиролцсон гэсэн мэдүүлгийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. /хх-ийн 48-49-р тал/

Иймд гэрч *гаас хариуцагч компанид төлөх өрийг нэхэмжлэгчийн авлагаас хасаж тооцохоор талууд тохиролцоогүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

6.Нэхэмжлэгч * нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг, алданги 8,000,000 төгрөгийг хариуцагч * ХХК-аас шаардах эрхтэй байх тул тус компаниас нийт 24,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

7.Хариуцагч * ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн баримтад тусгагдсан өглөг, авлагын асуудлаар зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүй болно.

8.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/04945 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 8,124,000 төгрөг ... гэснийг 24,000,000 төгрөг гэж, ... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,876,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг олгосугай. гэж,

2 дах заалтын ... 56.2 ... гэснийг 56.1 гэж, ... 144,934 төгрөг ... гэснийг 277,950 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ