Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/04581

 

 

 

 

 

 

 

 

2022 11 01 101/ШШ2022/04581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,   тоот хаягт оршин суух, РД: , Б  овогт Х-н У-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  хаягт байрлах, РД, Ж ХХК-д холбогдох ногдол ашгийн төлбөрт 123,433,327 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021 оны 04 сарын 01-ний өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б ,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие найз Ш.Д-ийн хамтаар 2015 онд Ж ХХК-ийг үүсгэн байгуулж, худалдааны чиглэлээр 7 гаруй жил амжилттай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж ирсэн. Компанийн хувьцааны 80 хувийг Ш.Д, 20 хувийг нь би эзэмшдэг байсан. 2021 оны эхнээс цаашид хамтран ажиллах боломжгүй болж, тус тус замыг хөөхөөр болж, 2021-04-01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар Х.У надад компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20 хувьтай тэнцэх ногдол ашиг 256,288,885 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрийн 2-т заасны дагуу ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээг байгуулсан. 256,288,885 төгрөгийн ногдол ашгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас 2021 оны 09-р сараас төлөлт зөрчигдөж эхлэн, улмаар 10, 11-р саруудын төлөлт өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Төлбөр төлөгч нь гэрээний 2.2-д заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн хоног тутмын 0.5 хувийн алдангийг төлбөр хүлээн авагчид төлнө. гэж заасны дагуу 10 сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсний алданги нь 4,725,000 төгрөг. Миний зүгээс ямар шалтгаанаар дээрх төлбөрийг төлөхгүй байгаа талаар тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж хэд хэдэн удаа утсаар ярих, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч надад хариу ирүүлээгүй, ямар нэгэн төлөлт ч хийгдээгүй. Гэрээний дугаар зүйлийн 6.1-т Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харьяа дүүргийн шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу 2021 оны 10-р сард шүүхэд хандсан.

Хариуцагч Ж ХХК-иас 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12-р сарыг хүртэлхи хугацааны төлбөрт ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг, хугацаа хэтэрсний алдангид 41,144,442 төгрөг, нийт 123,443,327 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Х.У нь 2015-03-03-ны өдрөөс 2020-04-08-ны өдрийг хүртэл компаний ерөнхий нягтлан бодогч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалыг  тоот гэрээгээр 2021-04-01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн.

2021-04-01-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргаж, энэ тухай Ж ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021-04-01-ний өдрийн 21-02 тоот шийдвэрээр гүйцэтгэх захиралтай байгуулсан  тоот гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Х.У-ын компанийн ерөнхий нягтлан бодогч байхдаа хөтөлж байсан авлага, өглөгийн дагуу 2021-07-05-ны өдөр Г төв ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэхэд Ж ХХК нь Г төв ХХК-иас 489,033,722.14 төгрөгийн авлагатай /2019.04.01-ний өдрөөс 2021.06.30-ны өдрийн хооронд хамаарах/ гэж санхүүгийн программд бичилт хийсэн. Гэвч Г төв ХХК нь тооцоо нийлэхдээ 122,162,389.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй мэдэгдсэн. Х.Уд мэдэгдэхэд надад хамаагүй, би мэдэхгүй гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Иймээс Ж ХХК нь Х.Уд Г төв ХХК-ийн зөвшөөрөхгүй байгаа 122,162,389.73 төгрөгийг авлагыг тайлбарлах, холбогдох баримтыг ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй, санаатайгаар зайлсхийсээр байгаа болно. Иймд Х.уын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ж ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.У нь компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20 хувьтай тэнцэх ногдол ашгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг ногдол ашгийг тус компанид Х.У нь ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа өөрөө тооцоог гаргасан, өөрт ногдох ногдол ашгийг өндөр гаргах зорилгоор Г төв ХХК-иас 122,162,389.73 төгрөгийн зохиомол авлага үүсгэж, мөн хэмжээгээр өөртөө ногдол ашиг хувиарласан болох нь Г төв ХХК-тай тооцоо нийлэх үед буюу 2021-07-05-ны өдөр мэдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г төв ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Т-ын гэрчээр өгсөн: Ж ХХК-д 122.162,389.73 төгрөгийн өр төлбөр Г төв ХХК-д байхгүй, тухайн үед Ж ХХК нь тооцоо нийлэх үед 122,162,389.73 төгрөгийн авлага нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй учраас тооцоонд оруулах боломжгүй байсан гэх мэдүүлэг, Ж ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч М.Б-ийн гэрчээр өгсөн: Г төв ХХК-ийн хүлээн зөвшөөрөөгүй 122,162,389.73 төгрөгийн өр төлбөр нь Ж ХХК-ийн цэвэр ашигт нөлөөлөх тул ногдол ашиг хуваарьлах гэрээний дунд өөрчлөлт орно гэх мэдүүлэг зэргээр Г төв ХХК нь манай компанид 122,162,389.73 төгрөгийн өр төлбөрийн асуудал огт байхгүй болохыг, мөн ногдол ашиг нь компанийн татварын дараах цэвэр ашигаас тооцдог ба дээрх өр төлбөр нь компанийн цэвэр ашигт тооцож ногдол ашигийг бодож гаргасан тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021-04-01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 буюу Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээ-ний үнийн дүн болох 256,288,885 төгрөгийн үнийн дүнд өөрчлөлт орох тодорхой байхын сацуу бидний зүгээс Х.У нь өөртөө ногдол ашиг их хэмжээгээр хувиарлах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай компанийн хувьд 2019, 2020 онуудад ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээнд заасан хэмжээгээр цэвэр ашгийг олоогүй, Г төв ХХК-иас 122,162,389.73 төгрөгийн авлагагүй болох нь дээрх баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Х.Уд 256,288,885 төгрөгний ногдол ашиг хувиарлах ёсгүй байсан.

Биднийг хууран мэхэлж 122,000,000 төгрөгийн авлагагүй байхад авлагатай гэж үзэж 24,000,000 төгрөгийн ноогдох хэсгээр биднийг хууран мэхэлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж энэхүү хэлцлийг байгуулсан. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй энэхүү хэлцлийг хийсэн гэж үзэж байна. О буюу Ж ХХК-ийн 60 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр алдангитай холбоотой хэсгийг энэхүү хэлцэлд оруулсан. Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг ямар байдлаар гаргасан бэ гэвэл зөвхөн үнийн дүнг заасан, энэхүү үнийн дүнг заасан хэсгийг яагаад хүчин төгөлдөр бус гэж байна вэ гэвэл биднийг хууран мэхэлсэн. Хавсралт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гаргасан.

Иймд Х.У нь өөртөө ногдол ашиг өндрөөр хувиарлах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн байх тул 2021-04-01-ний өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 2021-04-10-ны өдрөөс 2021-09-21-ний өдрийг хүртэл төлсөн төлбөр 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бусдаас авах ёстой авлага нь цэвэр ашигт орсон гэж бодож байна. Цэвэр ашиг нь хуулиараа нийт орж ирсэн орлогоос зарлагыг хасаж гарж ирсэн дүнг хэлдэг, орж ирээгүй зүйл нь цэвэр ашигт тооцогдохгүй. 2021-04-01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, түүний хавсралт гэрээ хүчин төгөлдөр бус гэх хуулийн үндэслэл гаргаж байна. 1-т гэрээний хувьд хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн ирцтэйгээр буюу Д, Х.У, О гэх хүмүүс нь бүгд байлцаж энэхүү гэрээг байгуулсан. 1 хүн нь хяналтын багцаас дээш хувийг эзэмшдэг гэж хэлж байна. Бодит байдалд Д, О  гэр бүлийн хүмүүс, энэ хоёр хүн нь хоёулаа эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс юм тэгэхээр юунд гарын үсэг зурж байгаагаа ойлгож ухамсарлаж зурсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт тодорхой байна, энэхүү шийдвэрийн хавсралт болох гэрээг тооцооллыг нь хийх, гэрээг хэн байгуулах гэдгийг компанид саяхныг хүртэл ажиллаж байсан ерөнхий нягтлан Б , Ч  гэх хүмүүст үүрэг болгосон, үүнд Х.У гэх хүний оролцоо, давуу байдал ашигласан зүйл байхгүй.

Тооцооллыг урьдчилаад 2021-02-08-ны өдөр гаргаж Х.У гэх захирал гарах болсонтой холбоотой ноогдол ашгийг тооцоолсон тооцооллыг 02 сарын 08-ны өдөр ерөнхий нягтлан бодогч Б гэж хүн боловсруулж тухайн өдрөө У, Д гэх хүмүүст мэйлээр мэдэгдсэн. Үнэхээр тооцооны зөрүүтэй, буруутай гэж үзэж байсан бол танилцаж, залруулах хангалттай боломжтой хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Х.У-г боловсруулсан гэж олон удаа тайлбарлаж байгааг ерөнхий нягтлан Б  нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үедээ энэ нь миний гаргасан тооцоолол мөн би өөрөө жил жилийн тайланг боловсруулж мэйлээр урьдчилан танилцуулдаг тухай өөрөө асуултад хариулсан. Гэрээг боловсруулж явсан нь хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколыг үйлдсэн Чингис гэх хүн нь саяхныг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэрээ байгуулсан хүн нь өөрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож явж байсан мөртлөө Х.У-г энэхүү гэрээг байгуулсан, хууран мэхэлсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй.

Гэрч Б  нь Г төвтэй авлагын зөрүү нь ноогдол ашгийн тооцоололд ороогүй гэж мэдүүлсэн. О гэх хүний гарын үсэггүй, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлийг хэлж байна. Энэ гэрээ нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хавсралт, 1 өдөр байгуулагдсан. Тухайн үед төлөөлөх эрхтэй байсан этгээд Д нь өөрөө зураад явсан ба О  гэх хүн гэрээ байгуулж байгааг тухайн хуралдаанд оролцож байхдаа мэдсэн учир зөвшөөрөлгүй хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн О  нь хяналтын багцаас өндөр хувь эзэмшдэг хүнд мэдэгдсэнгүй гэж ярьж байна, энэ нь энэхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон гэдгээр нь мэдэгдэж байна. Энэхүү компанийн гэрчилгээ болон дүрэмд дүрмийн сан нь 100,000 төгрөг байгаа, энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн их өндөр 75 хувиас давсан үнийн дүнтэй гэж ярьж байна. Монголын нөхцөл байдалд байдаг компанийн дүрмийн үнийн сан нь хэд ч байж болдог том групп ч хүртэл 1,000,000 төгрөг байдаг үүнийг компанийн тухай хуулиар мушгиж тайлбарлах шаардлагагүй. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь няцаагдаж байна, зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэдэг нь мөн няцаагдаж байна. Саяхныг хүртэл хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлээс татгалзсан тухай зүйл ярьдаггүй, тооцоо нийлээч л гэсэн зүйл ярьдаг. Г төвтэй холбоотой төлбөр тооцоо маргаан байдаг бол түүнд төлөөлөгчөөр оролцох, тайлбар мэдүүлэг өгч явъя гэх тайлбар мэдүүлгийг өгч ирсэн. Х.У компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн үнийн дүн, хуваариар нь гэрээ байгуулсан болохоос биш хуурч мэхэлж өөрөө бүгдийг нь зохион байгуулсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нотлох баримтын хувьд: Нэхэмжлэгчээс 2021-04-01-ний өдрийн   дугаартай Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, түүний хавсралт болох Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ, Батлан даалтын гэрээ, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, цахим хаягаар явуулсан санхүүгийн байдлын тайлан зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банк

ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021-07-05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн.

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Д.Т , М.Б  нарын мэдүүлэг, 2022-06-07-ны өдрийн цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х.У нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг, алданги 41,144,442 төгрөг, нийт 123,433,327 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлсон.

2. Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Х.У нь 2015-03-03-ны өдрөөс 2020-04-08-ны өдрийг хүртэл компаний ерөнхий нягтлан бодогч, 2020-04-08-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2021-04-01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж байхдаа өөртөө өндөр ногдол ашиг тооцуулах гэж тооцооллыг хуурч мэхэлсэн, хяналтын багцын өндөр хувь эзэмшигч Л.О-н зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй гэрээг байгуулсан. Компанийн дүрмийн сан нь 100,000 төгрөг байхад 75 хувиас давсан үнийн дүнтэй гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул 2021-04-01-ний өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон.

3. Нэхэмжлэгч Х.У-ын нэхэмжлэлийн шаардлага 123,433,327 төгрөгийг бүхэлд нь хангаж, Ж ХХК-иас нэхэмжлэгч Х.У-д холбогдуулан гаргасан 2021 оны 04 сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Хариуцагч Ж ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Х.У нь 2015-03-03-ны өдрөөс 2020-04-08-ны өдрийг хүртэл ерөнхий нягтлан бодогч, 2020-04-08-ны өдрөөс 2021-04-01-ний өдөр хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг хийж гүйцэтгэж байхдаа өөртөө өндөр ногдол ашиг авах зорилгоор ногдол ашгийн тооцооллыг хуурч мэхэлсэн тул нэхэмжлэлийн шаардлага 123,433,327 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

5. Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Х.У-д 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлын шийдвэр, уг шийдвэрийн хавсралт №1 ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний дагуу 256,288,885 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар гэрээг байгуулж 2021 оны 9-р сарыг дуусталхи хугацааны төлбөрийг төлж барагдуулсан.

2021-07-05-ны өдөр Г төв ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэхэд Ж ХХК нь Г төв ХХК-иас 489,033,722.14 төгрөгийн авлагатай /2019.04.01-ний өдрөөс 2021.06.30-ны өдрийн хооронд хамаарах/ гэж санхүүгийн программд бичилт хийсэн. Гэвч Г төв ХХК нь тооцоо нийлэхдээ 122,162,389.73 төгрөгийг тооцоог зөвшөөрөхгүй гэж маргасан гэж тайлбарласан.

Г төв ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж 122,162,389 төгрөгний маргаан гарсан хэдий ч Ж ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн   Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлын шийдвэр, уг шийдвэрийн хавсралт №1 ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний дагуу төлбөрийг төлж барагдуулж байжээ.

Хариуцагч Ж ХХК нь 2021 оны 10 сард мэдэгдсэн, гэрээ цуцлагдсан гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч энэ нь нотлогдоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Мөн ногдол ашгийн төлбөр тооцоог ерөнхий нягтлан бодогч М.Б  гаргаж, эрх бүхий албан тушаалтнууд хянаж, ногдол ашгийг хуваарилсан гэж гэрч М.Б  нь мэдүүлсэн болно.

Ж ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 хувьцаа эзэмшигчидийн ээлжит бус хурлын шийдвэр, уг шийдвэрийн хавсралт №1 ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний 3.1-д Төлбөр барагдуулах гэрээний 2.2-д заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиодолд гйүцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Иймд, дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.У-ын нэхэмжлэлийн шаардлага 2021 оны 10 сарын 10-ны өдөр 27,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 10-ны өдөр 27,000,000 төгрөг, 2021 оны 12 сарын 10-ны өдөр төлөх төлбөр 28,288,885 төгрөг, алданги 41,144,442 төгрөг, нийт 123,433,327 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Хариуцагч Ж ХХК-ийн Х.У нь 2015-03-03-ны өдрөөс 2020-04-08-ны өдрийг хүртэл компаний ерөнхий нягтлан бодогч, 2020-04-08-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2021-04-01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэж байхдаа өөртөө өндөр ногдол ашиг тооцуулах гэж тооцооллыг хуурч мэхэлсэн, хяналтын багцын өндөр хувь эзэмшигч Л.О ын зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй гэрээг байгуулсан. Компанийн дүрмийн сан нь 100,000 төгрөг байхад 75 хувиас давсан үнийн дүнтэй гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул 2021-04-01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

7.1 Нэхэмжлэгч Х.У нь гүйцэтгэх захирлын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа ногдол ашгийн тооцооллыг өөртөө ашигтайгаар гаргасан гэдэг нь гэрч буюу тус компанийн ерөнхий нягтлан бодогч М.Б-ийн тайлбараар ногдол ашгийг хуваарилах тооцооллыг гаргасан, компанийн хувьцаа эзэмшигч нар нягтлан шалгаж ногдол ашгийг хуваарилсан гэх үйл баримт мөн нотлогдсон.

Хариуцагчийн Х.У нь өөртөө өндөр ногдол ашиг тооцуулах гэж тооцооллыг хуурч мэхэлсэн, хяналтын багцын өндөр хувь эзэмшигч Л.О-ын зөвшөөрөлгүй, мэдэгдэлгүй гэрээг байгуулсан. Компанийн дүрмийн сан нь 100,000 төгрөг байхад 75 хувиас давсан үнийн дүнтэй гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байх тул 2021-04-01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 174,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх.

8. Нэхэмжлэгч Х.У-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,091,050 төгрөг, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,509,594 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 775,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 123,433,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.У-д олгож, нэхэмжлэгч Х.У-д холбогдуулан гаргасан 2021 оны 04 сарын 01-ний өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн   тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт   тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, 174,000,000 төгрөгийг гаргуулах хариуцагч Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,091,050 төгрөг, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,509,594 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 775,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Уд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/04325 дугаар захирамж, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2022/0 дугаар захирамжаар тус тус авсан Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА