Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00144

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00144

 

 

********** нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04581 дугаар шийдвэртэй,

********** нэхэмжлэлтэй, **********-д холбогдох ногдол ашгийн төлбөрт 123,433,327 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие найз Ш.Дашдоржийн хамтаар 2015 онд **********-ийг үүсгэн байгуулж, худалдааны чиглэлээр 7 гаруй жил амжилттай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлж ирсэн. Компанийн хувьцааны 80 хувийг Ш.Дашдорж, 20 хувийг нь би эзэмшдэг байсан. 2021 оны эхнээс цаашид хамтран ажиллах боломжгүй болж, тус тус замыг хөөхөөр болж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаанаар ***** надад компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20 хувьтай тэнцэх ногдол ашиг 256,288,885 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, тус шийдвэрийн 2-т заасны дагуу ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээг байгуулсан. 256,288,885 төгрөгийн ногдол ашгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон боловч тодорхойгүй шалтгааны улмаас 2021 оны 09 дүгээр сараас төлөлт зөрчигдөж эхлэн, улмаар 10, 11-р саруудын төлөлт өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Төлбөр төлөгч нь гэрээний 2.2-д заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн хоног тутмын 0.5 хувийн алдангийг төлбөр хүлээн авагчид төлнө гэж заасны дагуу 10 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсний алданги нь 4,725,000 төгрөг. Миний зүгээс ямар шалтгаанаар дээрх төлбөрийг төлөхгүй байгаа талаар тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж хэд хэдэн удаа утсаар ярих, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч надад хариу ирүүлээгүй, ямар нэгэн төлөлт ч хийгдээгүй. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, дуусгавар болгох, хүчингүй болгохтой холбоотой аливаа маргаантай асуудлыг харьяа дүүргийн шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу 2021 оны 10 дугаар сард шүүхэд хандсан.

Хариуцагч **********-аас 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны төлбөрт ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг, хугацаа хэтэрсний алдангид 41,144,442 төгрөг, нийт 123,443,327 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ***** нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл компанийн ерөнхий нягтлан бодогч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс гүйцэтгэх захирлын албан тушаалыг г3/20-01 тоот гэрээгээр 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр компанийн хувьцаа эзэмшигчдэд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийг гаргаж, энэ тухай **********-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 21-02 тоот шийдвэрээр гүйцэтгэх захиралтай байгуулсан ГЗ/20-01 тоот гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

********** компанийн ерөнхий нягтлан бодогч байхдаа хөтөлж байсан авлага, өглөгийн дагуу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Геоканон төв ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэхэд ********** нь Геоканон төв ХХК-аас 489,033,722.14 төгрөгийн авлагатай /2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хамаарах/ гэж санхүүгийн программд бичилт хийсэн. Гэвч Геоканон төв ХХК нь тооцоо нийлэхдээ 122,162,389.73 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй мэдэгдсэн. *****д мэдэгдэхэд надад хамаагүй, би мэдэхгүй гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Иймээс ********** нь *****д Геоканон төв ХХК-ийн зөвшөөрөхгүй байгаа 122,162,389.73 төгрөгийн авлагыг тайлбарлах, холбогдох баримтыг ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй, санаатайгаар зайлсхийсээр байгаа болно. Иймд ********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч **********-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга: ***** нь компанийн 2019, 2020 онуудад олсон нийт ашгийн 20 хувьтай тэнцэх ногдол ашгийг гаргуулахаар шаардсан бөгөөд уг ногдол ашгийг тус компанид ***** нь ерөнхий нягтлан, гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байхдаа өөрөө тооцоог гаргасан, өөрт ногдох ногдол ашгийг өндөр гаргах зорилгоор Геоканон төв ХХК-аас 122,162,389.73 төгрөгийн зохиомол авлага үүсгэж, мөн хэмжээгээр өөртөө ногдол ашиг хувиарласан болох нь Геоканон төв ХХК-тай тооцоо нийлэх үед буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Геоканон төв ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Түвшинжаргалантын гэрчээр өгсөн: **********-д 122.162,389.73 төгрөгийн өр төлбөр Геоканон төв ХХК-д байхгүй, тухайн үед ********** нь тооцоо нийлэх үед 122,162,389.73 төгрөгийн авлага нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдоогүй учраас тооцоонд оруулах боломжгүй байсан гэх мэдүүлэг, **********-ийн ерөнхий нягтлан бодогч М.Баярмаагийн гэрчээр өгсөн: Геоканон төв ХХК-ийн хүлээн зөвшөөрөөгүй 122,162,389.73 төгрөгийн өр төлбөр нь **********-ийн цэвэр ашигт нөлөөлөх тул ногдол ашиг хуваарилах гэрээний дунд өөрчлөлт орно гэх мэдүүлэг зэргээр Геоканон төв ХХК нь манай компанид 122,162,389.73 төгрөгийн өр төлбөрийн асуудал огт байхгүй болохыг, мөн ногдол ашиг нь компанийн татварын дараах цэвэр ашигаас тооцдог ба дээрх өр төлбөр нь компанийн цэвэр ашигт тооцож ногдол ашигийг бодож гаргасан тул нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт №1 буюу Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээний үнийн дүн болох 256,288,885 төгрөгийн үнийн дүнд өөрчлөлт орох тодорхой байхын сацуу бидний зүгээс ***** нь өөртөө ногдол ашиг их хэмжээгээр хувиарлах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн болох нь нотлогдож байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж заасан бөгөөд манай компанийн хувьд 2019, 2020 онуудад ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээнд заасан хэмжээгээр цэвэр ашгийг олоогүй, Геоканон төв ХХК-аас 122,162,389.73 төгрөгийн авлагагүй болох нь дээрх баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. *****д 256,288,885 төгрөгийн ногдол ашиг хувиарлах ёсгүй байсан.

Биднийг хууран мэхэлж 122,000,000 төгрөгийн авлагагүй байхад авлагатай гэж үзэж 24,000,000 төгрөгийн ногдох хэсгээр биднийг хууран мэхэлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж энэхүү хэлцлийг байгуулсан. Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй энэхүү хэлцлийг хийсэн гэж үзэж байна. н.Оюунтуул буюу **********-ийн 60 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр алдангитай холбоотой хэсгийг энэхүү хэлцэлд оруулсан. Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг ямар байдлаар гаргасан бэ гэвэл зөвхөн үнийн дүнг заасан, энэхүү үнийн дүнг заасан хэсгийг яагаад хүчин төгөлдөр бус гэж байна вэ гэвэл биднийг хууран мэхэлсэн. Хавсралт гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гаргасан.

Иймд ***** нь өөртөө ногдол ашиг өндрөөр хувиарлах зорилгоор манай компанийг хууран мэхэлсэн байх тул 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл төлсөн төлбөр 174,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Бусдаас авах ёстой авлага нь цэвэр ашигт орсон гэж бодож байна. Цэвэр ашиг нь хуулиараа нийт орж ирсэн орлогоос зарлагыг хасаж гарж ирсэн дүнг хэлдэг, орж ирээгүй зүйл нь цэвэр ашигт тооцогдохгүй. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, түүний хавсралт гэрээ хүчин төгөлдөр бус гэх хуулийн үндэслэл гаргаж байна. 1-т гэрээний хувьд хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн ирцтэйгээр буюу н.Дашдорж, *****, н.Оюунтуул гэх хүмүүс нь бүгд байлцаж энэхүү гэрээг байгуулсан. 1 хүн нь хяналтын багцаас дээш хувийг эзэмшдэг гэж хэлж байна. Бодит байдалд н.Дашдорж, н.Оюунтуул гэр бүлийн хүмүүс, энэ хоёр хүн нь хоёулаа эрх зүйн бүрэн чадамжтай хүмүүс юм тэгэхээр юунд гарын үсэг зурж байгаагаа ойлгож ухамсарлаж зурсан. Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт тодорхой байна, энэхүү шийдвэрийн хавсралт болох гэрээ тооцооллыг нь хийх, гэрээг хэн байгуулах гэдгийг компанид саяхныг хүртэл ажиллаж байсан ерөнхий нягтлан н.Баярмаа, н.Чингис гэх хүмүүст үүрэг болгосон, үүнд ***** гэх хүний оролцоо, давуу байдал ашигласан зүйл байхгүй. Тооцооллыг урьдчилаад 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ***** гэх захирал гарах болсонтой холбоотой ногдол ашгийг тооцоолсон тооцооллыг 02 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий нягтлан бодогч н.Баярмаа гэх хүн боловсруулж тухайн өдрөө *****, н.Дашдорж гэх хүмүүст мэйлээр мэдэгдсэн. Үнэхээр тооцооны зөрүүтэй, буруутай гэж үзсэн бол танилцаж, залруулах хангалттай боломжтой хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Х.Ууганбямбыг боловсруулсан гэж олон удаа тайлбарлаж байгааг ерөнхий нягтлан н.Баярмаа нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөх үедээ энэ нь миний гаргасан тооцоолол мөн би өөрөө жил жилийн тайланг боловсруулж мэйлээр урьдчилан танилцуулдаг тухай өөрөө асуултад хариулсан. Гэрээг боловсруулж явсан нь хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколыг үйлдсэн н.Чингис гэх хүн нь саяхныг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Гэрээ байгуулсан хүн нь өөрөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явж байсан атлаа Х.Ууганбямбыг энэхүү гэрээг байгуулсан, хууран мэхэлсэн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй.

Гэрч Баярмаа нь Геоканон төвтэй авлагын зөрүү нь ногдол ашгийн тооцоололд ороогүй гэж мэдүүлсэн. н.Оюунтуул гэх хүний гарын үсэггүй, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх үндэслэлийг хэлж байна. Энэ гэрээ нь хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн хавсралт, 1 өдөр байгуулагдсан. Тухайн үед төлөөлөх эрхтэй байсан этгээд н.Дашдорж нь өөрөө зураад явсан ба н.Оюунтуул гэх хүн гэрээ байгуулж байгааг тухайн хуралдаанд оролцож байхдаа мэдсэн учир зөвшөөрөлгүй хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн н.Оюунтуул нь хяналтын багцаас өндөр хувь эзэмшдэг хүнд мэдэгдсэнгүй гэж ярьж байна, энэ нь энэхүү хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсон гэдгээр нь мэдэгдэж байна. Энэхүү компанийн гэрчилгээ болон дүрэмд дүрмийн сан нь 100,000 төгрөг байгаа, энэхүү нэхэмжлэлийн үнийн дүн их өндөр 75 хувиас давсан үнийн дүнтэй гэж ярьж байна. Монголын нөхцөл байдалд байдаг компанийн дүрмийн үнийн сан нь хэд ч байж болдог том групп ч хүртэл 1,000,000 төгрөг байдаг үүнийг компанийн тухай хуулиар мушгиж тайлбарлах шаардлагагүй. Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэдэг нь няцаагдаж байна, зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэдэг нь мөн няцаагдаж байна. Саяхныг хүртэл хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нэхэмжлэлээс татгалзсан тухай зүйл ярьдаггүй, тооцоо нийлээч л гэсэн зүйл ярьдаг. Геоканон төвтэй холбоотой төлбөр тооцоо маргаан байдаг бол түүнд төлөөлөгчөөр оролцох, тайлбар мэдүүлэг өгч явъя гэх тайлбар мэдүүлгийг өгч ирсэн. ***** компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн үнийн дүн, хуваариар нь гэрээ байгуулсан болохоос биш хуурч мэхэлж өөрөө бүгдийг нь зохион байгуулсан зүйл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч **********-аас 123,433,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, нэхэмжлэгч *****д холбогдуулан гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, 174,000,000 төгрөгийг гаргуулах хариуцагч **********-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,091,050 төгрөг, хариуцагч **********-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1,509,594 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч **********-аас улсын тэмдэгтийн хураамжид 775,117 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийг 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг баримтлан хариуцагч **********-аас 123,433,327 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****д олгож, Нэхэмжпэгч *****д холбогдуулан гаргасан хариуцагч **********-ийн сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн.

Сөрөг нэхэмжлэлд ***** нь **********-д 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл Ерөнхий нягтлан бодогч, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус гүйцэтгэж байсан. ***** нь ажпаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ГЗ/20-01 тоот Контрактын 8.5-д заасан ажил хүлээлцэх журмыг зөрчин, ажил хүлээлцсэн акт үйлдэлгүй явсан ба Санхүүгийн авлага, өглөгийн тайланд Геоканон төв ХХК-аас 489,033,722.14 төгрөгийн авлагатай гэж санхүүгийн программд бичилт хийсэн.

Гэвч 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д Геоканон төв ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр баримт нэг бүрчлэн нийлж үзэхэд Геоканон төв ХХК нь 371,257,032.09 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан баталсан.

Үүнээс үзэхэд Жавхлант дитсрибюшн ХХК-ийн Геоканон төв ХХК-аас авбал зохих 489,033,722.14 төгрөгөөс 371,257,032.09 төгрөгийн өр төлбөртэйг хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр баримт нэг бүрчлэн нийлж хүлээн зөвшөөрч, талууд тооцоо нийлсэн байдаг ба 117,776,690.05 төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн баримт бичиггүй тул Геоканон төв ХХК нь хүлээн зөвшөөрдөггүй.

Дээрх асуудлыг ***** мэдэгдэж, уг зөрүү үүссэн санхүүгийн бичилтэд тайлбар болон баримтыг ирүүлэхийг шаардсан боловч одоо надаа хамаагүй, би мэдэхгүй гэсэн тайлбарыг удаа дараа гаргасаар ирсэн.

Иймээс *****ас хийж гүйцэтгэж байсан ажлын хариуцлагад 122,162,389.73 /нэг зуун хорин хоёр сая нэг зуун жаран хоёр мянга гурван зуун наян есөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан болно.

***** нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Жавхлант дитсрибюшн ХХК-ийн нийт энгийн хувьцааны 20 /хорин/ хувь эзэмшигч мөн компанид Ерөнхий нягтлан бодогч, гүйцэтгэх захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан.

*****ас нэхэмжилж байгаа 122,162,389.73 төгрөг нь санхүүгийн программд Геоканон төв ХХК-аас авлагатай гэж бичигдсэн боловч нотлох санхүүгийн бичилт, баримт байхгүй бөгөөд уг мөнгөн дүнг задлан тайлбарлавал:

Компанийн харилцах данснаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгөөр хоёр удаа нийт 30,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг Барилгын зээл төлөв гэх гүйлгээний утгатайгаар Хаан банкны 5069208754 тоот төгрөгийн /Урандонгоо/ дансанд зарлагдсан ба уг мөнгөн дүнг санхүүгийн программд бичилт хийхдээ Геоканон төв ХХК-аас авах авлага гэж бүртгэгдсэн. Энэ талаар Геоканон төв ХХК-тай өр төлбөр шилжүүлсэн ямар нэгэн тооцоо нийлсэн санхүүгийн баримт нотолгоо байдаггүй.

2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөгийг Баянмонгол дараа тооцоогоор гэх утгатайгаар санхүүгийн программд бичилт хийхдээ Геоканон төв ХХК-аас авах авлаг гэж бүртгэсэн бөгөөд ажилтан Л.Баянмонгол нь компаниас авсан 5,000,000 төгрөгөө баримтаар хаасан Геоканон төв ХХК-д өгсөн зүйл байхгүй гэдэг. Энэ талаар Геоканон төв ХХК-тай өр төлбөр шилжүүлсэн ямар нэгэн тооцоо нийлсэн санхүүгийн баримт нотолгоо байдаггүй.

2020 оны 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 31, 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус бүр 3,100,000 төгрөг нийт 9,300,000 төгрөгийг Цалингийн зардал, Дашдорж захирлын цалин Гео канон руу бичив гэх утгатайгаар санхүүгийн программд бичилт хийхдээ Геоканон төв ХХК-аас авах авлаг гэж бүртгэсэн. Геоканон төв ХХК нь Дашдорж гэдэг хүнд цалин олгох үндэслэл байдаггүй бөгөөд Жавхлант дитсрибюшн" ХХК-аас Дашдорж гэдэг хүнд олгосон цалинг Геоканон төв ХХК-ийн өмнөөс өгсөн болгон санхүүгийн программд бичилт хийж авлага үүсгэсэн. Энэ талаар Геоканон төв ХХК-тай өр төлбөр шилжүүлсэн ямар нэгэн тооцоо нийлсэн санхүүгийн баримт нотолгоо байдаггүй.

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Жавхлант дитсрибюшн ХХК-аас Геоканон төв ХХК-д зээлдүүлсэн мөнгөн зээлийн төлбөрөөс cap бүрийн эцсийн үлдэгдлээс хүү тооцохоор талууд тохиролцсоны дагуу cap бүр зээлийн хүүгийн бичилтийг бичиж ирсэн. Гэтэл Геоканон төв ХХК-аас авах авлага санхүүгийн программд бичилтээр авбал зохих 489,033,722.14 төгрөг. Жавхлант дитсрибюшн ХХК нь нэгэнт авбал зохих авлага гэж санхүүгийн программд бичигдсэн учраас тохиролцсоны дагуу зээлийн хүү тооцсон. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа №1-д Геоканон төв ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өгч, авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр баримт нэг бүрчлэн нийлж үзэхэд Геоканон төв ХХК нь 371,257,032.09 төгрөгийн өглөггэй гарсныг харилцан баталсан. Үүнд зээлийн хүүгийн тооцоололд 56,862,389.73 төгрөгийн зөрүү гарч Геоканон төв ХХК нь тооцооны үлдэгдлийн баталгаа-ны дагуу уг зөрүүг хүлээн зөвшөөрдөггүй.

Дээрх тайлбараас үзэхэд ***** нь албан тушаалаа урвуулан ашиглан өөрт ногдол ашгийг өндөр хуваарилах зорилгоор Геоканон төв ХХК-наас өр төлбөр шилжүүлсэн ямар нэгэн тооцоо нийлсэн акт, санхүүгийн баримт бичиг, нотолгоогүйгээр төлбөрийн зохиомол авлага санхүүгийн программд үүсгэж нэгэнт авбал зохих авлага гэж бусад хувьцаа эзэмшигчдийг ноцтой төөрөгдүүлэн уг дүнгээс өөрт ногдох ногдол ашиг-ийг хүртсэн байдаг.

***** нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх, өөрийн эзэмшлийн 20 /хорин/ хувийн хувьцааны эрхийг шилжүүлэх хүсэлтийг Хувьцаа эзэмшигч нарт гаргасан ба ажиллаж байсан хугацааны Компанийн нийт ашгаас өөрт ногдох хувь хэмжээгээр Ногдол ашиг-ийг хүртэхээр болж 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №20-03 2019 он 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай Жавхлант дитсрибюшн ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр гарсан.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт ногдол ашгийг олгохыг, ногдол ашгийг гэрээний дагуу барагдуулахыг, Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ батлуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэвч Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ-г байгуулахдаа Компанийг хэн төлөөлж *****тай гэрээ байгуулахыг үүрэг болгосон талаар шийдвэрт дурддаггүй бөгөөд Компанийн нийт хувыдааны 20 /хорин/ хувийн хувьцаа эзэмшигч Ш.Дашдорж төлөөлж гарын үсэг зуран байгуулсан.

Тухайн үед Компанийн нийт хувьцааны 20 /хорин/ хувийг *****, 20 /хорин/ хувийг Ш.Дашдорж, 60 /жаран/ хувийн хувьцааг Л.Оюунтуул нар тус тус эзэмшдэг байсан болно.

2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр №20-03 2019 он 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай Хувыдаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрт хувыдаа эзэмшигчид бүгд гарын үсэг зурж баталсан боловч мөн шийдвэрийн хавсралт №1 Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ- нд 60 /жаран/ хувийн хувыдаа эзэмшигч Л.Оюунтуул гарын үсэг зурж баталгаажуулаагүй буюу саналын давуу эрхтэй хувьцаа эзэмшигч гэрээнд оролцоогүй, эрх ашиг нь зөрчигдсөн байхтул гэрээгхүчин төгөлдөр бусад тооцуулах саналыг анхан шатны шүүх хуралд гаргасан.

***** нь компанийн бусад хувьцаа эзэмшигчдийг ноцтой төөрөгдүүлэн №20-03 2019 он 2020 оны ногдол ашиг хуваарилах, түүнийг хэрхэн төлөх тухай Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон Ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээ-г байгуулсан гэж үзэж байна.

Иймээс дээрх үндэслэлээр Жавхлант дитсрибюшн" ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл, 58 дугаар зүйлийн 58.1 Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах эрхтэй, Мөн анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харицуулж, судалдж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийн нөхцөл
байдлыг буруу тодорхойлон, нотлох баримтыг хангалтгүй судалж үндэслэлгүй
шийдвэр гаргасан байх тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь өөрчлөлт
оруулж, Сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно:

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

1. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч **********-д холбогдуулан

1.а. 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах тухай гэрээний үүрэгт 82,288,885 төгрөг,

1.б. алданги 41,144,442 төгрөг, нийт 123,433,327 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20-03 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр, мөн өдрийн 21-03 хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн хавсралт 1 тоот ногдол ашгийн төлбөр тооцоо барагдуулах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу шилжүүлсэн 174,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Хариуцагч талаас хуурамч бичилт хийх замаар ашгийг нэмэгдүүлсэн гэж маргаж байгаа тохиолдолд уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, 2019 оноос 2020 оны хоооронд **********-ийн санхүүгийн тайланд аудит хийгдсэн эсэх, мөн бусад хяналт шалгалтаар уг нөхцөл байдлыг тодруулах боломжтой эсэхийг шүүх тодруулсны дараа тухайн хэлцлийн 20 хувийг тодорхойлох боломжтой байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс нөхцөл байдлыг дүгнэх, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04581 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч **********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 768,762 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД