Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/04316

 

 

 

 

 

 

 

 

2022 10 18 101/ШШ2022/04316

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Д.Батцэцэг, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул  тоотод оршин суух, РД:, Х овогт Б-ын Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,   тоотод оршин суух, РД: , Б овогт П-ийн Р ,

Хариуцагч: Багануур дүүрэг,  тоот хаягт оршин суух РД: , Бодонгууд овогт Б-ийн Я нарт холбогдох

Гэм хорын хохиролд 5,709,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г ,

Хариуцагч П.Ргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э ,

Хариуцагч Б.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2020-12--09-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын үед Б.Б би 8 улсын дугаартай авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцон Хан-Уул дүүргийн,  120 мянгатын гэрэл дохиотой уулзварын зам дээр зогсож байхад 7 улсын дугаартай приус маркын автомашин улаан гэрлээр уулзвар нэвтэрч миний машиныг мөргөн гэмтэл учруулсан. 7 улсын дугаартай автомашины жолооч болон зорчигч бүгд согтуу байсан ба П.Р согтуугаар жолоодож явсан. Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-н г-д ...Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэж заасныг зөрчиж үйлдсэний улмаас уг осол гарсан. Тухайн үед А  ХХК-иар үнэлгээ хийлгэсэн бөгөөд миний машинд нийт 5,365,000 төгрөгний хохирол учирсан. Мөн 257,000 төгрөгийг үнэлгээний гаргуулах зардалд, авто машин оношилгооны зардалд 75,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Замын цагдаагын хэлтэсээс нотлох баримт гаргуулж, нотариатаар батлуулах 12,200 төгрөгний зардал гарсан. Осол гаргасан 7 улсын дугаартай приус маркын авто машин нь иргэн Бямбадоржийн Я-гийн эзэмшилийн авто машин бөгөөд Б.Я нь "Инвескор ББСБ-ийн барьцаанд тавьсан байсан ба 2020 оны 12 дугаар сард зээлээ төлж барагдуулсан. Осол гаргасан жолооч П.Р болон авто машины өмчлөгч Б.Я нар нь өнөөдрийг хүртэл миний автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Авто машины эзэмшигч Б.Я, жолоодож явсан жолооч П.Р нараас өөрийн 8 улсын дугаартай, автомашинд учирсан хохирол 5,365,000 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 257,000 төгрөг, автомашин оношилгооны зардалд төлсөн 75,000 төгрөг, нотариатын зардал 12,200 төгрөг, нийт 5,709,200 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна. Иймд П.Р болон Б.Я нараас гэм хорын хохиролд нийт 5,709,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч П.Р-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: П.Р нь 2020-12-09-ний өдөр Хан-Уул дүүргийн   120 мянгaтын уулзвар дээр явж байгаад мөргөлдсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжилж буй 5,709,200 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй ба тухайн үед зам тээврийн осол, хэргийн үзлэгээр   улсын дугаартай автомашинд урд гуфер, урд напуз, урд радиотор, зүүн урд их гэрэл, урд нүүр, зүүн баруун крыло зэрэг эвдрэлүүд гарсан байна хэмээн тогтоосон. Энэ нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын акт болон хэргийн газар хийсэн хэмжилтээр тогтоогдсон. Энэ тухай нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ зэрэг хэргийн 7, 9-р талд авагдсан нь бодит байдлаас зөрүүтай байх тул хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Я-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчийг тодорхойлохдоо тухайн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Б.Я тул хариуцах ёстой гэх үндэслэлээр хариуцагчаар татан оруулсан. Б.Я-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Я-ийн охин Э, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн үед П.Р тээврийн хэрэгслийг жолоодох үед Б.Я нь өөрөө томилж жолоодуулаагүй учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх-ийн 5 тал/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6 тал/ А  ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 7-11 тал/, кассын орлогын ордер /хх-ийн 12 тал/, оношлогооны дүгнэлт /хх-ийн 13-14 тал/, П.Р, Э.Э, Б.Я нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн14, 15, 19 тал/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 21 тал/, эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 22-25 тал/, итгэмжлэл /хх-ийн 235 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 236 тал/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн237-238 тал/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч нараас бичгийн нотлох баримтыг гаргаж өгөөгүй,

Шүүхээс И  ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан /хх-ийн 92-103 тал/, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбооны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-154 тал/ Авто тээврийн үндэсний төвийн 2022-07-18-ны өдрийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн лавлагаа /хх-ийн 215-217 тал/, гэрч Б.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 222 тал/, П.Р-ийн мэдүүлэг /хх-ийн 225-228 тал/, гэрч Э.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 241-242 тал/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б 7 улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Я, автомашиныг жолоодож явсан жолооч П.Р нараас өөрийн 8 улсын дугаартай автомашинд учирсан хохирол 5,365,000 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 257,000 төгрөг, автомашин оношилгооны зардалд төлсөн 75,000 төгрөг, нотариатын зардал 12,200 төгрөг, нийт 5,709,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлага 5,709,200 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч П.Р-ээс зам тээврийн осол, хэргийн үзлэгээр 8 улсын дугаартай автомашинд урд гуфер, урд напуз, урд радиотор, зүүн урд их гэрэл, урд нүүр, зүүн баруун крыло зэрэг эвдрэлүүд гарсан байна хэмээн тогтоосон 5,709,200 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

2.1 Хариуцагч Б.Ягээс 7 улсын дугаартай приус маркын автомашиныг охин Э эзэмшиж ашиглаж байсан, тухайн үед П.Р тээврийн хэрэгслийг жолоодох үед Б.Я нь өөрөө томилж жолоодуулаагүй учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх маргасан.

3. Зохигч 7 улсын дугаартай приус маркын автомашиныг Б.Я нь Инвескор ББСБ ХК-иас 10,000,000 төгрөгний зээл авч худалдан авсан, П.Р нь 2020-12-09-ний өдөр автомашиныг жолоодож явах үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгaтын уулзвар дээр 8 улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх үйл баримт дээр маргаагүй.

3.1 Хариуцагч Б.Ягийн өмчлөлийн 7 улсын дугаартай автомашиныг иргэн П.Р нь жолоодож явахдаа 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 1 хороо 120 мянгатын гэрэл дохионы уулзвар дээр Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-д заасан ...Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно... гэсэн заалтыг зөрчсөнөөс Б.Бийн жолоодон явсан Toyota Crown 202 маркийн 8 улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас уг машины урд буфер харагч урагдсан, зүүн урд гэрэл хагарсан, капуд чихэгдсэн, буферын дотор төмөр чихэгдэж радиаторууд хагарсан, буферын зүүн нэмэлт гэрэл хагарсан, баруун под крыло хагарсан, капудны хоёр нугас гажсан, урд лонжром тахийж толгойнууд нугарсан буферын зүүн зам хагарсан, буферын доод сетка хагарсан, радиаторын дээд хаалт хагарсан, нүүр сетка хагарсан, усны сав хагарсан, улсын дугаар тахийж хүрээ хагарсан, агаарын хоолой хагарсан, баруун урд крыло гажсан, зүүн урд крыло хонхойсон, дээд хөндөл урд карказ гажсан, доод хөндөл чихэгдсэн эвдрэл учирсан болох нь 2020 оны 12 сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал баримт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргээр тогтоогдож байна.

4. Автотээврийн үндэсний төвийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 111 дугаар лавлагааны хавсралтаар осол болох үед 7 улсын дугаартай /одоо 1  болсон/ Toyota prius-30 маркийн автомашины эзэмшигч нь  регистрийн дугаартай И ББСБ ХК бүртгэлтэй байгаа хэдий боловч эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээг Б.Я-тэй байгуулсан байх тул уг авто машины өмчлөгч, эзэмшигчийг Б.Я гэж үзэх үндэслэлтэй.

Иймд, хариуцагч Б.Я-н өмчлөлийн 7 улсын дугаартай автомашиныг жолоодон явсан иргэн П.Р-ийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Бийн өмчлөлийн Toyota Crown 202 маркийн 8 улсын дугаартай автомашины эвдрэлийг засахад 5,365,000 төгрөгийн материалын болон ажлын хөлсний зардал гарах нь А  ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр тогтоогдсон. Мөн авто ослын улмаас нэхэмжлэгч Б.Б автомашинд учирсан гэмтэл үнэлгээг хийлгэхэд 257,000 төгрөг, оношлогоо хийлгэхэд 75,000 төгрөг, Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэсээс холбогдох баримтыг нотариатаар баталгаажуулахад 12,200 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй,

499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Тухайн маргаантай харилцаанд бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргийн асуудал хөндөгдөж байгаа ба тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах журам ерөнхий зохицуулалтаас өөр байдаг буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл ашиглагч бусдад гэм хор учруулсан байсан ч хохирлыг уг хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч арилгах үүрэгтэй байдаг.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт заасан хариуцлага нь гэм хорыг нөхөн төлөх гэм хор учруулсан этгээдийн үүргийг үгүйсгээгүй, харин хохирсон тал шаардлагаа хэнд холбогдуулан гаргаж болох эрхийг тодорхойлсон бөгөөд хохирсон этгээд өөрт учирсан гэм хорын нөхөн төлбөрийг гэм хор учруулсан этгээд, уг гэм хор учрахад нөлөөлсөн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл уг тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон этгээдийн хэнд нь ч холбогдуулан шаардлага гаргах боломжтой.

6. Э.Э Б.Я-ийн төрсөн охин болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. 7 улсын дугаартай тоёота приус маркийн авто машины эзэмшигч, өмчлөгчийг Э.Э гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч Б.Я-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  өмчлөгч буюу эзэмшигч нь Э.Э гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба И  ББСБ ХК-тай байгуулсан эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг няцаасан баримтыг гаргаж өгөөгүй.

7. Э.Э уг авто машиныг эх Б.Я-ийн зөвшөөрлөөр ашиглаж байсан, Э.Эийн зөвшөөрснөөр Б.Т , Б.Т-ийн зөвшөөрснөөр П.Р ашиглах явцдаа нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөлийн авто машинд гэм хорын хохирол учруулсан болох нь зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, энэ үйл баримт дээр маргаагүй.

8. Нэхэмжлэгч тал гэм хор учруулсан этгээд болох П.Р, уг гэм хор учрахад нөлөөлсөн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өмчлөгч Б.Я нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцэж байна.

Иймд гэм хор учруулсан этгээд болох П.Р, уг гэм хор учрахад нөлөөлсөн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өмчлөгч Б.Я нар Б.Бийн авто машинд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч П.Р, Б.Я нараас гэм хорын хохиролд 5,709,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгохоор шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Р, Б.Я нараас 106,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Р, Б.Я нараас 5,709,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 106,300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Р, Б.Я нараас улсын тэмдэгтийн хураамжид 106,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

Л.ЭНХЖАРГАЛ