Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00159

 

 

 

 

 

 

 

2023 01 16 210/МА2023/00159

 

 

*** ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04316 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*** улсын иргэн *** , *** нарт холбогдох, гэм хорын хохиролд 5,709,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагч *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 12 сарын 09-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын үед **-** УНД улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцон *** ын гэрэл дохиотой уулзварын зам дээр зогсож байхад **-** УБУ улсын дугаартай Приус маркийн автомашин улаан гэрлээр уулзвар нэвтэрч миний машиныг мөргөн гэмтэл учруулсан. **-** УБУ улсын дугаартай автомашинд зорчигчид бүгд согтуу байсан ба *** жолоодож явсан. Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-н г-д ...Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэж заасныг зөрчсөний улмаас уг осол гарсан. Тухайн үед *** ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд нийт 5,365,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нотлох баримт гаргуулж, нотариатаар батлуулах 12,200 төгрөгийн зардал гарсан. Осол гаргасан **-** УБУ улсын дугаартай Приус маркийн автомашин нь иргэн *** гийн эзэмшлийн автомашин. *** нь *** ХК-ийн барьцаанд тавьсан байсан ба 2020 оны 12 сард зээлээ төлж барагдуулсан. Осол гаргасан жолооч *** болон автомашины өмчлөгч *** нар өнөөдрийг хүртэл миний автомашинд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй. Автомашины эзэмшигч *** , жолоодож явсан жолооч *** нараас өөрийн **-** УНД улсын дугаартай автомашинд учирсан хохирол 5,365,000 төгрөг, үнэлгээний зардалд төлсөн 257,000 төгрөг, автомашин оношилгооны зардалд төлсөн 75,000 төгрөг, нотариатын зардал 12,200 төгрөг, нийт 5,709,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч *** хариу тайлбартаа: *** нь 2020 оны 12 сарын 09-ний өдөр *** ын уулзвар дээр явж байгаад мөргөлдсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжилж буй 5,709,200 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрдөггүй ба тухайн үед зам тээврийн осол, хэргийн үзлэгээр **-** УНД улсын дугаартай автомашинд урд гуфер, урд капуд, урд радиотор, зүүн урд их гэрэл, урд нүүр, зүүн баруун крыло зэрэг эвдрэлүүд гарсан гэж тогтоосон. Энэ нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын акт болон хэргийн газар хийсэн хэмжилтээр тогтоогдсон. Энэ тухай нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл *** ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ зэрэг хэргийн 7, 9-р талд авагдсан нь бодит байдлаас зөрүүтэй байх тул хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.   Хариуцагч *** хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь *** тул хариуцах ёстой гэх үндэслэлээр хариуцагчаар татан оруулсан. *** гийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *** гийн охин *** , үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Тухайн үед *** тээврийн хэрэгслийг жолоодох үед *** нь өөрөө томилж жолоодуулаагүй учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** , *** нараас 5,709,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 106,300 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *** , *** нараас улсын тэмдэгтийн хураамжид 106,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т олгож шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч *** давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.а. Анхан шатны шүүх **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит эзэмшигчийг *** хэмээн дүгнэсэн нь алдаатай гэж үзэж байна. Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасан. Шүүх *** уг автомашиныг эх *** гийн зөвшөөрлөөр ашиглаж байсан, *** ийн зөвшөөрснөөр *** , *** гийн зөвшөөрснөөр *** ашиглах явцдаа гэм хор учруулсан хэмээн үйлдэлд оролцогчдын харилцаа хамаарлыг зөв тодорхойлсон боловч *** г шууд эзэмшигч гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.б. Анхан шатны шүүх *** болон *** ХК-ийн байгуулсан гэрээг үгүйсгэх нотлох баримт гаргаагүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд *** , *** нарын хооронд байгуулагдсан хэлцлийн талаар *** . *** нар гэрчээр мэдүүлсэн. Энэ тохиолдолд шүүх зөвхөн бичгийн нотлох баримт буюу ББСБ-тай байгуулсан гэрээг үнэлсэн гэж харагдаж байгаа ба гэрчийн мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үнэлээгүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид, ялангуяа гэр бүлийн гишүүдийн хооронд тэр бүр бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаад байдаггүйг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд гэрч *** ийн өмчлөлд тухайн тээврийн хэрэгсэл шилжих зорилготойгоор худалдан авсан талаар мэдүүлсэн. Гэрч *** ийн мэдүүлгээс тэр өөрөө **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, тухайн эд хөрөнгөд холбогдох эрх, үүргийг хэрэгжүүлдэг болох нь илэрхий харагдах бөгөөд энэ нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэг заасантай нийцэж байна.

5.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж маргааныг шийдвэрлэсэн байна. Учир нь, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаас үзвэл тээврийн хэрэгслийн эзэмшигч нь гэм хор учруулсан этгээдэд шууд өөрөө тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч, жолоодуулсан бол гэм хорыг хохирлыг хариуцан арилгах үүргийг тусгайлан хуульчилсан байна. Нөгөө талаас эзэмшигч өөрөө шилжүүлээгүй буюу жолоочийг томилоогүй бол энэ үүргийг хүлээхгүй байх үндэслэл гарч ирнэ. Тухайн осол болох болон хариуцагч *** тээврийн хэрэгслийг жолоодох үед хууль ёсны эзэмшигч этгээд хэн боловч түүнийг ашиглахаас урьдчилан сэргийлэх боломж бололцоо байгаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас илэрхий байна. Иймд хариуцагч *** нь тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч биш төдийгүй өөрөө тээврийн хэрэгсэл жолоодуулахаар *** г томилоогүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй юм.

5.г. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хэнд холбогдуулан гаргах нь өөрийнх нь эрх боловч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой, хоёрдмол утгагүй байх нь зүйтэй. Анхан шатны шүүх *** г гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзсэн бол Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэх ёстой байсан боловч баримтлаагүй бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар хоёр хариуцагчийн хэн нь, ямар хэмжээгээр хохирлыг нөхөн төлөхийг шийдвэрлэх ёстой байсан. Мөн хариуцагч *** цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн ба уг баримт хэрэгт авагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *** гээс гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч *** тээврийн хэрэгслээ *** д шууд шилжүүлэн өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасныг хууль бусаар тухайн автомашиныг эзэмших, жолоодох эрхийг олж авснаас бусад тохиолдолд буюу эзэмшигч нь сайн дураар *** т, *** нь *** д өгч байгаа тохиолдолд эзэмшигч, өмчлөгч өөрөө хариуцна гэж ойлгож байна. *** гийн тухайд жолоо барих эрхгүй, эзэмшдэггүй гэж байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийг *** ХК-тай зээлийн гэрээ байгуулж, худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусмагц *** ХК-ийн зүгээс *** гийн нэр дээр шилжүүлж өгөхөөр тохиролцсон байдаг. Тэгэхээр үүнийг хариуцах эзэмшигч нь *** болох нь тодорхой харагдана. Хариуцагч нар зам тээврийн осол гарснаас хойш нэг ч төгрөг төлөхгүйгээр нэхэмжлэгчийг хохироож байгаа. Эзэмшигчийн тухайд түрүүлж бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлж, өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн зардлын хуваарилалтад өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** улсын иргэн *** /*** /, *** нарт холбогдуулан гэм хор учруулсны улмаас автомашинд учирсан хохирол 5,365,000 төгрөг, үнэлгээний зардал 257,000 төгрөг, оношилгооны зардал 75,000 төгрөг, нотариатын зардал 12,200 төгрөг, нийт 5,709,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. /1хх 1-2/

Дээрх шаардлагыг хариуцагч *** улсын иргэн *** /*** / ...үнэлгээний тайлан болон автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь бодит байдлаас зөрүүтэй... гэсэн, хариуцагч *** ...автомашины эзэмшигч нь түүний төрсөн охин *** , мөн *** нь зам тээврийн осол гаргасан *** улсын иргэн *** -д автомашины жолоог шилжүүлэн өгөөгүй... гэсэн үндэслэлээр тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 42, 105/

 

3.   Хэрэгт авагдсан Тээврийн цагдаагийн албаны 2020 оны 12 сарын 09-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, *** ХХК-ийн 2020 оны 12 сарын 15-ны өдрийн Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, *** ХХК, *** нарын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 07 сарын 18-ны өдрийн *** тоот лавлагаа /1хх 5, 6, 7-14, 22-25, 215-217/ зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а. 2020 оны 12 сарын 09-ний өдөр 06 цаг 30 минутын үед *** улсын иргэн *** /*** / нь Приус маркийн **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ *** ын гэрэл дохиотой уулзварын замд *** ийн жолоодон явсан Тоёота Кроун маркийн **-** УНД улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан;

3.б. *** улсын иргэн *** /*** / нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9.г-д Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно гэснийг зөрчсөн;

3.в. Зам тээврийн ослын улмаас *** ийн өмчлөлд бүртгэлтэй Тоёота Кроун маркийн **-** УНД улсын дугаартай автомашинд нийт 5,365,000 төгрөгийн хохирол учирсан;

3.г. Зам тээврийн осол гарах үед *** улсын иргэн *** /*** /-гийн жолоодон явсан Приус маркийн **-** УБУ улсын дугаартай автомашин *** ХХК, *** нарын хооронд байгуулагдсан Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу *** ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан.

Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн зөв тогтоосон, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

4.   Иргэний хуулийн, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *** нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч *** улсын иргэн *** /*** /, *** нараас шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *** нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг гэм хорыг шууд учруулсан этгээд *** улсын иргэн *** /*** /, автомашины өмчлөгчөөс хэн алинаас нь шаардах эрхтэй.

Автомашины эзэмшил, өмчлөл нь эрх бүхий байгууллагад хийлгэсэн бүртгэл, уг бүртгэлийг хийх үндэслэл болсон гэрээ, хэлцлээр тодорхойлогдох тул ...уг автомашины эзэмшигч нь *** болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдоно... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *** гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.   Хариуцагч *** улсын иргэн *** /*** / нь тухайн үед эрх бүхий байгууллагаас томилсон *** ХХК-ийн гаргасан 2020 оны 12 сарын 15-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-г эс зөвшөөрч, гомдол гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул ...үнэлгээний тайлан болон автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нь бодит байдлаас зөрүүтэй... гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.   *** ХХК-тай байгуулсан Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний нэг тал болох *** нь Приус маркийн **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоог өөрийн охин *** т шилжүүлээгүй бол *** нь *** д, *** нь *** улсын иргэн *** /*** /-д шилжүүлэхгүй байсан учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт тус тус зааснаар *** нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй. Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хохирсон этгээдийн өмнө дангаар, эсхүл хамтран хариуцлага хүлээсэн явдал гэм хор учруулсан этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг хязгаарлахгүй болно. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй, 499.4 дэх хэсэгт өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэдэг нь хохирсон этгээд тэдэнд холбогдуулан шаардлага гаргасан тохиолдолд түүний өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж байгаа болохоос гэм хор учруулсан этгээдийг тэр хэмжээний нөхөн төлбөрөөс чөлөөлж байгаа агуулга биш.

Иймд ...тээврийн хэрэгслийн шууд эзэмшигч биш төдийгүй өөрөө тээврийн хэрэгсэл жолоодуулахаар *** улсын иргэн *** -г томилоогүй учир гэм хорын хохирлыг хариуцахгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7.   Зам тээврийн осолтой холбоотойгоор нэхэмжлэгч *** ээс үнэлгээний зардал 257,000 төгрөг, автомашины оношилгооны зардал 75,000 төгрөг, нотариатын зардал 12,200 төгрөг, нийт 344,200 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар нотлогдож байх тул уг зардлыг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

8.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон шинжээчийн зардлыг хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, шүүхийн зардлын хуваарилалтад өөрчлөлт оруулж, хариуцагч *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/04316 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *** улсын иргэн *** , *** нараас улсын тэмдэгтийн хураамжид 106,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** т, шинжээчийн зардалд 650,000 төгрөгийг гаргуулан шинжээч *** ГҮТББ-д тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *** гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 106,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.НЯМБАЗАР