Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/03998

 

 

 

 

 

 

 

 

2022 10 05 101/ШШ2022/03998

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД: , Б  овогт Н-ийн С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-02-11-ний өдрийн дугаар 101/2020/00  шүүгчийн захирамжаар Н.С-с 132.000.000 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж, миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгсөн боловч төлбөр авагч нь зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 297.171.426 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээг зах зээлийн үнээс доогуур үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах учиртай. Мөн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж, уг хуульд нийцэж явагдах учиртай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь шүүхийн шинжилгээний тухай хууль болон хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж, тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишгийн үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүрээнд л явагдах учиртай, авто зогсоолыг үнэлсэнийг зөвшөөрөхгүй. Өр төлбөрийг төлөхийг зорьж, өөрөөс шалтгаалах бүхий л зүйлийг хийж байсан,   улсын дугаартай чирэгч автомашин,  УБ улсын дугаартай экскаварторыг 74.100.000 төгрөгөөр худалдан борлуулж, 74.100.000 төгрөгийг И ХХК-д шилжүүлж өгсөн. Гэтэл үлдэгдэл 60 сая төгрөг ч хүрэхгүй төлбөрт уг эд хөрөнгийг хурааж, битүүмжилж, үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Н.С миний Баянзүрх дүүрэг,  тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 297.171.426 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн 2020-02-11-ний өдрийн 00  дугаар шүүгчийн захирамжаар Н.С-с 132,446,474 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020-06-22-ны өдрийн 20260661 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаалагдсан хөдлөх хөрөнгө болох  Б улсын дугаартай, Нyundai   маркийн  арлын дугаартай экскаватор,  УБГ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн   арлын дугаартай,   маркийн зүтгүүрийн ачааны автомашиныг тус тус битүүмжлэн хурааж, худалдан борлуулж төлбөрөөс 74.100.000 төгрөгийг барагдуулсан. Tөлбөрийн үлдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.Сн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22  дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн   тоот 96.68 мкв талбайтай орон сууцыг 2021-02-02-ны өдрийн  дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022-04-26-ны өдрийн  дугаартай тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу Н.С төлбөрт хураагдсан хөрөнгийг 1.500.000.000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч И ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн 2022-05-09-ний өдрийн 5/134 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор С ХХК-ийн шинжээч Г.Ог томилоход 297.1771.426 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг 2022-05-24-ний өдрийн   дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс С эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 6-35 тал/, 2020-02-11-ний өдрийн 00  дугаар шийдвэр /хх-ийн 36-38 тал/, 2020-05-24-ний өдрийн 6/15 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 41 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022-05-30-ны өдрийн 4-  дугаартай мэдэгдэл /хх-ийн 42 тал/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 125-126 тал/, орлогын ордерын тасалбар /хх-ийн 127 тал/, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн баримт /хх-ийн 128 тал/, Үл хөдлөх эд хөрөнгийн тухай бичиг баримтыг нотариатч гэрчилсэн тэмдэглэл /хх-ийн 129 тал/, орон сууцны гэрчилгээ авах тухай хүсэлт /хх-ийн 130 тал/, Г.Б, Ж.Д  нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 131 тал/, БЗД-ийн 04-р хорооны тодорхойлолт /хх-ийн 132 тал/, кадастрын зураг /хх-ийн 133 тал/, Хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ зураг төслийн хүрээлэнгийн мэдээлэл технологийн төвийн 2006-08-31-ний өдрийн 06/904 тоот албан бичиг хх-ийн 134 тал/, Глоб констракшн ХХК-ийн батламж /хх-ийн 135 тал/, Амины орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 136-138 тал/, Г  констракшн ХХК-ийн Амины орон сууц хүлээлгэн өгсөн тухай албан тоот /хх-ийн 139 тал/, Глоб констракшн ХХК-ийн санхүүгийн төлбөр тооцоо дууссан тухай албан тоот /хх-ийн 140 тал/, зэргийг тус тус баримтаар гарган өгсөн, гэрэл зураг /хх-ийн 141 тал/, схем зураг /хх-ийн 142-144 тал/, Ү-220  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 145 тал/, гэрэл зураг /хх-ийн 146-149 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын хуудас /хх-ийн 69 тал/, 11854 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 70-71 тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-02-11-ний өдрийн  дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 72-76 тал/, И ББСБ ХХК-ийн 2020-06-22-ны өдрийн 202007 дугаартай хүсэлт /хх-ийн 77 тал/, 2020-06-22-ны өдрийн 20  дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 8 тал/, 2021-02-02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 79 тал/, 2021-02-02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 80-81 тал/, 2022-04-26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 82 тал/, 2022-04-26-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 83-84 тал/, Н.С-н хүсэлт /хх-ийн 85 тал/, И ББСБ ХХК-ийн 2020-05-03-ны өдрийн 25 дугаартай хүсэлт /хх-ийн 86 тал/, шинжээч томилох тухай тогтоол гардуулсан тэмдэглэл /хх-ийн 87 тал/, 2022-05-09-ний өдрийн 5/134 дугаар Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 88 тал/, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 89-90 тал/, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх-ийн 91 тал/, С  эстимэйт ХХК-ийн 2022-05-23-ны өдрийн албан бичиг /хх-ийн 92 тал/, 2022-05-24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 93 тал/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022-05-24-ний өдрийн 4-161/10778 дугаартай мэдэгдэл /хх-ийн 94 тал/, 874 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 120 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.С-н Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Н.С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүрээнээс хальж, шүүхийн шийдвэр явуулахаар заагаагүй авто зогсоол /грашийн/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээнд оруулж үнэлсэн. Энэ нь цаашид шүүхийн шийдвэр явуулахаар заагаагүй авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлж 8,26 м,кв авто зогсоолыг үнэлгээнд оруулсан нь хуульд нийцээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч 8,26 м,кв авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьсан энэ эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгөөс салшгүй эд хөрөнгө тул нийт эд хөрөнгийн үнэлгээнд оруулан тооцож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-02-11-ний өдрийн  дугаар шүүгчийн захирамжаар Н.С-с 132,000,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчийн эвлэрснийг баталж шийдвэрлэж, 2020-06-15-ны өдөр 874 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020-06-15-ны өдрийн   тоот гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2020-06-22-ны өдрийн 20260661 тоот тогтоолыг гаргаж ажиллагааг явуулсан байна.

5. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаалагдсан хөдлөх хөрөнгө болох 13-93 УБ улсын дугаартай, Нyundai   маркийн   арлын дугаартай экскаватор,   улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн   арлын дугаартай,   маркийн зүтгүүрийн ачааны автомашиныг тус тус битүүмжлэн хурааж, худалдан борлуулж төлбөрөөс 74.100.000 төгрөгийг барагдуулсан дээр талууд маргаагүй.

6. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд  улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн,  арлын дугаартай,   маркийн зүтгүүрийн ачааны автомашин,   улсын дугаартай, Hyundai   маркийн,  арлын дугаартай экскаватор Н.С-н өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,   тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хамтран худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

7. 8,26 м,кв үл хөдлөх эд хөрөнгийг нэмж барьсан нь үндсэн үл хөдлөх эд хөрөнгөөс салшгүй эд хөрөнгө байна.

Шүүхийн шийдвэрт тусгаагүй хэдий боловч бодит байдалд байгаа эд хөрөнгийн үнэлгээг гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсаныг хууль бус явагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн   тоот 94,68 м.кв талбайтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204  дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Н.С-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА