Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00096

 

 

Н.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03998 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.С-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.11-ний өдрийн 573 дугаар захирамжаар Н.С-аас 132,000,000 төгрөгийг гаргуулж И- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа Н-т явагдаж, миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Б.Доржийн гудамж, 36А байрны 03 тоот хаягт байрлах 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авах тухай албан бичиг ирсэн. Миний зүгээс үнийн санал өгсөн боловч төлбөр авагч нь зөвшөөрөөгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон. Шинжээч нь миний өмчлөлийн 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 297,171,426 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс доогуур үнэлгээ юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах учиртай. Мөн шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаж, уг хуульд нийцэж явагдах учиртай. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад холбогдох хуулиар тогтоосон дүрэм, журам, мөн холбогдох стандартыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь шүүхийн шийдвэрийн хүрээнд л явагдах учиртай, авто зогсоолыг үнэлснийг зөвшөөрөхгүй. Иймд Н-т явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаалагдсан хөдлөх хөрөнгө болох экскаватор, зүтгүүрийн ачааны автомашиныг тус тус битүүмжлэн хурааж, худалдан борлуулж төлбөрөөс 74,100,000 төгрөгийг барагдуулсан. Tөлбөрийн үлдэгдэлд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Н.С-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018875 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Б.Доржийн гудамж-36/А дугаар байрны 03 тоот, орон сууцыг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр битүүмжилж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу Н.С-а төлбөрт хураагдсан хөрөнгийг 1,500,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч И- ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт ирүүлснийг үндэслэн, шинжээч томилоход 297,171,426 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 04 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, 36А байрны 03 тоот 94,68 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204018875 дугаарт бүртгэлтэй орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах Н.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.а.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш2020/00573 дугаар захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 132,000,000 төгрөгийг Н.С-аас гаргуулж, И- ББСБ ХХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, 36/А байр, 3 тоот хаягт байршилтай, 94.68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг шүүх баталж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Гүйцэтгэх баримт бичиг дараахь шаардлагыг хангасан байна, гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны 20.1.6-т төлбөр шийдвэрийг гүйцэтгэх арга, журам гэж заасан байдаг. Гэтэл Н- нь шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгөд л хуульд заасны дагуу ажиллагаа хийх ёстой атал өөрт олгогдсон эрхээ хэтрүүлэн, төлбөр авагчид давуу байдал бий болгон, төлбөр төлөгч Н.С-ын эд хөрөнгө, эрх ашигт ноцтой халдан ажиллагаа явуулж байна. Дээрх үл хөдлөх хөрөнгө болон гэрчилгээ гарсны дараа нэмж барьсан 8.26 м.кв талбайтай гараажийн өргөтгөлийн хамт үнэлгээ хийлгэхээр шинжээч томилж, Сэлэнгэ- Эстимэйт ХХК нь шинжээчийн дүгнэлтээр ...үл хөдлөхийн гэрчилгээ гарснаас хойш нэмсэн 8.26 м.кв гараашийн өргөтгөлийн хамт 297,171,426 төгрөгөөр үнэлгээ гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт заагдаагүй хөрөнгөд үнэлгээ хийгдсэн байна. Шүүхийн шийдвэрт дурдагдаж буй 94,68 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь хувийн сууцны зориулалттай буюу орон сууцны зориулалттай, 8.26 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь дулаан зогсоол буюу гараашийн зориулалттай хөрөнгө юм. Зөвхөн 94.68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болоод 8.26 м.кв талбайтай хамт байх нь үнийн хувьд ялгаатай байх учиртай. Энэ нөхцөл байдлыг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй.

4.б.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, үнэлгээ гаргуулахдаа хуульд заасан шаардлагыг хангаагүй. Шинжээчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тодруулаагүй байдаг. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр тайлбартаа дурдсан. Дээрх ажиллагааг хийгээгүй атал шууд шинжээчээр томилж тогтоол гаргасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасан. Шинжээчид хууль сануулж, эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулснаар үнэн зөв, бие даасан, бусдын нөлөөлөлд автаагүй, бодитой шинжээчийн дүгнэлт гарах учиртай. Гэтэл тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг сануулаагүй байна. Дээрх нөхцөл байдлыг харвал шинжээч үнэхээр үнэн зөв дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Барьцаа хөрөнгийг битүүмжилсний дараа хураах ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгө буюу зөвхөн 94,68 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Тус тогтоолд үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоол гаргасан атал дээрх үл хөдлөх хөрөнгө болон гэрчилгээ гарсны дараа нэмж барьсан гараашийг өргөтгөсөн өргөтгөлийн хамт хураасан байна. Өөрөөр хэлбэл, битүүмжлээгүй хөрөнгийг хурааж хуульд нийцээгүй ажиллагаа хийсэн байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Н.С-а нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааныг үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийн зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/00573 дугаар захирамжаар төлбөр төлөгч Н.С-а нь төлбөр авагч И- ББСБ ХХК-д 132,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 32-35 УБГ улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, LBZ446DBX44041160 арлын дугаартай, BEIBEN ND41900 маркийн зүтгүүрийн ачааны автомашин, 13-93 УБ улсын дугаартай, Hyundai ROBEX2900LC-7 маркийн, №80210593 арлын дугаартай, экскаватор, Н.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Б.Доржийн гудамж, 36А байрны 03 тоот хаягт байрлах, 94.68 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 36-38-р тал/

 

4.а.Төлбөр төлөгч Н.С-а нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч И- ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 874 дүгээр гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 120-р тал/

4.б.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох Н.С-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Б.Доржийн гудамж, 36А байрны 03 тоот хаягт байрлах, 94.68 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр сүүлд баригдсан гараашийн хамт хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 78-84-р тал/

 

4.в.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч Н.С-аас үнийн санал авахад дээрх 94.68 м.кв талбай бүхий хувийн сууцыг 1,500,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч И- ББСБ ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 85-86-р тал/

 

4.г.Нэхэмжлэгч Н.С-а нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 8,26 м.кв талбай бүхий гараашийг нэмж барьсан үйл баримт тогтоогдсон бөгөөд хариуцагч байгууллага нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр барьцаа хөрөнгө болох 94.68 м.кв талбай бүхий хувийн сууцыг гараашийн хамт үнэлүүлэхээр Г.Отгонбаярыг шинжээчээр томилж, шинжээч нь хувийн сууц болон гараашийг нийтэд нь 297,171,426 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 7-32-р тал/

 

5.Хэдийгээр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид 8,26 м.кв талбай бүхий гарааш тусгагдаагүй боловч талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг зэргээс үзвэл тус гарааш нь 94.68 м.кв талбай бүхий хувийн сууц буюу үндсэн эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдана гэж заасан тул хувийн сууц болон гараашт хамтад нь үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

6.Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Түүнчлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо шинжээчээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тодруулаагүй, мөн шинжээчид Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг сануулаагүй гэжээ.

7.а.Хариуцагч байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/134 дугаар шинжээч томилох тухай тогтоолд Шинжээчийн дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах ... тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг шинжээч Г.Отгонбаярт сануулж гарын үсэг зуруулсан, мөн хэргийн 89 дүгээр талд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тодруулсан талаарх баримт авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/03998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ