Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2022/04714

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 11 09 101/ШШ2022/04714

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгчид Д.Батцэцэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД: Б  овогт А-ийн Агийн нэхэмжлэлтэй, хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 10,648,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , өмгөөлөгч Ж.Г ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол улсын Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөгч Х.Н ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.С 

Иргэдийн төлөөлөгч: С.М ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.С , А.А нар нь 2017-06-17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын зам дээр хохирогч Э.Т-ийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлтэйгээр Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б  яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-01-29ний өдрийн   дугаар шийтгэх тогтоолоор А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүх миний гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2018-04-19-ний өдрийн   магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр А.Ад холбогдох хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Магадлалыг прокуророос эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн 313 дугаар тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2018-04-19-ний өдрийн 384 магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Миний бие анхан шатны шүүх, прокурорын байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас ял эдэлж хоригдож байсандаа сэтгэл санаа болон бие мах бодиороо хохирсонд

насан туршдаа хамарсаж явдаг, хоригдож байсан хохирлоо гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах үүднээс өмөөлөгчид хандах шаардлага үүссэн, 2022-05-11-ний өдөр өмгөөлөгч Ж.Г-ын өмгөөлөгчөөр сонгон авч   дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн зардалд 10,000,000 төгрөг төлсөн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2018-01-29-ний өдрөөс 2018-04-19-ний өдөр хүртэл нийт 81 хоног хорих ял эдэлж цагдан хоригдсон хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 648,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 10,648,000 төгрөгийг төрийн сангаас гаргуулж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Монгол улсын Засгийн газрын төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: А.Агийн холбогдсон хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны   дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхимын   дугаар тогтоолоор тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэнэ.

Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хууль зүйн туслалцаа авсан төлбөр бус одоо шүүхэд хянан шийдвэрлэгдэх иргэний хэрэгт Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 81 хоног цагдан хоригдсон хохирол 648,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эрх бүхий газраас шаардах эрх байсан, тэр эрхээ хэрэгжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана." гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар avйлийн 230.2 дахь хэсэгт "Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заажээ. 81 хоног цагдан хоригдсон гэдэг дээр маргахгүй, 648,000 төгрөгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрч байна, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.А-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар 2 дахь хэсэгт заасан хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүссэн боловч, мөн хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үндэслэл байхгүй байна. Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэдэгт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, нотариатч зэргээс тухайн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний хөлс багтах бөгөөд нэхэмжлэгч А.А нь тухайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байх үедээ авсан өмгөөлөгчийн хөлсийг бус, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа авсан Ж.Г  өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч А.А нь эрүүгийн 1  дугаартай хэрэгт С.Д, Л.Д  гэх өмгөөлөгчтэй байсан. Харин өмгөөлөгч Ж.Г  нь А-д холбогдох эрүүгийн хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

Мөн өмгөөлөгч Ж.Г-г 2022-05-11-ний өдөр сонгон   дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2022-05-20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өмгөөллийн хөлсийг шилжүүлгийн баримтаар шилжүүлсэн гэх боловч гэрээтэй холбоотойгоор мөнгө шилжсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Өмгөөлөгч уг орлогоос холбогдох татварыг Татварын ерөнхий хууль, ХЭЗБТХ-д заасны дагуу төлсөн баримт зэргээр давхар нотлогдох ёстой гэж үзэж байна.

Иймд, Нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас 81 хоног агдан хоригдсон хохирлыг тухайн үеийн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 648,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хангаж, харин тухайн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа өмгөөллийн үйлчилгээ авсны төлбөр бус, одоогийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах өмгөөлөгч авсны төлбөр 10,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэдийн төлөөлөгч С.М  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлээс миний бодлоор 648,000 төгрөгийг гаргах нь зөв гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2018-01-29-ний өдрийн   шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-04-19-ний өдрийн  магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгиын хэргийн шүүх хуралдааны 2018-06-27-ны өдрийн   тогтоол, 2022-05-11-ний өдрийн өмгөөлөгч Ж.Г-той хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлээс 648,000 төгрөгийн нэхэмжлэлийн хангаж, 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ прокурор, анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийн улмаас ял эдэлж сэтгэл санаа, бие мах бодид хохирсон цагдан хоригдсон 81 хоногийн хохирлыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгт тооцож 648,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад өмгөөлөгчид хандах шаардлага үүсч өмгөөлөгч Ж.Г-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж хууль зүйн туслалцаа авсан төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн гэж тодорхойлсон.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын төлөөлөгч: Нэхэмжлэгч А.А-йн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цагдан хоригдсон 81 хоногийн хохиролд 648,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 648,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эрх бүхий газраас шаардах эрх байсан, тэр эрхээ хэрэгжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хууль зүйн туслалцаа авсан төлбөр бус одоо иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хандахдаа өмгөөлөгч Ж.Г-оос хууль зүйн туслалцаа авсан, төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгний төлбөрийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газар: Нэхэмжлэгч А.А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас цагдан хоригдсон 81 хоногийн хохиролд 648,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хууль зүйн туслалцаа авсан төлбөр бус одоо шүүхэд хянан шийдвэрлэгдэх иргэний хэрэгт өмгөөлөгч Ж.Г-с хууль зүйн туслалцаа авсан, төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгний төлбөрийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй, өмгөөлөгч 10,000,000 төгрөгний орлогоос холбогдох татварыг төлөөгүй, 10,000,000 төгрөг энэ нэхэмжлэлтэй холбоотой төлсөн гэдэг нь эргэлзээтэй гэж татгалзсан тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцээд 2018-01-29-ний өдрийн   шийтгэх тогтоолоор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж цагдан хорьж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн   магадлалаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, А.А-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч А.А 81 хоног цагдан хоригдсон, үүнтэй холбогдох хохирол төлбөр 648,000 төгрөг дээр зохигчид маргаагүй.

7. Харин нэхэмжлэгч А.А-ийн хууль зүйн туслалцаа авахад зарцуулсан төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан гэж 10,000,000 төгрөг төлсөн баримт 2022-05-12-ны өдрийн огноотой байхаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх ажиллагаанд өмгөөлөгч Ж.Г  нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцсон болох нь нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан.

Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй тохиолдолд энэхүү ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах учиртай.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй тул Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шалгасан А.А нарт холбогдох хэргийг хэлэлцэхтэй хамааралтай гарсан зардал гэж үзэхээргүй байна.

 

8. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлээс миний бодлоор 648,000 төгрөгийг гаргах нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 648,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төхөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Д.ЯНЖИНДУЛАМ