Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00259

 

 

 

 

 

 

 

 

2023 01 27 210/МА2023/00259

 

*********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04714 дугаар шийдвэртэй,

*********гийн нэхэмжлэлтэй

Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 10,648,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *********, гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.Сэргэлэн, ********* нар нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Соёл урлагийн их сургуулийн урд талын замд хохирогч Э.Тэргэлийг зодож, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор *********д

1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр *********д холбогдох хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн 313 дугаар тогтоолоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Миний бие анхан шатны шүүх, прокурорын байгууллагын алдаатай шийдвэрийн улмаас ял эдэлж хоригдож байсандаа сэтгэл санаа болон бие махбодоороо хохирсонд

насан туршдаа харамсаж явдаг, хоригдож байсан хохирлоо гаргуулах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах үүднээс өмгөөлөгчид хандах шаардлага үүссэн, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч *********ын өмгөөлөгчөөр сонгон авч 22/33 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн зардалд 10,000,000 төгрөг төлсөн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 81 хоног хорих ял эдэлж цагдан хоригдсон хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 648,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, нийт 10,648,000 төгрөгийг төрийн сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21,5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас хууль зүйн туслалцаа авсан төлбөр бус одоо шүүхэд хянан шийдвэрлэгдэх иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 81 хоног цагдан хоригдсон хохирол 648,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахгүйгээр эрх бүхий газраас шаардах эрх байсан, тэр эрхээ хэрэгжүүлсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд "Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана." гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт "Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. 81 хоног цагдан хоригдсон гэдэг дээр маргахгүй, 648,000 төгрөгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрч байна, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *********д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар 2 дахь хэсэгт заасан хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүссэн боловч, мөн хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үндэслэл байхгүй байна. Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс гэдэгт өмгөөлөгч, хуулийн зөвлөх, нотариатч зэргээс тухайн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний хөлс багтах бөгөөд нэхэмжлэгч ********* нь тухайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байх үедээ авсан өмгөөлөгчийн хөлсийг бус, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа авсан ********* өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч ********* нь Эрүүгийн 1711001160274 дугаартай хэрэгт С.Дэлгэрмаа, Л.Данзанноров гэх өмгөөлөгчтэй байсан. Харин өмгөөлөгч ********* нь Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давах, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоогүй.

Мөн өмгөөлөгч *********ыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сонгон 22/33 дугаартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өмгөөллийн хөлсийг шилжүүлгийн баримтаар шилжүүлсэн гэх боловч гэрээтэй холбоотойгоор мөнгө шилжсэн гэж үзэхэд эргэлзээтэй. Өмгөөлөгч уг орлогоос холбогдох татварыг Татварын ерөнхий хуульд заасны дагуу төлсөн баримт зэргээр давхар нотлогдох ёстой гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Засгийн газрын нөөц сангаас 648,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:

5.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 45.1.1-т Монгол Улсын иргэн, ...мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, ...сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах ...эрхтэй гэж, 45.2 дугаар зүйлийн 45.2.1-т Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, ...улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, гэж заасан байна. ********* нь дээрх хуулийн үндэслэлийн дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр заасан байх ба нэхэмжлэгч ********* нь өөрийн өмгөөлөгч *********од өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байхад шүүх уг нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

5.3. ********* нь анх 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр гарах хүртэл буюу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд сэтгэл санааны хохиролд орсон байдаг. Хэрвээ үйлдээгүй гэмт хэрэгтээ яллагдагчаар татаж цаг хугацаа алдаж яваагүй байсан бол дахин Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин өмгөөлөгч

авч нэхэмжлэл гаргахгүй байсан.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 81 хоног цагдан хоригдсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 648,000 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн. Харин өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ********* нь тухайн үед эрүүгийн хэрэгт н.Дэлгэрмаа, н.Данзанноров гэх өмгөөлөгчтэй байсан. Харин *********од 10,000,000 төгрөгийг өмгөөллийн хөлсөнд төлсөн үйл баримт нь 648,000 төгрөгийн нэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөл авахын тулд 10,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авч нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 648,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Гуравдагч этгээд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгч Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн 10,000,000 төгрөгийг сэтгэл санааны хохиролтой холбоотой байсан талаар анхан шатны шүүхэд яригдсан зүйл байхгүй. Анхан шатны шүүхэд өнөөдрийн шүүх хуралдаан явагдаж байгаа өмгөөллийн хөлсөнд мөнгө нэхэмжилж байгаа эсэхийг тодруулахад тийм гэж хариулсан. Гуравдагч этгээдийн зүгээс сэтгэл санааны хохирлыг төлөхдөө Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу зохигчид нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ тодорхойлсон баримтаа гаргаж өгөх ёстой.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ********* нь 81 хоног ял эдэлж цагдан хоригдсоны хохиролд 648,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. ********* нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүх хэлэлцээд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулж цагдан хорьж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 магадлалаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *********г цагаатгаж, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 313 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна./хх3-12/

3.б. Нэхэмжлэгч ********* 81 хоног цагдан хоригдсон, үүнтэй холбоотой хохирол гэж 648,000 төгрөг шаардсаныг анхан шатны шүүх хангасан, гуравдагч этгээд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

3.в. Анхан шатны шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсан гэж 10,000,000 төгрөг төлсөн баримт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн огноотой байхаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч ********* нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан оролцсон болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд нөхөн төлөхөөр зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *********гийн өмгөөлөгчөөр С.Дэлгэрмаа, Л.Данзанноров нар оролцсон болох нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 384 дугаар магадлалаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч *********гийн төлсөн өмгөөллийн хөлс гэх 10,000,000 төгрөгийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.6-д заасан зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарна.

Өөрөөр хэлбэл, өмгөөллийн хөлс гэх 10,000,000 төгрөг нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шалгасан ********* нарт холбогдох хэргийг хэлэлцэхтэй хамааралтай гарсан зардал гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, засгийн газрын нөөц сангаас 648,000 гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.

 

5. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч *********гийн нэхэмжлэлээс 648,000 төгрөгийг гаргах нь зөв гэж үзэж байна гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцжээ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2022/04714 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч ********* нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД