Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Э.Н, шүүгдэгч ******* /ZOOM/-ээр, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч ******* холбогдох 2117000000015 дугаартай 2 хавтас 275 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, Төмөр замын - дугаар байрны - тоотод иргэн Д.Г- толгойн тус газар гараараа цохих, өшиглөх зэргээр зодож, толгой цээжний хавсарсан амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б Т хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч буюу өмгөөлөгч болон шүүгдэгч *******өрбатын зүгээс гомдол гаргасан.

******* хувьд 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ыг шилжих шөнө хохирогч Г амь насыг хохироосон буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 10 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэсэн нөхцөл байдалтай холбогдуулаад шүүгдэгчийн хувийн байдал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэрэгт холбогдуулан гомдол гаргасан.

Хүний амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон байгаа хэдий ч тухайн гэмт хэргийн мөрдөн байцаалтын явц болон анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч ******* нь гэм буруугийнхаа талаар тодорхой мэдүүлдэг.

Өнөөдрийн хувьд гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй. Хамгийн гол нь анхан шатны шүүхээс оногдуулсан ял болон дэглэмийн хувьд хүндрүүлсэн учраас хөнгөрүүлж өгөөч гэж ******* зүгээс гомдол гаргасан.

******* хувьд хүний амь нас хохироосон харамсалтай үйл явдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдэхэд нөлөөлсөн бусад байдлыг эрхэм шүүгч та бүхэн харгалзан үзээд аль болох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч. Энэ нь хэргээс маш тодорхой харагддаг. 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны шилжих шөнө ******* хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэтэл юу нөлөөлөв, яагаад энэ хүн гэмт хэрэгт холбогдох болов гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгөөд үзэхэд COVID-19 цар тахлын үед Монгол улс битгий хэл дэлхий нийтэд ямар байгаа билээ.

Гэтэл урд айлынх нь хүмүүс архи согтууруулах ундааны зүйлийг тухайн айлд орж архидах орчныг бүрдүүлсэн. Мөн дээрээс нь насанд хүрээгүй хүүхдүүдийн дэргэд архидан согтуурсан, архи дамлан зарсан. ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь буруу боловч энэ дээр та бүхэн дүгнэлт хийгээд аль болох ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсч байна. ******* хувийн байдал нь ээж нь өрх толгойлсон, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхөд ажил эрхэлдэг хүн байхгүй, ам бүл 4, хэдийгээр бага хэмжээний хохирол төлбөр нэхэмжилсэн боловч тэр хохирлыг хүртэл төлөх боломжгүй.

Мөн ******* нь дөнгөж 19 настай, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдсон байгаа хэдий ч тэр өнцгөөс нь харалгүйгээр аль болох ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, хорих ялын хэмжээг нь багасгаж мөн дэглэмийнх нь хэмжээг өөрчилж өгөөч гэсэн санал, дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. ******* нь гомдолдоо “...тухайн гэмт хэргийг үйлдсэндээ буруугаа ойлгож, гэмшиж байна. Ахмад хүний бие махбодид халдаж, амь насыг нь хохироосондоо маш их гэмшиж байна гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад хэлж байсан...” Мөн гаргасан гомдолдоо дурдсан байсан. Тийм учраас энэрэнгүй хандаж, ял шийтгэлийг хөнгөлүүлж өгнө үү.

Шүүх хуралдааны явцад талийгаачийн хууль ёсны төлөөлөгч буюу хохирогчоор оролцсон Г.И хувьд ч гэсэн аль болох ял шийтгэлийг хүндрүүлэх талаас нь биш, 19 настай хүүхэд энэ гэмт хэрэгт холбогдсонд миний хувьд маш их цочирдож байна.

Тухайн гэмт хэрэг гарахад архи согтууруулах ундаа худалдан борлуулсан, айлд ирж архидсан хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээлгүй ганцхан хүүхэд ял аваад өнгөрч байна. Үүнийг харамсалтай байна гэж дурдаад өнгөрч байсан. ******* буруутай үйлдэл байгаа ч гэсэн эцсийн байдлаар шууд хатуу ял шийтгэл оногдуулж өгөөч гэсэн санаа харагдахгүй байсан. Энийг та бүхэн анхаарна уу гэжээ.

Илтгэгч шүүгч М.Т давж заалдах гомдлын үндэслэлийг бүрэн эхээр танилцуулав: М овогтой Т миний бие 2002 оны 02 дугаар сарын 04-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. 19 настай ээж, ах, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн 97-1 тоотод оршин суудаг. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хоригдож, 2021 оны 03 дугаар сарын 31-нд Эрүүгийн хулийн тусгай ангийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж, өөрөө ч итгэмээргүй гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ээж минь ажилгүй, дүү минь 8 дугаар ангид сурдаг, ах хөдөөгүүр ажиллдаг. Гэр бүлээ авч явж ээжийгээ тэжээж, дүүгээ эрдэм номтой сайн хүн болгох ёстой байтал ийм хүнд гэмт хэрэгт холбогдож гэр бүлийнхээ өмнө маш их буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Цагдан хоригдох хугацаандаа өөрийн гэм нүглээ ухаарч, олон зүйлийг ухамсарлаж, архи бол амьдралын хамгийн том дайсан үргэлж муу юм дагуулдаг гэдгийг ухаарч, хүний аминд хүрсэндээ маш их гэмшиж байна. Багаасаа аавгүй биеэ даан өсөж, талийгаачийн хэлсэн үгийг доромжлол мэт хүлээн аван хар усанд толгойгоо мэдүүлэн биеэ барьж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Ар гэрээ хүнд байдалд оруулж, олон жилийн ялыг хаалттай хорих ангид эдлэхээр шийтгүүлж, эхийнхээ нулимсыг барж, талийгаачийн амь насанд хүрч, ар гэрт нь хүнд хохирол учруулсандаа маш их гэмшиж, харамсаж байна. Амьдралын минь хамгийн том ухамсар, сургамж болж үнэхээр их гэмшиж, архи уусандаа харамсаж байна. Миний аж амьдрал болон хувийн зан байдлыг минь харгалзан үзэж эдлэх ёстой 10 жил 6 сарын хорих ялын хугацааг нь хөнгөлж, нээлттэй хорих ангид ялыг минь эдлүүлж өгнө үү? гэсэн байна гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлдээ: Шүүгдэгч ******* оногдуулсан 10 жил 6 сарын хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүгдэгчийн хувийн байдлын хувьд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ согтуугаар шалтаг, шалтгаангүйгээр талийгаач Г зодож амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн. Мөн өмнө нь 2 удаа санаатай гэмт хэрэг үйлдэж хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Тэгээд тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад дахин хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал зэргийг төлж барагдуулаагүй зэрэг үндэслэлүүдээр оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгч ******* хувьд мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзаж үзээд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэсэн саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 97 дугаар байрны 1 тоотод архидан согтуурсан үедээ иргэн Д.Г зодож толгой, цээжний хавсарсан амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* хүнийг алсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ял  оногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хор уршиг болон түүний хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхээс “шүүгдэгч  ******* эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэсэн мөртлөө шүүгдэгчид ял оногдуулах болон ял эдлүүлэх хорих байгууллагыг сонгохдоо “... согтуугаар шалтаг шалтгаангүйгээр хохирогчид халдан зодож, олон тооны гэмтэл учруулан амь насыг хохироосон, урьд нь шүүхээр 2 удаа ял шийтгүүлж хорих газраас хугацааны өмнө суллагдаад удаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн ...” гэдгийг харгалзан хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нь өсвөр насны буюу 19 настай  зэргийг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 3 дугаар заалтын “хаалттай” гэснийг “нээлттэй‘’ болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            О.ОДНЯМАА

                                            ШҮҮГЧИД                       Х.БАЙГАЛМАА

                                                                                                         Г.ТЭГШСУУРЬ