Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/26

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

иргэдийн төлөөлөгч Л.Баслбиш,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.И,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Тад холбогдох 2117000000015 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бийн Т /РД:ЕЙ/, Улаанбаатар хотод 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын ...дүгээр баг, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон гэх, 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Т нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 97 дугаар байрны 1 тоотод иргэн Д.Гийн толгойн тус газар гараараа цохих, өшиглөх, нуруу болон цээжин тус газар өшиглөх зэргээр зодож, толгой цээжний хавсарсан амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын 97 дугаар байрны 1 тоотод Д.Гийн толгойн тус газар гараараа цохих, өшиглөх, нуруу болон цээжин тус газар өшиглөх зэргээр зодож, толгой цээжний хавсарсан амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Г гэдэг хүнийг танихгүй, урьд нь 2-3 удаа харж байсан. Өглөө босоход манайд гал тогооны өрөөнд архи уугаад сууж байдаг байсан. Би Өтай хамт манайд хонохоор ирээд жижиг өрөөнд утсаараа тоглож байтал урд айлын ах, эгч хоёр танайд ороод нэг пиво ууя гэхээр нь тэг гэж хэлсэн. Манайд орж ирсэн эгч Н бид хоёрыг эгч нь арыг нь даана гээд архиар шахаад байсан. Би 1 пиво ууж дуусаад явах байх гэж бодсон ахиад 2 шил архи аваад ирсэн. Нийт 12 цагаас хойш 3 шил архи, 1 пивотой уусан. Сүүлд архи авна гэхэд би хамт яваад гэрт нь ууж байгаад талд нь орох үед гэр лүүгээ орсон. Г нь 4 цагийн үед манайд орж ирсэн байх. Намайг жижиг өрөөнд байхад ах нь дүүд нь 1 500 000 төгрөгөөр амьдрал бэлэглэнэ гэхээр нь доромжлоод байгаа юм шиг санагдаад нүүр лүү нь 2-3 удаа цохитол хана дагаад унахдаа ханиа гээд хашхираад байхаар нь уурандаа 3-4 удаа өшиглөсөн. Би урд айл руу орохдоо углааштай ороод гарахдаа цас их байсан учраас урд айлын хүний гутлыг өмсөөд гарсан байсан. Жижиг өрөөнд зодож байхад болиоч гэхээр нь болиод ээжтэй маргалдсан. Хохирогчийг явсан байх гэж бодож байтал Т жижиг өрөөнөөс чирээд гаргаад ирэхээр нь дахиад зодсон. Хэдэн удаа цохиж зодсоноо сайн санахгүй байна. Дүүгээрээ яах гэж бичлэг хийлгэснээ мэдэхгүй байна. Тэгээд би урд айлд орж хоносон. Өглөө орж ажлынхаа хувцсыг аваад ажилдаа явахдаа энэ ах яасан юм гэхэд Н унтаж байгаа гэсэн. Ажил дээр байж байтал үеэл ах А над руу яриад чиний зодсон хүн амьсгалахгүй хахаад байна гэхээр нь ажлаасаа шууд гэртээ ирсэн. Гийг зодож амь насыг нь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн газраас над руу залгаад аав чинь сэхээнд байна гэхэд нь би юу болоод байгаа талаар сайн ойлгоогүй. Хэдхэн хоногийн өмнө зүгээр утсаар ярьж байсан. Эмнэлэгт ирэхэд эмч сэтгэлээ бариарай, хүнд зодуулсан, амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж байгаа, бие нь маш хүнд, ухаан орох магадлал бага гэж хэлсэн. Би аав дээрээ ороход аавынхаа царайг таниагүй. Талийгаачтай хамгийн сүүлд 01 дүгээр сарын 01-нд уулзсан. Тэгэхэд бие нь зүгээр байсан. Шүүгдэгчийн насыг сонсоод үнэхээр их цочирдлоо. Энэ хэргийг ухамсарлаад дахин ийм хэрэг үйлдэхгүй байгаасай гэж хүсэж байна гэв.

 

1.3. Насанд хүрээгүй гэрч О.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Т бид хоёр тэдний жижиг өрөөнд унтах гэж байхад 01 цаг өнгөрөөгөөд урд айлын эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирээд Ц эгчтэй хамт том өрөөнд архи уугаад суусан. Гаднаас орж ирсэн эмэгтэй бид хоёрыг дуудахаар нь том өрөөнд очиход тэр гурав дундаа 2,5 литрийн савлагаатай пиво хувааж уугаад сууж байсан. Тад аягалж өгөхөд уухгүй өглөө ажилтай гэхэд тэр эгч шахсаар байгаад 1 аягыг уулгасан. Тэр хэдийн пиво дуусахад тэр эгч ганцаараа гараад явсан бөгөөд эргээд 0,75 литрийн Соёрхол нэртэй 2 шил архи бариад ороод ирсэн. Тэгээд архиа ууж байгаад үлдсэн 1 шил 0,75 литрийн архиа нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёрын гэрт нь орж уухаар болоод 2 цаг өнгөрч байхад явцгаасан. Т намайг хамт явчих гэхээр нь дагаад урд айлд нь ороод архи ууж байгаад Т ах нь гэртээ ороод ирье гэж хэлээд ганцаараа 4 цаг болох гэж байхад гараад явсан. Би 20-30 минутын дараа Тын гэрт ороход Т том өрөөндөө агсам тавиад, том өрөөний гол хэсэгт миний танихгүй настайвтар эрэгтэй хүн газар баруун тийш толгойгоо харуулсан байдалтай хэвтсэн, Ц эгч том өрөөний баруун орон дээр суучихсан, бага хүү Б нь том өрөөний хаалганы хажууд гар утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Т нь том өрөөндөө агсраад газраар хэвтсэн байсан эрэгтэйн нуруу, цээж, толгой руу нь өшиглөөд дэвсээд байсан. Мөн ээжийгээ хөлөөрөө жийгээд хараалын үгээр доромжлоод байсан. Би болиулах гээд өөдөөс нь явахад чи наанаа байж бай зүгээр байгаарай ойртвол хохино шүү гээд байхаар нь би айгаад ойртож чадаагүй. Тэр газарт хэвтэж байсан хүний толгой, нүүрний хэсгээс нь цус гарсан байсан. Тэр хүн би өөрөө босоод явъя битгий намайг зодоод бай гэж хэлсэн. Тэгээд байж байтал Б гарч гүйгээд Нийг дагуулаад ороод ирсэн. Н Тыг аваад чи ээж дүүгээ яагаад байгаа юм бэ гээд жижиг өрөөнд ороод юм яриад суугаад байсан. Тэгж байтал урд айлын эмэгтэй орж ирээд Ц эгчээс энэ юун хүн юм бэ гэхэд Ц эгч танихгүй гэж хэлсэн. Тэгээд Т жижиг өрөөнөөс гарч ирээд энэ хүнийг манайхаас гарга гэхэд Н хар өвлийн хүйтэнд хаашаа явуулах гээд байгаа юм бэ гээд энэ хүнийг жижиг өрөөнд оруулчих гэхээр нь би тэр хүнийг өргөөд, чирээд жижиг өрөөнд нь оруулж орон дээр унтуулсан. Тэр хүн бас согтуу байх шиг байсан. Намайг тэр өрөө рүү оруулж байхад тэр хүн хурхираад унтаад байгаа юм шиг байсан. Ерөөсөө сэрэхгүй байсан бөгөөд жижиг өрөөнд орон дээр нь унтуулж орхиод бие засчхаад эргээд ороод ирэхэд урд айлын эмэгтэй танихгүй хүн гэртээ хонуулах гэлээ гээд үүдээр гаргах гээд жижиг өрөөнөөс чирээд гаргаад ирсэн байсан. Тэгэхэд Н ах уурлаад тэр эгчийг том өрөө рүү авч ороод намайг тэр хүнийг гал тогоо руу оруулчих гэхээр нь би үүднээс тэр хүнийг өргөж гал тогооны өрөө рүү оруулаад шалан дээр нь хэвтүүлээд орхисон. Тэр үед тэр хүн хурхираад л байсан. Т тайвшраад урд айлдаа ороод танайд хоноод өглөө ажилдаа явъя гэж хэлээд тэднийд унтаад өглөө 7 цаг 40 минутад сэрээд бид 2 хамтдаа Тын гэрт ороод ажлынхаа хувцсыг аваад Хонхор руу алхаж Ус-Ду дээр би Тыг хүргэж өгөөд буцаад алхаад харьсан. Өглөө Тынд ороход нөгөө зодуулсан хүн миний хэвтүүлсэн байрлалаар гал тогооны өрөөндөө унтаж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-33 хуудас/

 

1.4. Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой манай нөхөр бид хоёр 2,5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг аваад нэгийг нь гэртээ уусан. Үлдсэн 1 пивоо аваад Ц эгчийнд ороход бага хүү Бийн хамт байсан. Бид хоёр тэднийд ороод авч ирсэн пивоо ууж байтал дунд хүү Т нэг танихгүй өндөр залуугийн хамт том өрөөнд ороод ирсэн. Би пивоноосоо аягалаад Тад өгөхөд уусан. Хамт байсан Н гээд залууд өгөхөд уухгүй байсан. Би 00 цагийн үед архи зардаг Отгоо эгчийнд очиж 2 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архийг нэг түмний ундаатай аваад Ц эгчийн гэрт архиа задлаад хуваагаад уусан. Архинаас Н уугаагүй. Тэгээд цаашаа юу болсон талаар огт санахгүй байгаа. Одоо бодоход ухаан орж гараад л яваад байсан юм шиг байна. Нэг мэдэхэд Ц эгчийнд орчихсон тэдний жижиг өрөөнд нь цус нөжинд холилдчихсон ах ор налаад сууж байсныг санаад байгаа юм. Би тэр ахыг гэрээс нь гаргах гээд цамцнаас чирээд дийлэхгүй орхисон. Яагаад тэр хүнийг гаргах болсон тэр хүнийг тэднийхээс яв гэснээ гайхаад байгаа юм. Цийн гэрт байсан өвгөнийг хэзээ, хаанаас, хэнтэй ирсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Огт танихгүй хүн байсан. Яаж гэртээ орж унтсанаа, хэзээ Ц эгчийн гэрээс гарснаа санахгүй байна. Зодоон болсон талаар огт мэдээгүй. Ямар ч байсан миний санаж байгаагаар тэднийд бусдад зодуулсан байдалтай толгой, нүүрнээс нь цус гоожсон настай эрэгтэй хүн жижиг өрөөнд байсныг санаад байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-39 хуудас/

 

1.5. Гэрч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад 2,5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг аваад нэгийг нь гэртээ эхнэртэйгээ хувааж уугаад үлдсэн пивоо аваад Ц эгчийнд орсон. Ц эгч хүү Б хоёр байсан. Т Н хоёрыг орж ирэхэд эхнэр пиво аягалаад Тад өгөхөд уучихсан. Н гээд залуу уухгүй байсан. Пивоо ууж дуусаад манай эхнэр Т дахиад уух юм авчирна гэж хэлээд гараад удалгүй 2 шил 0,75 литрийн Соёрхол бариад ороод ирсэн. Тэгээд 1 шилийг нь задлаад уугаад сууж байхад хойд айлын Н гэх залуу орж ирсэн. Мөн тэр залуу архинаас уулцсан. Тэр архийг уугаад сууж байхдаа би согтсон. Цаашаа юу болсон талаар огт санахгүй байгаа. Намайг унтсан хойно манай эхнэр, Т, Н, Н нар нь үргэлжлүүлэн манай гэрт ирж уусан юм билээ. Ууж байгаад шөнө гарахдаа Т нь миний хүрэн бор өнгийн нохой гутлыг өмсөж гараад явсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-45 хуудас/

 

1.6. Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 15 цаг 45 минутад хүлээн авах тасагт түргэний машинаар 61 настай, эрэгтэй, Г нь хүргэгдэн ирсэн. Би 15 цаг 50 минутад тухайн хүнийг үзэхэд амьсгал зүрх зогссон, хөхөрсөн,103-ын эмч суурь тусламж үзүүлж байсан. Биеийн байдал маш хүнд, ухаангүй, глазго үнэлгээ 3 балл, арьс эрээнтэн хүйтэн, хамар уруулын гурвалжин хөхөрсөн, нүүр хөхөрсөн, хүүхэн хараа 2 талд өргөссөн, гэрлийн урвалгүй эвэрлэг рефлексгүй, өвчтөн хариу урвалгүй, зүрхний авиа чагнахад сонсогдохгүй, хэвийн судасны лугшилт тэмтрэгдэхгүй байсан. Тухайн хүний зүрх судасны үйл ажиллагаа 16 цаг 00 минутад сэргэж эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн амьсгалын аппаратад авсан. Өвчтөний гамодемамин тогтворгүй хэвээр байна. Онош нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн няцрал цус хуралт байж болзошгүй. Комын байдал, олон хавирганы хугарал, цээжний битүү гэмтэл, гавлын зүүн нүдний ухархай, дээд доод ясны эрүүний хугарал, дух хацар шанаа эрүү хэсэгт зулгарч урагдсан шарх, зүүн нүдний гадна өнцгийн язарсан шарх, 2 бөөрний чулуу амьсгал зүрх судасны хурц дутагдал эзлэхүүн багадалтын шок, хүнд зэргийн оноштой эмчлэгдэж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-48 хуудас/

 

1.7. Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 01 цаг 20 минутанд намайг Т манайд ороод ир уух юм байна ууя гэхээр нь би очсон. Тэднийд Ц, Т, Б, Ө, Т, Нэргүй нар архи уугаад сууцгааж байсан. Т надад шууд архи дүүрэн аягалж өгөхөөр нь уудаггүй ш дээ гэхэд зүгээрээ уучих гэхээр нь би уусан. Тэгээд байж байтал Т нөхрөө дагуулаад гарсан. Түүний араас Тын гэрт ууж дуусгаагүй үлдсэн тал шил Соёрхол архийг аваад Т, Н бид 3 цуг орж хувааж уусан. Тэр архийг ууж дуусгаад Т, Тын хамт архинд гараад 0,5 литрийн Хараа нэртэй архи нэгийг авчирсан. Түүнийг бид нар хувааж уусан. 3 цагийн үед л байх архи ууж байгаад нэг харахад Т байхгүй байхаар нь Нгаас асуухад гэртээ ороод ирье гэж хэлээд гараад явсан гэж хэлсэн. Н би Т ахын араас ороод ирье гэж хэлээд гараад явсан. Түүний дараа Т бас араас нь орохоор явсан. Тэднийд Нэргүйтэй хамт байж байтал Б уйлаад гүйж орж ирээд Төрөө ах агсраад байна гэж хэлэхээр нь би Бийг дагуулаад гэрт нь ороход том өрөөнд Т, Ц хоёр зогсож байсан. Гал тогооны өрөөнд Т, Н хоёр сууж байсан. Тэгээд би гал тогооны өрөөнд Т, Н хоёртой юм яриад байж байтал Т жижиг өрөөнөөс нэг хүнийг одоо зайл миний эгчийг доромжлоод байгаарай, энийг хөөгөөд гарга гээд нэг танихгүй настайвтар ахыг хувцаснаас нь чирээд явж байхаар нь би гайхаад хэзээдээ ийм хүн ороод ирсэн юм бол гэж бодоод хэн бэ гэхэд Т надад таксины жолооч байгаа юм гэж хэлсэн. Тг чирээд байхаар нь согтуу хүн байна, чирээд гаргавал осгочих байх гэж бодоод боль гэж хэлээд буцаагаад гал тогооны өрөө рүү Нд хэлж оруулсан. Н тэр хүний хувцаснаас чирээд гал тогооны өрөөний хаалгаар оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Тэр хүн хоёр хөл дээрээ босохгүй хэвтээд л байгаад байсан. Би тасарчихсан хүн байна л гэж бодсон. Тэгэхэд тэр хүний духан дээгүүр нь цустай, шалбарчихсан нүүрний хэсэг нь цус болчихсон байсан. Төрөөгөөс энэ хүнийг яасан юм бэ гэхэд яагаа ч үгүй гайгүй гэж хэлээд байсан. Тэднийд байж байгаад буцаад 4 цаг өнгөрч байсан байх Н, Т, Т бид хэд Н гэрт буцаж ороод үлдсэн байсан тал шил архиа ууж дуусгаад Н, Т бид гурав тэндээ унтаж байгаад өглөө 7 цагт босоод Тынд ороод Т ажлынхаа хувцсыг сольж өмсөөд гараад явсан. Би гэртээ харьсан. Өглөө тэднийд ороход нөгөө ах шөнө Нн орхисон газар буюу гал тогооны өрөөнд унтаж байсан. Миний хувьд тэр хүнийг Т зодож, цохиж байхыг хараагүй. Намайг ороход үйл явдал болоод дууссан байсан. Н надад Т энэ хүнийг зодсон гэж хэлсэн. Чи салгахгүй яасан юм болиулдаггүй юм уу гэхэд намайг ороход зодолдоод дуусаж байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-51 хуудас/

 

1.8. Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Талийгаач нас барахаасаа өмнөх 2-3 хоног архи уусан байх гэж бодож байна. 2-3 хоног ерөөсөө машинаа асаагаагүй таксиндаа яваагүй. Гэртээ бол нэг их уугаагүй байх. Дам сураг сонсоход Ш гэх хүүхэнтэй архидаад байна гэсэн. Гэрт нь өөрөөс нь өөр хүн ирдэггүй байсан. Их нямбай хүн байсан. Гэрт нь архи уусан, хүмүүс хоорондоо маргалдаж муудсан чимээ огт сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 60-61 хуудас/

 

1.9. Гэрч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Талийгаач нь сүүлийн жилүүдэд Чойр дотор такси үйлчилгээнд явдаг байсан. Мөн айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг байсан. Архи дарс нэг их уугаад байдаггүй, цэвэрч нямбай нарийн тооцоотой хүн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 62-64 хуудас/

 

1.10. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг 03 цаг өнгөрч байхад маш хүчтэй хүн нүдээд байхаар нь хаалгаа нээтэл Г ганцаараа зогсож байсан. Ахдаа ганц юм өгчих маргааш таксинд яваад мөнгийг нь өгье хэрэг болоод байна гээд гуйгаад байхаар нь би 0,5 литрийн Хараа нэртэй архи өгсөн. Тухайн үед Гийн толгой тархи зүгээр, ил харагдах шарх сорви байгаагүй. Цус нөж гоожсон зүйл огт байгаагүй. Тэр шөнө манай урд талын байрны Заяа гэх хүүхэн 00 цаг өнгөрч байхад ганцаараа орж ирээд 2 шил 0,75 литрийн Соёрхол, 1 түмний ундаатай аваад явсан. Түүний дараа дахиад З, Цийн хүү Тын хамт манайд орж ирээд 1 шил архи өгчих гэхээр нь өгөхгүй, чи хэнтэй уугаад байгаа юм бэ гэхэд Цтэй ууж байна гэж хэлсэн. Тэгээд зээлээр 0,5 литрийн Хараа нэртэй архийг аваад гарсан”  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 68-70 хуудас/

 

1.11. Гэрч Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр баг, 97-1 тоотод ухаангүй согтуу хүн байна гэсэн дуудлагын дагуу очиход тухайн айлын гал тогооны өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болохоор эрэгтэй хүн шалан дээр нь урагш хараад унтаж байсан. Тэр хүн намайг очиход тасралтгүй хурхирч байсан бөгөөд толгой нүүрний хэсэг нь хавагнаж зарим газраа шалбарч цус гарсан байдалтай байсан. Тухайн хүний артерын даралт 105/86, пульс нь 76-тай, захын цусны хүчилтөрөгч 96-тай, цочроо өгөхөд өвчтөн ханиалгаж шүлсэндээ хахаж цацах үйлдэл гаргаж байхаар нь би өвчтөнийг хажуу тийш нь харуулж хэвтүүлээд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагаас хүмүүс ирсний дараа би мөн тухайн хүний даралт, пульс, захын цусны хүчилтөрөгчийг үзүүлээд амин үзүүлэлтүүд нь хэвийн байгаа учраас эрүүлжүүлж болно гэж хэлээд дараагийн дуудлагадаа явсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад нөгөө хүний амьсгал нь тасалдаад байна гэсэн дуудлагаар эрүүлжүүлэх байранд ирж үзэхэд тухайн хүний артерийн даралт тодорхойлогдохгүй, захын цусны хүчилтөрөгч 70, амьсгал тасалдсан, захын цусны хүчилтөрөгч, пульс 56 байсан учраас тээвэрлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү түргэний машинаар авч явсан. Тэр хүн эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73-74 хуудас/

 

1.12. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажилдаа ирэхэд Т манай ажилд орох гэж байгаа гээд ирсэн. Бид хоёр хамтдаа галаа түлээд нүүрсээ хийгээд зогсож байтал цайны цагийн үеэр надад өчигдөр Нтай гадуур явж байгаад шөнө гэртээ ороход ээж нэг танихгүй ахтай архи уусан байж байсан. Тэр согтуу ах ээж рүү нь томроод байхаар нь зодчихсон чинь өнөөдөр ухаан орохгүй байна гээд сая манай дүү утсаар ярилаа гэж хэлээд ажил дээрээс хувцсаа солиод хариад ирье гэж хэлээд явсан”  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 81-82 хуудас/

 

1.13. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд: Д.Гийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр толгой, цээжний хавсарсан гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдалт, зүүн тал бөмбөлгийн таламус хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун нүдний ухархайн дээд хананы цөмөрсөн хугарал, зүүн талын 3,4,5,6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, хавирга хоорондын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун талын орой чамархай хэсгийн ясны хальсанд цус хуралт, зүүн талын дух, чамархай, дагз хэсгийн ясны хальсны цус хуралт, зүүн хөмсөгний няцарсан шарх, зүүн нүдний гадна буланд няцарсан шарх, баруун нүдний салстад, зүүн нүдний зовхинд, баруун нүдний зовхинд, баруун хацарт, зүүн хацарт, оочинд, хамрын нуруунд, баруун 2,3 дугаар хавирганы орчимд, баруун бугалгад, баруун хавирганы нумаар цус хуралт, цохонд, духанд, баруун нүдний доод зовхинд, хамрын нуруунд, хамрын зүүн угалзанд, дээд уруулд, доод уруулд, оочинд, баруун чихний урд хэсгээр, дэлбэнд, зүүн чихний урд хэсгээр, баруун тохойнд, зүүн бугуйнд, зүүн сарвуунд, баруун хөлийн тавхайнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Толгой цээжний хавсарсан гэмтэл: тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдалт, зүүн тал бөмбөлгийн таламус хэсгийн тархины эдийн няцрал, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, зүүн талын 3,4,5,6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, хавирга хоорондын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай. Д.Гт шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаач нь В/III/ бүлгийн харьяалалтай цустай байна. Д.Гт эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Д.Г нь толгойн битүү гэмтэл хатуу бүрхүүл доорх цусан хураанд тархи дарагдаж нас баржээ.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 88-91 хуудас/

          

1.14. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дүгээр дүгнэлтэнд: Б.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Т нь тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.Т нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Т нь гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна. Б.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Тад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч Д.Дэжидмаа, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч Л.Баттулга, сэтгэцийн эмч Я.Ганхүү гэжээ. /х.х-ийн 102-103 хуудас/

 

1.15. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 4-19 хуудас/

 

1.16. Цогцост гадна үзлэг, задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 87, 96-99 хуудас/

 

1.17. Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, нас барсны бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 142, 174-193 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч Л.Баслбиш: Б.Т архи уусан учир согтуугаараа Д.Гийг зодож хохирол учруулсан байна. Залуу хүүхдийг том хүмүүс уруу татаж архи уусан учраас ийм хэрэг гарсан байна. Миний хувьд Б.Т буруутай гэсэн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь үндэслэл бүхий болжээ.    

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Тын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг дурдлаа.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь архидан согтуурч, үл ойлгоцлын улмаас агсам согтуу тавьж бусдад халдаж зодсон үйлдлээс болсон байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Оршуулгын зардалд нийт 3 850 876 төгрөг нэхэмжилж байна. Ар гэр нь бололцоо муу учраас бага хэмжээний хохирол нэхэмжилж байна гэв.

 

2.2. Гэрч Ө.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”Бид хоёр багаасаа найзалж нөхөрлөсөн. Тэр ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Багаасаа аавгүй өссөн. Т нь Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд 9 дүгээр анги төгссөн. Сэргэлэн цовоо зантай, нийтэч, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнийг маш их хүндэлдэг, хүнд их тусархуу хүн. Архи дарс байнга уугаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 50-51 хуудас/

  

2.3. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тын хувьд ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, аав нь багад нь салаад явсан гэж сонссон. Т нь хүнд их тусархуу, найрсаг зантай, этгээд ааш араншингүй хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 75-76 хуудас/

 

2.4. Гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т нь ах, дүү, ээжийн хамт амьдардаг. Аав нь багад нь салаад явсан гэсэн. Тэднийд ажил хийдэг хүн байхгүй. Т энд тэнд хувиараа ажил хийж гэрийнхнийгээ том ахынхаа хамт тэжээдэг байсан. Т нь үг дуу цөөтэй, хүний үгнээс гараад байдаггүй, хүмүүжилтэй, хүнд тусархуу зантай, нийтэч хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 77-78 хуудас/

 

2.5. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т нь эмээ, өвөө дээрээ өссөн. Өвөө эмээдээ багаасаа тусалж вагонд явж бэлэн гоймон, ундаа зараад эмээ өвөөдөө ойр зуурын идэх уух юмны мөнгийг нь олж өгдөг байсан. Т нь багаасаа энэ тэнд хар бор ажил хийгээд сурчихсан, хүнд их тусархуу зантай, ажилсаг хөдөлмөрч хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 79-80 хуудас/

 

2.6. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Т нь үг дуу цөөтэй, анги хамт олонтойгоо нийтэч биш, хичээл сурлагын хувьд хоцрогдолтой, хичээл их тасалдаг араасаа байнга утасдуулж наана цаана болдог байсан. Ар гэрийн анхаарал халамж сул, ээж нь хайхардаггүй, аавыг нь бол мэдэхгүй. Ангиас зохион байгуулсан олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Ихэнхдээ хичээлээ таслаад алга болдог байсан. Бие бялдарын өсөлт хөгжил хэвийн сэтгэхүйн хувьд эрүүл саруул, өөрийгөө илэрхийлэх чадвар хэвийн сурлагын хувьд дундаж хүүхэд байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 83-84 хуудас/

 

2.7. Сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай шүүгчийн захирамжууд /х.х-ийн 118, 131-132, 135-137 хуудас/ 

 

2.8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон шүүгчийн захирамжийн хуулбар, түүнд холбогдох баримтууд /х.х-ийн 148-169 хуудас/ 

 

2.9. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 140,145 хуудас/

 

2.10. Оршуулахтай холбоотой хохирлын зардлын баримтууд /х.х-ийн 195-211 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Тад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагчаас шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг шүүгдэгч Б.Т нь одоо 19 нас 01 сар 27 хоногтой, гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэж түүний өсвөр насны хүн гэж үзэн эрүүгийн хариуцлага оногдуулах саналуудыг тус тус гаргажээ.

           

Шүүхээс шүүгдэгч Б.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хор уршгийн шинж чанар болон түүнийг согтуугаар шалтаг шалтгаангүйгээр хохирогчид халдан зодож, олон тооны гэмтэл учруулан амь насыг хохироосон, урьд нь шүүхээр 2 удаа ял шийтгүүлж хорих ялаас хугацааны өмнө суллагдаад удалгүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Тад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэж ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Т нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэхдээ 18 настай байсан боловч түүний бие бялдар, сэтгэхүй нь хэвийн, өөрийн үйлдлийн хор уршгийг ухамсарлан ойлгох чадвартай болох нь сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, түүний хувийн болон зан байдлын талаар тодорхойлж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Б.Т урьд нь 2 удаа ял шийтгүүлж гэмт хэрэг үйлдэхийн хор уршгийг ойлгож мэдэх боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл түүнийг насанд хүрээгүй хүний сэтгэхүй болон бие бялдар, ухамсраар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Хохирлын тооцоо: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.И нь оршуулахтай холбоотой гарсан зардалд 3 805 876  төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилжээ.

Хавтаст хэргийн 198-211 дүгээр хуудсанд оршуулахтай холбоотой гарсан зардлын нотлох баримтууд авагдсанаас

- 199-р хуудсанд: 267 473, 159 290, 19 300 төгрөг,

- 200-р хуудсанд: 60 000, 56 000 төгрөг,

- 201-р хуудсанд: 100 000 төгрөг,     

- 202-р хуудсанд: 110 500, 17 600, 22 550, 6 600, 15 000, 237 900 төгрөг,

- 203-р хуудасны: 285 000, 4 100 төгрөг,

- 204-р хуудсанд: 140 000 төгрөг,

- 205-р хуудсанд: 56 000, 42 500 төгрөг,

- 206-р хуудсанд: 15 000, 97 850, 5 000, 64 320 төгрөг,

- 207-р хуудсанд: 43 920, 97 009, 25 000, 10 940, 42 900 төгрөг, нийт 2 001 752 төгрөгийг оршуулахтай холбоотой гарсан зардал нотлогдож байх тул шүүгдэгч Б.Таас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хавтаст хэргийн 208-211 дүгээр хуудсанд авагдсан баримтын мэдээлэл гэх 4 ширхэг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Мөн ном уншуулсан, алтан хайрцаг нээлгэсэн, газарт явсан, яс барьсан хүмүүст өгсөн төлбөрийг нэхэмжилсэн боловч тэдгээртэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.И нь оршуулахтай холбоотой гарсан зардлын нэхэмжлэлээс үлдэх 1 804 124 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2117000000015” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Тын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тад оногдуулсан 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тын цагдан хоригдсон 60 /жар/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “2117000000015” гэсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Таас 2 001 752 /хоёр сая нэг мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Шивээговь сумын 2 дугаар баг, Нэртийн 1-1 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ид олгож, оршуулахтай холбоотой зардал 1 804 124 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧИД                              Б.БАТТУЛГА

                                                                                                        Т.ЭНХМАНДАХ