Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2022/04157

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:.. тоотод оршин суух, PA ..., Р...J. M,

Хариуцагч:... барилгад байрлах, регистр ..., Б.. ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон мөнгө, ээлжээс буусан амралттай өдрүүдэд ажилласны цалин, ээлжийн амралтын олговор гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 8-ны байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийз болон Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам.доллар гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А.., М.Ш..., өмгөөлөгч Г.М..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М..., Б.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р...J. M нь хариуцагч Б.. ХХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102 843 470 төгрөг, Ээлжээс буусан амралттай өдрүүдэд нийт 30 өдөр илүү цагаар ажилласны цалин 46 126 401 төгрөг, Ээлжийн амралтын олговор (29 ажлын өдрийн) 44 551 616 төгрөгийг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 8-ны байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийз болон Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам доллар гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.Р...J. M “В...” ХХК-д уурхайн менежерийн ажилд орж 24 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан.

Гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч гэрээ цуцлах саналыг хэн ч гаргаагүй, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан, мөн уурхайн менежерийн орон тоо нь байнгын учир гэрээ хугацаагүйгээр сунгагдсан гэж ойлгосон.Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д "Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж зааснаар хөдөлмөрийн гэрээ нь 2 жилийн хугацаагаар 2021 оны 5 дугаар сарын 31 хүртэл сунгагдсан, 2020 онд 6 дугаар сард компанийн удирдлагын зүгээс 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээ шинэчлэхийг шаардсан, Р...J. M ажлаас халагдахыг хүсээгүй учир өөрийн хүсэл зоригийн эсрэг ажил олгогчийн шахалтаар 2020 оны 6 дугаар сарын 8-нд шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан.

Ингээд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хил хаасан нутаг буцах боломжгүй хатуу хөл тогтоосон хэцүү цаг үед үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халсан, хариуцагч байгууллагаас 2021 оны 1 дүгээр сарын дундуур ажилдаа ирээд хэрэггүй гэж утсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсаны тэтгэмж зэргийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй боловч эдгээрийн алийг ч өгөөгүй тул Р...J. M-г ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.            

2.Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102 843 470 төгрөг гаргуулах тухайд:2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа компанитай цалин хөлсний хэмжээг дараах байдлаар тохиролцсон.Үүнд үндсэн цалинг бохир дүн буюу татвар, шимтгэл зэргийг ажил олгогчийн зүгээс суутган авахаас өмнөх дүнгээр (Хөдөлмөрийн гэрээний 6(а) заалт), нэмэгдэл цалин, урамшууллыг татвар, шимтгэлийг суутган авсны дараах ажилтны гар дээр олгогдох цэвэр дүнгээр тохиролцсон (Хөдөлмөрийн гэрээний 6(b) заалт

Гэрээ байгуулсан цагаас ажлаас халагдах (2017.06.01-2020.12.31) хүртэлх хугацаанд нэмэлт цалин урамшууллыг гэрээнд заасан цэвэр дүнгээр олгож байгаагүй.Нэхэмжлэгчийн гарт олгогдох цэвэр дүнгээс ХАОАТ-ыг суутган дутуу олгож гэрээг тохирсон тохиролцоогоо зөрчсөн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар цалин, хөлсний дүн хэмжээг татвар, шимтгэл суутгасны дараах цэвэр дүнгээр тохиролцож болох юм.Ийнхүү тохиролцсон нь ажил олгогч, ажилтан нар орлогын татвар төлөхөөс татгалзсан зүйл биш юм.Гагцхүү татвар, шимтгэл зэрэг холбогдох суутгалын дараах цэвэр дүнгээр цалин хөлсний хэмжээгээ тохиролцсон тохиролцоо юм.Иймд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102 843 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

3.Илүү цагаар ажилласан 30 хоногийн цалин болох 46 126 401 төгрөг гаргуулах тухайд:Уул уурхайн салбар дахь гадаад мэргэжилтний хувьд 8 долоо хоног буюу 56 өдөр Монгол Улсад (Оюутолгой, Улаанбаатар хот дахь оффист) ажиллаад 3 долоо хоног буюу 21 өдөр амардаг уртын ээлжээр ажиллаж байсан.Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 долоо хоногийн амралтын хугацаанд Австрали руу буцдаг байсан.Корона вирус цар тахлын улмаас хил хаагдсан тул 2020 оны 2 дугаар сараас Австрали руу буцах боломжгүй болсон.Ингээд 3 долоо хоногийн амралттай өдрүүддээ илүү цагаар дараах байдлаар ажилласан.Илүү цагийн цалин, хөлсийг олгоно гэж тохиролцсон ч олгоогүй.

1.2020.03.30-2020.04.19 Оюутолгойд-2020.03.30-2020.04.02 (4хоног), 2020.04.13-2020.04.15 (3 хоног), Улаанбаатар дах оффист-2020 оны 04 дүгээр сарын 3,6,7,8,9,10,16,17 (8 өдөр) нийт 15 өдөр ажилласан.

2.2020.06.15-2020.07.05 Оюутолгойд-2020.06.16-2020.06.19 (4 хоног)

Улаанбаатар дах оффист-2020 оны 06 дугаар сарын 15,22,23,24,25,26,29,30 (8 өдөр), 2020 оны 07 дугаар сарын 1,2,3 (3 өдөр) нийт 15 өдөр ажилласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно" гэж заасны дагуу уртын ээлжээс буусан 3 долоо хоногийн амралттай өдрүүдэд нийт 30 хоног ажилласны цалин хөлс 46 126 401төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тооцоолол:$7916:22 хоног=$359.84 (1 өдрийн цалин), $359.84 х 1.5 х 30 өдөр=$16,193.1, $16,193.1 х 2848.51 (Монгол банкны ханш)=46 126 401 төгрөг.

4.2020 оны ээлжийн амралтын олговор 44 551 616 төгрөг гаргуулах тухайд: 2020 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй ба ажлаас халахдаа биеэр эдлүүлээгүй ээлжийн амралтын мөнгөн урамшууллыг мөн олгоогүй.Р...J. M 33 жил уул уурхайн салбарт тасралтгүй ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5.4-т зааснаар нийт 29 ажлын өдрийн ээлжийн амралт эдлэх эрхтэй.Иймд ээлжийн амралтын олговор (29 ажлын өдрийн) 44 551 616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

5.2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг хучин төгөлдөр бусад тооцуулах тухайд:Гэрээний хугацаа дууссан гэдгээр халхавчлан намайг ажлаас халахаар зориудаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж 6 сарын хугацаатай байгуулсан байна.

Гэрээний үйлчлэлийг нэг жилээр ухрааж 2019 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс тооцсон, нэмэлт цалин, урамшууллын хэмжээг бууруулсан, нутаг руу нүүн шилжихэд олгогдох 400 кг ачаа тээврийн төлбөрийг 300 кг болгож буруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг шинэчилсэн гэрээгээр компани дур мэдэн дордуулсан.Уг гэрээг сайн дурын үндсэн байгуулаагүй, ажлаас халагдахыг хүсээгүй учир гарын үсэг зурахаас өөр сонголт байгаагүй.Мөн 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн олон зүйл заалтыг зөрчдөг тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

6.Австрали улсын Перт хот хүртэлх онгоцны тийзийн төлбөр болон 400 кг ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам доллар гаргуулах тухайд: Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд “Нутагтаа шилжин суурьшихад зориулсан тэтгэмжийг олгоно гэж заасан ба Хөдөлмөр эрхлэлтийг амжилттай дуусгамагц (Гэрээг сунгасан хугацаа орно) Компани Ажилтанд нутагтаа шилжин суурьшихад нь туслах зорилгоор дараах тусламжийг үзүүлнэ.

(а)Аялал-Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц Компани нь Ажилтан болон эрх бүхий оршин суугч гэр бүлийн гишүүдэд Улаанбаатар хотоос анх ажил санал болгосон газар руу хамгийн шууд бөгөөд богино хугацаанд явж хүрэх нислэг санал болгоно.Энгийн ангиллын суудлаар явах ба Компани анх ажил санал болгосон газарт хүрэх энгийн ангиллын суудал захиалж, тийзийн үнийг төлсөн бол Ажилтан энгийн ангиллын суудлын тийзийн үнэтэй тэнцэх тэтгэмж авч, Монголоос явах бүх зохицуулалтыг өөрөө хийж болно.Тэтгэмжийг аяллын төлбөрийн баримтыг үндэслэн олгоно.

(b)Хувийн эд зүйлс-Компани нь Ажилтны 100 кг эсвэл оршин суугч гэр бүлийн 400 кг хүртэлх жинтэй тээшний мөнгийг төлнө." гэж заасан байна. Нислэг болон ачаа тээшний төлбөрийг олгохыг компаниас удаа дараа шаардсан ч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаар өнөөдрийг хүрээд байна.

Тийзийн төлбөр төлсөн баримтыг үндэслэж нэхэмжлэгч, түүний гэр бүл болох 2 том хүн, 2 хүүхдийн Улаанбаатараас Австрали Улсын Перт хот руу хүртэлх энгийн ангиллын онгоцны тийз, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам долларыг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулбал-Ажилдаа эргүүлэн тогтоолгох, 2021 оны 1 дүгээр сараас ажилд эргүүлэн томилох хүртэлх хугацааны 22 сарын цалин, хөлс 771 432 856 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд нэмэгдэл цалин хөлснөөс дутуу олгосон 69 803 870 төгрөг, ээлжээс буусан амралттай өдрүүдэд нийт 30 өдөр илүү цагаар ажилласны цалин хөлс болох 46 126 459 төгрөг, ээлжийн амралтын 29 ажлын өдрийн олговор 47 165 170 төгрөг, Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэл ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам долларыг гаргуулах, нэхэмжлэгч болон гэр бүл болох 2 том хүн, 2 хүүхдийн Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын онгоцны төлбөрийг төлөхийг даалгахыг хүсэж байна гэв.                                                                                                                                                                                

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сард байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.3-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цаашид ямар нэгэн байдлаар сунгахгүйгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохирсон.Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дахин сунгах нөхцөлгүйгээр дуусгавар болж байгааг мэдэж байсан.Ажил олгогчоос 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдсэн ба нэхэмжлэгч нотолж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.Ийнхүү хөдөлмөрийн гэрээний дагуу харилцан тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл, цаашид сунгах нөхцөлгүйгээр харилцан тохиролцож байгуулсан.Хөдөлмөрийн гэрээний 4.1.18-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаас бусад үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалыг батлах үндэслэлгүй бөгөөд шаардлагагүй.Мөн ямар нэгэн тушаал ажилтанд өгөх шаардлагагүй, нэг сарын өмнө мэдэгдэл өгөхгүй ба ажлаас гарсны тэтгэмж өгөхгүй болно.Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.Үүнд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тохиолдол хамаардаггүй гэж ойлгож байгаа.Ажилтан нь Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ажилтан нь татвараа төлөх үүрэгтэй.Компани суутгах үүргээ биелүүлж улсын төсөвт болон Нийгмийн даатгалын санд татвар шимтгэлийг шилжүүлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн эдлээгүй байсан ээлжийн амралтын нөхөн олговрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож компани бүрэн төлсөн, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.Хөдөлмөрийн хуулийн 5.5.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусмагц ажилтны нутаг буцах онгоцны тийзийг зөвхөн онгоцны тийз худалдан авсан баримтыг хүлээн авсны дараа төлнө гэж заасан бөгөөд ажилтан нь Австрали улсын Перт хот руу явах онгоцны тийз аваагүй ба бидэнд онгоцны тийз худалдаж авсан баримтаа өгөөгүй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д зааснаар Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.Ажил олгогч ажилтныг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон.Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 2017 оны хөдөлмөрийн гэрээний хувьд гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байна.

Мөн уг хуулийн 129.2-т зааснаар Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болсон.Иймд нэг сарын хугацаа дуусгавар болсон байна.Улбар шар болон улаан зэргийн хөл хорионы хугацаанд шуудангийн үйлчилгээ хэвээр үргэлжилж байсан.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудаснаас харахад нэхэмжлэлийг шуудангаас хүлээн авах боломжтой байсан байна.Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлэх бүрэн боломжтой байсан байна.Иймд хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзэж байна.

Энэхүү маргаан нь хөдөлмөрийн харилцаа болон цалин хөлстэй холбоотой бөгөөд энэ маргаан Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ба тус хуулийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн 126.1-д “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, Хөдөлмөрийн хуулийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байна.

Гэтэл П.. Ж.М.. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2-д заасан нөхцөл болон хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй бөгөөд түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

Мөн дэлхий нийтэд үүссэн ковидын хөл хорионы нөхцөл байдалтай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаанд гомдлоо гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг боловч Засгийн газрын 2020 оны 226 дугаар тогтоол, 2021 оны 1 дүгээр, 2021 оны 27 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цаг үед хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтад “Хууль тогтоох байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж... гэх мэт байгууллага орсон байна.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэвийн ажиллаж нэхэмжлэл хүлээн авч байсан  ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд шуудангаар хүргүүлэх боломжтой байсан.

Иймд нэхэмжлэгч буюу түүний төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй”, мөн Хөдөлмөрийн хуулийн 129.2-д “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан зүйлийг зөрчсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариу тайлбараа тодруулбал-Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй байгаа бөгөөд тухайн Хөдөлмөрийн гэрээний харилцаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх 1 сарын хугацаа өнгөрсөн.Нэхэмжлэгчээс энэ үед хөл хориотой, Ковидын онцгой нөхцөл байдал, дэглэмтэй байсан гэж тайлбарладаг боловч бүх шатны шүүхүүд ажиллаж байсан болон шуудангаар нэхэмжлэлийн шаардлага хүлээн авч байсан, цахимаар шүүх хурлууд тасралтгүй явагдаж байсан тул нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шүүхэд шаардлага гаргах гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.Энэ нь хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон shuukh.mn гэсэн цахим хуудас, 2021 оны Засгийн газрын 27 дугаар тогтоолын хавсралтаар тус тус нотлогдоно.Улбар шар болон улаан зэргийн Хөл хорионы хугацаанд шуудангийн үйлчилгээ хэвээр үргэлжилж байсан.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудаснаас харахад нэхэмжлэлийг шуудангаас хүлээн авах боломжтой байсан байна.Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлэх бүрэн боломжтой байсан байна.Иймд хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарахгүй гэж үзэж байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудсаар шүүхийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, хүсэлт, гомдол, хэрэг хуваарилалт, шүүх хуралдааны зар, тоймыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Мэдээлэл лавлагааны 7013-4243, Шүүхийн Тамгын газрын 7000-7045 дугаар утас тус тус ажиллаж байснаас гадна тус шүүхийн цахим хуудаст хандаж шаардлагатай мэдээлэл хүргэж ажиллаж байсан.Тодруулбал, дараах цахим хаягаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед ажиллаж байсан нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 6 дугаар сард байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.4.3-т (гэрээнд 3.9.3 гэж дугаарлалтыг ташаарсан байгаа) заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цаашид ямар нэгэн байдлаар сунгахгүйгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохирсон.Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 1-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн гэрээний хугацаа дахин сунгах нөхцөлгүйгээр дуусгавар болж байгааг мэдэж байсан.Энэ нь 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр нотлогдоно.

Нэхэмжлэгчтэй 2017 оны 6 дугаар дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2019.05.31-ны өдөр дуусгавар болсон ба ийнхүү хөдөлмөрийн гэрээний дагуу харилцан тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, цаашид сунгах нөхцөлгүйгээр харилцан тохиролцож байгуулсан.

Хөдөлмөрийн гэрээний 4.1.18-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаас бусад үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалыг батлах үндэслэлгүй бөгөөд шаардлагагүй байсан.Мөн ямар нэгэн тушаал ажилтанд өгөх шаардлагагүй, нэг сарын өмнө мэдэгдэл өгөхгүй ба ажлаас халагдсаны тэтгэмж олгогдохгүй.Учир нь Хөдөлмөрийн хуулийн 37.1.3-д зааснаар “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”.Ийнхүү Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор ажилтан ажил олгогч хоёрын хоорондох Хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон юм.Энэ нь Хөдөлмөрийн гэрээ болон Р...J. M-д мэдэгдсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлээр нотлогдох юм.Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.8-д зааснаар бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоогүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.Үүнд: Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тохиолдол энэ хуулийн заалт хамаарахгүй гэсэн үг юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д зааснаар Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заасан байдаг.Хөдөлмөрийн гэрээнд ажилтны цалин хөлсийг тодорхой заасан бөгөөд энэ нь татвар суутгах ёстой дүн бөгөөд ажилтан нь Хөдөлмөрийн хууль, Татварын Ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ажилтан нь татвараа төлөх үүрэгтэй юм.

Харин ажил олгогчоос суутгах үүргээ биелүүлж улсын төсөвт болон Нийгмийн даатгалын санд татвар шимтгэлийг шилжүүлэх үүрэгтэй.Энэ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МҮХАҮ-ийн танхимаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн гэрээний 2.5.2 дугаар зүйлд дурдсан “Gross” гэж заасан.Энэ “Gross” гэх үг нь татвар, шимтгэлийн өмнөх цалин гэсэн утгатай байна гэж дүгнэснээр мөн нотлогдож байна.

Нэхэмжлэгч Р...J. M монгол ажилчдаас 10 дахин өндөр 1 сард 45 сая төгрөг орчим цалин хөлс мөн илүү хангамж авдаг тул илүү цагийн хөлс олгогдохгүй гэрээнд заасан.

Мөн 2017-2019 онуудад үйлчилж байсан Хөдөлмөрийн гэрээний хувьд, цалин хөлс дутуу олгосон гэдэг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч шууд ажилд орсон байсан, ажилгүй байсан үе байхгүй гэж харагдаж байна.Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 23- ны өдрийн 8/1529 тоот албан бичгийн хавсралтаас харахад нэхэмжлэгч Р...J. M нь 2021 оны 1 дүгээр сараас С... ХХК-д ажиллаж байгаа нотлогдож байгаа нь В... ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болоод өөр ажилд шууд орсон байна. Иймд ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг нэхэмжилж гаргуулж авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Нэхэмжлэгч мөн Хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээрт заасан Өрсөлдөхгүй байх гэсэн заалтыг зөрчиж нэг өдөр, нэг сар ч хүлээлгүйгээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр компанид ажиллаж байгаа нь нотлогдож байгаа юм.Гэрээний төлбөрийг төгрөгөөр хийнэ.Нэхэмжлэгчийн эдлээгүй байсан ээлжийн амралтын нөхөн олговрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож Компани бүрэн төлсөн, 2017 оны 6 дугаар сарын 1-ны Хөдөлмөрийн гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусгавар болсноор Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

Хөдөлмөрийн хуулийн 5.5.1 дүгээр зүйлд зааснаар Ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ дуусмагц ажилтны нутаг буцах онгоцны тийзийг зөвхөн онгоцны тийз худалдан авсан баримтыг хүлээн авсны дараа төлнө гэж заасан бөгөөд Ажилтан нь Австрали улсын Перт хот руу явах онгоцны тийз аваагүй ба бидэнд онгоцны тийз худалдаж авсан баримтаа өгөөгүй байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1-д зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.Ажил олгогч ажилтныг ажлаас халаагүй, Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсноор Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

Мөн уг хуулийн 129.2-т зааснаар Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болсон.Иймд нэг сарын хугацаа дуусгавар болсон байна.

Улбар шар болон улаан зэргийн Хөл хорионы хугацаанд шуудангийн үйлчилгээ хэвээр үргэлжилж байсан.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн цахим хуудаснаас харахад нэхэмжлэлийг шуудангаас хүлээн авах боломжтой байсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлэх бүрэн боломжтой байсан байна.Иймд хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарахгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Итгэмжлэл, нэхэмжлэгчийн Монгол улсад суух үнэмлэх болон паспорт, суутгал, зөрүү төлбөрийн тооцоолол, илүү цагаар ажилласан тооцоолол, үндсэн цалин, нэмэлт цалин урамшууллын тооцоолол, Хөдөлмөрийн гэрээ, Э... ХХК-ийн нислэгийн тийз, Хөдөлмөрийн гэрээ, Хас банкны орлогын баримт, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтыг шүүхэд өгсөн. /1 дүгээр хх 6-7, 8, 9, 10, 11, 12-35, 36, 37-58, 2 дугаар хх 15, 16, 17/

Хариуцагчаас:Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд өгсөн. /хх 70/

Зохигч талуудын хүсэлтээр Улсын онцгой комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримтууд, О... ХХК-аас ирсэн баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн./хх 79, 85-88, 91-124, 157-158, 160, 203, 227/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Ажилд  эргүүлэн тогтоолгох, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 22 сарын ажилгүй байсан хугацааны цалин 771 432 856 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд дутуу олгосон нэмэгдэл хөлс 69 803 870 төгрөг, ээлжээс буусан амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин 46 126 459 төгрөг, ээлжийн амралтын олговор 47 165 170 төгрөг гаргуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийзийн төлбөрийг төлөхийг даалгах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам доллар гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сард С... ХХК-д ажилд шууд орсон байсан, нэхэмжлэгч өндөр хангамж авдаг тул илүү цагийн хөлс олгогдохгүй, ээлжийн амралтын олговрыг бүрэн төлсөн, тийз худалдан авсан баримтаа өгөөгүй,  нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн Монгол улсад суух үнэмлэх болон паспорт, суутгал, зөрүү төлбөрийн тооцоолол, илүү цагаар ажилласан тооцоолол, үндсэн цалин, нэмэлт цалин урамшууллын тооцоолол, Хөдөлмөрийн гэрээ, Э... ХХК-ийн нислэгийн тийз, Хөдөлмөрийн гэрээ, Хас банкны орлогын баримт, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт, Улсын онцгой комисс, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, хариуцагч байгууллагаас ирүүлсэн баримтууд, О. ХХК-а.ас ирүүлсэн баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирүүлсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Р...J. M нь Б.. ХХК-д уурхайн менежерээр ажиллаж байсан болох нь зохигчдын хооронд байгуулсан 2017, 2020 оны хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.

Талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан  хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Гэрээний хугацаа 2020.07.01-2020.12.31 /энэ өдөр хүртэл орно/ хүртэл байна” гэж тохирсон байна./хх 37-50/

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар  хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2021 оны 1 дүгээр сараас С... ХХК-д ажилласан болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээллээр нотлогдож байна./хх 158/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон байх тул Р...J. M-г 2021 оны 1 дүгээр сараас Б.. ХХК-д ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгээгүй байхад хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох боломжгүй байх тул түүнийг эрхэлж байсан ажилд нь эргүүлэн тогтоох үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан байхад нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сараас эхлэн С... ХХК-д ажиллаж, цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгааг Б.. ХХК-д ажиллахгүй болсон үеэс хойш ажилгүй, цалин орлогогүй байсан гэж үзэх боломжгүй тул урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах боломжгүй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ажилтан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин, амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин, ээлжийн амралтын олговрыг нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин, амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин, ээлжийн амралтын олговор зэргийг дутуу олгогдож байсныг тухайн үед нь мэдэх боломжтой байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаа хэтэрсэн байна.

Засгийн газрын 2020 оны 226 дугаар тогтоол, 2021 оны 1 дүгээр, 2021 оны 27 дугаар тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн цаг үед хязгаарлалт тогтоосон байсан ч шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэх хариуцагчийн тайлбар үндэстэй байна.

Нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нэмэгдэл цалин, амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин, ээлжийн амралтын олговор зэргийг дутуу олгогдсон болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар нэхэмжлэгч нь дээрх хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй байхад шүүх уг хугацааг сэргээх боломжгүй байна.

Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын онгоцны тийзийн төлбөр хэдийд явсан, хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, 400 кг ачаа нэхэмжлэгчийнх болох нь баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцож өгөхийг дурдсан байх ба энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хөдөлмөрийн харилцааны маргаан нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд хамаарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1-т заасан үндэслэлгүй тул Б.. ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102 843 470 төгрөг, ээлжээс буусан амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин 46 126 401 төгрөг, ээлжийн амралтын олговор 44 551 616 төгрөг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 8-ны байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх ачаа тээшний тээвэрлэлтийн төлбөр 1130 ам доллар гаргуулах, энгийн ангиллын онгоцны тийзийн үнийг төлөхийг даалгах тухай P... J M...-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН