Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00286

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00286

 

А--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/04157 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: А- /А-/-ийн нэхэмжлэлтэй

“Б-” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор, дутуу олгосон цалин, нэмэлт цалин, урамшуулал, амралтын өдрүүдэд ажилласны нэмэлт цалин, ээлжийн амралтын олговор тус тус гаргуулах, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийз болон Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1130 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхмагнай, Б.Онолтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь “В-” ХХК-д уурхайн менежерийн ажилд орж 24 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ч гэрээ цуцлах саналыг хэн ч гаргаагүй, үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан, мөн уурхайн менежерийн орон тоо нь байнгын учир гэрээ хугацаагүйгээр сунгагдсан гэж ойлгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь 2 жилийн хугацаагаар 2021 оны 05 дугаар сарын 31 хүртэл сунгагдсан, 2020 онд 06 дугаар сард компанийн удирдлагын зүгээс 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээ шинэчлэхийг шаардсан, нэхэмжлэгч ажлаас халагдахыг хүсээгүй учир өөрийн хүсэл зоригийн эсрэг ажил олгогчийн шахалтаар 2020 оны 06 дугаар сарын 08-нд шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр шинэчилсэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хил хаасан, нутаг буцах боломжгүй, хатуу хөл хорио тогтоосон хэцүү цаг үед үндэслэлгүйгээр гэнэт ажлаас халж, хариуцагч байгууллагаас 2021 оны 01 дүгээр сарын дундуур ажилдаа ирээд хэрэггүй гэж утсаар нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсаны тэтгэмж зэргийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй боловч эдгээрийн алийг ч өгөөгүй тул нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү.

1.2. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа цалин хөлсний хэмжээг үндсэн цалинг бохир дүн буюу татвар, шимтгэл зэргийг ажил олгогчийн зүгээс суутган авахаас өмнөх дүнгээр, нэмэгдэл цалин, урамшууллыг татвар, шимтгэлийг суутган авсны дараах ажилтны гар дээр олгогдох цэвэр дүнгээр тохиролцсон.

Гэрээ байгуулсан цагаас ажлаас халагдах (2017.06.01-2020.12.31) хүртэлх хугацаанд нэмэлт цалин урамшууллыг гэрээнд заасан цэвэр дүнгээр олгож байгаагүй. Нэхэмжлэгчийн гарт олгогдох цэвэр дүнгээс ХАОАТ-ыг суутган дутуу олгож гэрээг тохирсон тохиролцоогоо зөрчсөн.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар цалин, хөлсний дүн хэмжээг татвар, шимтгэл суутгасны дараах цэвэр дүнгээр тохиролцож болох юм. Ийнхүү тохиролцсон нь ажил олгогч, ажилтан нар орлогын татвар төлөхөөс татгалзсан зүйл биш юм. Гагцхүү татвар, шимтгэл зэрэг холбогдох суутгалын дараах цэвэр дүнгээр цалин хөлсний хэмжээгээ тохиролцсон тохиролцоо юм. Иймд 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102,843,470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.3. Уул уурхайн салбар дахь гадаад мэргэжилтний хувьд 8 долоо хоног буюу 56 өдөр Монгол Улсад (Оюутолгой, Улаанбаатар хот дахь оффист) ажиллаад 3 долоо хоног буюу 21 өдөр амардаг уртын ээлжээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 3 долоо хоногийн амралтын хугацаанд Австрали руу буцдаг байсан. Корона вирус цар тахлын улмаас хил хаагдсан тул 2020 оны 02 дугаар сараас Австрали руу буцах боломжгүй болсон. Ингээд 3 долоо хоногийн амралттай өдрүүддээ илүү цагаар дараах байдлаар ажилласан. Илүү цагийн цалин хөлсийг олгоно гэж тохиролцсон ч олгоогүй.

2020.03.30-2020.04.19 Оюутолгойд - 2020.03.30-2020.04.02 (4хоног), 2020.04.13-2020.04.15 (3 хоног), Улаанбаатар дахь оффист - 2020 оны 04 дүгээр сарын 3,6,7,8,9,10,16,17 (8 өдөр) нийт 15 өдөр ажилласан.

2020.06.15-2020.07.05 Оюутолгойд-2020.06.16-2020.06.19 (4 хоног)

Улаанбаатар дахь оффист - 2020 оны 06 дугаар сарын 15, 22, 23, 24, 25, 26, 29, 30 (8 өдөр), 2020 оны 07 дугаар сарын 1, 2, 3 (3 өдөр) нийт 15 өдөр ажилласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасны дагуу уртын ээлжээс буусан 3 долоо хоногийн амралттай өдрүүдэд нийт 30 хоног ажилласны цалин хөлс 46,126,401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Тооцоолол:7916 ам.доллар : 22 хоног= 359.84ам.доллар (1 өдрийн цалин), 359.84 ам.доллар х 1.5 х 30 өдөр=16,193.1 ам.доллар, $16,193.1 ам.доллар х 2848.51 (Монгол банкны ханш)=46,126,401 төгрөг.

1.4. 2020 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй ба ажлаас халахдаа биеэр эдлүүлээгүй ээлжийн амралтын мөнгөн урамшууллыг мөн олгоогүй. Нэхэмжлэгч 33 жил уул уурхайн салбарт тасралтгүй ажилласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5.4-т зааснаар нийт 29 ажлын өдрийн ээлжийн амралт эдлэх эрхтэй. Иймд ээлжийн амралтын олговор (29 ажлын өдрийн) 44,551,616 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.5. Гэрээний хугацаа дууссан гэдгээр халхавчлан нэхэмжлэгчийг ажлаас халахаар зориудаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж 6 сарын хугацаатай байгуулсан байна. Гэрээний үйлчлэлийг нэг жилээр ухрааж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс тооцсон, нэмэлт цалин, урамшууллын хэмжээг бууруулсан, нутаг руу нүүн шилжихэд олгогдох 400 кг ачаа тээврийн төлбөрийг 300 кг болгож буруулсан зэрэг хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг шинэчилсэн гэрээгээр компани дур мэдэн дордуулсан. Уг гэрээг сайн дурын үндсэн байгуулаагүй, ажлаас халагдахыг хүсээгүй учир гарын үсэг зурахаас өөр сонголт байгаагүй. Мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн олон зүйл заалтыг зөрчдөг тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

1.6. Хөдөлмөрийн гэрээний 8-д “Нутагтаа шилжин суурьшихад зориулсан тэтгэмжийг олгоно” гэж заасан ба Хөдөлмөр эрхлэлтийг амжилттай дуусгамагц (Гэрээг сунгасан хугацаа орно) компани ажилтанд нутагтаа шилжин суурьшихад нь туслах зорилгоор дараах тусламжийг үзүүлнэ.

(а)Аялал-Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц Компани нь Ажилтан болон эрх бүхий оршин суугч гэр бүлийн гишүүдэд Улаанбаатар хотоос анх ажил санал болгосон газар руу хамгийн шууд бөгөөд богино хугацаанд явж хүрэх нислэг санал болгоно. Энгийн ангиллын суудлаар явах ба Компани анх ажил санал болгосон газарт хүрэх энгийн ангиллын суудал захиалж, тийзийн үнийг төлсөн бол Ажилтан энгийн ангиллын суудлын тийзийн үнэтэй тэнцэх тэтгэмж авч, Монголоос явах бүх зохицуулалтыг өөрөө хийж болно. Тэтгэмжийг аяллын төлбөрийн баримтыг үндэслэн олгоно.

(b)Хувийн эд зүйлс-Компани нь Ажилтны 100 кг эсвэл оршин суугч гэр бүлийн 400 кг хүртэлх жинтэй тээшийн мөнгийг төлнө" гэж заасан байна. Нислэг болон ачаа тээшийн төлбөрийг олгохыг компаниас удаа дараа шаардсан ч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзсаар өнөөдрийг хүрээд байна.

Тийзийн төлбөр төлсөн баримтыг үндэслэж нэхэмжлэгч, түүний гэр бүл болох 2 том хүн, 2 хүүхдийн Улаанбаатараас Австрали Улсын Перт хот руу хүртэлх энгийн ангиллын онгоцны тийз, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэл 400 кг ачаа тээш тээвэрлэлтийн төлбөр 1130 ам долларыг гаргуулж өгнө үү.

Иймд дээр дурдсан үндэслэлээр ажилдаа эгүүлэн тогтоолгох, 2021 оны 01 дүгээр сараас ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацааны 22 сарын цалин хөлстэй тэнцэх олговорт 771,432,856 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нэмэгдэл цалин хөлснөөс дутуу олгосон 69,803,870 төгрөг, ээлжээс буусан амралттай өдрүүдэд нийт 30 өдөр илүү цагаар ажилласны цалин хөлс болох 46,126,459 төгрөг, ээлжийн амралтын 29 ажлын өдрийн олговор 47,165,170 төгрөг, Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэл ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1,130 ам.долларыг гаргуулах, нэхэмжлэгч болон гэр бүл болох 2 том хүн, 2 хүүхдийн Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын онгоцны төлбөрийг төлөхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сард байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.3-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээг цаашид ямар нэгэн байдлаар сунгахгүйгээр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохирсон. Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дахин сунгах нөхцөлгүйгээр дуусгавар болж байгааг мэдэж байсан. Ажил олгогчоос 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгааг мэдэгдсэн ба нэхэмжлэгч нотолж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Ийнхүү хөдөлмөрийн гэрээний дагуу харилцан тохиролцож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, цаашид сунгах нөхцөлгүйгээр харилцан тохиролцож байгуулсан.

2.2. Хөдөлмөрийн гэрээний 4.1.18-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаас бусад үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа тохиолдолд гүйцэтгэх захирлын тушаалыг батлах үндэслэлгүй бөгөөд шаардлагагүй. Мөн ямар нэгэн тушаал ажилтанд өгөх шаардлагагүй, нэг сарын өмнө мэдэгдэл өгөхгүй ба ажлаас гарсны тэтгэмж өгөхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. Үүнд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тохиолдол хамаардаггүй гэж ойлгож байгаа. Ажилтан нь Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу ажилтан нь татвараа төлөх үүрэгтэй. Компани суутгах үүргээ биелүүлж улсын төсөвт болон Нийгмийн даатгалын санд татвар шимтгэлийг шилжүүлэх үүрэгтэй. Энэ нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр МҮХАҮТ-аас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Хөдөлмөрийн гэрээний 2.5.2-т дурдсан Gross гэж заасан. Энэ Gross гэх үг нь татвар, шимтгэлийн өмнөх цалин гэсэн утгатай байна гэж дүгнэснээр мөн нотлогдож байна.

2.3. Нэхэмжлэгч шууд ажилд орсон байсан, ажилгүй байсан үе байхгүй гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8/1529 тоот албан бичгийн хавсралтаас харахад нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас “Г-” ХХК-д ажиллаж байгаа нь нотлогдож байх тул “В-” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж өөр ажилд шууд орсон байна. Иймд ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг нэхэмжилж гаргуулж авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний 5.9 дүгээрт заасан Өрсөлдөхгүй байх гэсэн заалтыг зөрчиж нэг өдөр, нэг сар ч хүлээлгүйгээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өөр компанид ажиллаж байгаа нь нотлогдож байгаа юм. Гэрээний төлбөрийг төгрөгөөр хийнэ.

2.4. Нэхэмжлэгчийн эдлээгүй байсан ээлжийн амралтын нөхөн олговрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд тооцож компани бүрэн төлсөн, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ нь 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд уг хугацаа дуусгавар болсноор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон.

2.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ дуусмагц ажилтны нутаг буцах онгоцны тийзийг зөвхөн онгоцны тийз худалдан авсан баримтыг хүлээн авсны дараа төлнө гэж заасан бөгөөд ажилтан нь Австрали улсын Перт хот руу явах онгоцны тийз аваагүй ба бидэнд онгоцны тийз худалдаж авсан баримтаа өгөөгүй байгаа.

2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. Ажил олгогч ажилтныг ажлаас халаагүй, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Нэхэмжлэгч нь монгол ажилчдаас 10 дахин өндөр 1 сард 45,0 сая төгрөг орчим цалин хөлс, мөн илүү хангамж авдаг тул илүү цагийн хөлс олгогдохгүй гэрээнд заасан. Мөн 2017-2019 онуудад үйлчилж байсан Хөдөлмөрийн гэрээний хувьд, цалин хөлс дутуу олгосон гэдэг нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Энэхүү маргаан нь хөдөлмөрийн харилцаа болон цалин хөлстэй холбоотой бөгөөд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ба тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” гэж заасан байна.

2.7. Мөн дэлхий нийтэд үүссэн ковидын хөл хорионы нөхцөл байдалтай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаанд гомдлоо гаргаж өгөөгүй гэж тайлбарладаг боловч хөл хорионы хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээ шуудангаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэх бүрэн боломжтой байсан байна. Иймд хүндэтгэх үзэх шалтгаанд хамаарахгүй.

2.8. Нэхэмжлэгч шууд ажилд орсон байсан, ажилгүй байсан үе байхгүй гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 8/1529 тоот албан бичгийн хавсралтаас харахад нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сараас “Г-” ХХК-д ажиллаж байгаа нь нотлогдож байх тул “В-” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж өөр ажилд шууд орсон байна. Иймд ажилгүй байсан хугацааны үеийн цалин хөлсийг нэхэмжилж гаргуулж авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан нөхцөл болон хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй бөгөөд түүний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1-т заасан үндэслэлгүй тул “Б-” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нэмэлт цалин, урамшууллаас дутуу олгосон 102,843,470 төгрөг, ээлжээс буусан амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин 46,126,401 төгрөг, ээлжийн амралтын олговор 44,551,616 төгрөг гаргуулах, 2020 оны 6 дугаар сарын 8-ны байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Улаанбаатараас Австрали Улсын Перт хот хүртэлх ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1130 ам.доллар гаргуулах, энгийн ангиллын онгоцны тийзийн үнийг төлөхийг даалгах тухай А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. А- нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Б-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа 2 жил буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан ба талуудын хэн аль нь гэрээг цуцлах санал гаргаагүй тул ажилтан албан үүргээ гүйцэтгэсээр байсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээ мөн хугацаагаар буюу 2 жилээр сунгагдсан гэх эрх зүйн үр дагаврыг бий болсныг нотолж байна.

Гэтэл энэ тухайд шүүх “...нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үеэс буюу 2021 оны 01 дүгээр сараас “Г-” ХХК-д ажилласан...”, улмаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн ...37.1.3-т зааснаар ....гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болсон..." гэх алдаатай дүгнэлтийг хийж, ажилд эгүүлэн тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Харин энэ дунд буюу “2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан" гэж шүүхээс дүгнэсэн Хөдөлмөрийн гэрээ гэх баримт бичигт “гэрээний үйлчлэл хамрах хугацаа”, “гэрээний хугацаа”, “гэрээ байгуулсан өдөр” гэх гурван өөр огноо, хугацааг дурдсан байна. Ийнхүү 3 өөр хугацааг гэрээнд дурдсан тухай, үүний шалтгаан ба үр дагаврын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ мөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа олонтоо тайлбарласан хэдий ч энэ тухайд шүүх үнэлэлт өгөөгүй.

Угтаа 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ямар ч гэрээ байгуулаагүй, харин ажил олгогчийн зүй бус шахалтын улмаас 2020 онд Хөдөлмөрийн гэрээ гэх баримтад нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан тухайгаа, ингэхдээ уг гэрээний 1.12-д “effective date” нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэж зааснаас үүдэн сунгалтын гэрээг нөхөн байгуулж байна гэх ойлголтыг авсан, ажил олгогч тэгж тайлбарлаж байснаас бус шүүхийн дүгнэсэн шиг “...2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан”, энэхүү гэрээгээр “...гэрээний хугацаа 2020.07.02-2020.12.31 хүртэл байна” гэж тохирсон зүйлгүй юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны гэрээнд гарын үсэг зурахдаа 2019 оноос хойших хугацааны харилцаанд хамаарах гэрээг нөхөн байгуулж буй гэх л ойлголттой байснаас бус хөдөлмөрийн харилцааг үргэлжлэх эцсийн хугацааг шинэчлэн тогтоож буй агуулгатай хэмээн огтоос ойлгоогүй.

4.2. Нэмэгдэл цалинг дутуу олгож ирсэн ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны тухайд “мэдсэн буюу мэдэх боломжтой өдөр”-ийг хэзээнээс тооцох учиртай тухайд шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөнгүй. Энэ тухайд нэхэмжлэлээ үндэслэхдээ “нэмэлт цалинг олгохдоо ажил олгогч боломжтой хэмжээгээр хэсэгчлэн олгож байгаа, эцэст нь бүрэн хэмжээнд гүйцээж олгоно гэдэг ойлголттой байсан” тухайгаа дурдаж, “энэ хугацаанд нэмэлт цалинг ямар хэмжээгээр олгож байгаа буюу хэдэн хувиар дутуу олгосон тухай мэдэх боломжгүй байсан”, мөн “хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй тэр мөчид буюу 2021 оны 01 сард л дутуу олгосон нэмэлт цалинг гүйцээж олгохгүй гэдэг ажил олгогчийн байр суурь тодорхой болсон тул энэ үеийг “мэдсэн” буюу “мэдэх боломжтой” болсон үе гэж тооцох учиртай, тиймээс дутуу олгосон нэмэлт цалин хөлсийг шаардах эрх хуулийн хугацаанд байгаа хэмээн үндэслэсэн. Нэхэмжлэгчийн энэ үндэслэлийг хэрхэн үгүйсгэж буй талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

4.3. Нэхэмжлэлийн бусад буюу “ ээлжээс буусан амралттай өдрүүдэд нийт 30 өдөр илүү цагаар ажилласны цалин 46,126,401 төгрөг (3), Ээлжийн амралтын олговор (29 ажлын өдрийн) 44,551,616 төгрөгийг гаргуулах (4), 2020.06.08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгхүчин төгөлдөр бусад тооцуулах (5) зэрэг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгохдоо хоёр үндэслэлийг шүүх дурдсан буюу эхний үндэслэл нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой адил байна. Тиймээс энэ үндэслэлийн тухайд 2 дахь шаардлагатай холбогдуулан гаргаж буй тайлбар мөн адил хамаарах тул нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг тусгайлан заасан байх боловч ажил олгогчийн энэхүү зөрчил, буруутай үйл ажиллагааны талаар ажиллах хугацаандаа мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан болох төдийгүй мэдсэн үе нь ажлаас халагдсан тэр цаг хугацаа болохыг шүүх анхаарсангүй.

Харин эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр дахь үндэслэл нь “цалин, амралттай өдрүүдэд илүү цагаар ажилласны цалин, ээлжийн амралтын олговор зэргийг дутуу олгогдсон болох нь баримтаар нотлогдоогүй” гэх дүгнэлт байх ба энэ нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, нэхэмжлэлийн эдгээр шаардлагуудыг үндэслэхдээ гэрээний холбогдох заалтууд, түүний дагуу олговол зохих цалин, нэмэлт цалин болон бусад олговрын тооцооллыг бодитоор хүлээн авсан цалин орлогын мэдээллийн хамтаар нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин хариуцагч энэ тооцооллыг үндэслэлгүй, бодитой бус буюу нэмэлт цалин хөлс, бусад олговрыг зохих ёсоор олгосон гэж байгаа бол тэр тухай нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх замаар нотолгооны үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл хариуцагчийн тухайд тийм нотлох баримт, нотолгоог шүүхэд гаргаагүй байхад шүүх “нотлогдоогүй” гэж үзсэн нь үндэслэлгүй болсон буюу нотлох үүргийн хуваарилалтын талаар алдаатай дүгнэлтийг хийсэн.

4.4. Нэхэмжлэлийн “Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийз болон Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэл ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1130 ам.доллар гаргуулах (6)” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ба ингэхдээ “...Перт хот хүртэлх энгийн ангиллын онгоцны тийзийн төлбөр хэдийд явсан, хэдэн төгрөг болох нь тодорхойгүй, 400 кг ачаа нэхэмжлэгчийнх болох нь баримтаар нотлогдоогүй” гэж дүгнэсэн ба энэ нь шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан ачаа тээшийн болон зорчигчийн тийзийн төлбөр төлсөн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй.

4.5. Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олговор нэхэмжлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүх “...гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” хэмээн дүгнэсэн нь мөн л алдаатай болсон. Учир нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана”, 43.2 дахь хэсэгт “...ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж”, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт “ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэснийг зөрчсөн үйл баримт болох ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, энэ тухай ажилтанд мэдэгдээгүй, тушаал гардуулаагүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хүрээнд ажилтнаас хэрэгжүүлбэл зохих бусад үүргээ биелүүлээгүй ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлөхдөө “буруу халсан” зөрчил гаргасныг залруулаагүй шүүхийн алдаа байна. Тушаал гардуулаагүй тул ажилд эгүүлэн тогтоолгох болон дагалдах шаардлага гаргахад хамаарах хөөн хэлэлцэх хугацааг ч тооцох боломжгүй болсныг шүүх анхаарсангүй. Нэгэнт хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, тушаалыг гардуулаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу 3 жилийн хугацааг баримтлах үндэслэлтэй.

4.6. Нэхэмжлэлийн хүрээнд шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэж дүгнэсэн хоёр дахь удаагийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгохдоо шүүх “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцож өгөхийг дурдсан ба ...56 дугаар зүйлд заасан аль үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа нь тодорхойгүй...” гэсэн нь мөн л алдаатай. Нэхэмжлэгч эл шаардлагын үндэслэлийг нэхэмжлэлд тайлбарлахдаа “...гэрээг шинэчлэн байгуулахдаа ...2020 оны 06 дугаар сард байгуулсан атлаа гэрээний үйлчлэх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 01 гэж ухрааж заасан” буюу хууль зөрчсөн (ИХ-ийн 56.1.1), “ ...эсэргүүцвэл шууд ажлаас халагдах байсан тул нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг байгуулахаас өөр сонголт байгаагүй” буюу хүч хэрэглэж хийсэн хэлцэл (ИХ-ийн 60), “... 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хуулийн олон зүйл заалтыг зөрчиж байгуулагдсан” (ИХ-ийн 56.1.1) хэмээн тодорхойлсноос үзэхэд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 болон 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан болох нь тодорхой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар нарийн үнэлэлт дүгнэлт өгөөгүй гаргасан илтэд алдаатай шийдвэр болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус тодруулсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 10- ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Австрали улс хүртэлх ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөрт 1,130 ам.долларыг төлж ачаа тээшээ тээвэрлүүлсэн тул 400 кг ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөрийг төлөхийг даалгах гэх шаардлагаа ачаа тээшинй тээвэрлэлтийн төлбөрт төлсөн 1,130 ам.долларыг гаргуулах гэж өөрчилсөн.

4.8. 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д- миний хүсэлтийг хангаж, хариуцагчаас “нэхэмжлэгч А болон “В-” ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах”-аар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжийг гүйцэтгэж хариуг ирүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлээгүй.

4.9. Хариуцагч “Б-” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Г.Мөнхмагнай, Б.Онолтуяа нарт компанийг төлөөлөх итгэмжлэл олгосон. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн АБ/2011/088 тоот албан бичгээр Г.Мөнхмагнай, Б.Онолтуяа нарт итгэмжлэл олгожээ. Энэхүү итгэмжлэлд “А-д холбогдох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор “Б-” ХХК-ийн нэхэмжлэлээр үүсгэсэн иргэний хэрэгт Г.Мөнхмагнай, Б.Онолтуяа нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэл олгов” гэж дурдсанаар үзвэл нэхэмжлэгч Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б-” ХХК-д холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ...” тухай энэ иргэний хэрэгт оролцуулахаар олгосон итгэмжлэл биш, өөр иргэний хэрэгт оролцуулахаар олгосон итгэмжлэл байна. Үүнээс үзвэл 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ иргэний хэрэгт төлөөлөх эрх олгогдоогүй Г.Мөнхмагнай, Б.Онолтуяа нарыг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болжээ.

4.10. Мөн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32021/12675 тоот шүүгчийн захирамжаар Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбоог шинжээчээр томилсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/Ш32022/04266 тоот шүүгчийн захирамжийн үндэслэл нь “Монголын мэргэшсэн орчуулагчдын хөгжлийн холбооноос томилсон өмгөөллийн “Хаан лекс партнерс” ХХН нь ажлын ачааллаас шалтгаалан орчуулга хийх боломжгүй гэх хариуг ирүүлсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх нь зүйтэй гэж үндэслэлгүйгээр ажиллагааг сэргээсэн. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар шинжээчээр томилогдоогүй этгээдээс ирүүлсэн хариуг үндэслэсэн нь шүүгчийн захирамжийг илт үндэслэлгүй гэж үзэх үндэслэлтэй.

4.11. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 102/Ш32022/08404 тоот шүүгчийн захирамжаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг шинжээчээр томилсон ба шинжээчээр тус танхимын “хуулийн зөвлөх ажилтай М-” гэх хүн /1 хх 226 дахь тал/ ажилласан нь шинжилгээ хийх асуудлын талаар тусгай мэдлэг бүхий этгээд гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байх бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх”, 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухай хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж заасныг зөрчсөн. Мөн 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний эх хувь нэхэмжлэгч, хариуцагч нарт аль алинд нь байхгүй, хуулбар хувийг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд шинжээчид мөн хуулбар хувийг шүүхээс явуулж, шинжээч тухайн баримтыг үндэслэн дүгнэлтээ гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.2-т “эх хувь ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

4.12. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1,854,024 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр буцаан авах хүсэлтийг гаргасныг тус шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/Ш32021/12675 дугаар шүүгчийн захирамжаар буцаан олгохоос татгалзаж шийдвэрлэсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/04157 дугаар шийдвэрээр “нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг аль ч хэлбэрээр 1,854,024 төгрөгөө буцаан авах боломжгүй байдлыг үүсгээд байна.

4.13. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 09 дүгээр сарын 29- ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус тус тодруулсан, мөн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн зарим шаардлагаа өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Австрали улс хүртэлх ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөрт 1,130 ам.долларыг төлж ачаа тээшээ тээвэрлүүлсэн тул 400 кг ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөрийг төлөхийг даалгах гэх шаардлагаа ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөрт төлсөн 1,130 ам.долларыг гаргуулах гэж өөрчилсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байх тул ...” гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, одоо хүртэл гаргаагүй байхад хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн талаар шүүх дүгнээгүй нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Аг 2021 оны 01 дүгээр сараас “Б-” ХХК-д ажлаа үргэлжлүүлэх гүйцэтгээгүй” гэж дүгнэх болсон үндэслэл буюу нэхэмжлэгч 2021 оны 01 дүгээр сараас эхлэн ажлаа гүйцэтгээгүй гэх ямар нотлох баримтыг үндэслэж ийм дүгнэлт хийж байгаа нь тодорхойгүй байна.

4.14. Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх шаардлагыг гаргасан. Энэ шаардлагын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр бөгөөд энэ нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хугацаагүй байна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу эрх зүйн чадамжтай этгээдүүд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодруулах ёстой. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Тухайлбал ажил олгогч өөртөө давуу байдлыг тогтоосон хөдөлмөрийн гэрээний нөхцөл буюу заалт хүчин төгөлдөр эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой. Нэхэмжлэгч нь тус компанид уурхайн менежерээр ажиллаж байсан бөгөөд энэ нь байнгын ажлын байр бөгөөд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь ажил олгогч өөрт ашигтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул хөдөлмөрийн гэрээ нь хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Дээрх зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзээгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, ачаа тээшийн мөнгө гэх мэт нийт 771,000,000 төгрөгийг нэхэмжлэхдээ ямар нэгэн тооцоолол гаргаагүй, тодорхойгүй байна.

5.2. Хариуцагч тал 3 удаа итгэмжлэл олгосон. Эхний 2 итгэмжлэлийн хугацаа дууссан тул хугацаа сунгаж итгэмжлэл өгсөн. Төлөөлүүлж буй этгээд төлөөлөгчөөсөө татгалзаагүй, үүнд ямар нэгэн маргаан гараагүй.

5.3. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээн дээр маргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Давж заалдах гомдолд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, дарамт шахалтанд орсны улмаас гэрээ байгуулсан тухай ярьж байна. Энэ талаар анхан шатны шүүх дээр хэлэлцэгдээгүй. Уг гэрээг хүлээн зөвшөөрч, шүүхээр дүгнүүлж, шинжээчийн дүгнэлтийг орчуулагчаар гаргуулсан зэрэгт маргаагүй.

2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг сунгаж, шинэчлэн байгуулсан байдаг. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон талаар талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар харилцан тохиролцож, хугацаатай байгуулсан нь тогтоогддог.

5.4. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч өөр ажилд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь хэргийн 158 дугаар талд авагдсан баримтаар нотлогддог.

5.5. Мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар мэдэгдэлд гарын үсэг зурж, хүлээн авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах мэдэгдлийг хүлээж авахдаа ажил олгогчид нэмэгдэл цалин хөлс, урамшуулал олгоогүй талаар санал, хүсэлт гаргаагүй. Нийгмийн даатгал, татварыг Монгол Улсын хууль, дүрэм, журамд заасны дагуу төлж байгаа тул энэ талаар маргаагүй.

Гэтэл 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дээрх гомдлыг гаргаснаар нэхэмжлэл гаргах 3 сар болон 30 хоногийн хугацаа хэтэрсэн. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэсэн.

5.6. Дээрх хугацаа хэтрүүлсэн талаар нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа ковидын хатуу хөл хорио тогтоосны улмаас хугацаа хэтрүүлсэн гэдэг. Гэтэл тухайн үед шүүхийн байгууллага, цахилгаан холбоо, нотариатын байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан талаарх нотлох баримтыг хариуцагч талаас хэрэгт гаргаж өгсөн. Мөн Иргэний хуулийн 369 дугаар зүйлийн 369.2, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцаанд тусгай хугацаа үйлчилдэг учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэг юм. Иймд анхан шатны шүүх талуудын эрх, ашиг сонирхол, мэтгэлцэх зарчмыг хязгаарлаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 771,432,856 төгрөг,

2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дутуу олгосон нэмэгдэл цалин, урамшуулалд 102,843,470 төгрөг,

илүү цагаар ажилласан цалинд 46,126,401 төгрөг,

ээлжийн амралтын олговорт 44,551,616 төгрөг тус тус гаргуулах,  

Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийзийн төлбөрийг төлөхийг даалгах,

400 кг ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1,130 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. А- нь “В-” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уурхайн менежерээр ажилд орсон, талууд хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон үйл баримтын талаар маргаангүй байна.

 

4.1. Талууд дахин гэрээ байгуулж, гэрээний 2.1 дэх хэсэгт хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар ажилтан нь ажил олгогчийн Монголд явуулж байгаа бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан уурхайн менежерээр ажиллахыг зөвшөөрч, гэрээний 1.12-т зааснаар “хүчин төгөлдөр болох өдөр” гэж гэрээнд өөрөөр заагаагүй бол 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг тооцохоор харилцан тохиролцож, гэрээнд ажилтан 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажил олгогч тал мөн оны 6 дугаар сарын 08-ны өдөр тус тус гарын үсэг зуржээ.

 

4.2. Хөдөлмөрийн энэ гэрээг ажилтан нь ажлаас халагдахгүйн тулд өөрийн хүсэл зоригийн эсрэг ажил олгогчийн шахалтаар буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан хүч хэрэглэж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах агуулгаар шаардлага гаргасан гэж тодорхойлохоор байна. Ажилтан буюу нэхэмжлэгч тал ажил олгогч түүнд шахалт үзүүлсэн гэх байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй буюу нотлоогүй тул түүний гаргасан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох юм.

 

4.3. Дээрх тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар агуулгаар нь тайлбарлавал талууд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэх хөдөлмөрийн гэрээг хожим 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бичгийн хэлбэрээр байгуулсан, гэрээний нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зориг илэрхийлэгдсэн байх тул уг гэрээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т тус тус зааснаар хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

 

4.4. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ 2 жилийн хугацаагаар сунгагдсан гэж дүгнэхээргүй байх бөгөөд ажилтан уг гэрээг хуулийн дагуу сунгагдсан гэж үзэж буй бол 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ байгуулахаас татгалзах, улмаар мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 1 сарын хугацааны дотор гомдлын шаардлага гаргах байжээ. Ийнхүү тэрээр гэрээ байгуулахаас татгалзаагүй, хуульд заасан журмаар гомдлын шаардлага гаргаагүй тул шүүхэд гаргасан түүний тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.5. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.4-т гэрээний хугацааг 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж талууд тодорхойлж, ажилтан энэ хугацаанд уг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

5. Гэрээний хугацаа дуусгавар болсоноос хойш ажилтан ажил үүрэг гүйцэтгээгүй бөгөөд энэ хугацаанаас хойш тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж буй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг  заасан 30 хоногийн дотор буюу 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах байсан боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэсэгчилсэн байдлаар, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Нийслэлийн хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгасан байх тул уг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан тооцвол нэхэмжлэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор гомдол гаргах байжээ. Нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай” 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоолын 2 дахь заалтаар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллагын жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 5-д зааснаар шүүхийн үйл ажиллагаа цагийн хязгаартайгаар явагдаж байсан бөгөөд шүүх нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг шуудан болон цахим хаягаар хүлээн авч байсан болно.

 

6. Түүнчлэн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дутуу олгосон нэмэгдэл цалин, урамшуулалд 102,843,470 төгрөг, илүү цагаар ажилласан цалинд 46,126,401 төгрөг, ээлжийн амралтын олговорт 44,551,616 төгрөг  тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн тухай бүрт гомдлын шаардлагыг  3 сарын дотор гаргах байсан, уг хугацааг хэтрүүлсэн, хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Холбогдох гомдлын шаардлага гаргах хугацааг хуулиар 3 сараар тогтоосон байх тул  Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226, 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Нийслэлийн хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл тогтоож, сунгасан байдлыг  гомдлын энэ шаардлага гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр сунгах шаардлагагүй болно. Иймд гомдлын холбогдох шаардлагыг хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

   

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатараас Австрали улсын Перт хот хүртэлх энгийн ангиллын 2 том хүн, 2 хүүхдийн онгоцны тийзийн төлбөрийг төлөхийг даалгах, 400 кг ачаа тээшийн тээвэрлэлтийн төлбөр 1,130 ам.доллар гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

7.1. Хөдөлмөрийн гэрээний 8 (a)-д хөдөлмөр эрхэлэлт дуусгавар болоход ажил олгогч нь ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийг Улаанбаатар хотоос анх ажил болгосон газар руу энгийн ангиллын суудлаар тийзний үнэ захиалж өгөх, ажилтан тийзний үнийг өөрөө төлсөн бол энгийн ангиллын суудлын тийзийн үнэтэй “тэтгэмж” буюу зардлыг авах талаар тохиролцжээ. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийг үүсгэсэн гэж дүгнэж уг зардлыг нэхэмжлэгчийн баримтаар гаргаж өгсөн онгоцны тийзийн баримтыг үндэслэн ажил олгогчоос гаргуулж ажилтанд олгох нь зүйтэй юм.

Нэхэмжлэгч А-, түүний эхнэр К-, хүүхдүүд Р-, О- нар Улаанбаатараас Хонг Конг руу, Хонг Конгоос Перт руу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аялах онгоцны тийз авсан баримтаар 17,510,000 төгрөгийг төлсөн байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

7.2. Гэрэний 8-ийн (b)-д ажил олгогч ажилтныг буцахтай нь холбоотойгоор ажилтны 100 кг эсвэл оршин суугч гэр бүлийн 400 кг хүртэлх жинтэй тээшийн зардлыг хариуцахаар тохиролцсон байна. Ачаа тээшний зардалд 1,130 ам.доллар буюу Монголбанкны 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн зарласан ханшаар тооцон 3,219,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

7.3. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нийт 20,729,460 /17,510,000+3,219,460/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

8. “В-” ХХК-ийг оноосон нэрийг “Б-” ХХК болгож өөрчилснийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэсэн.

Анхан шатны шүүх хариуцагч “В-” ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн байх ба 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар хариуцагчийн оноосон нэр солигдсонтой холбогдуулж хариуцагчийг солих ажиллагаа явуулжээ.

 

9. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийг баримтлахдаа огноог бичээгүй, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлаагүй алдааг залруулна.

 

10. Шүүхийн шийдвэрт хуулийн нэр, хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахтай холбоотой өөрчлөлтийг оруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулах нь оновчтой гэж дүгнэв.   

 

11. Хариуцагч “Б-” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэлийн хувьд төлөөлүүлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзаагүй байгаа тохиолдолд хэрэг хянан шийдэврлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй юм.

 

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байгааг залруулна. Өөрөөр хэлбэл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,024 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/04157 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 53 дугаар зүйлийн 53.1, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Б-” ХХК-д холбогдох 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговорт 771,432,856 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дутуу олгосон нэмэгдэл цалин, урамшуулалд 102,843,470 төгрөг, илүү цагаар ажилласан цалинд 46,126,401 төгрөг, ээлжийн амралтын олговорт 44,551,616 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч А-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б-” ХХК-аас 20,729,460 төгрөг гаргуулж А- /Munda Peter James/-д олгосугай” гэж ,   

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,854,024 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 261,597 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА