Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02593

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2022/02593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар


Нэхэмжлэгч: Б.Б нэхэмжлэлтэй


Хариуцагч: МД ХК холбогдох


Даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Он, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас гбанк, нөгөө талаас үндсэн зээлдэгч Цэрэндорж овогтой Самбуубаатар, хамтран зээлдэгч Бөхтогтох овогтой Билгүүн нарын хооронд орон сууц худалдан авах 4335104738 дугаартай гэрээг байгуулж, мөн тэр өдөр МД ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, зээлээр орон сууц худалдан авсан.

Миний нөхөр Ц.Ср нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол бий болсон учир зээлийн эрсдэлийн даатгалаас нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг ГБДархан салбар болон МД ХК-нд гаргасан боловч нөхөн төлбөр олгохооргүй шийдвэрлэсэн тул миний бие Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын гэрээг шалгуулах хүсэлт гаргасан. Ийнхүү Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууц худалдан авах болон даатгалын гэрээг шалгаж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 9/1362 дугаартай албан тоотоор нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Иймд Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон нөхөн төлбөрийг "Мандал" даатгалаас гаргуулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн хамт гбанкинд 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргахад МД ХК-д уламжилна хэмээн миний хүсэлтийг хүлээн авсан боловч өдийг хүртэл ямар нэгэн хариу шийдвэр албан ёсоор ирүүлээгүй, амаар нөхөн төлбөр олгохгүй гэж мэдэгдсэн.

Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 1.4 дүгээр зүйлд "балбан бичиг, зээлийн гэрээний хуулбар зээлийн үлдэгдэл баталгаажуулах баримтыг зээлдэгчийн нэрийн өмнөөс бүрдсэн үед зээл авсан салбартаа хандах эсвэл цахим хаягт имэйл явуулна" 6.2.4 дүгээр зүйлд даатгалын нөхөн төлбөрийг зээл олгогч банкны хүсэлтээр тус банкинд тэргүүн ээлжинд олгоно" гэж тус тус заасны дагуу миний бие даатгалын тохиолдол бий болсноос хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш ГБболон МД ХК-д даатгалын нөхөн төлбөртэй холбоотой хүсэлтээ бичгээр гаргасан боловч албан ёсоор хариу мэдэгдэхгүй өдийг хүрсэн. ГБнь анх орон сууцны зээлийн гэрээ байгуулахад зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй шууд МД ХК-тай даатгалын гэрээг байгуулахыг шаардаж, гэрээ байгуулсан нь зээлдэгч бидний эрх ашгийг зөрчсөн. Анх гб37,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо зээлийн үлдэх дүн 34,421,612 төгрөг байна.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 6 дугаар зуйлийн 6.2.2 дахь хэсгийн а. Даатгуулагч амь насаа алдсан, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар, насан туршдаа алдсаны улмаас даатгуулагчийн орлого тасарсан тохиолдолд тасалдсан орлогын нийт орлогод эзлэх хувиар хувь тэнцүүлсэн зээлийн үлдэгдэл дүн буюу 17,210,806.285 төгрөгийг "МД болон гбгаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч МД ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн №11105326012 тоот зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний даатгуулагч Ц.С нь 2019 оны 11 сараас эхлэн бие нь өвдөж Дархан- Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Саран клиникт тус тус үзлэг, оношилгоонд орж ходоодны улайлт хэмээн оношлогдож эмчилгээ, үйлчилгээ авч байсан боловч биеийн байдал огцом муудсан тул Хавдар судлалын үндэсний төвд онош тодруулахад Ходоодны хорт хавдар оношлогдож улмаар хими эмчилгээний хордлого болон өвчний хүндрэлийн улмаас нас барсан" гэх тайлбарыг даатгуулагчийн төлөөлөгч өгсөн бөгөөд нас барсны гэрчилгээнд Даатгуулагчийг Эмнэлэгт өвчнөөр нас барсан" гэж тэмдэглэн гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд Ц.С нь өвчний улмаас нас барсан байна.

Иймд даатгуулагчтай байгуулсан гэрээний дагуу (үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс)-ийн улмаас даатгуулагчийн амь насанд хохирол учраагүй байсан тул гэрээний 7.3-Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл", үүний 7.3.1- Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан" 7.3.14 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Даатгалын тухай хуулийн 8.5. Даатгагч дараахь үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно үүний 8.5.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, тус өдрийн ипотекийн гэрээ, 2018 оны 11 сарын 19-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 4 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, 2021 оны 01 сарын 06-ны өдрийн гбанканд гаргасан хүсэлт, 2021 оны 3 сарын 06-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын хэлтэст гаргасан өргөдөл, 2021 оны 4 сарын 09-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, 2021 оны 8 сарын 27-ны өдрийн гбанкинд гаргасан хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, Ц.Сын нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам, өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар ГБДархан салбараас иргэн Ц.С, Б.Бнартай Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулахдаа маягтын загварын дагуу мэдээлэл авч, даатгуулагч нараар баталгаажуулсан тухай баримтыг хүссэн хүсэлтээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний хуулбар /хх-79-81/, Ц.С, Б.Бнартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан БГ4335104738 дугаартай ипотекийн зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийн талаарх лавлагаа /хх-87-88/, улсын бүртгэлийн Ү-2, ГД-0 дугаартай үл хөдлөх хөрөнгийн талаарх лавлагаа /хх-86/, нэхэмжлэгчийн зээлийн болон даатгалын гэрээний дагуу төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан талаарх лавлагаа /хх-116-127/, Хавдар судлалын үндэсний төв эмнэлгээс Ц.Сын өвчний түүх болон нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-128-129, 138/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч МД ХК-нд холбогдуулж даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.            Нэхэмжлэгч Б.Бнь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 9/1362 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна. /хх-20-23х/

2.            Нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийг хариуцагч тал эс зөвшөөрч, даатгуулагч Ц.С нь ходоодны хорт хавдар өвчнөөр нас барсан нь гэрээний Гэнэтийн осол-д хамаарахгүй, даатгалын тохиолдол болоогүй буюу даатгуулагчийн амь насанд гэрээнд заасан эрсдлийн улмаас хохирол учраагүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

3.            Зээлдэгч Б.Б, Ц.С нар нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гбанктай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 37,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ4335104738 дугаартай Ипотекийн гэрээ-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг, 4-р хороолол, 13-р байр, 58 тоот, 47,32 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /Хх 5-11х, 79-81х/

4.            Зээлдэгч Б.Б, Ц.С нар нь МД ХК-тай гэрээт баталгааны 14335104738 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ-г 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2033 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулж, гэрээний 1.1 Амь насны даатгал, 1.2 Барьцаа хөрөнгийн даатгалын талаар тусгаж, даатгалын зүйл байхаар, даатгалын эрсдлийн төрлийг болон гэрээний 1.3-т даатгалын хураамж төлөх нөхцөлийн тус тус тохиролцож, даатгуулагч нар нь даатгалын хураамж 113,658 төгрөгийг жилийн эхэнд бүтэн дүнгээр төлөхөөр тохиролцжээ. /Хх-17х/

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.4-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.            Зээлдэгч буюу даатгуулагч Ц.С нь даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ходоодны хавдар өвчнөөр нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний хуулбар, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн албан бичиг, өвчний түүх, Найдвар хоспис эмнэлгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-26, 128-129, 138, 71, 1-2/

6.            Нэхэмжлэгч Б.Б нь даатгалын гэрээний тал бөгөөд нас барагч Ц.Сын эхнэр болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д зааснаар даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. /хх-93/

7.            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, хуулийн 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор хуульд тодорхойлсон.

8.            Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд даатгалын ангилал, төрөл, хэлбэрийг заасан ба 6.1-т Даатгалыг урт хугацааны даатгал, ердийн даатгал гэж ангилна гэжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаартай тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдлийг даатгана: 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж, 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус журамлажээ. Үүнээс харахад үндсэн хоёр төрлийн даатгалын үйл ажиллагаа байх бөгөөд тус бүртээ ямар нөхцөл хамаарахыг журмаар нарийвчлан зохицуулж өгсөн байна.

9.            Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч МД ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг нь ердийн даатгалын үйл ажиллагаа гэж тодорхойлж бичсэн байна. Иймээс тус компани нь даатгалын үйл ажиллагаагаа явуулахдаа үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол /цаашид гэнэтийн осол гэх/-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд нөхөн төлбөр олгох, эдгээр тохиолдлыг даатгах, даатгуулах ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байна.

10.         Нэхэмжлэгч Б.Б болон Ц.С нартай байгуулсан Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний даатгалын хамгаалалт гэсэн хэсэгт Даатгуулагч дараах эрсдлийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэсэн 5 төрлийн гэнэтийн ослыг заажээ. МД ХК-ийн зүгээс өөрт хууль болон журмаар олгогдсон эрх хэмжээ, чиглэлийнхээ хүрээнд даатгалын үйл ажиллагаагаа явуулж, нэхэмжлэгчидтэй гэрээний харилцаанд орсон байх бөгөөд нөгөө талаас нэхэмжлэгч Б.Бболон Ц.С нар нь дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, гэрээг байгуулжээ.

11.         Хавтаст хэрэгт авагдсан хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгээс шүүхэд ирүүлсэн албан бичигт Ц.С нь тус төвөөр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд ходоодны хорт хавдар оноштойгоор ерөнхий мэс заслын тасаг, хими эмчилгээний тасаг, хөнгөвчлөх эмчилгээний тасаг, дурангийн тасгуудад тус тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан болно гэж, мөн Найдвар хоспис эмнэлгийн тодорхойлолтод ходоодны хавдар, 4-р үе шат оноштой эмчлэгдэж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барсан нь үнэн болно гэж нас барагчийн эрүүл мэндийн байдал, хийгдсэн эмчилгээг тодорхойлжээ. Эдгээрээс дүгнэхэд даатгалын гэрээний даатгуулагч Б.Бболон Ц.С нар нь амь нас, эрүүл мэндийн ердийн даатгалд даатгуулсан байх ба хавдрын өвчний улмаас нас барсан нь энэ гэрээний даатгалын тохиолдол болохгүй бөгөөд гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй гэж дүгнэхээр байна.

12.         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн гэрээг байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулаагүй, даатгалын эрсдлийг сонгох боломжоор хангаагүй гэх байдал нь даатгалын гэрээний нөхөн төлбөр төлөх үүргийг үүсгэх үндэслэл болохгүй юм.

13.         Дээрх үндэслэлүүдээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч МД ХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнээс бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Билгүүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

14.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Билгүүний МД ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 17,210,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Билгүүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,005 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ