Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00310

 

 

 

 

*ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02593 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *ий хариуцагч * ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч * ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас Голомт банк ХХК, нөгөө талаас *, хамтран зээлдэгч * нарын хооронд орон сууц худалдан авах гэрээг байгуулж, мөн өдөр * ХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, зээлээр орон сууц худалдан авсан. Миний нөхөр * нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нас барснаар даатгалын тохиолдол бий болсон. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 9/1362 дугаартай албан тоотоор нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Иймд ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон нөхөн төлбөрийг * ХК-аас 17,210,806 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагч * нь 2019 оны 11 сараас эхлэн бие нь өвдөж, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг, Саран клиникт тус тус үзлэг, оношилгоонд орж ходоодны улайлт хэмээн оношлогдож эмчилгээ, үйлчилгээ авч байсан боловч биеийн байдал муудаж, Хавдар судлалын үндэсний төвд онош тодруулахад ходоодны хорт хавдар оношлогдож, улмаар хими эмчилгээний хордлого болон өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэх тайлбарыг даатгуулагчийн төлөөлөгч өгсөн бөгөөд нас барсны гэрчилгээнд даатгуулагчийг эмнэлэгт өвчнөөр нас барсан гэж тэмдэглэн гэрчилгээ олгосон зэргээс үзэхэд * нь өвчний улмаас нас барсан байна. Иймд даатгуулагчтай байгуулсан гэрээний дагуу (үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс)-ийн улмаас даатгуулагчийн амь насанд хохирол учраагүй байсан тул гэрээний 7.3 Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл, 7.3.1 Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан, 7.3.14 Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар нэхэмжлэгч *ий * ХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөр 17,210,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,005 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн боломжгүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд үүсэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон бөгөөд хууль хэрэглэхдээ хэргийн нөхцөл байдал, нотлох баримт, бодит байдлыг харгалзаж үзээгүй байна. Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан шинжийг бүрэн агуулсан стандарт нөхцөлтэй гэрээ юм. Учир нь даатгалын компани үйлчлүүлэгч болгонд даатгалын төрлөөс шалтгаалан тогтсон нөхцөлтэй гэрээ санал болгодог. Мөн зуучлагчаар дамжуулан гэрээ хийж байгаа нөхцөлд уг гэрээний зүйл заалттай холбоотой санал гаргах боломжгүй. Нөгөө талаар, Ипотекийн зээлийн гэрээ байгуулж байгаа банкаар дамжуулан даатгалын гэрээ хийж байгаа нөхцөлд даатгалаа сонгох боломжийг олгодоггүй нь бодит байдал юм. Даатгалын гэрээний нөхцөлийг талууд нэг бүрчлэн тохиролцох боломжгүй бөгөөд даатгуулагчийн амь нас эрсдэх нөхцөлийг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.6-д зааснаар ойлгохоор зааж өөрт ашигтай байдлаар тайлбар гаргасанд тооцохоор байна. Тодруулбал, Миний үйлчлүүлэгч амь нас, эрүүл мэндтэй холбоотой эрсдэлээ даатгахаар даатгалын гэрээ байгуулж байгаа гэж олгож гэрээ хийсэн боловч мөн чанартаа даатгалын зүгээс хэрэв даатгалын тохиолдол бие болох үед буюу хүн нас барах шалтгаанаа сонгох байдлаар гэрээд тусгасан нь хуульд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан шалтгаанаар нас барсан бол нөхөн төлбөр олгоно, гэрээнд заасан шалтгаанаар нас бараагүй бол нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа нь гэрээний үндсэн агуулга, үндсэн нэршил, тохиролцсон нөхцөл, гэрээний мөн чанар, хууль зүйн агуулгаас зөрж байна. Мөн ипотекийн зээлийн гэрээтэй холбоотой байгуулагдаж байгаа даатгалын гэрээний урт хугацааны даатгалын гэрээ гэж шууд ойлгогдохоор байгаа. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээ нь зээлийн гэрээтэй шууд хамааралтай бөгөөд урт хугацаанд үргэлжлэх, тогтмол байдлаар даатгалын хураамж авах шинжийг агуулж байгаагаараа урт хугацааны даатгалын гэрээ гэж үзнэ. Харин хариуцагч компанийн зүгээс бид урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй ердийн даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг гэж энэ хүрээндээ даатгалын үйл ажиллагаа явуулж байна гэж хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлээ тайлбарласан нь хуульд нийцэхгүй. Хэрэв энэ тохиолдол үнэн бол даатгал анхнаасаа хууль зөрсөн асуудал байна гэж үзэхээр байна.

4.а.Санхүүгийн зохицуулах хорооноос уг асуудлаар хуулийн хүрээнд шийдвэр гаргасан байхад уг шийдвэрийг үгүйсгэж нэхэмжлэлийг хангахгүй орхиж байгаа нь буруу байна. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо нь хуульд заасан эрхийн хүрээнд даатгалтай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ шийдвэрээ гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Даатгалын компанийн зүгээс санхүүгийн зохицуулах хорооны энэ шийдвэрийг хүчингүй болгуулах талаах эрх бүхий этгээд буюу шүүхэд хандсан зүйл байхгүй. Шийдвэр хүчин төгөлдөр болсон. Учир нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлд даатгал нь сайн дурын болон заавал гэсэн төрөлтэй байх бөгөөд заавал даатгах хэлбэрийг хуулиар тогтооно гэж заасан. Харин шүүх урт хугацааны шинжтэй даатгалын үйл ажиллагаа байсаар байтал Даатгалын хуульд нийцсэн, хуулийн хүрээнд даатгалын үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий этгээдийн шийдвэр хамаагүй гэх байдлаар шийдвэр гаргасан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Миний үйлчлүүлэгч бага насны хоёр хүүхэдтэй, орон сууцны зээлтэй, эмчилгээ хийхэд их мөнгө хэрэг болсон, эдийн засгийн хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Гэтэл даатгалын зүгээс тохиолдол бий болсоор байтал гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа нь шударга ёс, хүнлэг ёс, зүй ёсны бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай байгууллага Санхүүгийн зохицуулах хороо буюу эрх бүхий байгууллагын зохицуулалттай байгуулага. Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 210 тоот Ипотекийн үйл ажиллагааны журмыг батлагдсан. Тус журмаар урт хугацааны үйл ажиллагаа эрхлэгч компанид тухайн үйлчилгээг үзүүлэхдээ ямар нөхцөлтэйгөөр даатгуулагчийн эрсдэлийг авах талаар тусгайлан зааварчилсан. Ердийн компанийн даатгалын хувьд үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн гамшиг, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас үүссэн осол зэрэг 5 нөхцөлийн хүрээнд даатгалын гэрээ байгуулах ёстой гэсэн тусгайлсан журмаар зохицуулаад тухайн журмаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд явж байсан болохоос даатгалын компани дур мэдэж гэрээнд тусгаагүй. Анхан шатны шүүх гэрээ, журам, хууль зэргийг бүгдийг нь үнэлж, дүгнээд шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Санхүүгийн зохицуулах хорооноос дүгнэсэн дүгнэлтэд тайлбар гаргасан. 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос * ХХК-д ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч компанийн тусгай зөвшөөрөл олгосон бүртгэлийн гэрчилгээтэй дүгнэлт өгсөн. Хохирол учраагүй гэдгийг дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч * нь хариуцагч * ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 17,210,806 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Нэхэмжлэгч *, түүний нөхөр * нар нь Голомт банк ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн болон ипотекийн гэрээ байгуулж, 37,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 9-р баг, 4-р хороолол, 13-р байр, 58 тоот, 47,32 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-ийн 5-10-р тал/

4.а.Мөн өдөр зээлдэгч *, * нар нь * ХК-тай ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нар нь даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 17-18-р тал/. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.б.Зээлдэгч * нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан болох нь талуудын тайлбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Хавдар судлалын үндэсний төвийн клиникийн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 02/150 дугаар албан бичиг, Найдвар хоспис эмнэлгийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/87 дугаар албан бичиг зэргээр тус тус тогтоогдсон ба дээрх нөхцөл байдал нь даатгалын тохиолдолд хамаарах эсэх талаар талууд маргасан. /хх-ийн 26, 129-130, 139-р тал/

4.в.Талуудын байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 7.3-т амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг зааж, 7.3.1-т аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заажээ. /хх-ийн 18-р тал/. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй.

Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлийг талууд гэрээгээр нарийвчлан тохиролцсон буюу даатгагч гэрээний 7.3.1-т заасан өвчний улмаас нас барсан байх тул хариуцагч * ХК нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

4.г. Түүнчлэн, талууд галын эрсдэл (гал түймэр, дэлбэрэлт), сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан эрчим хүчний эрсдэл, гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл-ийн улмаас даатгалын зүйл буюу амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөлийг ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний 1.1, 1.2, 1.3-т тусгажээ.

Зээлдэгч * нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өвчний улмаас нас барсан явдал нь дээр дурдсан эрсдэлүүдийн алинд нь ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

5.Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 9/1362 дугаар албан бичигт хариуцагч * ХК-ийг ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч баталгаажуулаагүй, журам зөрчиж гэрээ байгуулсан гэжээ. /хх-ийн 22-23-р тал/

5.а.Гэвч талууд ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд шаардлага гаргаагүй буюу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх учиртай. Нэгэнт талуудын хооронд байгуулагдаж хүчин төгөлдөр болсон гэрээнд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тодорхой заасан байх тул гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,005 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ