Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2019/00941

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00509 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нт холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/2672 тоот мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/12 тоот тогтоол, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 40, 50 мянгат Самбуугийн гудамж 16/Б хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011792 дугаартай үйлчилгээний зориулалттай 527,68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 477 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шийдвэр гүйцэтгэгч Б.Аын 2018.12.20-ны өдрийн 3 тоот тогтоолоор томилогдсон Сэлэнгэ эстимейт ХХК-ийн шинжээч нь “Т” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, 40, 50 мянгат гудамж, 16/Б тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2202011792 дугаартай үйлчилгээ, оффиссын зориулалттай 527.68 м.кв талбайтай 4-н давхар, өөрийн эзэмшлийн 170 м.кв газрын гэрчилгээтэй, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрладаг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчид илт хохиролтой 1 477 500 000 төгрөгөөр үнэлж хохироосон. Шинжээчээр томилогдсон үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг бодитой бус хийсэн нь төлбөр авагчийн нөлөө орсон гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл Хөрөнгийн үнэлгээ хийхэд баримтлах зарчмын 4.1.1.хараат бус байх, 4.1.2.иргэн, байгууллагын нууцыг хадгалах, 4.1.3.шударга байх, 4.1.4.хууль тогтоомжид нийцсэн байх зарчмууд алдагдсан энэхүү үнэлгээчин төлбөр авагчаас хараат бус байж, хөрөнгийг шударгаар үнэлж чадаагүй. Учир нь төлбөр авагч нар нь анх үнийн санал өгөхдөө маш бага үнийн санал өгч байсан бөгөөд би өөрийн компанийн 4-н давхар оффиссын барилга болон газраа 6 тэрбум төгрөгөөр үнэлж байсан. Иймд 2019.01.21-ний өдрийн №4/26/72 тоот үнэлгээ тогтоосон тухай мэдэгдэлд дурьдсан 1 477 500 000 төгрөгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн үнэлгээчин нь хуулийг ноцтой зөрчсөн, үнэлгээг төлбөр авагч талд ашигтай байхаар гүйцэтгэсэн байх тул тус үнэлгээ болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 126 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Аын 2019.01.21-ний өдрийн №4/12 тоот үнэлгээ тогтоосон мэдэгдэл, 2019.01.31-ний өдрийн №4/12 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.12-ны өдрийн 18/ШШ2016/01293 тоот шүүгчийн захирамжаар “Т” ХХК-иас 122 414 500 төгрөг, тэмдэгтийн хураамж 385 500 төгрөг, нийт 122 800 000 төгрөг гаргуулж, Н ХХК, иргэн Л.Э нарт олгохоор захирамжилсан ба гүйцэтгэх баримт бичгийг 2017.01.26-ны өдөр тус газар хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Төлбөр төлөгчийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаар холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 40, 50 мянгат, Самбуугийн гудамж, 16/б тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай 527.68 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй, Улсын бүртгэлийн Ү-2202011792 тоот үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй бөгөөд Ариг банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байсан.

Төлбөр төлөгчид сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч харилцан тохироогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018.12.20-ны өдрийн 3 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимейт ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр томилсон. Шинжээч Сэлэнгэ эстимейт ХХК нь 2019.01.21-ний өдрийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгө нь 1 477 500 000 төгрөгөөр үнэлсэн.Үнэлгээг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу үнэлгээг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор 4/2872 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэргүйцэтгэх газарт холбогдох, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 40, 50 мянгат Самбуугийн гудамж 16/Б хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011792 дугаартай үйлчилгээний зориулалттай 527,68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 477 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Туулын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр №2019/013 тоот албан бичгээр Л.Энхбаяр эрүүл мэндийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай мөн хууль зүйн туслалцаа авах өмгөөлөгч авах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байхад нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж шүүх хуралдааныг нэхэмжлэгч талын эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 4/2672 тоот мэдэгдэл, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4/12 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1, 19-20 /

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01293 дугаар захирамжаар төлбөр төлөгч “Т” ХХК нь 122 414 500 төгрөгийг “Натив лэнд” ХХК, Л.Э нарт төлөхөөр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 29-30/

 

Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, эрхийн улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 40, 50 мянгат Самбуугийн гудамж 16/Б хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2202011792 дугаартай үйлчилгээний зориулалттай 527,68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17300265/10 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 17300265/10А тоот тогтоолоор тус хөрөнгийг  хурааж, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 3 тоот тогтоолоор шинжээч томилжээ. /хх-ийн 28-32, 35-36, 6, 44/

 

Төлбөр төлөгч “Т” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 6 000 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа хариуцагч байгууллагад мэдэгдсэн, төлбөр авагч Л.Э эд хөрөнгийг 527 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналаа ирүүлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилж, үнэлгээ тогтоосныг буруутгах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-ийн 101-105/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанд төлбөр авагчийн нөлөө орсон. Хөрөнгийг бодит үнээс хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн ” гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өмнө нь хангаж шийдвэрлэсэн. Дараагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч хүсэлтээ гаргахдаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон гэх байдлаа нотолсон баримтаа хавсаргаагүй, өмгөөлөгч авах эрхээ нэхэмжлэгч өөрөө хэрэгжүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00509 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД