Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03899

 

 

 

 

 

 

 

 

2022 09 28

101/ШШ2022/03899

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, шүүгч З.Баярмаа, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.С /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Д  /-д холбогдох,

 

Гэм хорын төлбөрт 4,965,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /,

хариуцагч Д.Д ,

хариуцагчийн өмгөөлөгч Д.С/,

иргэдийн төлөөлөгч Д.А ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Д.Д хуучин хувцсаа шатааж байсан гялгар уут нь салхинд хийсэж, гал гарч Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх цээнийн 76а хаягт байрлах зуслангийн дөрвөн тал хашааны дунд хэсгүүд, байшингийн баруун талын дээд хэсэг, тамбар, гражны дээврийн хойд хэсэг, амбаар, түүн дотор байсан бүх эд зүйл галд шатсан., хайхрамжгүй, болгоомжгүйгээр гал алдсаны улмаас нэхэмжлэгчийн өмч хөрөнгөд хохирол учирсан. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад хариуцагч нь болгоомжгүйгээр алдсан гэдгийг тогтоосон. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2002 дугаар прокурорын тогтоолоор уг хэрэг бүртгэлийг хаасан. Тус тогтоолд дурдсанаар Д.Д гийн гал алдсан үйлдэл нь хувцас шатаах явцад хайхрамжгүй хандаж, бусдын эд хөрөнгийг шатаасны улмаас хохирол учирсан гэж хохирлын хэмжээг 4,952,512 төгрөгт тооцсон бөгөөд уг гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрэлцэхгүй байгаа учраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтооход гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргасан. Эхний удаа хэргийг шалгаж байсан мөрдөгч та дүгнэлтээ гаргаад ир гэсний үндсэн дээр нэхэмжлэгч И ХХК-аар дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг Д.Д хүлээн зөвшөөрөхгүй гэж үзсэн учраас мөрдөгчийн зүгээс Д ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийн дагуу шүүхээс Х төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргасан. Эдгээр шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Д.Д гээс нийт 4,965,093 төгрөгийг нэхэмжилж байгаа. Жорлонг барих зардал болон ажлын хөлс нийлээд 444,000 төгрөгийг Х төвийн дүгнэлтээр, шатсан амбаар болон шинээр барих ажлын зардал нь 951,293 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, хашааны хаалга засах зардал болон ажлын хөлс 120,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, гутлын хайрцаг 72,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, нүүр гарын угаалтуур 36,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, тогоо 54,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан хөөсөнцөр 256,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан хүрз, жоотуу 40,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан банз 651,200 төгрөгийг И ХХК-ийн үнэлгээгээр, шатсан диван 220,000 төгрөгийг Х төвийн үнэлгээгээр, шатаж хагарсан цонх, хаалга 180,000 төгрөгийг Х төвийн үнэлгээгээр, байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс 1,485,300 төгрөгийг Итгэлт эйстимэйт ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаар хураасан байсан модон шон 55,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, үүдний тамбар засах зардал 210,000 төгрөгийг Х төвийн үнэлгээгээр, И ХХК-ийн ажлын хөлс 180,000 төгрөг, шатсан плиткийг үнэлүүлэх зардал 70,000 төгрөгийг Х төвийн үнэлгээгээр, нийт 4,965,093 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Дүгнэлтэд зарим хөрөнгийн үнэлгээг гаргаагүй учраас жорлон барих зардлын тухайд Х төвийн дүгнэлтээр тооцсон. Учир нь Д ХХК-ийн үнэлгээгээр ажлын хөлсийг тооцоогүй учраас ажлын хөлсийг тооцсон Д ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн. Шатсан амбаарыг шинээр барих зардлыг И ХХК болон Х төвийн дүгнэлтэд байдаггүй учраас Д ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн. Хашааны хаалга засах зардал Х төвийн дүгнэлтэд хэтэрхий багаар тооцсон. 36,000 төгрөг буюу одоогийн нөхцөлд тохирох ямар ч боломжгүй дүгнэлтийг гаргасан учраас Д ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн. Гутлын хайрцаг, угаалтуур, тогооны үнэ нь бусад дүгнэлтэд байхгүй, зөвхөн Д ХХК-ийн үнэлгээнд байгаа. Шатсан амбаарт хураасан хөөсөнцрийн үнийг зөвхөн Д ХХК үнэлсэн. Хураасан байсан банзны тухайд И ХХК-ийн дүгнэлтэд дурдсан. Диваны зардлыг Х төвийн сүүлийн дүгнэлтээр гарч ирсэн. Өмнө нь нэхэмжлэгч зах зээлийн ханшийг өөрөө тооцоод нэхэмжилж байсан бол хамгийн сүүлийн дүгнэлтэд 220,000 төгрөг гэж үнэлсэн. Шатсан цонх, хаалганы үнэлгээ бусад дүгнэлтэд байдаггүй, Х төвийн дүгнэлтэд тусгасан. Байшингийн шатсан засварын зардал, ажлын хөлс нь зөвхөн И ХХК-ийн дүгнэлтэд байдаг, бусад хоёр дүгнэлтэд байдаггүй. Хураасан байсан шонгийн тухайд Д ХХК-ийн үнэлгээнд байдаг бөгөөд бусад хоёр дүгнэлтэд байдаггүй. Тамбарыг засах зардал гэж шинээр оруулсан. Учир нь Х төвийн шинжээч тамбарыг үзэхдээ стандартын дагуу бариагүй учраас банз хоорондын завсар гарсан түүнийг засах шаардлагатай гэж үзээд энэ дүгнэлтийг шинээр гаргасан. Ажлын хөлсний тухайд И ХХК-ийн дүгнэлтээр гал алдсан үйлдлээс шалтгаалан гарч байгаа зардал учраас нэхэмжлэх шаардлага гэж үзээд Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Плиткын үнэлгээний зардлыг Х төвийн дүгнэлтээр гаргасан. Эдгээр хохирлыг үнэлгээний байгууллагуудын үнэлгээ болон дүгнэлт, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгө, хууль бусаар санаатай, болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь авч ирэх буюу учирсан хохирлыг мөнгөөр үнэлж төлнө гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д миний бие болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч хохирол учруулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжилж буй хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 4,965,093 төгрөг нь засвар хийхээс өмнөх биш, засвар хийсний дараа дахин нэхэмжилсэн мөнгө байгаа. Эхний 2 үнэлгээ нь ямар ч засвар хийгээгүй байх үед шатсаны дараа гарсан дүн. Түүний дараа би хохирлоо барагдуулсны дараа Д.С нэмж нэхэмжилсэн. Би анх нэхэмжлэгчтэй 4 сараас 8 сар хүртэл хохирлыг яаж барагдуулах вэ гэхээр нэг бол бэлэн мөнгө өг гээд эсвэл хийлгэж өг гээд тодорхой шийдэлд хүрэхгүй байсны улмаас 4 сарын хугацаа өнгөрсөн. Цагдаагийн хэлтэс дээр Д.С би бариулахаар боллоо гэж хэлсэн. Би 7 хоногийн дараа материалыг нь авч ирнэ чи яг бариулна биз дээ гэж асуухад бариулна гэж хэлсэн. Тэгээд би материалыг нь авч ирээд, хоёр машин банзаа буулгаж байхад Д.С ирээд би мөнгөө авъя, материал авахгүй гэсэн. Би банзыг тоо ширхгээр нь аваад ирсэн, одоо өгөх мөнгө надад байхгүй гэхэд ийм материалаар бариулахгүй, би модон хаалга, цонх хийлгэнэ гэсэн. Тэгээд би вакум, хаалга, цонхыг ачиж яваад шинээр цонх, хаалга авч ирээд барьж өгсөн. Дандаа шинэ банзаар барьсан учраас нэг жилийн дараа завсар гарсан. Д.С гийн сэтгэл санаанд нийцүүлж хамт байж байгаад бариулсан. Би Дархан-Уул аймгаас мужаан дүү нараа ирүүлээд бариулахад сайхан боллоо гэж хэлээд, дотор засварыг нь хийх гэтэл хийлгэхгүй, би материалаа авъя гэж хэлээд материалыг өөрөө аваад амбаартаа хийгээд цоожилсон. Д.С материалыг хүлээж авч үлдсэн, сүүлд шатсан байшинд байсан банз нь хөгц цохисон байсан, тэгээд би хөгцтэй банз авахгүй гээд материалыг нь аваагүй. Би жорлонг нь барьж өгч чадаагүй, шүүхээс маргааныг тасалж үнэлгээ хийсний дагуу шийдвэрлэхэд бэлэн байна. Шатсан амбаар шинээр барих зардал, ажлын хөлс 951,293 төгрөгийн хувьд материалаа авна гэчихээд материал өгөх болохоор авахгүй гээд аваагүй, надад материал нь одоо болтол байгаа, хүлээлгэж өгөхөд бэлэн байна. Хашааны хаалга засах зардал, ажлын хөлс 120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Гутлын хайрцаг 54,000 төгрөг, нүүр гарын угаагуур 36,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тогоо 54,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би тогоог нь шинээр солиод өгье гэхэд заавал орос тогоо авна, өөр тогоо авахгүй гээд зөвшөөрөхгүй байсан, тэгвэл би өнгөлөөд өгье гээд өнгөлгөөний материал авсан боловч өнгөлүүлэхгүй гэсэн. Тэгвэл надад тогоогоо өгчих, би барьж очоод яг ижилхэн тогоог аваад өгье гэхэд тогоогоо далд хийчихээд өгөхгүй байсан, тогоо нь одоо хүртэл өөрт нь байгаа, тэрийг шинжээчийн дүгнэлтээр шинэчлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Шатсан амбаарт хураалгаатай байсан хөөсөнцөр 256,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гал командынхан ирэхэд Д.С амбаарт байгаа хөөсөнцөрөө 4 ширхэг гэж хэлж байсан, дараа нь 4 боодол болсон, хэрэв 4 ширхэгээс илүү байсан бол энэ байшин тэр чигээрээ шатах байлаа гэж гал сөнөөгч хэлж байсан, шатсан хөөс урсаад хайлаад тэр орчноо тэр чигээр нь шатаадаг юм билээ, хөөс цөөхөн байсан учраас банзны дээд хэсэг жаахан урссан байсан, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шатсан амбаарт байсан хүрз, жоотуу шатаагүй байсан учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Шатсан амбаарт хураалгаатай байсан банз 651,200 төгрөгийн хувьд тухайн банз дээр үеийн оросын орон сууцны ховилтой банз байсан, дээд хэсгийнх нь хэдхэн банз шатаад бусад нь бүгд шатаагүй байсан учраас шатаагүй банзыг Д.С хүү, охинтойгоо хамжилцаад гарааш руугаа хийсэн. Шатсан диван 220,000 төгрөгийн тухайд биднийг жаахан байх үеийн диван байсан, огт хэрэглэгдэхгүй болчихсон, хэрэгцээгүй юмаа гарааштаа хураасан байсан, гараашийн дээвэр нурж унасан байсан, би зөвшөөрөхгүй байсан боловч 220,000 төгрөгөөр шинэ диван авч өгье гэж зөвшөөрсөн. Шатаж, хагарсан модон цонх хаалга 180,000 төгрөг гэдэг бол худал, шатаж, хагарсан зүйл байхгүй, дандаа орос модон араамтай, шилтэй байсныг хураасан байсан, тэрнээс шатаж, хагарсан зүйл байхгүй, гал унтраах үед хаалганы шил хагарсан, үүнийг намайг шинэчлээд аваад өг гэсний дагуу би зөвшөөрсөн. Байшингийн шатсан хэсгийн засварын зардал, ажлын хөлс 1,485,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь байшинд огт гал ороогүй, гэхдээ утаа болсон, би хүний юмыг утаа болгосон юм чинь гээд дээврийг нь хуулж байгаад 4 эгнээ банзыг нь солиод бүгдийг нь янзалж хадаад хар цаас тавиад дахиад төмөрлөөд өгсөн учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Шатсан амбаарт хураалгаатай байсан модон шон 55,000 төгрөгийн хувьд ямар ч шон байгаагүй, ямар ч үндэслэлгүй зүйл нэхэмжилж байна, банз шатаагүй юм чинь бүдүүн шон шатах ямар ч боломжгүй, амбаарт байсан банзны дээд хэсэг шатсан, доод талыг нь бүгдийг нь Д.С аваад хураасан. Үүдний тамбур засах зардал 210,000 төгрөгийн хувьд тамбурыг банзаар шинэчилж доторлоод дээвэрлээд өгсөн боловч Д.С паркетаар дээвэрлүүлээгүй, шалыг нь зузаан панераар шаллаад өгье гэхэд шаллуулахгүй гээд бүгдийг нь амбаартаа хураачихсан. И ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 180,000 төгрөгийн хувьд үнэлгээг хоёр талаасаа хийх ёстой гэж үзсэн, өөрсдөө танилынхаа үнэлгээгээр үнэлүүлсэн, надад огт хэлээгүй, намайг байлцуулаагүй үнэлүүлсэн байсан. Шатсан лисьва плитканы өнгөлгөөний зардал 10,000 төгрөг нь үнэлгээний хүмүүс очоод энэ нь огт шатаагүй байна, та зүгээр өнгөлөөд өгчих гэхэд нь тэгье гээд зөвшөөрсөн. Миний бие муу байна, үнэлгээ хийлгэх гээд 2 дахиа очиход үнэлгээний хүний хажууд Д.С намайг төмрөөр цохисон, дахиад цохих гэхэд үнэлгээний хүн болиулсан, намайг байнга дарамтлаад чамаас болж төвөг удлаа гээд над руу дайраад байх юм. Би мэдээж хариуцлагаа хүлээнэ, энэ асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Би тодорхой хэмжээнд төлбөрийг барагдуулсан, гэхдээ төлбөр барагдуулснаас хойших зүйлүүдийг нэхэмжилж байгаа учраас тодорхой хэмжээнд төлөх ёстой зүйлээ төлнө, үндэслэлгүй зүйлүүдийг төлмөөргүй байна. Нэхэмжлэлийн шаардлага 4,965,093 төгрөгөөс 685,500 төгрөгийг зөвшөөрнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Шүүхийн журмаар 2 шинжээчийн дүгнэлт гарсан, шүүх эрх хэмжээний хүрээнд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэрэг хянан шийдвэрлэх үйл явцтай танилцлаа. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлтэй байна, хариуцагч тал зарим нэг хэсгийг төлсөн гэж байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу зардлыг тооцоод зөрүүг нь төлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

4. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл /хх1-1-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-5/, И ХХК-ийн Хохирлын үнэлгээний тайлан /хх1-7-19/, үнэлгээний ажлын хөлс төлсөн баримт /хх1-20/, Д ХХК-ийн 2020 оны 09 сарын Х тайлан /хх1-21-22/, Д ХХК-ийн 2020 оны 07 сарын Х тайлан /хх1-23-24/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020.09.11-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /хх1-25-26/, 2021.02.24-ний өдрийн итгэмжлэл /хх1-59/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-71-72/, 2021.06.04-ний өдрийн итгэмжлэл /хх1-166/,2022.02.23-ны өдөр нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлага /хх1-222/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-223/, фото зураг /хх1-224/, 2022.04.08-ны өдрийн өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх1-237/,

Хариуцагч талаас: 2021.01.15-ны өдрийн хариу тайлбар /хх1-37-39/, фото зураг /хх1-40-45, 48-53/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-62/, хохиролтой холбоото баримтууд /хх1-76-97/, 2021.03.04-ний өдрийн нэмэлт тайлбар /хх1-98-101/, 2020.04.26-ны өдөр Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх1-102-103/, 2020.05.18-ны өдөр Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх1-104-105/, 2020.07.15-ны өдөр Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх1-106/, 2020.08.18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх1-107/, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2020.09.11-ний өдрийн дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх1-108/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.10.05-ны өдрийн 2802 дугаартай Прокурорын тогтоол /хх1-109/, зарлагын баримт /110/, 2022.04.05-ны өдрийн хариу тайлбар /хх1-233-235/,

Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2021.04.02-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл /хх1-123-146/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.04.06-ны өдрийн 1/1566 дугаартай албан бичиг /хх1-147/, 2020.04.26-ны өдөр Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх1-148-149/, Х төв ХХК-ийн нэхэмжлэх /хх1-181/, Х төв ХХК-ийн Х тайлан /хх1-182-214/, Х төв ХХК-ийн нэхэмжлэх /хх2-31/, Х төв ХХК-ийн Х тайлан /хх2-32-45/.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.С нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийн гэм буруутай үйлдлээр гал гарсны улмаас түүний эд хөрөнгөд учирсан хохирлын төлбөрт нийт 4,686,915 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж нийт 4,965,093 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч Д.Д нь түүний буруутай үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан талаар маргаагүй боловч галд шатсан тодорхой эд зүйлсийг өөрийн зардлаар засварласан тул нэхэмжлэлийн шаардлагаас 685,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4.1. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тус дүүргийн 20 дугаар хороо, Цээний 76а тоот хаягт байрлах айлын хашаанд гал гарсан хэргийг шалгах явцад Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөр галын шалтгааныг тогтоолгох ажиллагааг явуулсан байх ба шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээчийн дүгнэлтэд ...Тухайн гал түймэр нь Цээний 72 тоотод байрлах иргэн Д.Д гийн байшингийн зүүн урд талд галын голомт байрлаж байна. Гал түймэр нь тойрог хэлбэрээр тархан дэлгэрсэн байна. ...Гал түймрийг зориудаар бусдын эд зүйлсийг устгах зорилгоор санаатай тавьсан гэж үзэхгүй байна гэжээ.

 

4.2. Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Д.С нь И ХХК-аар 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хохирлын үнэлгээний тайланг гаргуулахад хохирлын хэмжээг 5,327,909 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс Д ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 2020 оны 07 дугаар сарын 10 болон 09 дүгээр сарын 22-ны өдрийн Х тайлангаар хохирлын хэмжээг нийт 4,952,514 төгрөг /4,491,714 төгрөг + 460,800 төгрөг/-өөр тогтоосон.

 

4.3. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2802 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 76а тоотод оршин суух иргэн Д.С гийн эзэмшлийн эд зүйл шатсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгахад Д.Д гал алдсан үйлдэл нь түүнийг хууль бусаар буюу санаатайгаар, тухайн үйлдлийнхээ хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин түүний болгоомжгүй үйлдлийн улмаас Д.С д учирсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Д.Д нь түүний болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарсан өөрийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд дээр дурдсан шийдвэрт зохигчдын хэн аль нь гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээх бөгөөд хариуцагч Д.Д нь өөрийн болгоомжгүй уйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.

 

7. Нэхэмжлэгч Д.С нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд зааснаар өөрт учирсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн болгоомжгүй үйлдлээр гарсан галын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээд болох хариуцагч Д.Д гээс шаардах эрхтэй.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн хохирлын үнэлгээг тогтоож дүгнэлт гаргах шинжээчээр Х төв ХХК-ийг томилж, шинжээчийн дүгнэлтийг гаргаж ирүүлэхийг даалгасан.

 

8.1. Шинжээчээр томилогдсон Х төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Х тайлангаар галд өртсөн эд хөрөнгийн хохирлын үнэлгээг хөрөнгө тус бүрээр нь гаргаж ирүүлсэн бөгөөд тус тайлантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 76а тоотод байрлах жорлонг барьсан болон байшинг засварласан бодит зардлыг тогтоолгохоор Х төв ХХК-аар нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан.

 

8.2. Шүүхээс зохигчдын хүсэлтээр хохирлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчээр Х төв ХХК-ийг томилсон болон тус компанийн гаргасан хөрөнгийн үнэлгээг зохигчид эс зөвшөөрч маргаагүй, энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаагүй болно.

 

9. Нэхэмжлэгч Д.С нь галын улмаас өөрт учирсан хохирлын төлбөрт 4,965,093 төгрөгийг дараах байдлаар шаардсан. Үүнд: жорлонг барих зардал, ажлын хөлс нийт 444,000 төгрөгийг Х төв ХХК-ийн дүгнэлтээр, шатсан амбаар болон шинээр барих ажлын зардал 951,293 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, хашааны хаалга засах зардал болон ажлын хөлс 120,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, гутлын хайрцагын төлбөр 72,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, нүүр гарын угаалтуурын төлбөр 36,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, тогооны төлбөр 54,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан хөөсөнцөрийн төлбөр 256,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан хүрз, жоотууны төлбөр 40,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаарт хураасан байсан банз 651,200 төгрөгийг И ХХК-ийн үнэлгээгээр, шатсан диван 220,000 төгрөгийг Х төв ХХК-ийн үнэлгээгээр, шатаж хагарсан цонх, хаалга 180,000 төгрөгийг Х төв ХХК-ийн үнэлгээгээр, байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс 1,485,300 төгрөгийг Итгэлт эйстимэйт ХХК-ийн үнэлгээгээр, шатсан амбаар хураасан байсан модон шон 55,000 төгрөгийг Д ХХК-ийн үнэлгээгээр, үүдний тамбар засах зардал 210,000 төгрөгийг Х төв ХХК-ийн үнэлгээгээр, шатсан плиткийг үнэлүүлэх зардал 70,000 төгрөгийг Х төв ХХК-ийн үнэлгээгээр, И ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 180,000 төгрөг.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гал гарсны улмаас учирсан хохирлын үнэлгээг тогтоосон дүгнэлтүүдэд галд өртсөн хөрөнгүүд бүрэн тусгагдаагүй, зарим дүгнэлтэд зарим хөрөнгийн үнэлгээг гаргаагүй гэсэн үндэслэлээр галын хохиролтой холбоотой дүгнэлт гаргасан Х И ХХК, Д ХХК, Хөрөнгийн үэнлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд тодорхойлсноор шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

10. Хэрэгт 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагчийн гэм буруутай үйлдлээр гал гарсны улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон И ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хохирлын үнэлгээний тайлан, Д ХХК-аийн 2020 оны 07 дугаар сарын 10 болон 09 дүгээр сарын 22-ны өдрийн Х тайлан, Х төв ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30 болон 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х тайлан нотлох баримтаар авагдсан.

Хохирлын үнэлгээг хийсэн эдгээр компаниуд нь тавьсан асуултын хүрээнд хөрөнгийн үнэлгээг хийсэн байх бөгөөд тодруулбал, И ХХК нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу, Д ХХК нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс тавьсан асуултын дагуу, Хөрөнгийн үэнлгээний төв ХХК нь шүүхээс тавьсан асуултын дагуу дүгнэлт гаргасан байна.

 

Зохигчид эдгээр шинжээчийн дүгнэлт, үнэлгээний талаар шүүхэд ямар нэг шаардлага, хүсэлт гаргаагүй.

 

11.1. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг түүний нэхэмжлэлд дурдсан нэр төрөл тус бүрээр нь тодорхойлж, дор дурдсаннийт 3,190,793төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Үүнд:

- Нэхэмжлэгчийн шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь галд шатсан гутлын хайрцагны төлбөр 72,000 төгрөг, нүүр гарын угаалтуурын төлбөр 36,000 төгрөг, шатсан диван 220,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэснийг хариуцагч нь зөвшөөрч байх тул эдгээр төлбөрийг хариуцагчаас гаргуулах.

- нэхэмжлэгч нь галд шатсан жорлонг буулгаж, шинээр жорлон барьсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, Х төв ХХК-ийн үнэлгээгээр жорлон барих зардал болон ажлын хөлсийг нийт 220,500 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах.

- галд шатсан амбаарыг дахин бариагүй болох нь тогтоогдсон тул Д ХХК-ийн үнэлгээгээр шинээр барих зардал болон ажлын хөлсийг нийт 951,293 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах,

- галд шатсан хашааны хаалга засах зардалыг Х төв ХХК-ийн үнэлгээгээр дай мод 2 метр урттай, прусс мод 5 ширхэг солих шаардлагатай, хаалганы прусс модны үнэ 22,500 төгрөг, ажлын хөлс 10,000 төгрөг, нийт зардал 32,500 төгрөг тогтоосныг үндэслэн гаргуулах.

- галд шатсан гэх хоёр тогооны төлбөрт 54,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч эдгээр тогоо нь галд шатаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, Х төв ХХК-ийн дүгнэлтээр тогоо нь галд шатаагүй, утаа тортог болсон тул өнгөлөөд ашиглах боломжтой, өнгөлөх материалын зардалыг 10,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн гаргуулах.

- шатсан амбаарт хураасан байсан банзны тухайд Х төв ХХК-ийн дүгнэлтээр хуучин шалны, будагтай 4 метр урттай, 10 см өргөнтэй 20 ширхэг банзны үзүүр хэсэг нь галд хайрагдсан, бусдыг нь ашиглаж болно, 8 ширхэг хайрагдсан банзны төлбөрийг 32,000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах.

- шатсан амбаарт байсан хуучин модон рамтай цонх, хаалга нь галд өртөөгүй, шил нь хагарсныг засан сайжруулж шиллэх зардлыг Х төв ХХК-ийн дүгнэлтээр 180,000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах.

- байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс 1,485,300 гэж тодорхойлсноос хариуцагчийн байшинг засварлахад гарсан зардлыг Х төв ХХК-ийн дүгнэлтээр 324,100 төгрөг гэж тогтоосныг үндэслэн хасаж тооцон үлдэх 1,161,500 төгрөгийг гаргуулах.

- шатсан амбаарт байсан модон шонгийн төлбөрийг Д төв ХХК-ийн дүгнэлтээр 55,000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах,

- байшингийн үүдний тамбурыг шинээр барьсан боловч шинэ банзыг хатааж сэврээгээгүй нойтон банзаар барьснаас зай гарсан, тамбурын банз хоорондын зай завсарыг хөөсөөр чигжих шаардлагатай тул чигжих ажлын нийт зардалыг Х төв ХХК-ийн үнэлгээгээр 210,000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулах.

- гараж дотор байгаа хуучин лисьва плитканы төлбөрт 70,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Х төв ХХК-ийн дүгнэлтээр плитканы дээр унасан шатсан материалыг цэвэрлэж, өнгөлөөд ашиглах боломжтой тул өнгөлөх материалын зардалыг 10,000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн гаргуулах.

 

11.2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дараах хохирлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Үүнд:

- галд шатсан гэх хүрз, жоотуу нь галд шатаагүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон, мөн Х төв ХХК-ийн дүгнэлтээр галд шатаагүй, хэрэглэж болно гэж дүгнэсэн байх тул нэхэмжилсэн 40,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах үндэслэлгүй.

- Нэхэмжлэгч нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хийгдсэн Д ХХК-ийн үнэлгээнд дурдсан шатсан амбаарт хураалгатай байсан хөөсөнцөрийн төлбөрт 256,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч гал гарсны дараа нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн Итгэл эстимэйт ХХК-ийн үнэлгээнд хөөсөнцөрийн талаар дурдаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн шатсан амбаарт 256,000 төгрөгийн хөөсөнцөр байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

- Нэхэмжлэгч нь И ХХК-д үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн гэх 180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж, уг шаардлагатай холбогдуулан 185,000 төгрөг төлсөн баримтыг ирүүлсэн байх боловч тухайн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул 180,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

12.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн галд өртсөн хашаа, байшингийн үүдний хэсэг буюу тамбур, гараашийн дээврийг өөрөө материал гарган шинэ банзаар барьж хохирлыг барагдуулсан гэх тайлбарыг гарган, галд шатсан амбаарыг барихаар банз материалыг авсан байгаа, барьж өгөх боломжтой гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн гэх дээр дурдсан ажлын талаар маргаагүй бөгөөд эдгээр ажилтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

12.2. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь хохирлыг барагдуулахаар шаардлагатай материал авсан байгаа гэж тайлбарлаж байх боловч, нэхэмжлэгч хохирлоо түүний материалаар хийж гүйцэтгүүлэх шаардлага гаргаагүй, өөрт учирсан хохирлыг мөнгөөр барагдуулахаар шаардсан тул хариуцагчид байгаа гэх материалыг хохирлын төлбөрт тооцох боломжгүй.

 

13. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаа, байшин, тамбур, гаражийг нийт 6,209,000 төгрөгийн зардлыг өөрөөс гаргаж засварласан гэх тайлбарыг гарган барилгын материал худалдан авсан зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч тухайн баримтуудад дурдсан материалыг нэхэмжлэгчийн галд өртөж шатсан эд хөрөнгийг засварлахад зарцуулсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч нь өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй, түүний тайлбар татгалзал нь баримтаар тогтоогдоогүй.

 

14. Шүүх хуралдаанд томилогдсон Иргэдийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна, хариуцагч тал зарим нэг хэсгийг төлсөн тул шинжээчийн дүгнэлтийн дагуу зардлыг тооцоод зөрүүг нь төлөх ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримт болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцох нь зүйтэй.

 

15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Д.Д гээс нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохиролд 3,190,793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

16. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 98,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 66,002 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилсонтой холбоотой шинжээчийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан зохигчдоор төлүүлэх үндэслэлтэй. Шинжээчийн зардал нийт 600,000 /400,000+200,000/ төгрөг болсон тул нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс 300,000 төгрөгийг тус тус гаргуулж Х төв ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Д гээс 3,190,793 /гурван сая нэг зуун ерэн мянга долоон зуун ерэн гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,300 /нэг сая долоон зуун далан дөрвөн мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д гээс улсын тэмдэгтийн хураамжид 66,002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С , хариуцагч Д.Д нараас шинжээчийн ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг тус тус гаргуулж Х төв ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА

 

Б.МАНДАЛБАЯР