Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02103

 

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/02103

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03899 дугаар шийдвэртэй,

А-гийн нэхэмжлэлтэй Б-д холбогдох,

Гэм хорын төлбөрт 4,965,093 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гүрдорж, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б- 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хуучин хувцсаа шатааж байсан гялгар уут нь салхинд хийсэж, хайхрамжгүй, болгоомжгүйгээр гал алдсаны улмаас А-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх цээнийн *** хаягт байрлах зуслангийн дөрвөн тал хашааны дунд хэсгүүд, байшингийн баруун талын дээд хэсэг, тамбар, гараашны дээврийн хойд хэсэг, амбаар, түүн дотор байсан бүх эд зүйл галд шатаж, өмч хөрөнгөд хохирол учирсан. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад Б- нь болгоомжгүйгээр алдсан гэдгийг тогтоосон. Улмаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2002 дугаар тогтоолоор хохирлын хэмжээ 4,952,512 төгрөг болохыг тогтоож, уг хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг тогтооход гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргасан.

Иймд Итгэлт эстимэйт ХХК, Дамно ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтүүдийг үндэслэн жорлон барих зардал болон ажлын хөлс нийлээд 444,000 төгрөг, шатсан амбаар болон шинээр барих ажлын зардал нь 951,293 төгрөг, хашааны хаалга засах зардал болон ажлын хөлс 120,000 төгрөг, гутлын хайрцаг 72,000 төгрөг, нүүр гарын угаалтуур 36,000 төгрөг, тогоо 54,000 төгрөг, шатсан амбаарт хураасан байсан хөөсөнцөр 256,000 төгрөг, хүрз, жоотуу 40,000 төгрөг, банз 651,200 төгрөг, шатсан диван 220,000 төгрөг, цонх, хаалга 180,000 төгрөг, модон шон 55,000 төгрөг, байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс 1,485,600 төгрөг, үүдний тамбар засах зардал 210,000 төгрөг, Итгэлт эстэймэйт ХХК-ийн ажлын хөлс 180,000 төгрөг, шатсан плитканы өнгөлгөөний зардал 10,000 төгрөг, нийт 4,965,093 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч А-л хохирол учруулсан. Анх Б- нь А-тай хохирлыг барагдуулахаар тохиролцохдоо шатсан амбаар, тамбурыг шинээр барьж өгөх, байшин, гараашийг засварлаж өгөхөөр тохиролцож барилгын материалуудаа авсан. А-гийн сэтгэл санаанд нийцүүлж хамт байж байгаад тамбур барьж, гарааш, байшинд засвар хийсэн, амбаараа бариулахгүй гээд барилгын материалыг нь авна гэсэн. Тохиролцооны дагуу барилгын материалыг хүлээлгэн өгөх гэсэн боловч авахгүй хойшлуулсаар байгаад бараа материал бороонд норсон. Гэтэл А- нь материалаа голоод аваагүй. Авсан материал нь бэлэн байгаа бөгөөд тохиролцооны дагуу хүлээлгэж өгнө.

Би жорлонг нь барьж өгч чадаагүй тул үнэлгээний дүнгээр гарсан зардлыг төлнө. Мөн гутлын хайрцаг 54,000 төгрөг, нүүр гарын угаагуур 36,000 төгрөг, диван 220,000 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Тогоо 54,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч шинэчлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан. Хашааны хаалга засах зардал, ажлын хөлс 120,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шатсан амбаарт хураалгаатай байсан хөөсөнцөр 256,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гал командынхан ирэхэд А- амбаарт байгаа хөөсөнцөрөө 4 ширхэг гэж хэлж байсан, дараа нь 4 боодол болсон. Шатсан амбаарт байсан хүрз, жоотуу шатаагүй байсан учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Шатсан амбаарт хураалгаатай байсан банз 651,200 төгрөгийн хувьд тухайн банз дээр үеийн оросын орон сууцны ховилтой банз байсан, дээд хэсгийнх нь хэдхэн банз шатаад бусад нь бүгд шатаагүй байсан учраас шатаагүй банзыг А- хүү, охинтойгоо хамжилцаад гарааш руугаа хийсэн. Шатаж, хагарсан модон цонх хаалга 180,000 төгрөг гэдэг бол худал, шатаж, хагарсан зүйл байхгүй, дандаа орос модон араамтай, шилтэй байсныг хураасан байсан, тэрнээс шатаж, хагарсан зүйл байхгүй, гал унтраах үед хаалганы шил хагарсан, үүнийг намайг шинэчлээд аваад өг гэсний дагуу би зөвшөөрсөн.

Байшингийн шатсан хэсгийн засварын зардал, ажлын хөлс 1,485,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь байшинд огт гал ороогүй, гэхдээ утаа болсон, би хүний юмыг утаа болгосон юм чинь гээд дээврийг нь хуулж байгаад 4 эгнээ банзыг нь солиод бүгдийг нь янзалж хадаад хар цаас тавиад дахиад төмөрлөөд өгсөн. Шатсан амбаарт хураалгаатай байсан модон шон 55,000 төгрөгийн хувьд ямар ч шон байгаагүй, ямар ч үндэслэлгүй зүйл нэхэмжилж байна, банз шатаагүй юм чинь бүдүүн шон шатах ямар ч боломжгүй, амбаарт байсан банзны дээд хэсэг шатсан, доод талыг нь бүгдийг нь А- аваад хураасан. Үүдний тамбур засах зардал 210,000 төгрөгийн хувьд тамбурыг банзаар шинэчилж доторлоод дээвэрлээд өгсөн боловч А- паркетаар дээвэрлүүлээгүй, шалыг нь зузаан панераар шаллаад өгье гэхэд шаллуулахгүй гээд бүгдийг нь амбаартаа хураачихсан. Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 180,000 төгрөгийн хувьд үнэлгээг хоёр талаасаа хийх ёстой гэж үзсэн, өөрсдөө танилынхаа үнэлгээгээр үнэлүүлсэн, надад огт хэлээгүй, намайг байлцуулаагүй үнэлүүлсэн байсан. Шатсан лисьва плитканы өнгөлгөөний зардал 10,000 төгрөг нь үнэлгээний хүмүүс очоод энэ нь огт шатаагүй байна, та зүгээр өнгөлөөд өгчих гэхэд нь тэгье гээд зөвшөөрсөн. Б- тодорхой хэмжээнд төлбөрийг барагдуулсан, гэхдээ төлбөр барагдуулснаас хойших зүйлүүдийг нэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага үндэслэлтэй байна, хариуцагч тал зарим нэг хэсгийг төлсөн гэж байна. Шинжээчийн дүгнэлтийн дагуу зардлыг тооцоод зөрүүг нь төлөх ёстой.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-гээс 3,190,793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид 66,002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-, хариуцагч Б- нараас шинжээчийн ажлын хөлсөнд 300,000 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

5.1 Анхан шатны шүүх галд шатсан амбаарыг дахин бариагүй болох нь тогтоогдсон тул Дамно ХХК-ийн үнэлгээгээр шинээр барих зардал болон ажлын хөлсийг нийт 951,293 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, амбаарыг засварлаж өгөхөөр бид харилцан тохиролцоод, орох материалыг худалдаж авсан байсан бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг хавтаст хэрэгт өгсөн. Дараа нь Б.Сарантуяа нь амбаараа бариулахгүй материалыг нь тооцож авна гэсэн. Иймээс бидний тохиролцооныхоо дагуу Б.Сарантуяаг материалаа хүлээж ав гэсэн шаардлага тавихад Б.Сарантуяа нь хүү, охин хоёрынхоо хамт хүлээж авна гэж хойшлуулж, хүлээлгэсээр байгаад бороонд норсон. Гэтэл Б.Сарантуяа нь материалаа голоод аваагүй. Авсан материал бэлэн байгаа бөгөөд тохиролцооныхоо дагуу Б.Сарантуяад хүлээлгэж өгнө. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр материал нь шинэ тул шаардлага хангана гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн хэлсний дагуу материалыг нь худалдаж авсан учраас өгнө. Материалын нийт баримттай дүн 4,739,500 төгрөг болсон боловч 951,293 төгрөгтэй дүйцэх материалуудыг нь өгнө.

5.2 Мөн байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс 1,485,600 гэж тодорхойлсноос хариуцагчийн байшинг засварлахад гарсан зардлыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр 324,100 төгрөг гэж тогтоосныг үндэслэн хасаж тооцон үлдэх 1,161,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь байшин шатаагүй бүрэн бүтэн байгаа. Утаа болсон банзнуудыг шинээр сольж засварласан. Нэхэмжлэгч нь 1,485,300 төгрөгийг байшингийн шатсан хэсгийн засварын зардал болон ажлын хөлс нь Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр гэж бичсэн байна. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр байшинд одоо байгаа палкан хананы дээд шатсан 4 үеийг солих, шувуу нурууны баруун талын дай мод /банз/-г солих, урд шанааг сольж, шинэ банз хийх гэж дүгнэсэн байна. Уг ажлыг шинэ банзаар бүрэн хийж гүйцэтгэж дууссан. Энэ нь сүүлд үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байгаа ба уг дүгнэлтээр 324,100 төгрөгийн материал, ажлын хөлсөөр хохирол буюу нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан.

5.3 Шүүх шатсан амбаарт байсан модон шонгийн төлбөрийг Дамно ХХК-ийн дүгнэлтээр 55,000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шон огт шатаагүй. Учир нь амбаарт байсан шатаагүй банз болон 4-5 ширхэг шонг нэхэмжлэгч өөрөө хурааж авахад нь хариуцагч би болон манай нөхөр, хүү хамт хураалцаж өгсөн учир маш сайн мэдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,167,793 төгрөгийг хасаж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1 Нэхэмжлэгчийн шаардсан 951,293 төгрөг нь Б-гийн болгоомжгүй үйлдлийн улмаас галд бүрэн шатаж, алга болсон үүдний тамбуртай залгаа байсан амбаарын хохирлын үнэлгээ юм. Гэтэл хариуцагч нь давж заалдах гомдолдоо шинээр баригдсан үүдний тамбурын талаарх Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлтийг хамаатуулж худал тайлбар гаргасан. Нэхэмжлэгч нь хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан байхад материалаар хийж гүйцэтгэнэ гэж тайлбарласан нь үндэслэлгүй.

6.2 Байшингийн шатсан хэсгийн засварын зардал 1,485,400 төгрөг болохыг Итгэлт эстэймэйт ХХК дүгнэсэн. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь байшингийн зарим хэсэгт шатсан учраас засварласан гэж тайлбар өгсний улмаас шүүхээс шинжээч томилсон. Тухайн шинжээчийн дүгнэлтээр Б- нь 324,100 төгрөгөөр байшинд засвар хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд байшинг шатаагүй гэх дүгнэлт гараагүй.

6.3 Дамно ХХК-ийн дүгнэлт нь хураалгатай байсан 11 ширхэг модон шон шатсаныг тогтоогоод хохирлыг 55,000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагч нь модон шон огт шатаагүй гэж тайлбарласан. Хариуцагч нь шүүхэд модон шон шатаагүй талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан гэм хорын хохирлын төлбөрт 4,965,093 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Б-гийн болгоомжгүй үйлдлийн улмаас гал түймэр гарч, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний *** тоот хаягт байрлах нэхэмжлэгч А-гийн хашаа байшин, амбаар, үүдний тамбар, жорлон зэрэг эд зүйл шатсан үйл баримт нь зохигчийн тайлбар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 293/837 тоот дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2802 дугаартай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б- нь бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1 Шүүх Итгэлт эстимэйт ХХК, Дамно ХХК, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК зэрэг үнэлгээний байгууллагуудын гаргасан шатсан эд зүйл, түүнийг засварлахад гарах зардал, хийгдсэн ажлын хэмжээний талаарх үнэлгээний тайланг гэм хор учирсан нөхцөл байдал, талуудын мэтгэлцээний байр суурьтай харьцуулан дүгнэж шатсан плитканы өнгөлгөө 10,000 төгрөг, диван 220,000 төгрөг, гутлын хайрцаг 72,000 төгрөг, нүүр гарын угаалтуур 36,000 төгрөг, жорлон барих зардал болон ажлын хөлс 220,500 төгрөг, хашааны хаалга засах зардлыг 32,500 төгрөг, шатсан тогоо өнгөлөх зардлыг 10,000 төгрөг, шатсан амбаарт хураасан байсан банзны төлбөрийг 32,000 төгрөг, амбаарт байсан цонх, хаалганы төлбөрт 180,000 төгрөг, үүдний тамбурыг засах зардлыг 210,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,774,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

4. Юм агуулах, хадгалах жижиг байшин /амбаар/ шинээр барих зардал, ажлын хөлс 951,293 төгрөг, байшингийн шатсан хэсгийн засварын зардал, ажлын хөлс 1,161,500 төгрөг, шатсан модон шонгийн үнэ 55,000 төгрөг, нийт 2,167,793 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч хариуцагч гомдол гаргажээ.

 

4.1 Нэхэмжлэгчийн юм агуулах, хадгалах жижиг байшин /амбаар/ галд шатаж устсан үйл баримт тогтоогдсон, хохирлыг засварлахад шаардагдах материалаар төлж барагдуулах асуудалд зохигч харилцан тохиролцож чадаагүй байна.

Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлэгээний тайлангууд, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн юм агуулах, хадгалах жижиг байшинг /амбаар/ шинээр барих зардал, ажлын хөлс 951,293 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв болжээ.

 

4.2 Шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, үнэлгээг хуульд зааснаар үнэлж хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн 55,000 төгрөгийн үнэ бүхий модон шон шатсан гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байх тул гал түймрийн улмаас нэхэмжлэгчийн модон шон шатаж хохирол учраагүй гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

4.3 Итгэлт эстимэйт ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн байшинд учирсан хохирлын хэмжээг 1,344,800 төгрөгөөр үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны үнэлгээгээр байшинд учирсан 324,100 төгрөгийн хохирлыг хариуцагч засварлаж барагдуулсан болохыг тогтоосон байна. Шүүхийн зүгээс учирсан хохирлын хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдлыг харьцуулан дүгнэж байшингийн шатсан хэсгийн засварын зардал, ажлын хөлснөөс үлдэх хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд шүүх юм агуулах, хадгалах жижиг байшин /амбаар/ шинээр барих зардал, ажлын хөлс, байшингийн шатсан хэсгийн засварын зардал, ажлын хөлс, шатсан модон шонгийн үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлнэ гэх зохицуулалтад нийцжээ.

 

4.4 Харин нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байшингийн шатсан хэсгийн засварын зардал 896,800 төгрөг, ажлын хөлс 448,000 төгрөг, нийт 1,485,600 төгрөг гэж тодорхойлсон нь тооцооллын алдаатай байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тодруулбал, Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр байшингийн шатсан хэсгийн засварын зардлыг 896,800 төгрөг, ажлын хөлсийг 448,000 төгрөг, нийт 1,344,800 төгрөг гэж тодорхойлсон байхад нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 1,485,600 төгрөг /896,800+448,000+140,800/ гэж үндэслэлгүйгээр 140,800 төгрөгийг илүү бичиж нэхэмжилсэн нь тооцооллын алдаатай болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 3,190,793 төгрөгөөс дээрх 140,800 төгрөгийг хасч, хариуцагчаас 3,049,993 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,915,100 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагч зарим хэсгийг нь төлсөн тул шинжээчийн дүгнэлтийн дагуу зардлыг тооцож, зөрүүг нь төлөх ёстой... гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

6. Шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй, мөн нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардлыг зохигчдод нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд хуваарилаагүй нь хуульд нийцээгүйг тус тус залруулна.

 

7. Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/03899 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 3,190,793 / гурван сая нэг зуун ерэн мянга долоон зуун ерэн гурван гэснийг 3,049,993 гэж, 1,774,300 /нэг сая долоон зуун далан дөрвөн мянга гурван зуун/ гэснийг 1,915,100 гэж,

2 дахь заалтын 57 дугаар зүйлийн 57.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.2 гэж, 66,002 гэснийг 63,750 гэж тус тус өөрчлөн,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч А-гаас 231,600 төгрөгийг, хариуцагч Б-гээс 368,400 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,634 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ