Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 131/шш2022/00707

 

2022 оны 11 сарын 10 өдөр Дугаар 131/ШШ2022/00707 Баянхонгор аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар баг 1******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 16030443/09 тогтоолын дагуу төлбөр төлөгч аас хураагдсан ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг 2020 оны 01 сарын 21-ний өдөр аймгийн ШШГГ-ын албаны гаднаас хүлээн авмагц, надаас худалдан авахаар урьдчилан тохирсон Б. нь 2 хүний хамт асааж аваад явсан. Б. надтай тохирохдоо ковшийн үнэ болох 33.900.000 төгрөгийг тун удахгүй өгнө, харин та улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хөөцөлдөөд аваад өгөөрэй гэсэн. Би энэ хүсэлтийг нь ёсчлон биелүүлсэн. Энэ хугацаанд Б. ковшийг Баянхонгор сумын 9 дүгээр багийн төвийн барилга болон Баянбулаг сумын сургуулийн дотуур байрны барилга дээр тус тус ашиглаж байгаад 2021 оны 10 сарын 15-ны үед тус сумын төвд айлын хашаанд оруулж тавьсан байдаг. Би Б.аас ковшийн үнийг удаа дараа нэхэж 2020 оны 06 сарын 26-нд 10.0 сая төгрөгийг дансаар авсан. Үлдэгдэл үнийг олон удаа нэхээд өгөөгүй. 2021 оны 11 сард би ковшийг авахаа болилоо, та ковшоо буцааж ав гэсэн. Би за тэгье, бүрэн бүтнээр нь хүлээлгээд өг гэхээр одоо энд байхгүй Баянбулаг суманд барилга барихад ашиглаж байгаад орхисон. Удахгүй авчирч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2022 оны 08 сарын 12-ны өдөр Баянбулаг сумаас таны ковшний моторыг хулгайлж аваад явсан байна гэсний дагуу Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулахад Б.ын хамаатан болох А.Батсайхан гэгч тус суманд крантай очиж засварлана гэсэн нэрийдлээр моторыг нь аймгийн төвд авчирч, айлын хашаанд тавьсан болох нь тогтоогдсон. Ковшийг авчирч өгөөгүй атлаа хэвийн ажиллаж байсан. 2019 онд бүрэн ээлж хийсэн моторыг аймгийн төвд авчирсан нь надад Нэгдүгээрт чанарыг нь муутгаж сольсон байна гэсэн хардлага төрүүлж байна. Хоёрдугаарт 2.8 жилийн хугацаанд ашиглалтын улмаас ковшийн техникийн нөхцөл чанарын шаардлага хангахгүй болж, шинжээчийн тогтоосон үнэдлгээнд хүрэхгүй болсон..гэж үзлээ. Иймд Б.аас ковш худалдах худалдан авах амаар байгуулсан гэрээний гүйцэтгэлд буюу үлдэгдэл 23.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү..гэжээ. 2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.******* нь шүүхийн шийдвэрийн дагуу гэж хүнээс төлбөр авах ёстой байсан. Ингээд нь уг төлбөрт тооцуулан ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 48.000.000 төгрөгийн үнэлгээгээр хураалгасан байдаг. Ингээд уг үнээр дуудлага худалдаа зохион байгуулсан ч худалдан авах хүн гараагүй тул үнийг буулган 33.900.000 төгрөгт тооцон Ч.*******т хүлээлгэн өгсөн байна. Улмаар Ч.******* нь уг техникийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүлээн авсан өдрөө буюу 2020 оны 01 сарын 21-ний өдөр Б.т уг үнээр худалдан борлуулахаар тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хашаанд уг эд хөрөнгийг хүлээлцэн, асааж ажиллуулаад Б.т хүлээлгэн өгсөн байна. Энэ үед Б. нь уг ковшийг өөрөө нүд үзэн шалгаж авсан байна. Худалдан борлуулахаар тохиролцсон үнийн хувьд 26.000.000 төгрөгөөр тохирсон зүйл байхгүй, ШШГГ-ын тогтоол, үнэлгээ зэргээр энэ эд хөрөнгө нь 33.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Б. нь ковшийг хүлээн аваад барилгын ажил хийхдээ ашиглаж байсныг нотлох гэрч байгаа, өөрсдөө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн.

Тэгээд сүүлд 2 жил гаран ашигласныг дараа эд хөрөнгийн доголдолтой байсан гэж маргаж, гэрээнээс татгалзана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Техникийн бичиг баримтын хувьд анх худалдахад бичиг баримтгүй байсныг Б.тай тохиролцсоны дагуу Ч.******* нь 2020 оны 04 сард бүрдүүлж өгсөн байгаа. Иймд Б.аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулж өгнө үү..гэв.

3.Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа; Ч.******* нь 2020 оны 01 сард манай эхнэр руу өөрөө ярьж хямдхан үнэтэй ковш худалдан авахыг санал болгосон байсан. Энэ тухай надад хэлээд бид ковшийг очиж үзээд хямдхан байгаа тул авахаар шийдээд шүүхийн шийдвэрийн хашаан дотороос гал түлж асаан аж ахуйн хашаанд аваачиж тавьсан. Энэ үед Ч.*******тэй ковшийн үнийг 26 сая төгрөг байхаар тохирон аман гэрээ хийж бичиг баримыг нь ******* өөрөө олж өгнө гэж тохиролцсон. Дараа нь 3 сард бичиг баримт нь 1 сая төгрөг болсон. Нийт 27 сая төгрөг гэхээр нь тийм юм байхгүй та бичиг баримтыг нь бүрдүүлэх ёстой гэсэн. Улмаар 2020 оны 06 сард ковшийн үнэнээс 10 сая төгрөгийг дансанд нь шилжүүлээд үлдэгдэл 16 сая төгрөг үлдсэн. 2020 оны 07 сард барилгын ажил эхэлж ковш асааж ажил хийх гэсэн боловч асахгүй байхаар нь засварчин Анхбаяраар оношлуулан моторт нь бүрэн ээлж 5 сая төгрөгөөр засвар хийлгэсэн. Энэ тухай тэр үед нь *******т хэлж байсан. Засвар хийлгээд 2 хоног ажиллуулаад аж ахуйн хашаанд тавьсан. Үүнээс хойш ажил хийх гээд ажиллуулах бүрт байнга эвдрэл гарч 6 порсунк, астачер, гүзээ диск, турбо, тормосны аппарат гэх мэтийг бүгдийг шинэчлэн засварлаж байсан. 2021 оны 07 сард Баянбулаг сумын барилга дээр ажиллуулж байгаад 10 сард барилгын ажил зогсож ажиллаж байсан тогооч Бат Ирээдүйн хашаанд оруулж тавиад орхисон. Би *******тэй удаа дараалан ярилцаад ковшийг нь буцаан өгөхөөр тохиролцсон. Хоёр жил түрээслэсэн гээд бодчих 10 сая төгрөгөө буцаан авахгүй байх , бас эвдрэл гарах бүрт шинэ сэлбэг авч тавьж байсан гэж хэлсэн. Ингээд ковшийг буцаан өгөхөөр болоод 2022 оны 04 сард ажил эхлэхээр материал ачсан том машинд ачуулахаар ярилцаж тохиролцсон. 2022 оны 06 сард ковшийг ачиж явуулахаар машин явуулсан боловч асааж чадаагүй учраас дахин засварчин авч очиж оношлуулаад аймагт очиж засварлуулахаар моторыг нь ачиж ирсэн. Одоо засварт кольц солих, поршингийн кольц борзон тульк, ком жийрэг солихоор шинээр сэлбэгийг нь авсан байгаа. *******ийн хэлж нэхэмжилж байгаа шиг бидэнд сольж муутгах шаардлага байхгүй..гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.ын эхнэр нь юм. Анх энэ ковшийг худалдан авах саналыг Ч.******* надад тавьсан. Манайх барилгын ажил хийдэг тул техник хэрэгсэл хэрэгтэй байдаг, энэ утгаараа би уг саналыг нөхөр Б.т хэлж үзэхээр болсон. Ингээд Баянхонгор аймгийн ШШГГ-аас эд хөрөнгийн төлбөрт хураагдсан үнэлгээ хямд байсан тул үзэж шалгаад 26.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед 2020 оны 01 сар өвлийн улирал байсан тул барилгын ажил зогссон, дулаарахаар ажилд гаргана гэж бодоод аж ахуйн хашаанд байршуулсан. Тэгээд 2020 оны 07 сард барилгын ажил эхлэж, ажиллуулах гэтэл асахгүй байсан. Ингээд засварчинд үзүүлж оношлуулахад мотор нь эвдэрсэн байсан тул 5 сая орчим төгрөгөөр засвар хийсэн. Энэ тухай Ч.*******т хэлж байсан. Дараа жил нь Баянбулаг сумруу ачуулж тэнд барилгын ажил хийж байгаад айлын хашаанд үлдээсэн байсан. Энэ хугацаанд бас мотор нь эвдэрсэн тул Ч.*******т хэлж гэрээгээ буцаая, урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгөө 2 жил ашигласны түрээс гэж тооцоод ковшоо буцааж өгье гэхэд Ч.******* зөвшөөрсөн. Ингээд Баянбулаг сумаас ачуулж ирэх унаа болохгүй байсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд манай нөхөр Б. нь барилга дээрээс осолдож гэмтэн хэвтрийн байдалтай болсон. Түүний эмчилгээнд маш их мөнгө төгрөг зарцуулсан. Бидний барилгын ажил ч зогссон, одоо бид идэх хоолгүй шахуу л байна. Иймд 23.900.000 төгрөгийг төлөх боломжгүй, энэ ковшийг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Тухайн үед ковшийг 26 сая төгрөг гэсэн тул бид хямдхан юм байна гээд л авсан. 33900.000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг ковшийн мотор эвдрээд ээлж хийсэн, засвар хийсэн хүмүүс гэрч байгаа. Мотор эвдрэлтэй гэдгийг худалдан авах үед мэдээгүй, өвөл байсан тул ажиллуулахгүй шалгах боломж байгаагүй юм..гэв.

Шүүх хуралдаанаар Ч.*******ийн иргэний үнэмжлэхний хуулбар, Баянхонгор аймаг дахь ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 сарын 21-ний өдрийн тэмдэглэл, худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 16030443/09 дугаар тогтоол, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 1/51 дугаартай албан бичиг, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 538 дугаар дүгнэлт, Ч.*******ийн 5249062559 дугаартай ХААН банкны дансны хуулга, УБ улсын дугаартай авто ачигч механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Баянхонгор аймгийн ын газрын 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 551 дугаар тогтоол, гэрч гийн мэдүүлэг, зохигчдын тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.т холбогдуулан УБ улсын дугаартай авто ачигч механизм /ковш/ худалдан борлуулсны төлбөр 23.900.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ. 1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1. Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 16030443/09 тогтоолын дагуу төлбөр төлөгч ы төлбөрт хураагдан төлбөр авагч миний биед олгогдсон ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг 2020 оны 01 сарын 21-ний өдөр Б.т 33.900.000 төгрөгөөр худалдан борлуулсан, төлбөрийн зарим хэсэг 10.000.000 төгрөгийг Б. нь 2020 оны 06 сарын 26-ны өдөр надад өгсөн, үлдэгдэл 23.900.000 төгрөгийг өгөхгүй байх тул гаргуулна..гэжээ.

3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зохигчдын дунд 2020 оны 01 сарын 21-ний өдөр худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй, улсын дугаар аваагүй, ковш тракторыг 26.00.000 төгрөгөөр худалдан авахаар хүлээн авсан. Төлбөрийн урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2020 оны 06 сарын 26-ны өдөр Ч.*******т хүлээлгэн өгсөн. Гэвч худалдан авсан ковш трактор нь эд хөрөнгийн доголдолтой мотор нь эвдэрсэн, моторыг нь бүрэн сольж засвар хийх зэргээр маш их зардал гарсан тул гэрээнээсээ татгалзаж, эд хөрөнгөө буцаан өгөхөөр тохирсон байсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 09-ний өдрийн 131/ШШ2016/00396 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Ч.*******ийн хохирлыг барагдуулах зорилгоор төлбөр төлөгч аас хураагдсан ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг 33.900.000 төгрөгийн төлбөрт тооцон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 01 сарын 20-ны өдөр 16030443/09 дугаар Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоол үйлдэн Ч.*******д хүлээлгэн өгсөн байна. 4.2. Улмаар нэхэмжлэгч Ч.******* нь 2020 оны 01 сарын 21-ний өдөр Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс хүлээн авсан ZL50E маркийн ковш тракторыг хариуцагч Б.т худалдан борлуулахаар тохиролцон 33.900.000 төгрөгийг дараа төлөх нөхцөлтэйгээр хүлээлгэн өгсөн болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

4.3. Хариуцагч талаас худалдах худалдан авах гэрээний зүйл болох ZL50E маркийн ковш тракторыг хүлээн авч 2020 оны 06 сарын 26-ны өдөр төлбөрийн урьдчилгаа 10.000.000 төгрөгийг Ч.*******т төлж, тракторыг 2 жил ашиглаж байснаа хүлээн зөвшөөрч байгаа ч нэхэмжлэлийн үнэ дээр маргаантай, эд хөрөнгийг анх 26.000.000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан, ZL50E маркийн ковш трактор нь худалдан авах үед эд хөрөнгийн доголдолтой буюу мотор нь ажиллагаагүй, эвдрэлтэй байсан тул гэрээнээс татгалзахаар худалдагч талтай тохирсны дагуу эд хөрөнгийг буцаан өгнө, 23.900.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргажээ.

5. Гэвч хариуцагч тал нь ZL50E маркийн ковш тракторыг 2020 оны 01 сард биечлэн шалгаж, хүлээн авсан, 2022 оны 08 сар хүртэл Баянхонгор, Баянбулаг сумдад барилгын ажилд ашиглаж байсан. Тухайн үед дээрх техник нь эвдрэл гэмтэл, эд хөрөнгийн доголдолтой байсан тухай гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь тодорхойгүй, энэ байдлаа нотлоогүй байна.

5.1. Түүнчлэн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 538 дугаар дүгнэлтээр ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгөтэй, 2008 онд МУ-д орж ирсэн, улсын дугаар аваагүй, одоогоор чанар байдал сайн, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш трактор нь зах зээлийн үнэлгээ 48.000.000 төгрөг гэж үнэлэгдсэн бол Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс 2020 оны 01 сарын 20-ны өдөр 16030443/09 дугаар Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай тогтоолоор дээрх эд хөрөнгийг 33.900.000 төгрөгөөр үнэлэн төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

5.2. Мөн Баянхонгор аймгийн ын газрын 2022 оны 09 сарын 12-ны өдрийн 551 дугаар тогтоолоор ..иргэн Ч.*******ээс 2022 оны 08 сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан... 2022 оны 08 сарын 12-ны өдөр Баянбулаг сумаас миний ковшийн моторыг хулгайлж авсан.. байна гэх гомдол мэдээллийг шалгасан материалд хохирогч Ч.*******, гэрч /Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ нар нь маргаан бүхий ковш тракторын үнийг 33900000 төгрөгөөр тооцон, худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн тухай тайлбар, мэдүүлэг өгсөн болох нь тогтоолд тусгагджээ.

6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, худалдагч талаас худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсан, гомдлын шаардлага гаргах хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй зэргээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн байх тул хариуцагч Б. нь худалдан авсан эд хөрөнгийн үнэ 23.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******т төлөх үндэслэлтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ..57 дугаар зүйлийн 57.1Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно..гэснээр нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 272450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 272450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгов.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272450 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 272450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ч.БАЯРЦЭНГЭЛ