Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 213/МА2023/00003

 

*******ийн нэхэмжлэлтэй *******т

 холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/00707 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 16030443/09 тогтоолын дагуу төлбөр төлөгч *******аас хураагдсан ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг 2020 оны 01 сарын 21-ний өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны гаднаас хүлээн авмагц, надаас худалдан авахаар урьдчилан тохирсон ******* нь 2 хүний хамт асааж аваад явсан. ******* надтай тохирохдоо ковшийн үнэ болох 33.900.000 төгрөгийг тун удахгүй өгнө, харин та улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хөөцөлдөөд аваад өгөөрэй гэсэн. Би энэ хүсэлтийг нь ёсчлон биелүүлсэн. Энэ хугацаанд ******* ковшийг Баянхонгор сумын 9 дүгээр багийн төвийн барилга болон Баянбулаг сумын сургуулийн дотуур байрны барилга дээр тус тус ашиглаж байгаад 2021 оны 10 сарын 15-ны үед тус сумын төвд айлын хашаанд оруулж тавьсан байдаг. Би *******аас ковшийн үнийг удаа дараа нэхэж 2020 оны 06 сарын 26-нд 10.0 сая төгрөгийг дансаар авсан. Үлдэгдэл үнийг олон удаа нэхээд өгөөгүй. 2021 оны 11 сард би ковшийг авахаа болилоо, та ковшоо буцааж ав гэсэн. Би за тэгье, бүрэн бүтнээр нь хүлээлгээд өг гэхээр одоо энд байхгүй Баянбулаг суманд барилга барихад ашиглаж байгаад орхисон. Удахгүй авчирч өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2022 оны 08 сарын 12-ны өдөр Баянбулаг сумаас таны ковшийн моторыг хулгайлж аваад явсан байна гэсний дагуу Цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулахад *******ын хамаатан болох ******* гэгч тус суманд крантай очиж засварлана гэсэн нэрийдлээр моторыг нь аймгийн төвд авчирч, айлын хашаанд тавьсан болох нь тогтоогдсон. Ковшийг авчирч өгөөгүй атлаа хэвийн ажиллаж байсан. 2019 онд бүрэн ээлж хийсэн моторыг аймгийн төвд авчирсан нь надад Нэгдүгээрт чанарыг нь муутгаж сольсон байна гэсэн хардлага төрүүлж байна. Хоёрдугаарт 2.8 жилийн хугацаанд ашиглалтын улмаас ковшийн техникийн нөхцөл чанарын шаардлага хангахгүй болж, шинжээчийн тогтоосон үнэлгээнд хүрэхгүй болсон..гэж үзлээ. Иймд *******аас ковш худалдах худалдан авах амаар байгуулсан гэрээний гүйцэтгэлд буюу үлдэгдэл 23.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь шүүхийн шийдвэрийн дагуу ******* гэж хүнээс төлбөр авах ёстой байсан. Ингээд ******* нь уг төлбөрт тооцуулан ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн, улсын дугаар аваагүй, 2019 онд бүрэн ээлж хийсэн ковш тракторыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 48.000.000 төгрөгийн үнэлгээгээр хураалгасан байдаг. Ингээд уг үнээр дуудлага худалдаа зохион байгуулсан ч худалдан авах хүн гараагүй тул үнийг буулган 33.900.000 төгрөгт тооцон *******ид хүлээлгэн өгсөн байна. Улмаар ******* нь уг техникийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүлээн авсан өдрөө буюу 2020 оны 01 сарын 21-ний өдөр *******т уг үнээр худалдан борлуулахаар тохиролцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хашаанд уг эд хөрөнгийг хүлээлцэн, асааж ажиллуулаад *******т хүлээлгэн өгсөн байна. Энэ үед ******* нь уг ковшийг өөрөө нүд үзэн шалгаж авсан байна. Худалдан борлуулахаар тохиролцсон үнийн хувьд 26.000.000 төгрөгөөр тохирсон зүйл байхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны н тогтоол, үнэлгээ зэргээр энэ эд хөрөнгө нь 33.900.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. ******* нь ковшийг хүлээн аваад барилгын ажил хийхдээ ашиглаж байсныг нотлох гэрч байгаа, өөрсдөө ч энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн.

Тэгээд сүүлд 2 жил гаран ашигласныг дараа эд хөрөнгийн доголдолтой байсан гэж маргаж, гэрээнээс татгалзана гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Техникийн бичиг баримтын хувьд анх худалдахад бичиг баримтгүй байсныг *******тай тохиролцсоны дагуу ******* нь 2020 оны 04 сард бүрдүүлж өгсөн байгаа. Иймд *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулж өгнө үү..гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* нь 2020 оны 01 сард манай эхнэр ******* руу өөрөө ярьж хямдхан үнэтэй ковш худалдан авахыг санал болгосон байсан. Энэ тухай надад хэлээд бид ковшийг очиж үзээд хямдхан байгаа тул авахаар шийдээд шүүхийн шийдвэрийн хашаан дотроос гал түлж асаан аж ахуйн хашаанд аваачиж тавьсан. Энэ үед *******тэй ковшийн үнийг 26 сая төгрөг байхаар тохирон аман гэрээ хийж бичиг баримыг нь ******* өөрөө олж өгнө гэж тохиролцсон. Дараа нь 3 сард бичиг баримт нь 1 сая төгрөг болсон. Нийт 27 сая төгрөг гэхээр нь тийм юм байхгүй та бичиг баримтыг нь бүрдүүлэх ёстой гэсэн. Улмаар 2020 оны 06 сард ковшийн үнэнээс 10 сая төгрөгийг дансанд нь шилжүүлээд үлдэгдэл 16 сая төгрөг үлдсэн. 2020 оны 07 сард барилгын ажил эхэлж ковш асааж ажил хийх гэсэн боловч асахгүй байхаар нь засварчин *******аар оношлуулан моторт нь бүрэн ээлж 5 сая төгрөгөөр засвар хийлгэсэн. Энэ тухай тэр үед нь *******ид хэлж байсан. Засвар хийлгээд 2 хоног ажиллуулаад аж ахуйн хашаанд тавьсан. Үүнээс хойш ажил хийх гээд ажиллуулах бүрт байнга эвдрэл гарч 6 порсунк, астачер, гүзээ диск, турбо, тормосны аппарат гэх мэтийг бүгдийг шинэчлэн засварлаж байсан. 2021 оны 07 сард Баянбулаг сумын барилга дээр ажиллуулж байгаад 10 сард барилгын ажил зогсож ажиллаж байсан тогооч *******н хашаанд оруулж тавиад орхисон. Би *******тэй удаа дараалан ярилцаад ковшийг нь буцаан өгөхөөр тохиролцсон. Хоёр жил түрээсэлсэн гээд бодчих 10 сая төгрөгөө буцаан авахгүй байх , бас эвдрэл гарах бүрт шинэ сэлбэг авч тавьж байсан гэж хэлсэн. Ингээд ковшийг буцаан өгөхөөр болоод 2022 оны 04 сард ажил эхлэхээр материал ачсан том машинд ачуулахаар ярилцаж тохиролцсон. 2022 оны 06 сард ковшийг ачиж явуулахаар машин явуулсан боловч асааж чадаагүй учраас дахин засварчин авч очиж оношлуулаад аймагт очиж засварлуулахаар моторыг нь ачиж ирсэн. Одоо засварт кольц солих, поршингийн кольц борзон тульк, ком жийрэг солихоор шинээр сэлбэгийг нь авсан байгаа. *******ийн хэлж нэхэмжилж байгаа шиг бидэнд сольж муутгах шаардлага байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Миний бие *******ын эхнэр нь юм. Анх энэ ковшийг худалдан авах саналыг ******* надад тавьсан. Манайх барилгын ажил хийдэг тул техник хэрэгсэл хэрэгтэй байдаг, энэ утгаараа би уг саналыг нөхөр *******т хэлж үзэхээр болсон. Ингээд Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанаас эд хөрөнгийн төлбөрт хураагдсан үнэлгээ хямд байсан тул үзэж шалгаад 26.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед 2020 оны 01 сар өвлийн улирал байсан тул барилгын ажил зогссон, дулаарахаар ажилд гаргана гэж бодоод аж ахуйн хашаанд байршуулсан. Тэгээд 2020 оны 07 сард барилгын ажил эхэлж, ажиллуулах гэтэл асахгүй байсан. Ингээд засварчинд үзүүлж оношлуулахад мотор нь эвдэрсэн байсан тул 5 сая орчим төгрөгөөр засвар хийсэн. Энэ тухай *******ид хэлж байсан. Дараа жил нь Баянбулаг сум руу ачуулж тэнд барилгын ажил хийж байгаад айлын хашаанд үлдээсэн байсан. Энэ хугацаанд бас мотор нь эвдэрсэн тул *******ид хэлж гэрээгээ буцаая, урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгөө 2 жил ашигласны түрээс гэж тооцоод ковшоо буцааж өгье гэхэд ******* зөвшөөрсөн. Ингээд Баянбулаг сумаас ачуулж ирэх унаа болохгүй байсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд манай нөхөр ******* нь барилга дээрээс осолдож гэмтэн хэвтрийн байдалтай болсон. Түүний эмчилгээнд маш их мөнгө төгрөг зарцуулсан. Бидний барилгын ажил ч зогссон, одоо бид идэх хоолгүй шахуу л байна. Иймд 23.900.000 төгрөгийг төлөх боломжгүй, энэ ковшийг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Тухайн үед ковшийг 26 сая төгрөг гэсэн тул бид хямдхан юм байна гээд л авсан. 33900.000 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Уг ковшийн мотор эвдрээд ээлж хийсэн, засвар хийсэн хүмүүс гэрч байгаа. Мотор эвдрэлтэй гэдгийг худалдан авах үед мэдээгүй, өвөл байсан тул ажиллуулахгүй шалгах боломж байгаагүй юм гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт;

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас худалдах худалдан авах гэрээний үүрэг 23.900.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272450 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 272450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Батаагийн Хадбаатар миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131/00707 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд

1. Миний бие иргэн *******тэй амаар харилцан тохирч  ZL-50E маркийн ковш тракторыг авсан нь үнэн бөгөөд үнийн хувьд 33,900,000 төгрөг гэж тохироогүй 26,000,000 төгрөг авч өгөлцөхөөр болсон бөгөөд бичиг баримтыг нь өөрөө бүрдүүлж өгөхөөр тохиролцсон юм.  Дараа нь бичиг баримт бүрдүүлэхэд 1 сая төгрөг болсон гээд нийт  27,000,000 төгрөг байхаар тохирсон. Энэ талаар тайлбартаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. Ковшийг шүүхийн шийдвэрийн хашаанаас 2020 оны 1 дүгээр сарын 21-нд хамт ажилладаг , 2-ын хамт  гал түлж асаан ын хашаанд аваачиж тавьсан. Энэ үед  хамт байсан Ууганбаатар, 2 той ковшийн үнийн талаар ярилцаж зөвшилцөж байгаад явсан болно.

Мөн 2020 оны 7 дугаар  барилгын ажил  эхлэх болоод ковшийг  асааж үзэхэд  ямар ч хүчгүй  ажил хийх шаардлага хангахгүй  байхаар нь засварчин *******аар оношлуулан моторт нь  бүрэн ээлж 5,0 сая төгрөгөөр засвар хийлгэсэн. Ковшийг авахад өвөл 1 сард хүйтэн галлаж асаагаад зөөлөн гэлдрүүлээд  хүч, ажиллах чадварыг нь  шалгаж үзэх боломжгүй  байсан. , , ******* нараас тайлбар аваагүй. Аман хэлцлийг Иргэний хуулийн дагуу  буюу Иргэний хуулийн 40.1-д зааснаар хийсэн. Урьдчилгаа 10,0 төгрөг өгсөн бөгөөд урьдчилгаанд өгсөн 10,0 төгрөгөө 1 жил ашигласан төлбөрт нь өгч ковшийг нь эргүүлэн авчирч өгөхөөр тохиролцсон байсан. Тэгтэл ковш нь удаан хугацаанд зогсолт хийгдсэн байсан тул ачуулахаар явуулсан машины  жолооч асааж чадаагүй бөгөөд дахин засварчин *******ыг  явуулж оношлуулан засуулахаар болсон. Засварчин ажил ихтэй байдаг тул моторыг нь аймагт авчирч засахаар моторыг нь авч ирүүлсэн боловч сольж чанарыг муутгах нь гэж цагдаагийн байгууллагад хандсан боловч энэ байдал тогтоогдоогүй. Үүний дараа нэхэмжлэгч ******* шүүхэд хандсан. Иргэний хэргийн анхан шатны хэлэлцүүлэгт өвчний учир биечлэн оролцох боломжгүй  байсан тул эхнэр *******г иргэний төлөөлөгчөөр оролцуулан тайлбар хэлж шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлтэй байхад шууд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 -р зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг зөрчин шийдвэр гаргасан гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

Учир нь тус хуулийн 25.2.2-д гаргасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн ба нэхэмжлэлийн хэмжээг буюу худалдах, худалдан авах үнэ 27 сая төгрөгөөр аман хэлцлээр тохирсныг  нарийн шалгаж тогтоолгүй зөвхөн нэхэмжлэгчийн үндэслэлгүй гаргасан мөнгөн дүнг мөн бодит байдалд нийцэхгүй үнэлгээг үндэслэн 1 талд шийдвэр гаргасан гэж үзэж гомдлоо гаргалаа. Гомдлыг хүлээн авч  анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож  дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч *******т холбогдуулан ковш худалдсаны үнийн үлдэгдэл 23 сая 900 мянган төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч “худалдан авсан ковш трактор нь эд хөрөнгийн доголдолтой мотор нь эвдэрсэн, моторыг нь бүрэн сольж засвар хийх зэргээр маш их зардал гарсан тул гэрээнээсээ татгалзаж, эд хөрөнгөө буцаан өгөхөөр тохирсон,  нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж “ маргаан үүсгэжээ.

Маргааны зүйл болох ZL50E маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн шар өнгийн, улсын дугааргүй  улсын дугааргүй, ковш тракторыг нэхэмжлэгч ******* нь төлбөр төлөгч *******аас  авах 33.900.000 төгрөгийн төлбөрт тооцуулан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас авмагцаа хариуцагч  *******тай харилцан тохиролцсоны дагуу  ******* нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албаны хашаанаас асаан авснаар эд хөрөнгө  худалдан авагч талд шилжсэн, энэ асуудлаар маргаангүй байна.

Анхан шатны шүүх “ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах хэлцэл хийгдэж, худалдагч талаас худалдан авагчид эд хөрөнгийг шилжүүлсэн, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээн авсан, гомдлын шаардлага гаргах хугацаанд эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргаагүй зэргээр худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хийгдсэн байх тул хариуцагч ******* нь худалдан авсан эд хөрөнгийн үнэ 23.900.000 төгрөгийг нэхэмжлэгч *******ид  төлөх үндэслэлтэй ...” гэх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  хуулийн үндэслэлтэй  болжээ.

Мөн *******, нь маргааны зүйл болох ковш тракторыг  төлбөрт авсан  33 900 000 төгрөгөөр  хариуцагч *******т худалдахаар харилцан тохирсон  болохыг   Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2022 оны 9  дүгээр сарын 12-ны өдрийн 551 дугаар,  Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2020 оны 01 сарын 20-ны өдрийн  Худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэх тухай 16030443/09 дугаар тогтоолуудын агуулгад илэрхийлэгдсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Харин хариуцагч ******* нь ковш тракторыг 2020 оны 01 сард нэхэмжлэгч ******* нар биечлэн шалгаж  хүлээлцээд  улмаар 2022 оны 08 сар хүртэл Баянхонгор, Баянбулаг сумдад барилгын ажилд ашиглаж байсан талаар талууд шүүх  болон шүүх хуралдаанд тайлбарладаг ба хариуцагч ******* нь  тухайн  техникийн  эвдрэл гэмтэл, эд хөрөнгийн доголдлын талаар  гомдол, шаардлага гаргаж  байсан болон  хохирол гомдлын нь нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 1.1-т “ эд хөрөнгө хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээн  авсан ” бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алддаг байна.

Иймд талуудын хооронд   байгуулагдсан худалдах худалдан авах   гэрээ   хүчин төгөлдөр байх тул Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т  заасан гэрээний гол нөхцөл эд хөрөнгө буюу ковш тракторыг худалдагч ******* нь худалдан авагч  *******т төлж улмаар үнийн урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл 23 900 000 төгрөгийг нэхэмжлэгч *******ид төлөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул  хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2022/00707 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гомдлыг   хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагч  байгууллагын  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277450 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ч.ЭНХТӨР