Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 116/ШШ2023/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

       ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

              Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, , ******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               Хариуцагч: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан,

             Нэхэмжлэлийн шаардлага: “******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

            Манай компани ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “Хоолойн тал-3” нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр NM-026006 дугаартайгаар гаргасан байдаг.

            Тухайн үед хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэхээр Эрдэс баялгийн зөвлөлд баримт бичгийг хүлээлгэн өгсөн байсан ба Эрдэс баялгийн зөвлөлийн ажлын ачааллаас болж тайлан хэлэлцэхгүй удаашрах мөн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр багагүй хугацаа алдсан болно.

            Эрдэс баялгийн зөвлөлөөр хайгуулын тайлан хэлэлцүүлэх бэлтгэл ажлын үед манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 тогтоолтой бүхэлдээ давхцалтай гэсэн шалтгаанаар хэлэлцэхгүй удаашрах зэргээр манай компанийн хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учраад байна.

            Ашигт малтмал, газрын тосны газраас ******* аймгийн Засаг даргад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 8/2498 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол нь илт хууль бус актын шинжтэй биелүүлэхэд хүндрэлтэй болохыг анхааруулж, цаашид алдаагүй захиргааны акт гаргаж байхыг хүссэн байна.

            Манай компанийн зүгээс дээрх байр суурь, үндэслэлтэй санал нэг байх бөгөөд дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзэж байна.

            А. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол нь дараах 4 заалттай байна.

            1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хугацааг 2043 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 25 жилийн хугацаагаар сунгасугай.

         2. ******* аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбилцлоор баталсугай.

            3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

            Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус захиргааны актыг хуульчилж өгсөн байдаг.

            ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7 “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” буюу илт хууль бус захиргааны акт байна.

            Тодруулбал: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолын 1 дэх заалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг сунгаад байгаа мэт боловч тогтоолын 3 дахь заалтаараа “аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай” гэж сунгаж буй тогтоолоо хүчингүй болгосон утга, агуулгын илэрхий алдаатай ИТХ-ын тогтоол байна.

            ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ биелүүлэх ямар ч боломжгүй байжээ.

            ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг нэр, тэргүүн нь “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” гэсэн утгатай хэлбэрээр өөрөөр хэлбэл “Тусгай хэрэгцээнд авах тухай” заалт зохицуулалт байхгүй. Дээрх тогтоолын 2 дахь заалт болох “******* аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбилцлоор баталсугай” гэж зөвхөн солбилцлыг баталсан ба энэ солбилцолтой газруудыг тусгай хэрэгцээнд авсугай гэсэн ямар нэг зохицуулалтын шинжтэй зүйл огт байхгүй байна. Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ солбилцлуудыг хэрхэн яаж тусгай хэрэгцээний газар хэмээн бүртгэх нь ойлгомжгүй болох нь илт байна. Зүй нь ******* аймгийн ИТХ солбилцлоо баталж, тухайн солбилцлын дагуу тусгай хэрэгцээнд авах ёстой байтал тусгай хэрэгцээнд авсан 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон ноцтой алдаа гаргажээ.

            Б. Манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-005036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолтой огт давхцалгүй байсан ба манай компанид ямар ч хүндрэлгүй ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулж байсан. “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хугацааг 2043 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 25 жилийн хугацаагаар сунгасугай” гэж өөрөөр хэлбэл 2014 онд давхцалгүй байсныг 2018 онд ******* аймгийн ИТХ шууд сунгахдаа хавсралтаар баталсан координатууд дээр техникийн алдаа гаргасан байх боломжтой байна.

            Эцэст нь: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэхэд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэсэн үүргээ биелүүлээгүй, манай компанийн хүсэлтэд хариу өгөөгүй. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 14.6 “нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж заасны дагуу манай компани үйл ажиллагаа хэвийн явуулж ашигт малтмалын хайгуулын талбай дээрээ ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах эрхтэй болно. Иймд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

             Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Тус компани нь ******* аймгийн ******* суманд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг юм. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг албан ёсны дагуу бүртгүүлсэн. 2020 оноос хойш ковид-19 өвчлөлөөс шалтгаалж тодорхой хугацаанд ажиллаж чадаагүй. Төрийн байгууллагаас ч гэсэн хугацаа алдсан асуудлыг гаргасан. Төрийн байгууллагаас бидэнд хариу өгөхдөө газрын давхцал үүссэн байна. Холбогдох байгууллагад холбогдуулж нэхэмжлэл гаргаж засварлуулах хэрэгтэй гэж зөвлөсөн. Ашигт малтмал газрын тосны газраас ******* аймгийн Засаг даргад “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичигт илт хууль бус акт байна, биелүүлэхэд хүндрэлтэй талаар дурдаж цаашид ийм алдаа битгий гаргаарай гэж зөвлөсөн байдаг. Мөн манай компанийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой гэдэг тайлбарыг хүргүүлж байсан. Эрдэс баялгийн газраас маргаан үүссэн учраас заавал шүүхийн шийдвэр хэрэгтэй гэсэн. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан боловч техникийн алдаа гаргаж координатыг давхцуулсан нь илт хууль бус акт болох үндэслэлийг гаргасан гэж үзэж байна.

           2. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 13 дугаар тогтоол нь 4 заалттай гарсан. Эхний 3 дахь хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 6 дугаар хуралдааны 8 дугаар тогтоолд дурдагдсан 49 газар байдаг. Энэ газрын хавсралтад зааснаар баталсугай гээд дараагийн дугаарт тусгай хэрэгцээнд авах тухай 8 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүйд тооцсугай гэсэн тогтоол гаргасан байгаа. ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 тоот тогтоол нь утга агуулгын илэрхий алдаатай, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус акт байна гэж үзсэн. Тодруулбал: Хамгаалалтад байх хугацааг сунгаж байгаа мэт боловч тогтоолын 3 дугаар заалтаар 8 дугаар тогтоолыг хүчингүй болохыг тооцсон байна. Энэ нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай болж байгаа юм. Уг нь сунгаж буй тогтоолоо өөрсдөө хүчингүй болгоод байгаа юм. 13 дугаар тогтоолыг Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтэс нь “биелүүлэх боломжтой байна” гэсэн албан бичгийг өгсөн. Тусгай хэрэгцээнд авах тухай заалт тухайн тогтоол дээр байхгүй байна. 49 га газрын хавсралтад заасан солбилцлыг л баталсан байдаг. Хууль зүйн үр дагаврын хувьд захиран тушаах агуулга агуулагдаагүй зөвхөн сольбилцлыг баталсан гэж ойлгож болно. Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсээс хэрхэн яаж тусгай хэрэгцээний газар гэж бүртгэх нь ойлгомжгүй болсон. Тусгай хэрэгцээнд авах ёстой байтал тусгай хэрэгцээнд авсан 2014 оны 08 дугаар тогтоолыг 2018 оны 13 дугаар тогтоолоор хүчингүй болгосон ноцтой алдаа гаргасан.

           3. Манай компанийн хувьд тусгай зөвшөөрлийн хэсэг нь ямар ч газартай давхцалгүй байсан. Хэсэгчлэн давхацсан компанийн нэрсэд багтаагүй байсан. Гэтэл сүүлд 2018 онд 13 тоот тогтоол гаргахдаа давхцал үүсгэсэн гэж үзэж байна гэв.

           Хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоол гарч орон нутгийн тусгай хэрэгцээний газрын зориулалтаар 49 газрын хамгаалалтад байх хугацааг 2043 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 25 жилээр сунгасан.

           Орон нутгийн тусгай хэрэгцээний зориулалтаар хамгаалалтад авсан “Цог дэлгэр уул” нь *******, Баяндун, Сэргэлэн сумын нутгийг хамарч 37675,98 га талбайг эзлэн Тахилгат уул овоо байдаг тул хамгаалалтад авах шаардлагатай гэсэн үндэслэлээр тогтоолоор баталсан байна. Анх тус газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээний газрын хамгаалалтад авсны дараа Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын бүртгэлийн системд бүртгүүлэхэд “Цог дэлгэр уул”-ыг хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй тул бүртгэж авлаа гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг тул 2018 онд хугацааг нь сунгаж тус тогтоолыг дахин хүргүүлсэн байна гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд энэ асуудлыг хэлэлцсэн тогтоол гарч байсан. Ингэхдээ аймаг орон нутгийн хэмжээнд байгаа хөшөө, түүхийн дурсгалт газар, аялал жуулчлалын газрыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоол гарсан. 2019 онд уг хамгаалалтын хугацаа дуусгавар болох байсан тул 2018 оны 12 дугаар сарын хуралдаанаар уг асуудал хэлэлцэгдсэн. Хуралдааны тэмдэглэл дээр бүх зүйлс тодорхой байгаа. Хэмжээ солбилцлын хувьд өөрчлөлт оруулахгүй байхаар, мөн тухай үед ямар ч давхцал үүсээгүй байгаа талаар хэлэлцэгдсэн байна. Хугацаа сунгах асуудал мөн тодорхой яригдсан байгаа. Энэ үед ямар ч сольбилцол давхцаагүй байсан. Тиймээс ч иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хугацааг сунгаж хамгаалалтад авах саналыг дэмжсэн. Албан тоотыг Ашигт малтмалын газраас ирүүлж байсан нь үнэн. Гэхдээ уг тогтоолын дагуу кадастрын зураглалыг хийсэн давхцалгүй байна гэж бичсэн байсан. Мөн Байгаль орчны газраас тодруулга авахад ямар нэг давхцал үүсээгүй учраас бүртгэлийг үүсгэсэн талаар мэдэгдсэнээр энэ тогтоол албажсан байдаг. 2019, 2020 онуудад үйл ажиллагаа явуулсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Ер нь бол байгаль орчин аялал жуулчлалын газраас “*******” ХХК-тай холбоотой мэдээллийг авсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичигт “*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дагуу жил бүр хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаагүй. Хуульд заасны дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Хэрэв энэ асуудалтай холбоотой маргаан гарвал эрх бүхий байгууллагад төрийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. “*******” ХХК нь хуулийн дагуу ажиллагаа явуулж байгаагүй, тайлан мэдээ дүгнэлт ирүүлдэггүй байсан гэж бичигдсэн байна. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга үйл ажиллагаа явуулахгүй байгаа компаниудын жагсаалтын нэрсийг хүргүүлэхэд “*******” ХХК багтсан байна. Тиймээс ажиллагаа явуулдаггүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “*******” ХХК нь тус шүүхэд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан[1].

            Анх ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолоор ******* аймгийн нутаг дэвсгэрт байгаа хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат овоо, уул, рашаан, булгийн зарим газруудыг энэхүү тогтоолын хавсралтад заасан 49 газрыг тусгай хэрэгцээнд авсан байна.[2]

            ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9 дүгээр хуралдааны 13 дугаар тогтоолоор:

           1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацаа 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хугацааг 2043 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу 25 жилийн хугацаагаар сунгасугай.

         2. ******* аймгийн нутаг дэвсгэрт байгаа рашаан, булаг, тахилгат уул овоо, хөшөө, түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын 2999840.57 га талбай бүхий 49 газрыг хавсралтад заасан солбилцлоор баталсугай.

          3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэжээ.[3]

           Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/2498 дугаартай “... ******* аймгийн Баяндун, ******* сумын нутагт Хоолойн тал-3 нэртэй 225.7 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын HV-005036 тоот тусгай зөвшөөрлийг 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эзэмшиж ирсэн “*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан чиг үүргийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлийн системийн NM-026006 дугаарт бүртгүүлжээ.

          Дээр дурдсан тусгай зөвшөөрлийн талбай нь ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны “Тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч улмаар 2018 оны “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтад байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолоор хугацааг сунгасан тухай манайд мэдэгдэж бүртгүүлсэн 2999840.57 га бүхий газрын 225.7 гектар талбайтай давхцалтай байна гэх агуулга бүхий албан бичгийг ******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.[4]

           Захиргааны ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47.4-д Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болногэж хуульчилжээ.

           ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.7-д зааснаар “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” буюу илт хууль бус захиргааны акт байна. Өөрөөр хэлбэл ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолын 1 дэх заалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 06 дугаар хуралдааны 08 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 49 газрын хамгаалалтад байх хугацааг сунгасан боловч тогтоолын 3 дахь заалтаараа “аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 06 дугаар хуралдааны “тусгай хэрэгцээнд газар авах, тогтоол хүчингүй болгох тухай” 08 дугаар тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай гэж сунгаж буй тогтоолоо хүчингүй болгосон утга, агуулгын илэрхий алдаатай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтыг зөрчсөн  тогтоол байна.

       Иймд ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай хэрэгцээнд авсан газруудын хамгаалалтанд байх хугацааг сунгаж, тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” 13 дугаар тогтоолыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн  шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

                   

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 1-4-р хуудас

[2] Хавтаст хэргийн 29-42-р хуудас

[3] Хавтаст хэргийн 48-77-р хуудас

[4] Хавтаст хэргийн 14-р хуудас