Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0319

 

 

 

 

 

 

“Х... т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е, гуравдагч этгээд “Д... О...” ХХК-ийн захирал Д.Б

Нэхэмжлэгч: “Х... т...” ХХК

Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга

Хариуцагч: Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Х... т...” ХХК-ийн захирал Л.А

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Е,

Хариуцагч Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Адъяа,

Гуравдагч этгээд “Д... О...” ХХК-ийн захирал Д.Б, түүний өмгөөлөгч В.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 116/2022/0028/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 48 дугаар зүйлийн 48.2, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Х... т...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, “Х... т...” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгаж” шийдвэрлэсэн байна.

 

2. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Е дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

2.1. “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох хуулийн зохицуулалттай бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, тэдгээрийг харьцуулан дүгнэж шийдвэр гаргах үүрэгтэй. 

2.2. Гэтэл нэхэмжлэгч “Х... т...” ХХК нь аймгийн Засаг даргад хандаж газар эзэмших тухай хүсэлтийг гаргаж байгаагүй бөгөөд Дорнод аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон эс үйлдэхүй, түүнтэй холбоотой акт гаргахаас татгалзсан аливаа шийдвэр гаргаагүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад хэт хөтлөгдөн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

2.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 48 дугаар зүйлийн 48.2, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсгийн тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дүгээр захирамжийн 5 дугаар хавсралтад өөрчлөлт оруулж “Х... т...” ХХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд тус тус даалгах нь зүйтэй” гэж дүгнэсэнд гомдолтой байна.

2.4. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэн олгодог бөгөөд аймгийн Засаг даргын 2012 оны А/400 дүгээр захирамжаар Хэрлэн сумын 6 дугаар баг “Д... Х...” ХХК-ийн Шүр захын зүүн хойд талд 4069 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар “Д... О...” ХХК-д эзэмшүүлж, эрхийн гэрчилгээг шинэчлэн олгосон ба нэхэмжлэгч “Х... т...” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй байна.

2.5. Гэтэл маргаан бүхий газрыг “Д... О...” ХХК-ийн эзэмшилд олгосон захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоогоогүй, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдээгүй байхад Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд Дорнод аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 116/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Д... О...” ХХК-ийн захирал Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... А/400 захирамжаар олгогдсон газрыг манай компани хуулийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших хугацаа дуусаагүй, газар эзэмших эрхийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүчингүй болгох тухай шийдвэр гараагүй, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй.

3.2. “Х... т...” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямар хариуцагчаар ямар үүрэг гүйцэтгүүлэх нь тодорхойгүй буюу 2 тусдаа хариуцагч татсан хэрнээ, үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлэж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын албанд даалгаж өгөх” гэсэн ерөнхий шаардлага гаргасан байна.

3.3. Нэхэмжлэгч, Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж, ... өргөдөл гаргасан гэх боловч, дээрх шаардлагыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шийдвэрлэх эрх хэмжээтэй байсан уу гэдэгт анхаарах нь зүйтэй.

3.4. Түүнчлэн хариуг нь эс зөвшөөрч байгаа бол дээд шатны байгууллагад хандаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагыг хангаагүй байна. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын чиг үүрэгт газар эзэмших эрхийг цуцалж, түүнчлэн бусад этгээдэд шилжүүлэн олгох эрх, хууль зүйн үүрэг байхгүй. Харин аймгийн Засаг дарга энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээтэй боловч, дээрх өргөдөл, хүсэлтээ аймгийн Засаг даргад хандаж гаргаагүй байна. Иймд аймгийн Засаг даргын татгалзал, эс үйлдэл байхгүй тул түүний хууль ёсны эсэхийг тогтоохоор шүүх шийдвэр гаргах боломжгүй байсан. Энэхүү шийдвэр хэрэгжсэн ч маш тодорхой бус, хэнд ямар үүрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй, шийдвэрийг хэрэгжүүлснээр буюу “кадастрын зураглал" гарган шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.

3.5. Гэтэл шийдвэрийн үндэслэх хэсэгт, нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал болох “... анх газрыг олгосон байдал, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн маргааныг шат шатны шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн тухай” л дурдсан байна. Харин нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, мөн шүүхээс хэрэглэсэн хууль тогтоомж нь нэхэмжлэлийн үндэслэлтэй хэрхэн холбогдож байгаа тухай тайлбар огт байхгүй байна.

3.6. Шүүхээс баримталсан эрх зүйн хэм хэмжээний тухайд, Иргэний хуулийн 85.2-д “...газрын бүрдэл хэсэг байна”, Газрын тухай хуулийн 4.1.7-д заасан “... үл хөдлөх хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг байна” гэх мэт суурь ойлголтыг тодорхойлсон ерөнхий хэм хэмжээ, мөн Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан бусдын газраар дайран өнгөрөхөөр, ... хязгаарлагдмал эрхтэй ашиглах” гэсэн маргаанд хамааралгүй өөр ойлголтыг тодорхойлсон зохицуулалтуудыг дурдсан байна.

3.7. Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ шийдвэрийн улмаас манай компанийн газар эзэмших хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна. 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2.1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “хэргийн нөхцөл байдлыг тодруулах” үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д зааснаар “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” хэргийг шийдвэрлэсэн нь 106 дугаар зүйлийн 106.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэж заасантай нийцээгүй гэж үзлээ.

 

2.2. Нэхэмжлэгч “Х... т...” ХХК нь Дорнод аймгийн Засаг дарга, Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан  “Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтанд өөрчлөлт оруулж, манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг хуульд зааснаар складны зориулалтын дагуу орох, гарах гарцтай нь кадастрын зураглал гаргуулан шийдвэрлүүлж өгөхийг Дорнод аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанд тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

 

2.3. Анхан шатны шүүхээс “...Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаар магадлалаар ... “Д... О...” ХХК-д олгосон улсын бүртгэлийн Ү-0614006321 тоот гэрчилгээнд өөрчлөлт оруулан тоосгон агуулахын 1209.88 м.кв-аас 710 м.кв-ыг хасаж 499.88 м.кв талбайтай болгон өөрчлөн бүртгэхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалган шийдвэрлэсэн, ... Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”, 48 дугаар зүйлийн 48.2 “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж хуульчилсан” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 

2.4. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 77 дугаартай магадлалаар маргаан бүхий газрын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх уг магадлалыг үндэслэл болгосон атлаа маргаан бүхий объектыг болон газрыг нэхэмжлэгч хэзээ хэрхэн ямар шийдвэрээр олж авсан буюу хууль ёсны өмчлөгч мөн эсэхийг тодруулаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

2.5. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өмч хувьчлалаар тус газрыг эзэмшсэн эсэх, хууль ёсоор газар эзэмших эрхтэй эсэх талаарх баримтуудыг цуглуулсны эцэст дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхээр байтал энэ талаарх баримтыг огт цуглуулахгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байх тул хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

2.6. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

2.7. Нөгөөтээгүүр Хэнтийн аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 127/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр “Х... т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/400 дугаар захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх ямар үндэслэлээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай.

 

2.8. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Л.А нь нэхэмжлэгч “Х... т...” ХХК-ийг, гуравдагч этгээд Д.Б нь “Д... О...” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй, түүнчлэн “Д... О...” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг нотлох баримтын шаардлага хангаагүй байх бөгөөд хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, давж заалдах шатны шүүх дээрх алдааг зөвтгөж дурдсан ажиллагааг явуулж уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА