Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/00992

 

 

Э.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тооцсон  алдангид 44 725 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Жамъяндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Santo Smart Apartment хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 1 600 000 төгрөгөөр тооцож нийт 97 760 000 төгрөг тушааж, орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээн авахаар тохиролцож захиалсан. Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэгч Нандин- Эрхэм ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 2017 оны 09 дүгээр сард буюу 183 хоногийн хугацаа хэтэрч орон сууцыг хүлээлгэж өгсөн. Иймд  гүйцэтгэгч Н ХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 дугаартай  гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 183 хоногийн алданги болох 44 725 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н” ХХК шүүхэд болон төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нтэй 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 тоот орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдах Santo Smart Apartment хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч буюу Нандин Эрхэм ХХК-ийн зүгээс орон сууцны барилгын ажлыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиалагч Э.Нд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.1-д заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган хүлээлгэн өгөхийн зэрэгцээ талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог нэгтгэн тооцоо нийлэх актыг үйлдсэн. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэгч болон захиалагч нар барилга баригдах явцад үүссэн шалтгаан, нөхцөлийг харилцан тохиролцож, цаашид ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй болох талаар харилцан тохиролцож, тооцоо нийлсэн юм. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 тоот  гэрээгээр ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар тохиролцож,дуусгавар болгосон. Захиалагч нь гэрээний хавсралт 3-т заасан хоёр хуваарьт хугацааг нийт 29 хоногоор хэтрүүлэн орон сууцны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Захиалагч нь нийт 11 975 600 төгрөгийн алданги төлөх байсан. Иймд нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 244 дүгээр зүйлийн 244.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 44 725 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 580 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  алданги төлөх тухай тайлбарыг буруу үнэлж, буруу тооцоолол хийж шийдвэрлэсэн нь хууль бус. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд 2017 оны 09-р сарын 02-ны өдөр орон сууцыг хүлээж авч, захиалагч талаас төлбөрийг бүрэн төлж дуусгасан тухай тооцоо нийлсэн актыг 2016 оны 09-р сарын 02-ны өдөр гаргаж гарын үсэг зуруулсан. Энэ тухай шүүхэд тайлбарласан байхад үүнийг үнэлж дүгнэлгүй буруу шийдвэрлэсэн. Хариуцагч талаас гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй гэж шүүхэд тайлбарласан боловч, энэ тухай гэрээнд заасны дагуу захиалагч талд мэдэгдээгүй. Шүүх  илт хууль бус бөгөөд нэг талыг барьж,нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч “Н” ХХК-нд холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн А1/07 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр орон сууц хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй 183 хоног хугацаа хэтрүүлсний алдангид 44 725 200 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-11, 84/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Н ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр А1/07 дугаартай орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэгч сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиалагчийн ашиглалтад хүлээлгэн өгсөн, захиалагч буюу нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 212 дугаар байр, 902 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, талуудын хооронд байгуулсан орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-4-6, 10, 38-39, 84/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “2016 оны 4-р улиралд багтаан ашиглалтад өгөх ёстой байсан байрыг 2017 оны 9-р сард өгч 183 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Гэрээний 3.2, 3.3-д зааснаар анз тооцох ёстой “ гэж тодорхойлсон бол хариуцагч сонгуулийн үр дүн, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж санхүүжилт саатсан. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар захиалагчид мэдээлж байсан” гэжээ. / хх-70-72/

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ. Иргэний хуулийн 348 дугаар зүйлийн 348.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болохоор байна. Зохигч ажлын үр дүнг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр тохиролцсон ч байрыг 2017 оны 9-р сард өгч 183 хоногоор хугацаа хэтрүүлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэж гаргасан тайлбар баримтаар нотлогдохгүй байна. Тодруулбал, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж санхүүжилт саатсан, энэ тухай захиалагчид мэдэгдсэн гэх үндэслэлээ нотлохоор албан бичиг, мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргасан боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгч буюу захиалагч хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна  хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч аливаа болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хариуцлагыг хүлээнэ. Талуудын гэрээний 3.3-т гүйцэтгэгч нь барилга ашиглалтад орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагчид хоногийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасан тул /хх-5/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар анз шаардсаныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч нь “талууд тооцоо нийлээд хоорондын ямар ч тооцоогүй болохыг баталгаажуулсан” гэх тайлбар нотлогдохгүй байна. Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Э.Нд орон сууцыг хүлээлгэн өгөхдөө гэрээний 5.1-д заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган хүлээлгэн өгөхийн зэрэгцээ, захиалагчийн зүгээс төлбөр тооцоогүй болохыг баримтжуулсан агуулгатай баримтыг талууд үйлджээ. /хх-26-27/ Учир нь гэрээний 5.1-д орон сууцыг хүлээлгэн өгөх журамд талууд гэрээг дүгнэж төлбөр тооцоо бүрэн дууссан тохиолдолд байрыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тусгайлан зааж тохиролцсон байна. Уг заалтын хүрээнд захиалагчийн зүгээс байрны төлбөрийг бүрэн төлөх үүргийг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн 29 хоног хугацаа хэтрүүлж байрны үнийг төлсөн гэх зөрчил нь ажил гүйцэтгэгчийн барилгыг ашиглалтад өгөх хугацааг 183 хоногоор хэтрүүлсэн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

Харин анзын хэмжээ хэт өндөр байгаа, хариуцагч талаас байрыг ашиглалтад өгөх ёстой байсан 2016 оны 4 дүгээр улирлын байдлаар байрны гүйцэтгэл 90 хувьтай байсан, санхүүжилтийн хүндрэл үүссэн гэх тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс өөрөө гэрээнд заасан хугацааг зөрчин төлбөрөө хугацаа хэтрүүлж төлсөн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнээд 44 725 200 төгрөгөөс 15 хувиар тооцож алдангийг багасган 6 708 780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

 

Мөн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нэхэмжлэгч орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн. Гэхдээ нэхэмжлэгчийн төлбөр төлөх үүргээ тодорхой хугацаагаар  хэтрүүлсэн байдал нь нөгөө талаас гэрээнд заасан орон сууцыг хугацаандаа хүлээн авах эрхээ хэрэгжүүлэхийг шууд няцаах, үгүйсгэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “224 дүгээр зүйлийн 224.2.3” гэснийг “232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Н” ХХК-иас 6 708 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 016 420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК-иас 122 290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД