Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00682

 

Э.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар магадлалтай,

Э.Нийн нэхэмжлэлтэй

Н-ЭХХК-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс тооцсон алдангид 44 725 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунтуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Жамъяндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-ЭХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 дугаартай орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх тухай гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Santo Smart Apartment хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв үнэ 1 600 000 төгрөгөөр тооцож нийт 97 760 000 төгрөг тушааж, орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээн авахаар тохиролцож захиалсан. Орон сууцны барилгын ажил захиалгаар гүйцэтгэгч Н-ЭХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтааж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 2017 оны 09 дүгээр сард буюу 183 хоногийн хугацаа хэтэрч орон сууцыг хүлээлгэж өгсөн. Иймд гүйцэтгэгч Н-ЭХХК-аас 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 дугаартай гэрээний дагуу хугацаа хэтэрсэн 183 хоногийн алданги болох 44 725 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н-ЭХХК шүүхэд болон төлөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Нтэй 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр А1/07 тоот орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд баригдах Santo Smart Apartment хотхоны А1 блок 9 давхрын 61,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг бариулахаар харилцан тохиролцсон. Гүйцэтгэгч буюу Нандин Эрхэм ХХК-ийн зүгээс орон сууцны барилгын ажлыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр улсын комисс хүлээн авсан. Улмаар 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиалагч Э.Нд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн. Гэрээний 5.1-д заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган хүлээлгэн өгөхийн зэрэгцээ талуудын хооронд үүссэн төлбөр тооцоог нэгтгэн тооцоо нийлэх актыг үйлдсэн. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэгч болон захиалагч нар барилга баригдах явцад үүссэн шалтгаан, нөхцөлийг харилцан тохиролцож, цаашид ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй болох талаар харилцан тохиролцож, тооцоо нийлсэн юм. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А1/07 тоот гэрээгээр ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй талаар тохиролцож,дуусгавар болгосон. Захиалагч нь гэрээний хавсралт 3-т заасан хоёр хуваарьт хугацааг нийт 29 хоногоор хэтрүүлэн орон сууцны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Захиалагч нь нийт 11 975 600 төгрөгийн алданги төлөх байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 244 дүгээр зүйлийн 244.2.3-т заасныг баримтлан хариуцагч Н-ЭХХК-иас 44 725 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 580 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-ЭХХК-иас 6 708 780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38 016 420 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-ЭХХК-иас 122 290 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Оюунтуяа хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: 1. Магадлалын үндэслэх нь хэсэгт Тодруулбал, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж санхүүжилт саатсан, энэ тухай захиалагчид мэдэгдсэн гэх үндэслэлээ нотлохоор албан бичиг, мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргасан боловч уг мэдэгдлийг нэхэмжлэгч буюу захиалагч хүлээн авсан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй” хэмээн дурьдсан. Н-ЭХХК нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Санто смарт аппартмент орон сууцны хотхоны барьж гүйцэтгэсэн бөгөөд тус орон сууцны хотхоны санхүүжилтийг Төрийн банктай 2016.04.14-ний өдөр №19/02 тоот гэрээг байгуулж, тус банкны худалдан авагчдад үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцыг худалдах, зээлийн хүүг зах зээлийн үнээс бага байхаар харилцан тохиролцож ажилласан. Гэвч 2016 оны Улсын Их хурлын сонгуулийн дараагаар Төрийн өмчит Төрийн банкны хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж буй сангийн яамны бүтэц бүхэлдээ өөрчлөгдөж, улмаар Төрийн банкнаас зээл олгох үйл ажиллагааг хязгаарлах тухай Сангийн сайдын 2016.07.04-ний өдрийн №07-01/4470 дугаар тушаал гарснаар хэвийн олгогдож байсан зээлийн үйл ажиллагаа зогссон тул манай компанийн зүгээс зээлийн санхүүжилтийн 80 хувийг авч чадаагүй. Нэхэмжлэгч Э.Н нь Төрийн банкинд ажиллаж байсан тул Н-ЭХХК-тай хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Төрийн банкны бүтэц, удирдлага өөрчлөгдөж, Сангийн сайдын тушаалаар зээлийн үйл ажиллагааг хязгаарлаж, Н-ЭХХК нь зээлийн санхүүжилтийн 80 хувийг авч чадаагүй болохыг хамгийн сайн мэдэж байгаа хүн юм. /Энэ тухай анхан шатны шүүх хуралдаанд ч мэдүүлдэг/ Гэтэл давж заалдах шатны шүүхээс “хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй гэх байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагчийн зүгээс дээрх үүссэн нөхцөл байдлын талаар 2017.03.22-ны өдрийн №67 тоот албан бичгээр захиалагч Э.Нд мэдэгдсэн бөгөөд Э.Нийн зүгээс дээрх үүсээд буй нөхцөл байдлыг сайтар мэдэж байсан тул ямар нэгэн санал, шаардлага гаргаагүй ба бидний хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн зүгээс Э.Нд хүргүүлсэн 2017.03.22-ны өдрийн №67 тоот албан бичиг болон уг албан бичгийг хүргүүлсэн Монгол шуудан ТӨХК-ийн шуудангийн гардуулалт зэргийг нотлох баримтаар хүргүүлсэн боловч давж заалдах шатны шүүхээс дээрх албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй хэмээн дүгнэж, дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан. Нөгөөтэйгүүр талуудын хооронд байгуулагдсан 2016.04.25-ны өдрийн №А1/07 тоот гэрээнд Э.Н нь өөрийн оршин суух хаягийг “Төв аймаг, Угтаалцайдам, 2-р баг, Асгат, 7 гудамж, 62 тоот” хэмээн тодорхойлсон байдаг ба 2017.03.22-ны өдрийн №67 тоот мэдэгдлийг гэрээнд заасан хаяг /Төв аймаг, Угтаалцайдам, 2-р баг, Асгат, 7 гудамж, 62 тоот/-аар мэдэгдсэн бөгөөд тус мэдэгдлийг түүний гэр бүлийн гишүүн болох хүн хүлээн авсан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс №67 тоот мэдэгдлийг Монгол шуудан ТӨХК-иас гаргуулах тухай хүсэлт гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тус №67 тоот мэдэгдлийг хүлээн авсан талаар мэдүүлсэн бөгөөд уг тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дээр нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр, хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч нь №67 тоот мэдэгдлийг хүлээн аваагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байх ба ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 2017.03.22-ны өдрийн №67 тоот мэдэгдлийг хүлээн авч, хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 43.1.3-т “хууль буюу гэрээнд заасан бол хэлцэл хийх тухай саналд хариу өгөөгүй бөгөөд ийнхүү хариу өгөх тогтоосон хугацаа, эсхүл ердийн боломжит хугацаа өнгөрсөн бол” гэж заасны дагуу талуудын хооронд барилгыг ашиглалтад оруулах хугацааг тохиролцсон гэж үзнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтыг үнэлээгүйн улмаас хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж чадаагүй болно. 2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д “...төрийн болон бусад байгууллагын үйл ажиллагаа, бусад давагдашгүй онцгой нөхцөл байдлын улмаас ажлыг зогсоох шаардлага гарсан тохиолдолд гэрээний хугацаа уг нөхцөл байдлыг арилгах хүртэл зогссонд тооцно”, мөн гэрээний 5.4-т “Орон сууцыг хүлээлгэн өгөх боломжит хугацааг мэдэгдсэний дараа, төлбөрөө бүрэн дуусгасан захиалагч актын дагуу хүлээн авах бөгөөд энэ өдрөөс хойш хэрэглээний зардлаа захиалагч өөрөө төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зүгээс 2017.03.22-ны өдрийн №67 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2016.07.30-ны өдөр байхаар тогтоон хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч уг хугацааг хүлээн зөвшөөрсөн. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны №А1/07 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т “Гүйцэтгэгч тал барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги төлөх үүрэгтэй” гэж заасан тул тус гэрээний 3.7 болон 5.4-т заасны дагуу орон сууцыг ашиглалтанд оруулах хугацааг 2017.07.30-ны өдөр байхаар талууд харилцан тохиролцсон тул гэрээний 3.3-т заасны дагуу 2017.07.30-ны өдрөөс 60 хоног өнгөрсний дараагийн өдрөөс эхлэн /2017.09.01/ алданги төлөх үүрэг хариуцагчид үүсэх юм. Гэвч давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3, 3.7 болон 5.4 дэх хэсгийг үнэлэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 3. 2017.09.02-ны өдөр захиалагч Э.Нд гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд ийнхүү хүлээлгэн өгөхдөө гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу орон сууцны иж бүрдэл, чанар зэргийг шалган хүлээлгэн өгөхийн зэрэгцээ талуудын хооронд үхсэн төлбөр тооцоог нэгтгэн тооцоо нийлэх актыг үйлдсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “Талууд гэрээг дугнэж, төлбөр тооцоо бүрэн дууссан тохиолдолд захиалагч талд хүлээлгэн өгнө /Гэрээний үндсэн төлбөр болон гэрээ зөрчсөнөөс үүссэн алданги гэх мэт/” гэж заасан. 2017.09.02-ны өдөр тооцоо нийлж, гүйцэтгэгч болон захиалагч нар нь барилга баригдах явцад үүссэн /хугацаандаа ашиглалтанд ороогүй/ шалтгаан, нөхцөлийг харилцан тохиролцож, цаашид ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй болох талаар сайн дураараа харилцан тохиролцож, тооцоо нийлсэн юм. Өөрөөр хэлбэл 2016.04.25-ны өдрийн А1/07 тоот Орон сууцны барилгын ажлыг захиалгаар гүйцэтгэх гэрээгээр ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй байх талаар тохиролцож, гэрээний 5.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 466.1-д заасанчлан тооцоо нийлж, харилцан тооцоогоо дуусгавар болгосон. Тухайлбал: 2014.04.25-ны өдрийн №А1/07 тоот гэрээний дагуу захиалагч нь төлбөрийг гэрээний Хавсралт №3-т заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэвч захиалагч Э.Н нь гэрээний Хавсралт №3-т заасан 2 хуваарьт хугацааг нийт 29 хоногоор хэтрүүлэн орон сууцны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэсэн тул захиалагчийн зүгээс нийт 11 975 600 төгрөгийн алдангийг манай байгууллагад төлөх ёстой байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2016 оны А1/07 тоот гэрээний 2.3, 3.6 дахь хэсэгт тус тус тохиролцсончлон захиалагч нь гэрээний үлдэгдэл төлбөрийг урьдчилгаа төлсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэхээр тохиролцсон боловч захиалагч нь гэрээний дээрх үүргүүдийг зөрчсөн юм. Гэсэн хэдий ч 2017.09.02-ны өдөр өрөн сууцыг хүлээлгэн өгөхдөө дээрх нөхцөл байдлуудыг харилцан тохиролцон тооцоо нийлж, хоорондын үүссэн өр авлагыг хаахаар тохиролцон тооцоо нийлсэн юм. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд гэрээний 5.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсгийг хэрэглээгүй болно. Мөн алдангийн хэмжээг тооцохдоо улсын комисс барилгад ажилласан хугацаагаар бус улсын комиссын акт гарсан хугацаагаар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 4. Анхан шатны шүүхийн зүгээс нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, маргааныг шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн юм. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Нийг төлбөр төлөх үүргээ 29 хоногоор хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба 2017.09. 02-ны өдөр тооцоо нийлэх акт үйлдэж, “тооцоо дууссан” хэмээн тус актад нэхэмжлэгч гарын үсэг зурсан баримтыг нотлох баримтаар үнэлсэн бөгөөд Иргэний хуулийн 224.2.3 дахь хэсгийг зөв тайлбарласан хэрэглэсэн болно. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлсэн баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд зарим баримтуудыг буруу тайлбарлан үнэлж, Иргэний хуулийн 224.2.3 дахь хэсгийг хэрэглээгүй юм. Давж заалдах шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ дээрх байдлаар нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм. Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Н нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж хариуцагч Н-ЭХХК-иас алданги 44 725 200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, сонгуулийн үр дүн, төрийн байгууллагын үйл ажиллагаанаас болж санхүүжилт саатсан, нэхэмжлэгч өөрөө үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, харилцан тооцоо нийлж гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр маргажээ. /хх-11, 84/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6 708 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Н-ЭХХК барилгын ажил гүйцэтгэж, 2016 оны 4-р улиралд багтаан 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Э.Н 87 984 00 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, талуудын байгуулсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ, гэрээг хүчин төгөлдөр үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг нийцсэн байна.

Гэрээний 3.2-д гүйцэтгэгч нь захиалсан орон сууцыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл үүсээгүй нөхцөлд 2016 оны 4-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, 3.3-д Гүйцэтгэгч тал барилга ашиглалтанд орох хугацаанаас 60 хоног хэтэрсэн тохиолдолд захиалагч тал хоногийн 0.5 хувийн алданги төлөх гэж тус тус заасан гэрээний үүрэг, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэжээ.

Ажил гүйцэтгэгч орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн, захиалагч Э.Н төлбөрийг хэсэгчлэн төлж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 хүннүгийн гудамж, 212 дугаар байр, 902 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.  /хх-4-6, 10, 38-39, 84/

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Н-ЭХХК орон сууцыг 2016 оны 4-р улиралд багтаан хүлээлгэн өгөх ёстой байхад 2017 оны 9-р сард өгч 183 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь тогтоогдсон боловч захиалагч Э.Н ажлын хөлсийг хуваарийн дагуу төлөхдөө 15 хоногийн хугацааг хэтрүүлсэн талууд 2017.09.02-ны өдөр тооцоо нийлсэн үйл баримтаар гэрээг дуусгавар болгосноо дүгнэсэн агуулгатай болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Тооцоо дууссан нь гэрээний талуудад хамааралтай байхад  давж заалдах шатны шүүх зөвхөн захиалагчид хамааруулсан нь үндэслэлгүй болсон ба уг баримтад “захиалагчийн зүгээс тооцоогүй” гэсэн агуулга тусгагдаагүй байв.

Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх үүргээ тодорхой хугацаагаар хэтрүүлсэн байдал нь нөгөө талаас гэрээнд заасан орон сууцыг хугацаандаа хүлээн авах эрхээ хэрэгжүүлэхийг шууд няцаах, үгүйсгэх үндэслэл болохгүй.” гэж дүгнэхдээ хүү, алданги шаардах эрхээ алдах үр дагаврын урьдчилсан нөхцөл болох үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн байгааг анхаараагүй нь буруу байна. Хуульд зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамаарч хугацаа хэтрүүлсэн бол хүү, анз шаардах эрхээ алдах тул үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугүй байх нь, хугацааг цөөн хоногоор хэтрүүлсэн байх нь шаардах эрхийг бий болгохгүй юм. Хариуцагч Нандин эрхэм ХХК хугацаа хэтрүүлсэн байдлыг зөвхөн Э.Нийн хугацаа хэтрүүлсэн үйлдэлд хамааруулаагүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан зохицуулалтын дагуу хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт оновчтой болоогүй байна.

Гэрээ байгуулах, гэрээг өөрчлөх, үүргийг харилцан тооцох, гэрээг хэрхэн дүгнэх нь талуудын эрх бөгөөд 2017 оны 9 сарын 22-ны өдрийн орон сууц хүлээлгэн өгсөн баримтан дээр “тооцоо дууссан” болохыг, мөн өдрийн төлбөрийн тооцоон дээр захиалагч 15 хоногийн хугацаа хэтрүүлж төлбөрөө төлж тооцоогүй болсон тухай мэдээлэл тусгагдсан, энэ хэмжээнд гэрээг дуусгавар болгосон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байна.

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран хүү, анз авах эрхээ алдах үр дагавартай болохыг заасан байна. Э.Н нь мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тул гэрээний нөгөө тал Нандин эрхэм ХХК-иас алданги шаардах эрхээ алдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад тохирсон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 992 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2019/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын  журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 122 290 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Х.СОНИНБАЯР

                          ШҮҮГЧ                                                         П.ЗОЛЗАЯА