Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 152/ШШ2022/00400

 

      Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Б.Х-ын,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом х-д холбогдох,

     Увс аймгийн Улаангом х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд оролцогчид:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ө,

      Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Уянга,

      Хариуцагч: Д.Б,

      Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1. Нэхэмжлэгч Б.Х нь Увс аймгийн Улаангом х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

     1.1. Миний бие нь Увс аймгийн Улаангом х-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг. Тухайн байгууллагад 15 жил ажиллаж байна. Миний бие өмнө нь 2016 онд Д.Б захирлын үед бас ажлаас халагдаад, тухайн тушаал дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр явж шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орж байсан. Д.Б нь 2021 оны 8 дугаар сараас дахин манай сургуулийн захирлаар ажиллах болсон бөгөөд захирлын ажлыг авсанаас хойш надаас янз бүрийн шалтаг, шалтгаан хайж ихээр оролдох болсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж надад 1 сарын үндсэн цалингийн 15% бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Миний бие тухайн хугацаанд эмнэлгийн магадлагаатай өвчтэй байсан бөгөөд энэ талаар захиралд тайлбарлаж хэлсэн боловч надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг намайг хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ хэлээд баримтаа өгөөд байхад авсан гэдгийг мэдэж байсан ч нэг сарын цалингийн 15% юм чинь шүүхэд хандаж захиралтайгаа үл ойлголцох асуудал гаргаад хэрэггүй биз гэж бодоод чимээгүй орхисон. Гэтэл захирал Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б/19 дугаар тушаал гаргаж намайг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Тэрэм хаданд байрлах манай сургуулийн эзэмшлийн жимс, ногооны талбайд суваг шуудуй татах ажлыг манай багш ажилчид хийсэн. Тухайн ажлыг хийгээд дуусах гэж байтал манай сургуулийн захирал Д.Б өөрийн машинаасаа нэг шил архи авахуулаад тэнд ажил хийж байсан хүмүүст өгсөн. Бид захирлын өгсөн архийг ууж дуусаад тэнд байсан зарим хүмүүс архи нэмж гаргаад 5-6 шил архи уусан. Миний бие архи муу даадаг тул нилээд согтоод харьсан. Маргааш нь ажлын өдөр байсан тул ажилдаа очоод ажлаа хийчихээд үдийн цайны цагаар сургуулийн хүүхдээ авахаар явж байгаад хүний машин шүргэж зөрчлийн тухай хуулиар арга хамжээ авахуулсан. Гэтэл энэ асуудлаар нэг сар гаруй хугацаа өнгөрсний дараа захирал Д.Б нь намайг та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна таныг ажлаас чөлөөлнө гэж хэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар үйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд Улаангом х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхлэж байсан ажил болох тус сургуулийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны үүрэгт ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү. Миний бие ажлаас чөлөөлсөн шийдвэрээ аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн маргаан дээр эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар заасан байх боловч манай аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. гэжээ.

     2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр ажилдаа явлаа гэж гараад өдөр нь над руу яриад Тэрэм хадад очиж ажил хийхээр боллоо гэсэн. Хэдэн залуучууд очоод ажлаа хийж байтал Д.Б захирал ирээд хамт архи уусан гэсэн. Орой 16-17 цагийн үед ажил дуусах дөхөж байна гэж надтай утсаар ярьсан. Манай нөхөр эрүүл мэндийн шалтгааны улмаас өдрийн хоол заавал идэх ёстой, тэр өдөр хоол идээгүй, ажил сайн хийлээ гэж захирал нь Г.Б-р машинаас архи авхуулж ирээд өгсөн гэсэн. Бүгдээрээ хамт ууж идэцгээгээд бүрэнхий болчихсон байхад орой 21 цаг өнгөрч байхад Б.Х гэртээ нэлээн согтуу ирсэн. Манай хүн архи уухаараа сайн даадаггүй, тэрийг нь Д.Б захирал ч сайн мэддэг. Маргааш өглөө нь ажилдаа явна гэхээр нь чамаас архи үнэртэж байна, ажилдаа яваад хэрэггүй гэж хэлэхэд бүгдээрээ хамтдаа ажил хийж, ууж идсэн юм чинь, би ажлаа таслахгүй гэж хэлээд явчихсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халагдах тушаал авч ирсэн. Миний нөхөр Б.Х-ыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

     3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Х-ын өмгөөлөгчөөр оролцож түүнд эрх зүйн туслалцаа үзүүлж байна. 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалаар Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Уг тушаалын 1 дэх заалтыг харахад ажлын байран дээр Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлөв гэж заасан. Мөн ХТХ-ийн 123 дугаар зүйл сахилгын зөрчилтэй холбоотой заалтыг давхар барьсан. Өмнө нь сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын тухай маргах зүйл байхгүй. Улаангом Х ийн дотоод журамд хэрвээ тогтоосон ажлын өдөр ажил тасалсан эсвэл ажлын цагаас хоцорсон тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болно гэж заасан. Б.Х би 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр архи уусан нь үнэн, 05 дугаар сарын 18-ны өдөр архи уугаагүй, ажилдаа очихгүй бол арга хэмжээ авахуулах учраас аргагүйн эрхэнд ажилдаа очсон гэх тайлбарыг гаргадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний бие Д.Б захирал болон гэрч Н.Б нараас нэхэмжлэгч 05 дугаар сарын 18-ны өдөр Б.Х-ыг архи уусан гэж хэзээ мэдсэн бэ гэхэд гэрч Н.Б болон хариуцагч Д.Б нар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн гэж хариулдаг. ХТХ-ийн 123 дугаар зүйлийн 123.4-т сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна гэх хугацаа тогтоосон. Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг гаргасан байна гэдгийг мэдэж, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах заалттай байдаг. Б.Х 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр сахилгын зөрчил гаргасан. Тухайн 1 сарын хугацааг Иргэний хуулийн 72 дугаар зүйлд хугацаа тоолох журмыг хуульчилсан, 73 дугаар зүйлийн 73.1-д хугацаа тоолж дуусах жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацааг уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна гэж заасан. Энэ нь Б.Х-ын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан зөрчлийг ажил олгогч маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн бол нэг сарын хугацаа нь 6 дугаар сарын 19-ний өдөр дууссан гэсэн үг юм. Гэтэл захирал Д.Б нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж байгаа нь тухайн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар гаруй хугацаа өнгөрсөн байхад гаргасан. Мөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.3 гэх хориглолтыг барьсан. ХТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.2-д Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана гэж хуульчилсан. 2018 он хэвлэгдсэн хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил, сахилгын зөрчил гэж юуг тооцохыг тусгайлан зааж өгсөн. 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сургуулийн орчинд нэвтэрсэн Б.Х-ын үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журмын 12.3-д нэрлэж заасан 14 төрлийн сахилгын зөрчил гэх үйлдэлд хамаарахгүй байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 төрлийн шийтгэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтгэл. Сая шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Цагдаагийн газрын албан тоот 2022 оны 06 дугаар сарын 21-нд албан ёсоор ирсэн, ЗДТГ-ын даргын албан тоот 2022 оны 06 дугаар сарын 20-нд ирсэн гэж тайлбар гаргаад байна. Дээрх албан бичгүүд сарын дараа ирсэн гээд зөрчил гаргасныг албан тоот ирсэн өдөр илрүүлсэн гэж хугацааг тоолох боломжгүй яагаад гэвэл захирал Д.Б өөрөө би 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр жижүүрээс Б.Х багшийг согтуу явж байгааг мэдчихсэн байсан гэж хэлсэн. Иймд Улаангом --ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/19 дугаартай Б.Х-ыг ажаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

   4. Хариуцагч Увс аймгийн Улаангом х-ийн захирал Д.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үйл явдлыг яриад байна. Би Увс аймаг дахь Цагдаагийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бар кодтой Танай байгууллагын ажилтан Б.Х нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил үйлдсэн гэх албан бичиг, мөн Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сахилга хариуцлагын тухай гэх албан бичгийг үндэслэж Б.Х-ыг ажлаас чөлөөлсөн. Б.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар цалингийн 15 хувиар 1 сарын хугацаатай бууруулсан тушаал гарсан байсан. Б.Х-ыг зөрчил гаргасан болохыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор мэдсэн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр жижүүр надад хэлсэн болохоос биш бусад хүмүүсээс асуухад тийм зүйл болоогүй, мэдэхгүй гэж нуун дарагдуулсан. Жижүүрийн дэвтэр дээр ч энэ тухай бичигдээгүй байсан тул тухайн үед гарч байсан жижүүр ч энэ асуудлаас болж хариуцлага хүлээсэн. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 282 дугаар тогтоол зэргийг үндэслэж Б.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

    5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Х шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр нэхэмжлэлдээ 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь өөрийгөө сахилгын шийтгэл авч байснаа өөрөө мэдэж байгаа нь харагдаж байгаа юм. Мөн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний бие архи муу даадаг тул нэлээн согтоод харьсан. Маргааш нь ажлын өдөр байсан тул ажилдаа оччихоод үдийн цайны цагаар сургуулийн хүүхдээ авахаар явж байгаад хүний машин шүргэж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авхуулсан гэсэн нь ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажил дээрээ байсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчилд холбогдсон зэрэг үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Хамт ажиллаж байгаа хүнийхээ эсрэг зүйл хэлж чадаагүй хаацайлсан. Б.Х-ыг зөрчил гаргасан болохыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор мэдсэн байдаг. Хуулийн хугацаанд арга хэмжээ авсан. Иймд Б.Х-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

     6. Нэхэмжлэгчээс Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №284 тоот албан бичиг, Увс аймгийн Улаангом х-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот Б.Х-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, итгэмжлэл, Улаангом Х-ийн 2014 оны хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журмууд гэх ном зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     7. Хариуцагчаас Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/1101 тоот Сахилга, хариуцлагын тухай гэх албан бичиг, Улаангом Х-ийн Захиргаа аж ахуйн болон удирдах, гүйцэтгэх ажилтнуудын 2022 оны 04 дүгээр сарын цагийн тооцоо, Увс аймгийн Улаангом Х-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом Х-оос 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/48 тоот Увс аймгийн Цагдаагийн газар-т явуулсан албан бичиг, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46-6/138 тоот Улаангом Х-ийн захирал Д.Б танаа гэх албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /Б.Х-тай байгуулсан/, Улаангом Х-ийн 2018 оны нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинээр боловсруулсан журмууд гэх ном, Б.Х-ын бичсэн чатны хуулбар гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

     8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Ч, Б.Б, Б.Ба, Г.Б, Б.О, Ц.Б, Г.Б, Б.Т нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом х-ийн жижүүрийн дэвтэрт үзлэг хийсэн.

     9. Хариуцагчийн хүсэлтээр гэрч Г.Б, Н.Б, С.О, И.Ц нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Х-ын хариуцагч Увс аймгийн Улаангом Х-д холбогдох Увс аймгийн Улаангом Х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

     2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

...Миний бие нь Увс аймгийн Улаангом Х-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг. Тухайн байгууллагад 15 жил ажиллаж байна. Миний бие өмнө нь 2016 онд Д.Б захирлын үед бас ажлаас халагдаад, тухайн тушаал дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүхээр явж шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орж байсан. Д.Б нь 2021 оны 8 дугаар сараас дахин манай сургуулийн захирлаар ажиллах болсон бөгөөд захирлын ажлыг авсанаас хойш надаас янз бүрийн шалтаг, шалтгаан хайж ихээр оролдох болсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж надад 1 сарын үндсэн цалингийн 15% бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Миний бие тухайн хугацаанд эмнэлгийн магадлагаатай өвчтэй байсан бөгөөд энэ талаар захиралд тайлбарлаж хэлсэн боловч надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг намайг хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ хэлээд баримтаа өгөөд байхад авсан гэдгийг мэдэж байсан ч нэг сарын цалингийн 15% юм чинь шүүхэд хандаж захиралтайгаа үл ойлголцох асуудал гаргаад хэрэггүй биз гэж бодоод чимээгүй орхисон. Гэтэл захирал Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б/19 дугаар тушаал гаргаж намайг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Тэрэм хаданд байрлах манай сургуулийн эзэмшлийн жимс, ногооны талбайд суваг шуудуй татах ажлыг манай багш ажилчид хийсэн. Тухайн ажлыг хийгээд дуусах гэж байтал манай сургуулийн захирал Д.Б өөрийн машинаасаа нэг шил архи авахуулаад тэнд ажил хийж байсан хүмүүст өгсөн. Бид захирлын өгсөн архийг ууж дуусаад тэнд байсан зарим хүмүүс архи нэмж гаргаад 5-6 шил архи уусан. Миний бие архи муу даадаг тул нилээд согтоод харьсан. Маргааш нь ажлын өдөр байсан тул ажилдаа очоод ажлаа хийчихээд үдийн цайны цагаар сургуулийн хүүхдээ авахаар явж байгаад хүний машин шүргэж зөрчлийн тухай хуулиар арга хамжээ авахуулсан. Гэтэл энэ асуудлаар нэг сар гаруй хугацаа өнгөрсний дараа захирал Д.Б нь намайг та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна таныг ажлаас чөлөөлнө гэж хэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар үйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймд Улаангом Х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхлэж байсан ажил болох тус сургуулийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны үүрэгт ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

     3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үйл явдлыг яриад байна. Би Увс аймаг дахь Цагдаагийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн бар кодтой Танай байгууллагын ажилтан Б.Х нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил үйлдсэн гэх албан бичиг, мөн Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Сахилга хариуцлагын тухай гэх албан бичгийг үндэслэж Б.Х-ыг ажлаас чөлөөлсөн. Б.Х нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар цалингийн 15 хувиар 1 сарын хугацаатай бууруулсан тушаал гарсан байсан. Б.Х-ыг зөрчил гаргасан болохыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор мэдсэн. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр жижүүр надад хэлсэн болохоос биш бусад хүмүүсээс асуухад тийм зүйл болоогүй, мэдэхгүй гэж нуун дарагдуулсан. Жижүүрийн дэвтэр дээр ч энэ тухай бичигдээгүй байсан тул тухайн үед гарч байсан жижүүр ч энэ асуудлаас болж хариуцлага хүлээсэн. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 282 дугаар тогтоол зэргийг үндэслэж Б.Х-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

     4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Увс аймгийн Улаангом Х-ийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот Б.Х-ыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3/1101 тоот Сахилга, хариуцлагын тухай гэх албан бичиг, Улаангом Х-ийн Захиргаа аж ахуйн болон удирдах, гүйцэтгэх ажилтнуудын 2022 оны 04 дүгээр сарын цагийн тооцоо, Увс аймгийн Улаангом Х-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом Х-оос 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/48 тоот Увс аймгийн Цагдаагийн газар-т явуулсан албан бичиг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Улаангом Х-ийн 2018 оны нэмэлт, өөрчлөлт оруулсан, шинээр боловсруулсан журмууд гэх ном, Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46-6/138 тоот Улаангом Х-ийн захирал Д.Б танаа гэх албан бичиг, гэрч Д.Ч, Б.Б, Б.Б, Г.Б, Б.О, Ц.Б, Г.Б, Б.Т, Н.Б, И.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     5. Нэхэмжлэгч Б.Х-ын Увс аймгийн Улаангом Х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Увс аймгийн Улаангом Х-ийн захирал Д.Б-с зөвшөөрч маргадаг.

     6. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба Б.Х нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

     7. Мөн Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 284 тоот Улаангом сумын Засаг даргын тамгын газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комисс байхгүй болно гэх албан тоотоор тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

    8. Нэхэмжлэгч Б.Х-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь Увс аймгийн Улаангом Х-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Ажлын байранд согтууруулах болон мансууруулах байдалтайгаар орж ирсэн нь нотлогдсон бол гэх заалтаар тогтоогдсон. Мөн гэрч Г.Б, Н.Б, С.О, И.Ц нар Б.Х-ыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд согтуу ирсэн талаар мэдүүлжээ.

     Нэхэмжлэгч талаас хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаанд арга хэмжээ аваагүй 1 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэж маргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна гэж заасан ба тухайн зөрчлийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн болох нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 46-6/138 тоот Улаангом Х-ийн захирал Д.Б танаа гэх албан бичгээр тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

      Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

      9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдав.

    10. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Улаангом Х-ийн 2014 оны Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журмууд гэх ном нь 2018 онд тухайн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журмуудыг шинэчилсэн байх тул үнэлээгүй, мөн хариуцагч талаас гаргаж ирүүлсэн Б.Х-ын бичсэн чат гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхээс үнэлээгүй болно.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом Х-д холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом Х-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.БОЛОР