Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2022/00021

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2022/00400 дүгээр шийдвэртэй,

Б.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч У а У п -д холбогдох, тус к-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х-ын /цахим/, түүний өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Увс аймаг Улаангом политекник коллежийн захирал Д.Б, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлага: У а У П к-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Б.Х-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Миний бие нь Увс аймаг Улаангом политехник коллежийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтнаар ажилладаг. Тухайн байгууллагад 15 жил ажиллаж байна. Миний бие өмнө нь 2016 онд Д.Б захирлын үед бас ажлаас халагдаж,  шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гурван шатны шүүхээр хянагдаж, ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орж байсан. Д.Б нь 2021 оны 8 дугаар сараас дахин манай сургуулийн захирлаар ажиллах болсон бөгөөд захирлын ажлыг авснаас хойш надаас янз бүрийн шалтаг, шалтгаан хайж оролдох болсон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж надад 1 сарын үндсэн цалинг 15%-аар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан. Миний бие тухайн хугацаанд эмнэлгийн магадлагаатай өвчтэй байсан бөгөөд энэ талаар захиралд тайлбарлаж хэлсэн боловч надад сахилгын шийтгэл ногдуулсан. Би сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй буюу намайг хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ хэлж, баримтаа өгөөд байхад арга  хэмжээ авсан гэдгийг мэдэж байсан ч нэг сарын цалингийн 15% юм чинь шүүхэд хандаж, захиралтайгаа үл ойлголцох асуудал гаргаад хэрэггүй биз гэж бодоод чимээгүй орхисон.

Гэтэл захирал Д.Б нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Б/19 тоот тушаал гаргаж, намайг сахилгын давтан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн. 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Тэрэм хаданд байрлах манай сургуулийн эзэмшлийн жимс, ногооны талбайд суваг шуудуй татах ажлыг манай багш ажилчид хийсэн.

Тухайн ажлыг хийгээд дуусах гэж байтал манай сургуулийн захирал Д.Б өөрийн машинаасаа нэг шил архи авахуулаад тэнд ажил хийж байсан хүмүүст өгсөн. Бид захирлын өгсөн архийг ууж дуусаад тэнд байсан зарим хүмүүс архи нэмж гаргаад 5-6 шил архи уусан. Миний бие архи муу даадаг тул нилээд согтоод харьсан. Маргааш нь ажлын өдөр байсан тул ажилдаа очоод ажлаа хийчихээд, үдийн цайны цагаар сургуулийн хүүхдээ авахаар явж байгаад хүний машин шүргэж Зөрчлийн тухай хуулиар арга хамжээ авахуулсан. Гэтэл энэ асуудлаар нэг сар гаруй хугацаа өнгөрсний дараа захирал Д.Б нь намайг та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна, таныг ажлаас чөлөөлнө гэж хэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар үйлийн 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

Иймд Улаангом п к-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох тус сургуулийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны үүрэгт ажилд маань эргүүлэн тогтоож өгнө үү. Миний бие ажлаас чөлөөлсөн шийдвэрээ аваад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн маргаан дээр эхлээд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, комиссгүй бол сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандахаар заасан байх боловч манай аймагт хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 5 дугаар сарын 17-ны өглөө манай нөхөр ажилдаа явлаа гэж гараад өдөр нь над руу яриад Тэрэм хадад очиж ажил хийхээр боллоо гэж хэлсэн. Хэдэн залуучууд очоод ажлаа хийж байтал Д.Б захирал ирээд хамт архи уусан гэсэн. Орой 16-17 цагийн үед ажил дуусах дөхөж байна гэж надтай утсаар ярьсан. Манай нөхөр эрүүл мэндийн шалтгааны улмаас өдрийн хоол заавал идэх ёстой, тэр өдөр хоол идээгүй. Ажлаа сайн хийсэн гээд захирал нь Г.Баттулгаар машинаасаа архи авхуулж ирээд тэдэнд өгсөн гэсэн. Бүгдээрээ хамт ууж идэцгээгээд бүрэнхий болчихсон байхад орой 21 цаг өнгөрч байхад Б.Х-ын гэртээ нэлээн согтуу ирсэн. Манай хүн архи уухаараа сайн даадаггүй, тэрийг нь Д.Б захирал ч сайн мэддэг. Маргааш өглөө нь ажилдаа явна гэхээр нь чамаас архи үнэртэж байна, ажилдаа яваад хэрэггүй гэж хэлэхэд бүгдээрээ хамтдаа ажил хийж, ууж идсэн юм чинь, би ажлаа таслахгүй гэж хэлээд явчихсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халагдах тушаал авч ирсэн. Миний нөхөр Б.Х-ыг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Увс аймаг Улаангом п к-ийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

3.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Б.Х-ын нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/13 тоот тушаалаар цалинг 1 сарын хугацаатай, 15 хувиар  бууруулах арга хэмжээ авагдсан байсан. Би Увс аймаг дахь Цагдаагийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “ Танай байгууллагын ажилтан Б.Х-ын нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зөрчил үйлдсэн гэх албан бичиг, мөн Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын  2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилга хариуцлагын тухай” гэх албан бичгийг  тус тус үндэслэж Б.Хадбаатарыг ажлаас чөлөөлсөн. Б.Хадбаатарыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зөрчил гаргасан болохыг  би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор мэдсэн. Б.Хадбаатарын 5 сарын 18-ны өдөр ажил дээр согтуу байсан гэдгийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр жижүүр надад хэлсэн боловч бусад хүмүүсээс асуухад тийм зүйл болоогүй, мэдэхгүй гэж нуун дарагдуулсан. Жижүүрийн дэвтэр дээр ч энэ тухай бичигдээгүй байсан тул тухайн үед гарч байсан жижүүр ч энэ асуудлаас болж хариуцлага хүлээсэн. Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 282 дугаар тогтоол зэргийг үндэслэж Б.Хадбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2022/00400 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом Политехник Коллежид холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Х-ын нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “ Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ: “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан ба тухайн зөрчлийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр илрүүлсэн болох нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46-6/138 тоот “Улаангом политехник коллежийн захирал Д.Б танаа” гэх албан бичгээр тогтоогдсон гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна” гэжээ.

Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийн зөрчил гаргасан болохыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн, манай харуул надад хэлсэн гэдэг тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргадаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш” гэдэг маань хөдөлмөрийн сахилгьн зөрчил үйлдсэн талаар ажил олгогч мэдсэн буюу зөрчлийн талаар ажил олгогч олж мэдэж, илэрсэн байхыг шаардсан зохицуулалт байна. Илрүүлэх гэдэг ойлголт нь эрх бүхий этгээдийн албан бичиг, эрх бүхий этгээдийн шийтгэл ногдуулсан шийтгэврээр тогтоогдсон байхыг шаардахгүй юм. Мөн нэхэмжлэгчийн энэхүү зөрчил гаргасан талаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаангом политехник коллеж дээр ээлжинд гарч байсан жижүүр 5 дугаар сарын 19-ний өдөр захиралдаа хэлсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцохдоо мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбар зэргийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд уг үүргийнхээ дагуу хариуцагч сахилгын зөрчлийн талаар мэдсэн гэдгээ хэлсэн байхад зөрчил илэрсэн цаг хугацааг үндэслэлгүйгээр буруу тооцсон.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой, ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа  хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон үндэслэлээ “ хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан” гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хангаж өгнө үү гэсэн гомдлын шаардлагаа дэмжиж байна” гэв.

6. Нэхэмжлэгч Б.Х-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “  Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Намайг 2022 оны 5 дугаар сарын 19, 20-нд ажилдаа ирээгүй гэж хэлж байна.

Би ажил дээрээ байсан. 2021, 2022 онуудад улаан хоолой, хамрын мэс засалд орж байсан. Намайг хүнд зүйл өргөж болохгүй гэж байхад газар шорооны ажилд явуулж байсан. Тэр өдөр архи уух сэдлийг Баттогтох  захирал өөрөө гаргасан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ архи уусан. Гэтэл зөвхөн надад хариуцлага тооцож байгаад маш их гомдолтой байна. Би 2021онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг удирдаж ажиллуулаад төрийн албан хаагчийн салбарт манай сургууль улсын хэмжээнд 2-р байранд орж байсан. Энэ бол миний амжилт, хийсэн ажилтай хамааралтай гэж бодож байна. Хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа гэж бодож байна” гэв.

7. Хариуцагч Увс аймаг Улаангом политекник коллежийн захирал Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёр олон жил хамт ажиллаж байсан. Багшилж байхдаа ч хамтарч ажиллаж байсан. Бид хоёрын дунд ямар нэгэн өш хонзонгийн асуудал байхгүй. Б.Х-ын нь архины хамааралтай хүн. Ходоодны хорт хавдрын хагалгаанд явахад дүү, эхнэр хоёр нь ирж уулзаж чөлөө авч байсан. Энэ хүн архи уухаараа гэртээ хаалга ханаа цохиод хонодог зуршилтай. Үүнийг  тэдний дээд давхарт нь оршин суудаг  манай чанарын ажилтан нотолдог.

Манай сургуулийн жижүүр 5 дугаар сарын 19-ний өглөө ажлаасаа буухдаа Б.Х-ын нь архи уусан байсан гэж надад хэлсэн. Би үүнийг жижүүрийн тэмдэглэлээс харах гэтэл жижүүрийн тэмдэглэлд бичигдээгүй байсан. Нэхэмжлэгч талаас жижүүрийн тэмдэглэл, ирцийн бүртгэлд үзлэг хийсэн. Би Б.Хадбаатартай уулзах гэсэн боловч тэр өдрөөс хойш 3 өдөр ажилдаа ирээгүй. Жижүүрийн хэлсэн үг нь жижүүрийн тэмдэглэлд тусгагдаагүй, нотлогдохгүй байсан учраас Б.Хадбаатарт арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. 5 дугаар сарын 18-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан мэдээлэл нь цагдаагийн газарт очиж, цагдаагаас аймгийн Засаг даргын тамгын газарт төрийн албан хаагч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж яваад зам тээврийн осол гаргасан байна гэдэг мэдээллийг өгсөн байдаг. Энэ мэдээллийн дагуу аймгийн ЗДТГ-аас танай сургуулийн албан хаагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан байна. Ийм учраас энэ хүнд арга хэмжээ авна уу гэсэн албан бичгийг манай сургууль руу ирүүлсэн. Ийм бичиг ирэхэд зөрчил гаргасан гэдгийг би албан ёсоор мэдсэн. Энэ бичгийн дагуу Цагдаагийн газраас  тодруулахаар албан тоот явуулахад зөрчил үйлдсэн гэсэн бичиг ирсэн. Эдгээр баримтыг үндэслэж Б.Хадбаатарт сахилгын шийтгэл оногдуулсан.  Б.Х-ын нь 5 дугаар сарын 18-ний өглөө сургууль дээр согтуу байсныг манай сургуулийн 4 ажилтан шүүх хурал дээр нотолсон. Б.Х-ын нь тэр өдөр энэ хүнтэй уулзсан гэдгээ мэдэхгүй байгаа. Цэцэгсүрэн багш хичээл орж байтал эсрэг талын өрөөнд нэг хүн орилоод дуулаад байхаар нь очиж шаардлага тавихад шаардлагыг хүлээж аваагүй. Дахин давтан орилоод байхаар нь тэр багш жижүүрт мэдэгдсэн байсан. Мөн жижүүр нь шаардлага тавихад чамд хамаагүй, чи яв гэж хэлсэн байсан. Б.Х-ын нь өрөөнөөсөө доошоо нэг давхар луу бууж яваад нярав, сантехникч нартай таарсан байдаг. Ингээд гарч явж байгаад осол гаргасан байдаг. Энэ хүнд сахилгын шийтгэл оногдуулахдаа сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, засгийн газрын тогтоол зэргийг үндэслэж гаргасан. Миний гаргасан шийдвэр нь хуулийн хүрээнд гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үнэн зөв гэж үзэж байна” гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааны асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын байран дээрээ согтуу байсан гэдгийг маргааш өглөө нь буюу 19-ний өглөө жижүүр хэлсэн. Жижүүрийн дэвтэрт энэ талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байдаг. Үүний дараа 3 өдөр ажилдаа ирээгүй ба 5 дахь өдөр болж амралтын өдөр үргэлжилсэн. 5 дугаар  сарын 23-нд  ажлын өдөр эхэлсэн. Үүнийг юугаар нотлох вэ? гэхээр хэрэгт авагдсан цагийн бүртгэл, цалингийн тодорхойлолт зэрэг баримтуудаас харагддаг. Ажилтан Б.Х-ын нь 5 дугаар сарын 17-ны өдөр архи уучхаад маргааш нь ажил таслахын бол арга хэмжээ авагдах учраас очсон гэсэн зүйл ярьсан.

Ажилдаа ирснийхээ дараа 3 өдрийн ажил тасалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т ажил олгогч нь илрүүлснээс хойш 30 хонгийн дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн зохицуулалт байдаг. Гэхдээ мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д энэ хуулийн 123.4, 125.5-д заасан хугацаанд ажилтан эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж  тодруулсан заалт байдаг. Тэгэхээр 5 дугаар сарын 18-нд гаргасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад арга хэмжээ авсныхаа  дараа аймгийн ЗДТГ-т мэдэгдсэн. Мөн аймгийн ЗДТГ-ын тамгын газраас Улаангом Политехник коллежид мэдэгдсэн. Энэ үйл баримт нь 1 сарын дотор арга хэмжээ авах ёстой гэсэн хугацааг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ажлын байрандаа архи согтууруулах ундаа үнэртүүлж орж ирсэн тохиолдолд сахилгын шийтгэлд тооцох үндэслэл байхгүй гэж хэлсэн. Энэ нь ажлын цагаар, ажлын байранд архи уусан гээд хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заасан байдаг. Аймгийн засаг даргын тамгын газраас 6 дугаар сарын 17-ны өдөр албан бичиг ирсэн. Энэ бичгээс үзэхэд 13 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 30-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч Б.Х-ын нь ажлын цагаар архи согтууруулах ундаа уусан, ажлын байрандаа ирсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улаангом коллеж нь сургуулийн орчин. Нэг багш нь согтуу ирээд орилоод хашгигчаад байхад арга хэмжээ авахгүй байна гэдэг бол байж болохгүй асуудал. Тийм учраас захирал Баттогтохын гаргасан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа : “Жижүүрийн дэвтэрт тэмдэглээгүй байна гэсэн зүйлийг хариуцагч талаас хэлж байна. Хэдий жижүүрийн дэвтэрт тэмдэглээгүй ч маргааш нь жижүүр өөрийн биеэр захиралдаа орж мэдэгдээд байгаа нь илрүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна. Энэ мэдээллийн дагуу шалгаж тодруулах үүрэг нь ажил олгогч буюу хариуцагчид байна. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж харж байна. Хариуцагч талаас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа цагдаагийн байгууллага шалгах явцад 1 сарын хугацаа тасалдана гэдэг зүйлийг ярьсан. Хариуцагч талаас Б.Х-ын гэдэг хүнийг сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэл өөрөө 5 дугаар сарын 18-ны өдөр сургуулийн орчинд согтууруулах ундааны зүйл хэрэглэж сургуулийн орчинд нэвтэрсэн үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулаад байгаа.

Гэтэл Цагдаагийн байгууллага нь ямар зөрчлийн хэрэг дээр ажиллагаа явуулж байна гэвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож бусдын машин шүргэсэн  байна гэж үзэж шалгах ажиллагаа хийсэн байна. Б.Хадбаатарын гаргасан зөрчил нь нэг өдөр болсон боловч хоёр өөр зөрчил байна.  Согтуугаар машин жолоодсон гэх зөрчлийг  эрх бүхий байгууллага шалгаж байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Ажил олгогч нь илүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байсан. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд сургуулийн орчинд согтууруулах ундааны зүйл үнэртүүлж нэвтрээд байгаа нь хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр заалтад заасан байдаг. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гэдэгт юу тооцохыг тусгайлан нэрлэн заахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн гаргасан энэ үйлдлийг сахилгын зөрчил гэж тооцохоор зохицуулаагүй байгаа учраас гаргасан үйлдэл нь буруутай боловч энэ нь сахилгын зөрчил биш байна гэж харж байна. Энэ саналаа дэмжиж байна” гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авна гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдаж байсан. Би өмнөх тайлбартаа хэлэхээ мартсан байна. Үүнийг огт мэдэгдээгүй гэж хэлж болохгүй. Б.Х-ын гэдэг хүн өөрийнхөө гаргасан нэхэмжлэл дээрээ бичсэн байдаг. Захирал дуудаад чи согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод авто осол гаргасан байна. Тийм учраас чамайг ажлаас чөлөөлж байна гээд мэдэгдсэн. Тушаал гарахаас өмнө уулзсан хэлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Б.Хадбаатарын авто осол гаргасан үйлдэл нь ажлын цагаар буюу 14 цагт гаргасан байдаг.

Б.Х-ын нь ажлын цагаар архи ууж ажлын байран дээрээ ирсэн. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн дотоод журамд нэрлэн заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах 14 зөрчилд хамаарч байна. Захирал Баттогтох нь дуудаж асуухад би архи уугаагүй гэж хэлсэн. Энэ хүний гаргасан үйлдлийг нотлох камер, жижүүрийн бичиг баримт байгаагүй, өөрөө үгүй гэж хэлсэн зэрэг нөхцөл байдал байгаа учраас арга хэмжээ авах боломжгүй байсан. Б.Хадбаатарыг зөрчил гаргасан гэдгийг баттай мэдсэн баримт нь аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн  бичиг юм. Зөрчил үйлдсэнийг мэдсэнээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авсан. Ийм учраас шийтгэл ногдуулах хугацаа алдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Урьд нь энэ хүнд 4 сард арга хэмжээ авагдсан байсан. Хоёр дахь удаагаа болж байгаа учраас давтан зөрчил болж байна. Ажлын цагаар, ажлын байрандаа орилж хашгичиж бүдүүлэг зан гаргаж байгаа нь хөдөлмөрийн харилцааг цуцлах үндэслэл болсон. Ийм учраас ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2022/00400 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.Х-ын Увс аймгийн Улаангом Политехник Коллежид  холбогдуулан, тус коллежийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Увс аймгийн Улаангом Политехник Коллежийн захирал Д.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “  Б.Хадбаатарыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг маргааш нь жижүүрээс мэдсэн. Тухайн өдрийн үйл явдлын талаар  жижүүр надад танилцуулсан боловч жижүүрийн рапортдаа бичээгүй байсан. Дараа нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичиг ирэхэд Б.Хадбаатарыг баталгаатай ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажлын цагаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан гэж мэдсэн. Тэгээд Цагдаагийн Газраас тодруулахаар албан бичиг явуулсны дагуу хариу ирсэн. Зөрчил гаргасан болохыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор мэдсэн тул сахилгын арга хэмжээ авсан” гэж тайлбарлан   маргажээ.  

4. Анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2022/00400 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

5.1. Хариуцагч Увс аймгийн Улаангом Политехник Коллежийн захирал Д.Б 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтнаар ажиллаж байсан Б.Хадбаатарыг  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Улаангом политехник коллежийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2, 11 дүгээр зүйлийн 11.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтуудыг тус тус баримтлан  ...Ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж, сахилгын зөрчил давтан гаргасан... гэх  үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

5.2. Ажил олгогч, ажилтны хооронд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ / хх-ийн 48-р тал/-ний 5.1 дүгээр зүйлд : Ажлын байранд согтууруулах болон мансууруулах зүйл хэрэглэсэн, эсвэл гаднаас согтуурсан болон мансуурсан байдалтайгаар орж ирсэн нь нотлогдсон бол тус тус ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

5.3. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн  шийдвэртээ “ ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэж”...гэж зааж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон байх боловч нэхэмжлэгч Б.Х-ын нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд буюу сургууль дээр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан  гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй.

Харин түүнийг тухайн өдөр ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай сургууль дээр ирсэн, байсан, явж байсан талаар шүүх хуралдаанд дуудагдсан гэрч И.Цэцэгсүрэн, Г.Баттулга, Н.Батмөнх, С.Отгонбаяр нар, мөн тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Н.Батмөнх нь Б.Хадбаатарыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр сургууль дээр согтуу ирсэн талаар захирал Д.Бод мэдэгдсэн талаараа тус тус мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгож буй зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарч байх, улмаар тухайн зөрчил нь нотлогдсон байхыг шаарддаг.

Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн шийдвэртээ нэхэмжлэгч Б.Хадбаатарыг гаднаас согтуурсан байдалтайгаар ажлын байранд орж ирсэн зөрчил үйлдсэн талаар  заагаагүй байх тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.4. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Улаангом политехник коллежийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2, 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтыг баримталсан байх боловч хэрэгт авагдсан, тус коллежийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар баталсан, Улаангом политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Учир нь ажил олгогч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, мөрдүүлээгүй, Улаангом политехник коллежийн дагаж мөрдөж буй гэх хөдөлмөрийн дотоод журам нь мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-т заасан шаардлагад нийцээгүй байна. Иймд дагаж мөрдөж буй Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй дотоод журмын заалтыг ажилтан зөрчсөн талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.    

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянгын давж заалдах журмаар гаргасан “ Хариуцагч нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болохыг 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн, манай харуул надад хэлсэн гэдэг тайлбарыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргадаг. Мөн нэхэмжлэгчийг зөрчил гаргасан талаар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ээлжинд гарч байсан жижүүр 5 дугаар сарын 19-ний өдөр захиралдаа хэлсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр гэрчээр оролцохдоо мэдүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбар зэргийг яагаад нотлох баримтаар үнэлээгүй талаараа шийдвэрт тусгаагүй.

Ажил олгогч нь зөрчлийг  илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах байсан, гэтэл 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

6.1. Нэхэмжлэгч Б.Хадбаатарыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн талаар ажил олгогч Улаангом Политехник Коллежийн захирал Д.Б маргааш нь буюу  5дугаар сарын 19-ний өдөр мэдсэн болох нь гэрч Н.Батмөнхийн мэдүүлэг болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчийн тайлбар нь хэргийн нотлох баримтад тооцогдох тул хариуцагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн болно.

6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т : ажил олгогч  сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн зүйлийн 3-т : ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж тус тус заасан ба ажил олгогч буюу хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн талаар тухайн өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ажилтан Н.Батмөнхөөс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр сонсож, мэдсэн байх боловч зөрчлийг шалгах, нотлох  ажиллагаа явуулаагүй, тухайлбал энэ талаар Б.Хадбаатараас асууж тодруулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 6.3.Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох зөрчил үйлдсэн  эсэхийг заавал шалган тогтоосон байхыг шаардах ба зөрчил гаргагчид урьдчилан мэдэгдэж, зөрчлийн талаар тайлбар гаргах боломжийг ажилтанд олгох  бөгөөд ажил олгогч нь нэхэмжлэгчийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үйлдсэн нь нотлогдсон гэж үзсэн бол  тухайн зөрчил үйлдсэнийг мэдсэн цаг хугацаа буюу 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн  сахилгын шийтгэл оногдуулах нь дээрхи хуулийн шаардлагад тус тус нийцэх учиртай.  

Гэтэл ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Хадбаатарыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т : ажил олгогч сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчид хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ .

6.4. Хэрэгт авагдсан, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/1101 тоот “ танай байгууллагын багш Б.Х-ын нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож, Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн байна. Иймд Б.Х-ын нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэнэ үү” гэх албан бичиг, мөн Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46-6/138 дугаартай “ Танай байгууллагын ажилтан Б.Х-ын нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагт Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн байна” гэх агуулга бүхий албан бичгүүд нь нэхэмжлэгч Б.Хадбаатарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдсэн талаар шалгах ажиллагаа явуулж, шийтгэл ногдуулсан талаар ажил олгогчид мэдэгдсэн байна.

Тодруулбал, Цагдаагийн газраас нэхэмжлэгчийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ажлын байран дээр ирсэн гэх зөрчилд холбогдуулан шалгах ажиллагаа явуулаагүй, харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх өөр зөрчил үйлдсэн талаар  шалгаж тогтоосныг мэдээлсэн байх тул тухайн албан бичгүүдийг үндэслэж ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл согтууруулах ундаа хэрэглэж ажлын байранд ирсэн гэх зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно. Түүнчлэн цагдаагийн байгууллага нэхэмжлэгч Б.Хадбаатарыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулан шалгах ажиллагаа явуулсан нь хариуцагчаас нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гэх зөрчилд шийтгэл хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл болохгүй.

Энэ талаарх хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “ Б.Хадбаатарыг зөрчил гаргасан гэдгийг баттай мэдсэн баримт нь аймгийн ЗДТГ-аас ирүүлсэн бичиг юм. Зөрчил үйлдсэнийг мэдсэнээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авсан. Ийм учраас шийтгэл ногдуулах хугацаа алдсан гэж үзэх үндэслэлгүй, сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэх заалт байдаг. Тэгэхээр 5 дугаар сарын 18-нд гаргасан зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаад арга хэмжээ авсныхаа  дараа аймгийн ЗДТГ-т мэдэгдсэн. Мөн аймгийн ЗДТГ-ын тамгын газраас Улаангом Политехник коллежид мэдэгдсэн байх тул  мэдсэнээс хойш 1сарын дотор арга хэмжээ авсан гэж үзнэ” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. 

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Хадбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан ажил буюу Увс аймаг Улаангом Политекник Коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрт нэмэлт оруулах үндэслэлтэй байна.

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байх ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь

1.Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 152/ШШ2022/00400 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У овогт Б-ын Х-ыг Увс аймаг У П К-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ахлах ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж,

шийдвэрийн 2 дугаар заалтад :  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Увс аймаг У П к-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.ЖАМБАЛСҮРЭН

                        ШҮҮГЧИД                                           Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                    Л.АЛТАН