Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2022/04570

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.У,

Хариуцагч: Б.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээ цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 105,770,250.51 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Н.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т банк ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нар нь Т банкны Улиастай тооцооны төвтэй 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 312600163019 тоот зээлийн гэрээ болон 312600163019 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан 68,600,000 /жаран найман сая зургаан зуун мянга /төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.Уын Т банк дах 312600163043 тоот харилцах дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 68,600,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Зээлдэгч нар нь 312600163019 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох /хавсралт 1/-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүрийн 20-ны өдөр 2,054,910.41 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг огт хийгээгүй.

Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэж, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах, зээлийн төлөлт хийх шаардлага тавьж байсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1,112,766.85 төгрөг, хүүнээс 2,211,408.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 29,525.07 төгрөг, нийт 3,353,700.00 төгрөг төлсөн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 67,487,233.15 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг болж хуримтлагдсан байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө болох ачааны зориулалттай NORTHBENZ-ND4251 автомашин /тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний дугаар N902510598, улсын дугаар 1287 УАА, арлын дугаар LBZ446DB6EA086431/ нь 312600163019 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд зах зээлийн үнэлгээ хүрэлцэхгүй байгаа болно.

Зээлдэгч нартай байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 312600163019 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 Банкны эрх ..., 4.1.3 Хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах эрхтэй байхаар тохиролцсон байдаг.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 312600163019 тоот Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 312600163019 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд: Үндсэн зээл 67,487,233.15 төгрөг, хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг болно.

Зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нарын Т банкны Улиастай тооцооны төв-тэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 312600163019 тоот зээлийн гэрээг цуцалж, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлээс 67,487,233.15 төгрөг, үндсэн хүүнээс 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцахад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь хуулийн болон бодит үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Миний нэр дээр 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т банкнаас том оврийн тээврийн хэрэгсэл авах 68,600,000 /жаран найман сая зургаан зуун мянга/ төгрөгний зээл гарсан нь үнэн, гэхдээ би уг зээлийг аваагүй, мөн уг зээлийг огт хэрэглээгүй. Ажил хэргийн шугамаар танилцсан найз А.Н нь тус онд миний нэр дээр одоохондоо зээл гарах боломжгүй тул өөрийнхөө нэр дээр надад зээл гаргаад өгөөч би зээл гаргах тал дээр бүх асуудлыг нь шийднэ, би сард нь хүүг нь төлөөд явна, тэгж байгаад зээлээ өөр дээрээ шилжүүлчихнэ гэж хэлсэн, би өмнө нь банкнаас ямар нэгэн байдлаар зээл болон түүнтэй адилтгах төрлийн ямар нэгэн зүйл огт авч үзэж байгаагүй учраас энэ тал дээр ямар ч мэдлэг байхгүй байсан.

Би зээлийн материал бүрдүүлэхэд огт оролцоогүй бөгөөд надаас миний хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхний хуулга 2-ыг л авсан ба зээлийн материалын А.Н миний өмнөөс бүрдүүлж өгсөн. Тэгээд байж байтал зээлийн гэрээн дээрээ гарын үсэг зур гэжийн гээд намайг дуудсан бөгөөд би зээлийн гэрээн дээр гарын үсэг зурах үед банкны эдийн засагч болох Б-аас дараагаар нь зээлийнхээ нэр шилжүүлж болох эсэх талаар тодруулахад болно энэ талаар та хоёр дараа нь хоорондоо яриад зохицчихоорой гэхээр нь би гарын үсэг зурчихсан. Би зээлийнхээ материалтай огт танилцаагүй бөгөөд гэрээ чинь бэлэн болчихсон зураарай гэхэд нь зурчихсан.

Зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсанаасаа хойшхи машин тэрэг авах энэ тэр асуудалд би огт оролцоогүй бөгөөд А.Н нь надад хэлэхдээ би энэ машиныг 98 сая төгрөгөөр авч байгаа бөгөөд зээл гаргуулахад урьдчилгаа болгож 30 хувь буюу 29 сая 400 мянган төгрөгийг банкинд төлсөн гэж хэлж байсан бөгөөд чи санаа зоволтгүй би cap сард нь төлбөрийг төлөөд явчихна тэгээд удахгүй зээлээ зохицуулчихна гэсэн тул би итгэсэн.

Батлан даагчийн хувьд банкны эдийн засагч эхнэрээ оролцуул гэсэн боловч би тухайн үед энэ талаар эхнэртэй хэлээгүй байсан учраас дүүгээ оролцуулчихая гэж Нгаар дамжуулж эдийн засагчаасаа гуйхад зөвшөөрсөн бөгөөд манай дүү Б.Х энэ талаар юу ч мэдэхгүй би зүгээр л зээл авч байна ирээд гарын үсэг зураад өг гээл дуудаад зуруулчихсан. Тэр намайг хэлсэн болохоор миний үгнээс гарахгүй учир ямар зээл дээр гарын үсэг зурж байгаагаа ч мэдэлгүй зүгээр л зурчихсан, зээлийн эдийн засагч ч энэ талаар мэдэж байсан учир түүнээс юм асуугаагүй. Тэгээд байж байтал 2019.12.24-ний өдөр Т банкнаас захирал Г.А гэх хүний нэртэй гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирсэн тэгээд энэ талаар А.Нтай ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан ба би банкнаас лавлагаа авч үзэхэд Н нь зээл авснаас хойш 2 сая төгрөг машины зээлд хийгээд дахин хийгэээгүй байсан. Би эдийн засагчтай уулзахаар очиход ажилаасаа гарсан байсан бөгөөд захирал Г.Атэй уулзаж үнэн учираа хэлэхэд энэ зээл угаасаа журам зөрчиж эдийн засагч П.Б эрх мэдлээ хэтрүүлэн намайг байхгүй хооронд өөрөө гарын үсэг зурж олгосон зээл энэ мэт асуудлаасаа болоод тэр ажлаасаа халагдсан, мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж надад мэдэгдсэн.

Мөн банкны зээл олгох журмаар энэ мэт өндөр мөнгөн дүнтэй зээл дээр тухайн тээврийн хэрэгслээс гадна үнийн дүнд дүйцэхүйц заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг тэгтэл эдийн засагч тэгээгүй зөвхөн тээврийн хэрэгслийг л барьцаанд авсан байсан гэж хэлсэн. Би банктай зээл авах зэрэг асуудлаар өмнө нь огт холбогдож үзээгүй бөгөөд ямар шалгуур тавьдаг юу, юу бүрдүүлдэгийг ч мэдэхгүй, дараагаар нь уг зээлийн өр төлбөртэй холбоотой асуудалд үүсэхэд л энэ талаар хүнээс асууж судалдсан юм. Зээл авах үед би хувиараа хөдөлмөр эрхэлдлэг байсан бөгөөд миний дансаар сард дээд тал 500,000-700,000 төгрөг л орж гардаг байсан, надад барьцаалах үл хөдлөх хөрөнгө байгаагүй бөгөөд дүрэм журмаараа над дээр яагаад ч, ямар ч газраас ийм хэмжээний зээл гарах боломжгүй байсан. Тэгэхэд А.Н нь банкны эдийн засагч Бтай тохиролцоод эдийн засагч нь захирлыгаа байхгүй хооронд өөрийн эрх мэдлээ хэтрүүлээд над дээр зээл гаргачихсан байсан бөгөөд би тухайн үед энэ талаар огт ойлголт байгаагүй бөгөөд ингээд болчихдог юм байна л гэж бодож байсан. Тэгээд А.Нтай холбогдоход санаа зоволтгүй би энэ зээлийн асуудлыг шийднэ, надад итгэ би банкны тусгай активынхантай уулзсан, би энэ зээлийг авсан талаараа ч хэлсэн, зээлийн барьцаа болсон машинаа ч үзүүлсэн, тэгээд баталгаа бичиж өгөөд машинаа хүраалгаагүй авч үлдсэн, би энэ корона энэ тэр гайгүй болоод ачаа тээвэр гайгүй бол зээлээ төлчихнө гэхээр нь би санаа амраад өдийг хүрсэн. Дараагаар нь тусгай активын ажилтан болох Т банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Маас тодруулахад тэрээр А.Нтай уулзсан, машиныг нь ч үзсэн тэгээд тэрээр би энэ зээлийг авсан би өөрөө төлнө гэсэн болохоор баталгаа бичүүлж аваад машиныг нь хураан авалгүй явуулсан гэсэн. Ер нь бол зээлийн гэрээ цуцлагдчихсан байхад гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т зааснаар банк тэр даруй тээврийн хэрэгслийг үл маргах журмаар хураан авч гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой гэвч А.Нтай уулзаж машиныг нь очиж үзсэн ч А.Нг зээлээ төлөөрэй гээд баталгаа бичүүлэн авч тээврийн хэрэгслийг нь хураан аваагүй нь банк ч жинхэнэ хариуцагч нь А.Н болохыг, өөрийн эдийн засагч нь алдаа гаргаж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үл хөдлөх хөрөнгө барьцаалалгүй өндөр хүүтэй зээл гаргаж өгсөнийг ч хүлээн зөвшөөрдөг. Миний бие уг зээлийг огт хэрэглээгүй, тийм учираас Т банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Хариуцагч бөгөөд хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.У миний бие Т банктай байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Миний бие тус зээлийн гэрээг байгуулах ямар ч хүсэл зориг байгаагүй бөгөөд зээлийн мөнгийг А.Н авсан байдаг. А.Н нь анх надтай ярилцахдаа би зээл авах гэсэн чиний нэр дээр аваад удахгүй өөрийн нэр дээр шилжүүлнэ гэсэн. Миний зүгээс их хэмжээний зээл миний нэр дээр гарах боломжгүй миний орлого шаардлага хангахгүй гэхэд зүгээрээ би эдийн засагчтай нь ярилцаад тохирсон байгаа чи гарын үсэг зурахад л болно гэсэн. Тэгээд миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Би эдийн засагчтай нь уулзахад зүгээрээ чиний зээл гарна удахгүй А.Нгийн нэр дээр шилжүүлчихнэ гэсэн. Миний зүгээс энэ байдлаа Т банкны захирал Ад хэлэхэд манай эдийн засагч албан тушаалаа урвуулан ашигласан. Энэ тал дээр арга хэмжээ авсан. Цагдаагийн газраар шалгуулж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Иимд Т банкны хариуцлагагүй үйлдлийн улмаас олгосон хууль бус зээлийн хариуцлагыг Б.У би хүлээх үндэслэлгүй бөгөөд А.Н болон Т банкны эдийн засагч П.Б нар намайг хууран мэхэлж уг хэлцлийг хийсэн тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн 312600163019 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.гэв.

 

4. Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Хариуцагч Б.У нь зээлийн гэрээг өөрийн биеэр ирж байгуулсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан. Талуудын хүсэл зориг байсан болох нь зээлийн гэрээгээр нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.гэв.

5. Нэхэмжлэгч талаас Т банк ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2019 оны 8 сарын 01-ний өдрийн 312600163019 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн 312600163019 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн Мемориалын баримт №20190801715..419425-0, зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга, 1287УАА улсын дугаартай, Northbenz ND4251 ND4251 маркийн, Аралын LBZ446DB6EA086431 автомашины гэрчилгээ, Б.У, Б.Х нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 12 сарын 24-ний өдрийн Дугаар 01 Зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл,

Хариуцагч талаас 2021.11.24-ний өдөр хариуцагч Б.Хөөс хариуцагч Б.Ут олгосон итгэмжлэл, 2021.12.14-ний өдөр хариуцагч Б.Уаас Э.Тад олгосон итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр Хаан банкнаас Х-ын Н-гийн 5030306505 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтыг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Б.У, Б.Х нарт холбогдуулан зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нарын Т банкны Улиастай тооцооны төвтэй 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 312600163019 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 67,487,233.15 төгрөг, үндсэн хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч болон хариуцагч Б.Хийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нь би уг зээлийг аваагүй, мөн уг зээлийг огт хэрэглээгүй, ажил хэргийн шугамаар танилцсан найз А.Н нь миний нэр дээр одоохондоо зээл гарах боломжгүй тул өөрийнхөө нэр дээр надад зээл гаргаад өгөөч би зээл гаргах тал дээр бүх асуудлыг нь шийднэ гэсэн, би зээлийн материалтай огт танилцаагүй, гэрээ бэлэн болчихсон гэхээр зурчихсан, батлан даагчийн хувьд эхнэрээ оруул гэсэн боловч эхнэртээ хэлээгүй байсан болохоор дүү Хийг дуудаж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээлийг төлөхгүй гэж маргажээ.

 

4. Хариуцагч Б.У нь Т банк ХХК-д холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 312600163019 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 59 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамааруулан, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулснаар үээлийн төлбөрийг төлөхгүй байх эрх үүснэ гэж тайлбарлаж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Т банк ХХК нь хариуцагч Б.У нь зээлийн гэрээг өөрийн биеэр ирж байгуулсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан. Талуудын хүсэл зориг байсан болох нь зээлийн гэрээгээр тогтоогддог тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

5. Шүүх талуудын хооронд үүссэн маргаанд, үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хамтад нь дараах эрх зүйн дүгнэлт хийж байна.

 

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Зээлийн 312600163019 гэрээгээр зээлдүүлэгч Т банк ХХК нь зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нарт 68,600,000 төгрөгийг, сарын 2.2 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, газрын тээвэр болон хийн хоолойн тээвэр зориулалтаар ашиглахаар тохирч, зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж, мөн өдрийн Фидуцийн 312600163019 дугаар гэрээгээр 12 87 УАА улсын дугаартай, North Benz маркийн автомашиныг барьцаалсан байна. /хх-8-11, 18/

Уг гэрээний дагуу зээлдэгч Б.Уын дансанд 68,600,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Т банкны мемориал баримтаар тогтоогдож байна. /хх-12/

Талууд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Хариуцагч тал гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж, улмаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Зээлийн мөнгийг хариуцагч нар авч ашиглаагүй, уг гэрээг банкны эдийн засагч нь өөрөө дур мэдэн салбарын захирлын зөвшөөрөлгүй байгуулсан, Т банкны хариуцлагагүй үйлдлийн улмаас олгосон хууль бус зээлийн хариуцлагыг Б.У би хүлээхгүй, А.Н болон эдийн засагч П.Б нар намайг хууран мэхэлж уг хэлцлийг хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж тайлбар, болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Мөн талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.

Уг зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг банк зээлдэгчийн дансанд шилжүүлсэн тул хариуцагч нарт зээлийг олгосон гэж үзнэ.

Зээлийн гэрээнд зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нар нь гарын үсэг зурж зээлдэгчийн өмнө зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээсэн байх тул хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч Б.У нь А.Нгийн нэр дээр зээл гарах боломжгүй гэдгийг мэдсээр байж өөрийн нэр дээр зээл авч өгч байгаа үйлдэл нь өөрийн хүсэл зоригийн хүрээнд хийгдэж байгаа үйлдэл гэж үзнэ.

Мөн Т банк ХХК-ийн Улиастай тооцооны төвийн захирал Г.А зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж хариуцагч тал маргаж байгаа боловч банкны ажилтан зээлийн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарагдсан, зээлийн мөнгөн хөрөнгө зээлдэгчийн дансанд зохих журмын дагуу шилжин орсон, банк өөрийн олгосон зээлийг эрх хэмжээндээ олгосон гэж тайлбарлаж байгаа тул энэ үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч тал энэ талаар зохих баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргаагүй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд, зохигчийн тайлбараар тодруулж дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.

Иймээс шүүх талуудын хооронд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан тул гэрээний үүргийг нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Б.У, Б.Х нараас шаардах эрхтэй гэж үзлээ.

Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй боловч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 1,112,766.85 төгрөг, үндсэн хүүнд 2,211,408.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,525.07 төгрөг, нийт 3,353,700 төгрөгийг төлж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил үүсч, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 67,487,233.15 төгрөг, үндсэн хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зээл, хүүний тооцооны хуудас баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга баримтаар тус тус тогтоогдож байна./хх-13-16/

Зээлийн гэрээний 6 дүгээр зүйлийн 6.2.1-т Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно, 2 дугаар зүйлийн 2.2.1-т зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд Гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заажээ.

Зээлдэгч Б.У, Б.Х нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч юм.

Хариуцагч нар нь зээлийг мөнгийг аваагүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргаж, зээлийн төлбөр 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөгдөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасантай нийцнэ.

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 312600163019 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр Т банк ХХК, Б.У, Б.Х нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 12 87 УАА улсын дугаартай, North Benz маркийн автомашины өмчлөлийг Т банк ХХК-д шилжүүлж, автомашин гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтанд байлгахаар тохирсон байна.

Дээрх фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.6-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарах юм.

Уг маргаанд хариуцагч Б.У, Б.Х нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, тээврийн хэрэгсэл А.Н гэх хүний эзэмшил, ашиглалтанд байгаа гэх боловч гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйлээр хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргасан тул 12 87 УАА улсын дугаартай, North Benz маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.1.6, 158 дугаар зүйлийн 158.1-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Иймд зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нарын Т банкны Улиастай тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 312600163019 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.У, Б.Х нараас үндсэн зээл 67,487,233.15 төгрөг, үндсэн хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгож, 12 87 УАА улсын дугаартай, North Benz маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.У, Б.Х нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашигласан гэх иргэн А.Нгаас зээлийн төлбөрийг нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурьдав.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 827,202 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Уын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 686,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан зээлдэгч Б.У, хамтран зээлдэгч Б.Х нарын Т банкны Улиастай тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 312600163019 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн 67,487,233.15 төгрөг, үндсэн хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т банк ХХК-д холбогдох 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 312600163019 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах Б.Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-т заасныг баримтлан 12 87 УАА улсын дугаартай, North Benz маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 827,202 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 686,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ