Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00216

 

 

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00216

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04570 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** , *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 105,770,250 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч *** , хамтран зээлдэгч *** нар *** ХХК-ийн *** тооцооны төвтэй 2019 оны 08 сарын 01-ний өдөр *** тоот зээлийн гэрээ, *** тоот фидуцийн гэрээг тус тус байгуулан 68,600,000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээгээр *** ын *** дахь *** тоот харилцах дансанд 2019 оны 08 сарын 01-ний өдөр 68,600,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөх үүрэгтэй боловч 2020 оны 05 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэж, биечлэн уулзалт хийж шаардлага тавьж байсан. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 1,112,766 төгрөг, хүүгээс 2,211,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 29,525 төгрөг, нийт 3,353,700 төгрөг төлсөн ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 67,487,233 төгрөг, хүүгийн төлбөр 37,732,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 550,358 төгрөг, нийт 105,770,250 төгрөг болж хуримтлагдсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөрөнгө болох ачааны зориулалттай *** машин нь *** тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөд зах зээлийн үнэлгээ хүрэлцэхгүй байгаа болно. Зээлдэгч нартай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай *** тоот гэрээний 4.1-д банкны эрхийг, 4.1.3-т хөрөнгийн чанар муудах, зах зээлийн үнэлгээ буурах, хөрөнгийг худалдан борлуулахад зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах өөр хөрөнгө шаардах, солих, нэмэгдүүлэх, бусад хөрөнгөөс гаргуулах эрхтэй байхаар тохиролцсон байдаг. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 67,487,233 төгрөг, хүү 37,732,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358 төгрөг, нийт 105,770,250 төгрөг болно. Иймд зээлдэгч *** , хамтран зээлдэгч *** нарын *** ХХК-ийн *** тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 105,770,250 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 08 сарын 01-ний өдөр *** наас том оврын тээврийн хэрэгсэл авах 68,600,000 төгрөгийн зээл гарсан нь үнэн, гэхдээ бид уг зээлийг аваагүй, хэрэглээгүй. Ажил хэргийн шугамаар танилцсан найз *** ...тус онд миний нэр дээр одоохондоо зээл гарах боломжгүй тул өөрийнхөө нэр дээр надад зээл гаргаад өгөөч би зээл гаргах тал дээр бүх асуудлыг нь шийднэ, би сард нь хүүг нь төлөөд явна, тэгж байгаад зээлээ өөр дээрээ шилжүүлчихнэ... гэж хэлсэн. Би зээлийн материал бүрдүүлэхэд огт оролцоогүй бөгөөд надаас миний *** ХХК дахь дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг авсан ба *** миний өмнөөс зээлийн материал бүрдүүлж өгсөн. Ингээд банкнаас дуудаж зээлийн гэрээнд гарын үсэг зурах үедээ банкны эдийн засагч болох *** аас дараа нь зээлийн нэрийг шилжүүлж болох эсэх талаар тодруулахад ...болно, энэ талаар та хоёр дараа хоорондоо яриад зохицчихоорой... гэхээр нь гарын үсэг зурчихсан. Үүнээс хойшхи машин тэрэг авах асуудалд би огт оролцоогүй бөгөөд *** надад хэлэхдээ ...чи санаа зоволтгүй, cap сард нь төлбөрийг төлөөд явчихна тэгээд удахгүй зээлээ зохицуулчихна... гэсэн тул итгэсэн. Батлан даагчийн хувьд *** нь намайг хэлсэн болохоор ямар зээл дээр гарын үсэг зурж байгаагаа ч мэдэлгүй зүгээр л зурчихсан, зээлийн эдийн засагч ч энэ талаар мэдэж байсан учир түүнээс юм асуугаагүй. Ингээд 2019 оны 12 сарын 24-ний өдөр *** наас гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирсэн. *** нь зээл авснаас хойш 2,000,000 төгрөгийг л төлсөн байсан. *** ХХК-ийн салбарын захирал *** тэй уулзахад ...*** эрх мэдлээ хэтрүүлэн намайг байхгүй хооронд өөрөө гарын үсэг зурж, журам зөрчиж зээл олгосон, уг асуудлаас болж ажлаасаа халагдсан, мөн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа... гэж мэдэгдсэн. Зээл авах үед би хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд миний дансаар сард дээд тал нь 500,000-700,000 төгрөг л орж гардаг, барьцаалах үл хөдлөх хөрөнгө байгаагүй бөгөөд дүрэм журмаараа яагаад ч, ямар ч газраас ийм хэмжээний зээл гарах боломжгүй байсан. Банкны тусгай активын ажилтан А.Мөнхбаатараас тодруулахад ...*** тай уулзсан, машиныг нь ч үзсэн, энэ зээлийг авсан, би өөрөө төлнө... гэсэн болохоор баталгаа бичүүлж аваад машиныг хураан авалгүй явуулсан гэж хэлсэн. Зээлийн гэрээ цуцлагдчихсан байхад гэрээний 7.1, 7.2-т зааснаар банк тэр даруй тээврийн хэрэгслийг үл маргах журмаар хураан авч, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Миний бие уг зээлийг огт хэрэглээгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: *** т зээлийн гэрээ байгуулж, зээл авах ямар ч хүсэл зориг байгаагүй. Зээлийн мөнгийг *** авсан. *** нь анх надтай ярилцахдаа ...би зээл авах гэсэн чиний нэр дээр аваад удахгүй өөрийн нэр дээр шилжүүлнэ... гэж хэлсэн. Миний нэр дээр их хэмжээний зээл гарах боломжгүй, орлого шаардлага хангахгүй гэдгээ хэлэхэд ...зүгээрээ, би эдийн засагчтай нь ярилцаад тохирсон байгаа, чи гарын үсэг зурахад л болно... гээд миний иргэний үнэмлэхийг авч явсан. Би зээлийн эдийн засагчтай уулзахад ...зүгээрээ, чиний зээл гарна, удахгүй *** гийн нэр дээр шилжүүлчихнэ... гэсэн. Миний зүгээс энэ байдлаа салбарын захирал *** д хэлэхэд ...манай эдийн засагч албан тушаалаа урвуулан ашигласан, арга хэмжээ авсан, цагдаагийн газраар шалгуулж байгаа... гэсэн тайлбарыг өгсөн. Банкны хариуцлагагүй үйлдлийн улмаас олгосон хууль бус зээлийн хариуцлагыг *** миний бие хүлээх үндэслэлгүй бөгөөд *** болон *** ны эдийн засагч *** нар намайг хууран мэхэлж уг хэлцлийг хийсэн тул 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч *** нь зээлийн гэрээг өөрийн биеэр ирж байгуулсан бөгөөд гэрээнд гарын үсэг зурсан. Талуудын хүсэл зориг байсан болох нь зээлийн гэрээгээр нотлогддог. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүнчлэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлдэгч *** , хамтран зээлдэгч *** нарын *** ны *** тооцооны төвтэй байгуулсан 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 67,487,233.15 төгрөг, үндсэн хүү 37,732,659.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358.31 төгрөг, нийт 105,770,250.51 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул *** ХХК-д холбогдох 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах *** ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан **-** УАА улсын дугаартай, *** маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 827,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 827,202 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 686,802 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.а. *** зээлийг бодитойгоор авч хэрэглээгүй бөгөөд *** нь банкны зээлийн эдийн засагчтай нийлэн намайг хууран мэхэлж, миний нэр дээр зээл авч ашигласан. Мөн тухайн зээлийг олгохдоо эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүйгээс үзэхэд намайг хууран мэхэлсэн болох нь харагдана. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.б. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *** болон тухайн үед ажиллаж байсан банкны зээлийн эдийн засагчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүхээс гэрчийг асуулгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. *** ХХК-аас тухайн үед ажиллаж байсан эдийн засагчийн хаяг, мэдээллийг өгөхийг шаардсан боловч өгөөгүй. Шүүх зайлшгүй асуух шаардлагатай гэрчийг асуулгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурж, гэрээнд оролцсон болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл миний нэр дээр зээл авсан гэх ойлгомжгүй асуудлыг гомдолд дурдсан. *** ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй гэж байна. Иргэний хуулийн 65, 68 дугаар зүйлд зааснаар төлөөлүүлэгч төлөөллийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцно гэж хуульчилсан. *** ХХК нь ямар нэгэн байдлаар эрх бүхий этгээд байгуулаагүй гэж гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэж үзсэн тул нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад захирамж гаргаж, тухайн хүсэлтүүдийг хангасан. Харин гэрч нар оршин суух хаяг дээрээ байхгүй гэх асуудал яригдсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас шүүх хуралдаанд гэрч оролцуулахгүй үргэлжлүүлэх тайлбарыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулав.

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** , *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 67,487,233 төгрөг, зээлийн хүү 37,732,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,358 төгрөг, нийт 105,770,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, 2019 оны 08 сарын 01-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган зохигчид маргажээ. /хх 1-2, 30, 34-35, 80, 102/

 

3.   *** ХХК болон *** , *** нар 2019 оны 08 сарын 01-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч *** ХХК нь 68,600,000 төгрөгийг сарын 2.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *** , *** нар уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 8-10/

Мөн *** ХХК болон *** , *** нар 2019 оны 08 сарын 01-ний өдөр *** тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх үеийн байдлаар 98,000,000 төгрөгийн үнэлгээтэй **-** УАА улсын дугаартай *** маркийн автомашиныг *** ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд автомашиныг буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх 11/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

4.   Зээлдүүлэгч *** ХХК нь 2019 оны 08 сарын 01-ний өдөр 68,600,000 төгрөгийг зээлдэгч *** ын эзэмшлийн *** ХХК дахь *** тоот данс руу шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 12, 14/

Нэгэнт банк зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч талд шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг өөрөө авч ашигласан эсэх нь ач холбогдолгүй бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 451.1, 452.2, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээнэ.

Иймд хариуцагч талын гаргасан ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч бид зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй учир зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй... гэсэн агуулгатай татгалзал, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Зээлдэгч *** , *** нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01 сараас хойш удаа дараа зөрчиж, 2020 оны 06 сараас хойшхи хугацаанд огт төлөөгүй байх тул зээлдүүлэгч *** ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх 13/

 

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч нар зээлийн гэрээг байгуулахдаа хууран мэхлэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн зээлийн гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

6.   ...*** ны эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зээлийн гэрээнд зурагдаагүй... гэсэн, мөн ...анхан шатны шүүх мөнгийг авч шамшигдуулсан *** болон тухайн үед ажиллаж байсан зээлийн эдийн засагч нарыг гэрчээр асуулгүйгээр хэргийг шийдвэрлэсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь:

6.а. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан. Нэхэмжлэгч *** ХХК-ийн зүгээс *** салбарын Газар, нэгжийн захирал *** ийн хариуцагч нартай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээг хүлээн зөвшөөрч, эдгээр гэрээний дагуу зээл олгож, автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, улмаар эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна;

6.б. Анхан шатны шүүх *** , *** нарыг гэрчээр асуухаар шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас *** ын хаяг, утасны дугаарыг тодруулж, гэрч нарыг шүүхэд мэдэгдэх хуудсаар удаа дараа дуудсан боловч гэрч нар тухайн хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тогтоогдсон, мөн гэрч нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч ...тухайн хаягт амьдардаггүй, оршин суудаггүй... үндэслэлээр Цагдаагийн байгууллага албадан ирүүлж чадаагүй болох нь тогтоогдсон, гэрч нарыг шүүхэд дуудан ирүүлэх талаар хангалттай ажиллагааг шүүх хийжээ. /хх 86-87, 90, 93-94, 95-97, 100-101, 119-120, 126-127/

 

7.   Хариуцагч *** , *** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 105,770,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй байх боловч давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулна. Үүнд:

7.а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйн нэгэн адил гэрээний талууд мөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах эрхтэй. Энэхүү эрхийг шүүх хэрэгжүүлэхгүй бөгөөд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгнө. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцлуулах нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно;

7.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан барьцаалагчийн эрхтэй холбоотой зохицуулалтыг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ;

7.в. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээлийн гэрээний үүргийг шаардсан байхад анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсан нь буруу болжээ.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 101/ШШ2022/04570 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 451.1, 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *** , *** нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 105,770,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар **-** УАА улсын дугаартай, *** арлын дугаартай, *** маркийн зүтгүүрийг бодитойгоор гаргуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 686,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР