Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/04029

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Э

 

Хариуцагч: А ХХК -д холбогдох

 

33,566,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Эын төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э нь 2019 оны 04 сарын 17-ны өдөр А ХХК-тай харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26-р хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто parking 2 хотхоны суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болж Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээгээр Б.Э нь 72.773 м3 шороо болон 7155 м3 шороог тус тус ухаж гаргах, зөөж тээвэрлэх, 7000 м.куб орчим буюу 500 машин хайрган шороог 20 км зайтай Хан-Уул дүүрэгт байрлах агуулах хашаанд буулгах зэрэг ажлуудыг 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 сарын 30-ны өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч А ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс болох нийт 442,896,500 төгрөгийг төлөхөөр байгуулсан юм. Гүйцэтгэгч Б.Э нь дээрх гэрээнд заасан ажлыг цаг хугацаанд хийж гүйцэтгэхийн тулд машин механизм, тоног төхөөрөмжийн шаардлага, хэрэгцээ гарсан тул захиалагч А ХХК болон түүний захирал С.О-т энэ талаар мэдэгдэж, харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэн Б.Быг мөн туслан гүйцэтгэгчээр оролцуулахаар болсон. Үүний дагуу Б.Э болон Б.Б нар нь дээрх ажлыг өөрийн тоног төхөөрөмж, машин механизмуудыг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд захиалагчийн өгсөн зураг болон инженерийн зааврын дагуу стандартын шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор шударгаар бүрэн биелүүлсэн болно.

Гэтэл захиалагч А ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлөөгүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд 325,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 117,896,500 төгрөгийг төлөлгүй чирэгдэл учруулсаар байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1 ...Энэхүү гэрээт ажлыг нийт 442,896,500 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр талууд тохирсон болно. Гэрээт ажлын төлбөрт гэрээт ажлыг гүйцэтгэх машин механизм, хүн хүч, байр сууц, шатахуун, хүнд механизм болон шороо, тээвэр, хоол хүнс, хөдөлмөр хамгаалал гээд бүх зардал багтсан болно... гэж заасан бөгөөд захиалагч А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байсан юм.

2019 оны 09 сарын 25-ны өдөр дээрх ажлын хүрээнд захиалагч А ХХК-тай тооцоо нийлэхэд 2019 оны 04 сарын 17-ны өдөр байгуулсан ГШ/07 7253 м3 шороог ухаж гарган зөөж тээвэрлэх, 7000 м3 орчим буюу 500 машин хайрган шороог агуулах хашаанд буулгах гэрээний 405,490,000 төгрөг болон ГШ/07 7155 м3 орчим шороог ухаж гарган зөөж тээвэрлэх ажлын гэрээний 37,406,500 төгрөг, нийт 442,896,500 төгрөгийг төлөхөөс захиалагч нь 325,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 117,896,500 төгрөгийн үлдэгдэл ажлын хөлсийг олгоогүй болохыг А ХХК өөрөө хүлээн зөвшөөрч тэдний нягтлан бодогч Д.А нь гарын үсэг /санхүүгийн тамга даран/ зуран баталгаажуулсан. Дараа нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн.

Үүнээс хойш 2019 оны 12 сарын 16-ны өдөр А ХХК, түүний захирал С.О-тэй уулзаж дахин тооцоо нийлэхэд гэрээний дүн, нийт 442,896,500 төгрөгөөс 33,566,500 төгрөг нь төлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг үлдэгдэл төлбөрт туслан гүйцэтгэгчээр оролцсон Б.Б-ын ажлын хөлс 22,944,800 төгрөг багтаж байсан болно.

Гэтэл Б.Б нь 2021 оны 06 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.О-, Б.Э нарт холбогдуулан ...ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэлд 22,944,800 төгрөгийг гаргуулах тухай... нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс уг хэргийг 2022 оны 03 сарын 29-ний өдрийн 13:30 цагт хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Б.Эаас 22,944,800 төгрөгийг гаргуулж, С.О-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Хэдийгээр Б.Э нь захиалагч А ХХК нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул С.О-ээс гаргуулах нь зүйтэй хэмээн тайлбарласан боловч шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа Б.Э, Б.Б нарын хооронд үүссэн тул Б.Эаас төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл Б.Э нь уг ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбогдуулан А ХХК-иас үлдэгдэл ажлын хөлс 33,566,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байж, Б.Бт 22,944,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээд байна.

Иймд хариуцагч А ХХК-иас 2019 оны 04 сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 33,566,500 төгрөгийг гаргуулж, Б.Эыг хохиролгүй болгож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Б.Эын нэхэмжлэлтэй А ХХК-иас 33,566,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Ц.Э би дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Б.Э нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 33,566,500 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. А ХХК нь К ХХК-тай 2019 оны 04 сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ №ГШ/07 байгуулж захиалагч талын Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр төслийн суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон юм. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт ажлын төсөвт өртөг гэрээний үнэ 442,896,500 төгрөг бөгөөд энэ мөнгөнд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон дүнгээр гэрээ байгуулсан болно. А ХХК нь туслан гүйцэтгэгчээр Б.Эд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто паркинг 2 хотхоны суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлыг 100 хувь хариуцуулж хийлгүүлсэн юм. Тухайн үед Б.Этай гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд дээрх ажлыг нийт төсөвт өртөгийг нэмэгдсэн өртгийн албан татварыг оролцуулаад 442,896,500 төгрөгөөр тооцож ажил үүргийг гүйцэтгүүлсэн юм. Манай компани Б.Эын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаад 408,700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд төлбөр тооцоо дууссан юм. Манай компани дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст тайлагнасан болно.

Б.Эын А ХХК-тай байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээний хувьд энэ гэрээ тухайн үед огт хийгдээгүй дараа нь нөхөж хийсэн гэрээ бөгөөд Б.Э нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртэй байгаа юм та гэрээнд гарын үсэг зурж тус болооч гэж гуйхаар нь А ХХК-ийн захирал С.О- гэрээтэй огт танилцалгүй гарын үсэг зурсан гэж хэлдэг юм. Б.Э нь манай компаниас 408,700,000 төгрөг авчихаад дээрх суурийн ажлын шороог их хэмжээгээр зарж их хэмжээний ашиг олж байсан бөгөөд энэ мөнгийг тооцвол их хэмжээний үнийн дүн гарч байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Б.Э нь гэрээний төлбөрт 408,700,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутгаж манай компани авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 4-23 тал, 28-30, 63 хүртэлх нотлох баримтуудыг,

Хариуцагч тал хавтаст хэргийн 31-32, 39-50, 66-72 дугаар тал хүртэлх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01402 дугаар шийдвэртэй иргэний хэргээс хавтаст хэсгийн 5 дугаар хуудсанд авагдсан гар бичмэлд үзлэг хийж,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс А ХХК, К ХХК-тай ажил үүрэг гүйцэтгэж 2019 оны татварын тайланд нэмэгдсэн өртгийн албан татвар тайлагнасан эсэх, хэрэв тайлагнасан бол хэдэн төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр тайлагнасан эсэх талаар лавлагаа, тодорхойлолт гаргуулж /хх-99-125/ нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч А ХХК-иас 2019 оны 04 сарын 17-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 33,566,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж,

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Э гэрээний төлбөрт 408,700,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутгаж манай компани авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, А ХХК-ийн захиалгаар, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто parking 2 төслийн суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэхээр, барилгын зургаар 72,772 м.кв орчим шороог ухаж гаргаж, зөөж тээвэрлэх ажлыг Б.Э гүйцэтгэхээр, гэрээт ажлын хугацааг 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэхээр, гэрээт ажлын хөлсийг 442,896,500 төгрөгөөр хийхээр тохиролцсон байна. /хх-7-11/

4. Дээрх гэрээний дагуу А ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гэрээт ажлын төлбөрт 117,896,500 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн акт баримтыг тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий нягтлан бодогчийн тооцоо нийлсэн акт үйлджээ. /хх-13/

Уг 117,896,500 төгрөгөөс 80,000,000 төгрөгийг А ХХК төлж, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тооцоо нийлсэн баримтаар 33,566,500 төгрөгийг А ХХК төлөх тооцооны үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2022/01402 шийдвэртэй иргэний хэргийн 5 дахь хуудсанд байгаа гар бичмэл баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

5. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

6. Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын хэмжээ, чанар, гүйцэтгэл, гэрээний үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргаагүй ба харин уг мөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутган тооцсон эсэх нь маргаантай болжээ.

/Ажлын гүйцэтгэлийн хувьд талууд маргаагүй учраас хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан суурийн нүх ухаж гүйцэтгэсэн акт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурьдав./

7. Хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа; дээрх ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө хариуцагч А ХХК нь К ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын суурийн нүх ухах ажлыг хийж гүйцэтгэх болсон боловч уг ажлаа Б.Эаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо А ХХК, К ХХК-тай байгуулсан гэрээтэй адил нөхцөлөөр тохиролцсон боловч Б.Э нь банк, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үзүүлнэ гэж нөхөн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирал гэрээний заалтыг анзааралгүй гарын үсэн зурсан. А ХХК, К ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үнэнд гэрээний үнийн дүнгээс 40,263,318 төгрөгийн НӨАТ тооцогдох боловч илүү шилжүүлсэн тул уг зөрүүг манайх буцаан шаардаагүй гэж байгаа боловч хариуцагчийн татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т Энэхүү гэрээт ажлыг нийт 442,896,500 төгрөгөөр бүрэн хийж гүйцэтгэхээр талууд тохирсон болно. Гэрээт ажлын төлбөрт гэрээт ажлыг гүйцэтгэх машин механизм, хүн хүч, байр, сууц, шатахуун, хүнд машин механизм болон шороо тээвэр, хоол, хүнс, хөдөлмөр хамгаалал гээд бүх зардал багтсан, 2.5-д Гэрээнд заасан барилгын суурь, суурь суулгалт зургийг гүйцэтгэгч талд урьдчилан танилцуулж үнэ төлбөрийг талууд тохирсон ба гэрээнээс гадна нэмэлт ямар нэгэн тохиролцоо байхгүй болно...гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч А ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тусгаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, хэлэлцэн тохиролцсон хөлсөө А ХХК нь Б.Эд төлөх нь зүйтэй гэж үзлээ.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 325,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,566,500 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 325,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч А ХХК-иас 33,566,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 325,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/12418 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ