Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/ма2023/00192

 

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00192

 

 

Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04029 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б-ын хариуцагч А ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,566,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Б- нь 72.773 болон 7.155 м.куб шороог тус тус ухаж гаргах, зөөж тээвэрлэх, 7.000 м.куб орчим буюу 500 машин хайрган шороог 20 км зайтай Хан-Уул дүүрэгт байрлах агуулах хашаанд буулгах зэрэг ажлуудыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч А ХХК нь гэрээгээр тохирсон ажлын хөлс болох нийт 442,896,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхийн тулд машин механизм, тоног төхөөрөмжийн шаардлага, хэрэгцээ гарсан талаар захиалагчид мэдэгдэж, Б-ыг туслан гүйцэтгэгчээр оролцуулсан.

1.1 Захиалагчийн өгсөн зураг болон инженерийн зааврын дагуу стандартын шаардлагад нийцүүлэн гэрээнд заасан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Гэтэл захиалагч А ХХК нь гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлөөгүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацаанд 325,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 117,896,500 төгрөгийг төлөөгүй.

1.2 Захиалагч А ХХК нь гэрээний 4.1-д заасан үүргээ ноцтой зөрчсөн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дахин тооцоо нийлэхэд 33,566,500 төгрөг нь төлөгдөөгүй болохыг хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг үлдэгдэл төлбөрт туслан гүйцэтгэгчээр оролцсон Б-ын ажлын хөлс 22,944,800 төгрөг багтсан. Гэтэл Б- нь Б-д холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Б-аас 22,944,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Улмаар Б- нь Б-т 22,944,800 төгрөгийг төлөх үүрэг хүлээгээд байна. Иймд хариуцагч А ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр болох 33,566,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А ХХК нь К ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч талын Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр төслийн суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын төсөвт өртөг 442,896,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. А ХХК нь туслан гүйцэтгэгчээр Б-д Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто паркинг * хотхоны суурийг ухаж, шороог зайлуулах ажлыг хийж гүйцэтгүүлэх ажлыг 100 хувь хариуцуулж хийлгүүлсэн. Тухайн үед Б-тай гэрээ бичгээр байгуулаагүй бөгөөд дээрх ажлыг нийт 442,896,500 төгрөгөөр тооцож ажил үүргийг гүйцэтгүүлсэн. Манай компани Б-ын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг суутгаад 408,700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд төлбөр тооцоо дууссан. Манай компани дээрх ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварыг Баянзүрх дүүргийн татварын хэлтэст тайлагнасан болно. Иймд нэхэмжлэгч Б- нь гэрээний төлбөрт 408,700,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутгаж манай компани авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-аас 33,566,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 325,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тухайн үед бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд К ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд бүх ажлыг Б- нь 100 хувь хийж гүйцэтгэсэн. А ХХК нь иргэн Б-д нийт 408,700,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд гэрээнд заасан төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцоод төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар тусгаагүй сүүлд нөхөж үйлдсэн гэрээ байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлалгүйгээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

4.1 А ХХК нь дээр дурдсан ажлын төлбөрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож харьяа татварын байгууллагад тайлагнасан бөгөөд энэ нотлох баримтыг гаргаж өгсөн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

4.2 Б- нь хариуцагчаас гэрээт ажлын төлбөр 408,700,000 төгрөг авчихаад татвар төлөөгүй бөгөөд хариуцагч компани дээрх өгсөн мөнгөний татварыг суутган авч бүх төлбөрийг 100 хувь барагдуулсан байхад илүү төлбөр төлөхөөр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нь үндсэн гэрээг нэмэгдсэн өртгийн албан татвар оролцуулсан үнээр гэрээ байгуулчихаад туслан гүйцэтгэгчтэй нэмэгдсэн өртгийн албан татвар оролцуулахгүй өөртөө ашиггүй гэрээ хийх ямар ч боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх үндсэн гэрээнд хууль зүйн зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй тул давж заалдах шатны хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн дүүрэн судалж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэж шийдвэр гаргасан. Гомдолд дурдсан 2 удаа тооцоо нийлсэн акт байдаг. Тооцоо нийлсэн актаар үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлагад байгаа дүнд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талууд тооцоо нийлж харилцан тохиролцсон. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээнд дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварын дүн орсон гэж талууд тохироогүй. Харин хийгдэх ажлын талаар тохирсон. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,566,500 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөө гаргуулна гэж, хариуцагч нь ...гэрээний төлбөрт 408,700,000 төгрөгийг авсан, үлдэгдэл мөнгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутгаж манай компани авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ. /хх1-3, 38/

4. А ХХК, Б- нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж хаягт байрлах Энканто трейд центр болон Энканто раrking 2 барилгын зургаар 72.772 м.куб орчим шороог ухаж гаргаж зөөж тээвэрлэх, 7.000 м.куб орчим буюу 500 машин хайрган шороог захиалагч талын Хан-Уул дүүрэгт байрлах 20 км зайтай агуулах хашаанд буулгах мөн 7.155 м.куб орчим шороог ухаж гарган зөөж тээвэрлэх ажлыг тус тус 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэх бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 4.1-д зааснаар 442,896,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх7-11/

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

6. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь барилгын зургаар үндсэн 3 барилгын суурь, 4 түвшинтэй ухсан, Энканто трейд центр 86.455 м.куб болон Энканто раrking 2 7.155 м.куб шороог ухаж гарган зөөж тээвэрлэх ажлыг хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-12/

7. Талууд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Б-д ажлын хөлсөнд 325,000,000 төгрөг төлсөн байх ба гэрээт ажлын үлдэгдэл төлбөрт 117,896,500 төгрөг гэж тооцоо нийлэх акт үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх13, 22/

Түүнчлэн, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гар бичмэлд ...72.733 м.куб том суурь, 7.155 м.куб жижиг суурийн ажлын гэрээний дүн 442,896,500 төгрөгийн тооцооны 33,566,500 төгрөг нь төлөгдөөгүй байгаа нь үнэн болно. гэх агуулгаар тусгагдсанаас үзвэл хариуцагч нь ажлын хөлс төлөхөө илэрхийлж байсан болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. /хх80-82/

8. Иймд анхан шатны шүүх хариуцагч А ХХК-аас 33,566,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцсэн байна.

9. Хариуцагч нь татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тухайн үед гэрээ байгуулаагүй, дараа нөхөж байгуулсан, гэрээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулж тооцсон гэх өгүүлбэрийг хассан байхад энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч А ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцохоор захиалагч К ХХК-тай тохиролцсон байх ба уг тохиролцоо нь туслан гүйцэтгэгч болох Б-тай байгуулсан гэрээний зохицуулалтад хамаарахгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/04029 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,782 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах тус тус хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.ЦОГТСАЙХАН