Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2022/03782

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М- ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Д -д холбогдох,

 

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Гэрч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Монгол улс, Улаабаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж, 51 дүгээр байранд 00 тоот хаягт байрлах 73.3 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-220201...... дугаартай, хоёр өрөө орон сууц, 00 тоот хаягт байрлах 95 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-22020............дугаартай 3 өрөө орон сууцыг өмчилдөг.

Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 25-ны огноотой итгэмжлэлээр хариуцагч О.Дид дээрх 2 орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхийг олгосон. Тухайн итгэмжлэлээр:

Орон сууц хөлслүүлэх гэрэгэ зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч БАРАНЕС ЯАР байгуулж гарын үсэг зурах, орон сууц хөлслөх төлбөр тооцоог хариуцагч нь хөлслөгчдөөс хүлээж аваад нэхэмжлэгчийн төлөөлөгч БАРАНЕС ЯАР-т шилжүүлэх эрх, үүрэг хүлээлгэсэн. Итгэмжлэлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дууссан.

Гэтэл итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш хариуцагч О.Д нь дээрх 2 орон сууцнуудыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр, түүнээс зориуд нууж, орон сууцыг хөлслөх гадаадын иргэн олдохгүй байна. хэмээн худал хэлж:

Ремакс Инфинити үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын агенттай хамтран БНЭУ-ын иргэн Г Х З (пасспортны дугаар:Z1..........)-д 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр орон сууц түрээслэх түрээслүүлэх гэрээ гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №001 дугаартай Түрээсийн гэрээг тус тус үйлдэж, улсын бүртгэлийн Ү-220201...... дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж, 51-00 тоот орон сууцыг сарын 1,000,000 төгрөгний төлбөртэйгөөр хариуцагч нь хөлслүүлж 8 сарын хугацаанд суулгаж, нийтдээ 8,000,000 төгрөгийг хариуцагч нь хувьдаа авсан. Улсын бүртгэлийн Ү-22020............дугаартай Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж, 00-00 тоот 3 өрөө орон сууцыг өөрийнх нь найз Б.Дд хөлслүүлж, нийтдээ 9,000,000 төгрөгийг байр хөлслүүлэх төлбөрийг хувьдаа авсан байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч БРАНЕС ЯАР нь нэхэмжлэгчийн өмч болох дээрх 2 орон сууцнуудыг Монгол дахь өөр танилаараа дамжуулж хөлслүүлэхээр 2020 оны 05 сард үзүүлэх гэж байгаад тухайн орон сууцнууд нь аль хэдийн бусдад хөлслүүлсэн болохыг олж мэдсэн. Орон сууц хөлслөгч Г Х З нь хариуцагч О.Доос барьцааны мөнгө болох 1,000,000 төгрөгөө удаа дараа шаардсан боловч, авч чадалгүй байсаар Монгол улсад түр оршин суух визны хугацаа нь дуусаад арга буюу 2022 оны 08 сард нутаг буцсан. Нутаг буцахаасаа өмнө барьцаа мөнгөө нэхэмжлэгчийн төлөөлөгч БАРАНЕС ЯАР-аас шаардаж, хариуцагч О.Дтой байгуулсан орон сууц хөлслөх гэрээнүүдээ эх хувиар нь өгсөн байдаг.

Хариуцагч О.Доос орон сууц хууль бусаар бусдад хөлслүүлсэний төлбөр болох 12,000,000 төгрөгийг шаардахад элдэв шалтаг хэлж өгөхөөс зайлсхийж байсан тул түүний хууль бус залилах шинжтэй гэмт хэргийн үйлдлийг шалгуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах дэслэгч Я.Б нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг 1100-7570 дугаарт бүртгэж, хуулийн дагуу шалгаж, хариуцагч О.Доос мэдүүлэг авсан. Хариуцагч О.Д нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ орон сууц хөлслүүлсэн мөнгөө нэхэмжлэгчид төлөхөө амласан бөгөөд үүнийх нь дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас иргэний эрхзүйн шинжтэй маргаан гэж дүгнээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, гомдлыг хаасан. Түүнээс хойш хугацаанд хариуцагч О.Д нь шаардсан төлбөрийг огт төлөөгүй байна.

Иймд хариуцагчаас бичгээр өгсөн амлалтын дагуу тогтоосон хугацаандаа нэхэмжлэгчид өр төлбөрийг төлөөгүй тул 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

2. Нэхэмжлэгч М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмч болох улсын бүртгэлийн Ү-22020............дугаартай, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж 51 дүгээр байр 00  тоот орон сууц (цаашид Орон сууц гэх)-ыг ИБУИНВУ-ын иргэн Р А К Б (цаашид хөлслөгч гэх)-д 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 сар дуустал хугацаанд хариуцагчаар дамжуулж хөлслүүлсэн. Орон сууцыг эхний жил сарын 700.00 ам.доллар, дараагийн жил сарын 500.00 ам.доллараар тохиролцож хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаанд хөлслүүлэх төлбөрийг хөлслөгчөөс хариуцагч нь өөрийн эзэмшлийн голомт банк 335........... тоот америк долларын харилцах дансаар хүлээж авдаг байсан.

2016 оны 01 дүээр сараас 2017 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл хугацаанд нийт 22 сарын 13,050.00 америк долларын төлбөрийг хариуцагч нь хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй байгаа. Иймд 13,050.00 америк доллар буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханш 2,883.17 төгрөгөөр тооцоход 37,625,368.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.гэв.

 

3. Хариуцагч О.Дийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй М- ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Дид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

БНЭУ-ын иргэн Г Х З-д орон сууцыг түрээслүүлж олсон гэх 8,000,000 төгрөгний тухайд:

БНЭУ-ын иргэн Г Х З-д улсын бүртгэлийн Ү-220201...... дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж, 51-00 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний болон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу орон сууцыг түрээслүүлсэн. Сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн Оронн сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу 12 сарын хугацаанд түрээслүүлэх байсан боловч Х З нь сүүлийн 8 сар байрнаас гарч, ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. Иймд тус 2 түрээсийн гэрээний төлбөрт нийт 8 сарын хугацаанд 8,000,000 төгрөг төлөгдсөн байдаг.

Гэвч М- ХХК-ийн нэр дээрх байрны ашиглалтын зардлыг хариуцагч миний бие сар бүр төлж барагдуулдаг байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас тооцон үзвэл нийт ашиглалтын зардалд 6,240,345.76 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд тус үнийн дүнг байрны түрээсийн орлогоос нөхөн төлүүлэх үндэслэлтэй байх тул тус үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

 

Б.Даас зээлсэн мөнгөнийхөө хүүгийн төлбөр болох сарын 1,500,000 төгрөгөөр 6 сарын хугацаатайгаар хөлслүүлж 9,000,000 төгрөгийг хувьдаа авсан гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

Б.Д гэх хүн нь манай нутгийн дүү юм. Б.Даас миний бие ямар нэгэн мөнгө зээлсэн зүйл байхгүй бөгөөд хааяа Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж, 00-00 тоотод очиж цэвэрлэгээ хийж хонодог байсан.

Б.Д бид 2-ын хооронд ямар нэгэн байдлаар байр түрээсэлсэн, хөлслүүлсэн харилцаа огт байхгүй, мөнгөний хүүнд суулгасан зүйл огт байхгүй тул тус 9,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж, 51-56 тоотыг ИБУИНВУ-ын Р К Б-д нийт 22 сарын хугацаанд түрээслэн нийт 13,050.00доллар хүлээн авсан ч өгөөгүй гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М- ХХК-ийн эзэмшигч нь Израйль улсын иргэн Баранес Яар гэх хүн байдаг. Хариуцагч нь Р К Б-д түрээсэлсэн төлбөр болох 13,000.00 долларыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкны данс ашиглан Baranes Yar гэх хүний эзэмшлийн 40............. гэх дансруу шилжүүлсэн байх тул энэхүү үнийн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаадлагаас 15,240,345.76 төгрөг 13,000.00 долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

4. Нэхэмжлэгч тал 1-р хавтаст хэргийн 3-26 тал, 63-103, 207-208, 210-218, хүртэлх нотлох баримтуудыг,

Хариуцагч тал 1-р хавтаст хэргийн 200, 203-204, 221-227 дугаар тал хүртэлх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчины гудамж, 51 байр, 00 тоот хаягт байрлах, 73.3 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-220201...... дугаартай 2 өрөө орон сууц, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчины гудамж, 51 байр, 56 тоот хаягт байрлах, 95 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-22020............дугаартай 3 өрөө орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа-мэдээллийг гаргуулж /хх-57-59/,

Мөн Хаан банк ХХК, Голомт банк ХХК-иудаас хариуцагч О.Д /рд:/-ийн Хаан банкин дахь төгрөгийн 507..........., Голомт банкин дахь төгрөгийн 33............., Голомт банкин дахь ам.долларын 335.............. дансуудын 2015.10.01-2017.09.31-ний хооронд Япон улсын иргэн О С-гаас улирал бүр 3,900,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулгыг, хариуцагч О.Дийн Голомт банкин дахь ам.долларын 335............. харилцах данс руу М.Б-ээс 2015.01.01-2018.09.04-ний хооронд сар бүр шилжүүлсэн гүйлгээний хуулгыг гаргуулж /1-р хавтаст хэргийн 242-250, 2-р хавтаст хэргийн 1-58/;

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Төрийн банк ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 cap хүртэлх хугацааны Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчины гудамж, 51 байрны 00, 00 тоот орон сууцнуудын цахилгаан, дулаан, халуун, хүйтэн ус зэрэг ашиглалтын зардал төлсөн баримтуудыг гаргуулж /1-р хавтаст хэргийн 115-181/ нотлох баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хууль бусаар бусдад хөлслүүлсний төлбөр 17,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 13,050.00 ам.доллар буюу 37,625,368.50 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 54,625,368.5 төгрөгийг шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэлээс 13,000.0 ам.долларыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Голомт банкны гадаад төлбөрийн гүйлгээгээр шилжүүлсэн тул төлөхгүй, мөн орон сууцны ашиглалтын зардалд 6,240,345 төгрөгийг өөрөөсөө төлж байсан тул нэхэмжлэлээс хасч тооцуулна гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэж байна.

 

2. Нэхэмжлэгч М- ХХК-иас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр, 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Монгол улсын иргэн Нэргүйн Ө нь М- ХХК-ийг төлөөлж О.Дид холбогдуулан нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй болжээ. /хх-3/

 

3. Нэхэмжлэгч М- ХХК нь АНУ-ын Делавар мужид бүртгэлтэй хуулийн этгээд ба Монгол улс, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж-51 дүгээр байр, 00 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220201...... дугаарт бүртгэлтэй, 73,03 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 00 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22020............дугаарт бүртгэлтэй, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/2029 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-57-59/

4. Нэхэмжлэгч М- ХХК-ийг төлөөлж Яар Баранес нь тус компанийн өмчлөлийн байрны 55 болон 56 тоот орон сууцнуудыг хөлслүүлэх эрхийг Отгоны Дд олгож, итгэмжлэлдээ, орон сууцнуудыг хөлслүүлэх гэрээнүүдийг М- ХХК-ийг төлөөлж Яар Баранес гарын үсэг зурж батлахаар, О.Д нь М- ХХК руу төлбөрүүдээ шилжүүлэхээсээ өмнө тухайн гэрээний дагуу орон сууц хөлслөх төлбөрийг цуглуулж авна, мөн гэрээндээ зааж өгвөл хөлслөгчид нь орон сууц хөлслөх төлбөрөө М- ХХК-ийн АНУ дахь банкны данс руу шилжүүлж болно гэх нөхцөлүүдийг тусгасан байна. /хх-10, арын нүүр/

 

5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд;

5.1. О.Д нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 00, 00 тоот орон сууцыг хөлслүүлэх эрхийг Израйль улсын иргэн Яар Баранес-с олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан ба түрээсийн орлогыг иргэн Яар Баранест шилжүүлээгүй үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх үндэслэлд хамаарахгүй, дээрх үйлдийн улмаас Яар Баранес-т эд хөрөнгийн бодит хохирол учраагүй, харин түрээсийн орлогоо цаг тухайд нь авч чадаагүй байгаа нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй маргаан гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Н.Өын гаргасан гомдлыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-8-9/

5.2. Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 51-р байр, 00 тоот орон сууцыг хариуцагч О.Д нь Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн G H Z-д 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 6 сарын хугацаагаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар тус тус Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 51-р байр, 00 тоот орон сууцыг, 1 сард 1,000,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй гэрээний дагуу 8 сарын хугацаанд хөлслүүлж, түрээсийн төлбөрт 8,000,000 төгрөгийг авч, нэхэмжлэгчид шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн БНЭУ-ын иргэн Г Х З-д улсын бүртгэлийн Ү-220201...... дугаартай, УБ хот, ЧД, 3-р хороо, Жуулчны гудамж, 51-00 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний болон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу орон сууцыг түрээслүүлсэн. Сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний дагуу 12 сарын хугацаанд түрээслүүлэх байсан боловч Х З нь сүүлийн 8 сар байрнаас гарч, ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. Иймд тус 2 гэрээний төлбөрт нийт 8 сарын хугацаанд 8,000,000 төгрөг төлөгдсөн байдаг. гэх тайлбараар тогтоогдож байна.

5.3. Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 51 байр, 56 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч О.Д өөрийн найз Б.Даас зээлсэн мөнгөнийхөө оронд 1 сард 1,500,000 төгрөгөөр 6 сарын хугацаагаар Б.Дд хөлслүүлж 9,000,000 төгрөгийг хувьдаа авсан тул уг мөнгийг гаргуулах шаардлагын тухайд О.Д, Б.Д нарын хооронд байгуулсан зээлийн болон түрээсийн гэрээ байхгүй, гэрчээр шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн Б.Дын ...Түрээсийн байр хайх шаардлагатай байсан. Тэгээд энэ тухайгаа Дагваа ахад ярихад ахад нь тийм байр байгаа гол нь цэвэрлэх шаардлагатай байр байгаа. Чи тэрийг цэвэрлээд дараагийн байраа олтлоо түр байж байхуу гэдэг саналыг тавьсан. Очсон гол зорилго нь цэвэрлэх, дараагийн байраа олтлоо түр байх байсан. Тэр байранд би 7-10 хоносон байх, 2020 оны 5 сарын 20-ны өдрийн хавьцаа байсан байх гэж бодож байна. Тэнд байж байхад нэг эмэгтэй ирж энэ байр ийм учиртай гэж хэлснээс 2-3 хоногийн дараа байраа олсон. Тэр эмэгтэйтэй уулзсанаас хойш 4 хоногийн дараа 6 сарын 1 хүүхдийн баяр болж байсан гэдгийг сайн санаж байна. Хүүхдийн баяраас 4 хоногийн өмнө байрнаас гарсан, ...Байранд байхад нэг эмэгтэй хонх цохиж орж ирсэн. Тэр эмэгтэй болохоор энэ байранд өөрөө яагаад байж байгаа юм бол энэ байрыг О.Д гэдэг хүн дундын зууч хийж өөр хүмүүст түрээсэлж, түрээсийн мөнгийг бид нарт төлөх шаардлагатай байсан гэж хэлсэн. Би тэр эмэгтэйн хэлж байгаа шиг мэдээллийг Дагваа ахаас сонсоогүй байсан. Тэр байранд орохдоо хүртэл энэ байр ямар учиртай байр вэ гэдгийг асуугаагүй. Тийм болохоор би жоохон шоконд орсон. Тэр эмэгтэй удахгүй энэ байрыг суллаж өгөөрэй гэж хэлсэн, хэлснээс нь хойш 3-4 хоногийн дараа сулласан... гэх мэдүүлгээс үзэхэд уг орон сууцыг Б.Дд 1 сард 1,500,000 төгрөгөөр, нийт 6 сар 9,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5.4. Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 51-р байр, 56 тоот орон сууцыг хариуцагч О.Доор дамжуулж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Р А К Б-д 2016 оны 1 сараас 2017 оны 10 сар хүртэл хугацаанд эхний жил 1 сард 700 ам.доллар, дараагийн жилд 1 сард 500 ам.доллараар хөлслүүлж, 2016 оны 01 сараас 2017 оны 10 сарын 24-нийг хүртэл нийт 22 сарын 13,050 ам.долларын төлбөрийг хариуцагч өөрийн дансаар хүлээн авсан боловч нэхэмжлэгчид шилжүүлээгүй гэх үйл баримтын тухайд;

Хариуцагч түрээсийн төлбөрийг өөрийн дансаар хүлээн авсан талаар маргаагүй ба харин уг мөнгийг Яир Баранесийн хэлсний дагуу өөрт нь шилжүүлсэн тул төлөхгүй гэж маргаж байна.

Хавтаст хэргийн 204-р хуудсанд авагдсан /200-р хуудас дахь баримтын орчуулагдсан хувь/ гадаад төлбөрийн даалгавар баримт нь 13,000 ам.долларыг О-ы Д /рд:/-оос Charles Schwab&Co.Inc.ийн Citi bank NA банкны 406075995 дугаар данс руу, Яир Баранес /Yair Baranes-т мөнгөн гуйвуулга Доос гэх утгатай Свифт код бүхий гадаад гүйлгээ хийгдсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө үүссэн өөр харилцааны дагуу шилжүүлсэн мөнгө гэж байгаа боловч түүний тайлбар нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг зохигчийн тайлбар, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бусад баримтууд, гүйлгээ хийсэн хугацаа зэргийг харьцуулан үзээд уг баримтыг 13,000 ам.долларыг О.Доос Яир Баранест шилжүүлсэн байна гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслүүлж, хөлсийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн боловч итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 2 орон сууцыг бусдад хөлслүүлж, дээрх үйл баримтаар тогтоогдсон 8,000,000 төгрөг, 13,050 ам долларыг орон сууц хөлсөлсний төлбөрт бусад этгээдээс авсан болох нь тогтоогдсон, харин Б.Дд хөлслүүлж, 9,000,000 төгрөг авсан нь тогтоогдоогүй. Үүнээс 13,000 ам.долларыг хариуцагч нь нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж үзлээ. Хариуцагч нь орон сууцны ашиглалтын зардалд 6,240,345 төгрөгийг өөрөөсөө төлсөн гэж байгаа боловч уг мөнгийг нэхэмжлэлээс хасах үндэслэлгүй, тодруулбал гэрээнд ашиглалтын зардлыг хөлслөгч төлөхөөр заасан ба Төрийн банкнаас нотлох баримтаар ирсэн ашиглалтын зардал төлсөн баримтанд төлсөн хэрэглэгчийн гарын үсэг зурагдаагүй тул хариуцагч О.Д уг мөнгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-116-181/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлд хамаарч байгаа тул хариуцагчаас орон сууц хөлслүүлсний төлбөрт бусдаас авсан 8,000,000 төгрөг, 50 ам.доллар буюу 2883.17 төгрөгөөр тооцож 144,158.5 төгрөг, нийт 8,144,158.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,000,000 төгрөг, 13,000 ам.доллар буюу 2883.17 төгрөгөөр тооцож, 37,481,210 төгрөг, нийт 46,481,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /1 ам.доллар-2883.17 төгрөг, хх-66/

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 242,950+346,076.84 төгрөг, нийт 589,026.84 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 145,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч О.Доос орон сууц хөлслүүсний төлбөрт бусдаас авсан 8,000,000 төгрөг, 50 ам.доллар буюу 144,158.5 төгрөг, нийт 8,144,158.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М- ХХК-д олгож, нэхэмжлэлээс 9,000,000 төгрөг, 13,000.00 ам.доллар буюу 37,481,210 төгрөг, нийт 46,481,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,026.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/15019 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан хэсэг нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ