Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00145

 

 

 

 

 

 

 

 

2023 01 13 210/МА2023/00145

 

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03782 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,,-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,ид холбогдох,

54,625,368.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. 55 тоот сууцыг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж, 8 сарын хугацаанд хөлслөгч суулгасны төлбөр 8,000,000 төгрөг.

1.б. Мөн 56 тоот сууцыг өөрийн найз Б.Даваажаргалд хөлслүүлсний хөлс 9,000,000 төгрөг, нийт 17,000,000 төгрөг гаргуулна.

1.в. 13,050 ам.доллар буюу 37,625,368.50 төгрөг гаргуулах,

Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Жуулчны гудамж, 51 дүгээр байранд 55 тоот хаягт байрлах 73,3 м.кв талбайтай, хоёр өрөө сууц, 56 тоот хаягт байрлах 95 м.кв талбайтай, 3 өрөө сууцыг өмчилдөг. Хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 25-ны огноотой итгэмжлэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,ид дээрх 2 сууцыг бусдад хөлслүүлэх эрхийг олгосон. Итгэмжлэлээр сууц хөлслүүлэх гэрээг зөвхөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Баранес Яар байгуулж гарын үсэг зурах, сууц хөлслөх төлбөр тооцоог хариуцагч нь хөлслөгчдөөс хүлээж аваад Баранес Яарт шилжүүлэх эрх, үүрэг хүлээлгэсэн. Итгэмжлэлийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр дууссан.

Гэтэл итгэмжлэлийн хугацаа дууссанаас хойш ,,,,,,,,,,,,,, нь дээрх 2 сууцыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр, түүнээс зориуд нууж, сууцыг хөлслөх гадаадын иргэн олдохгүй байна гэж худал хэлж, Ремакс Инфинити үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын агенттай хамтран БНЭУ-ын иргэн Гани Хешам Закей (пасспортны дугаар:Z1993127)-д 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түрээслүүлэх гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №001 дугаартай түрээсийн гэрээг тус тус үйлдэж, улсын бүртгэлийн 55 тоот сууцыг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж, 8 сарын хугацаанд суулгаж, нийтдээ 8,000,000 төгрөгийг хариуцагч хувьдаа авсан.

Мөн 56 тоот сууцыг өөрийн найз Б.Даваажаргалд хөлслүүлж, нийтдээ 9,000,000 төгрөгийн байр хөлслүүлэх төлбөрийг хувьдаа авсан байдаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Бранес Яар нь нэхэмжлэгчийн өмч болох дээрх 2 орон сууцуудыг Монгол дахь өөр танилаараа дамжуулж хөлслүүлэхээр 2020 оны 5 дугаар сард үзүүлэх гэж байгаад тухайн сууцнууд нь аль хэдийн бусдад хөлслүүлсэн болохыг олж мэдсэн. Орон сууц хөлслөгч Гани Хешам Закей нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,оос барьцааны мөнгө болох 1,000,000 төгрөгөө удаа дараа шаардсан боловч, авч чадалгүй байсаар Монгол улсад түр оршин суух визний хугацаа нь дуусаад арга буюу 2022 оны 08 дугаар сард нутаг буцсан. Нутаг буцахаасаа өмнө барьцаа мөнгөө нэхэмжлэгчийн төлөөлөгч Баранес Яараас шаардаж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,той байгуулсан орон сууц хөлслөх гэрээнүүдээ эх хувиар нь өгсөн.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,оос орон сууц хууль бусаар бусдад хөлслүүлсний төлбөр болох 12,000,000 төгрөгийг шаардахад элдэв шалтаг хэлж өгөхөөс зайлсхийж байсан тул түүний хууль бус залилах шинжтэй гэмт хэргийн үйлдлийг шалгуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч 2020 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гомдол гаргасан. Цагдаагийн хэлтэс ,,,,,,,,,,,,,,оос мэдүүлэг авсан. ,,,,,,,,,,,,,, нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ орон сууц хөлслүүлсэн мөнгөө нэхэмжлэгчид төлөхөө амласан, иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж дүгнээд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, гомдлыг хаасан. Түүнээс хойш ,,,,,,,,,,,,,, нь шаардсан төлбөрийг огт төлөөгүй.

Иймд хариуцагчаас бичгээр өгсөн амлалтын дагуу тогтоосон хугацаандаа нэхэмжлэгчид өр төлбөрийг төлөөгүй тул 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн өмч болох улсын бүртгэлийн Ү-2202016818 дугаартай, Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, жуулчны гудамж 51 дүгээр байр 56 тоот орон сууц (цаашид Орон сууц гэх)-ыг ИБУИНВУ-ын иргэн Ройстон Артур Карл Брокман (цаашид хөлслөгч гэх)-д 2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 сар дуустал хугацаанд хариуцагчаар дамжуулж хөлслүүлсэн. Орон сууцыг эхний жил сарын 700.00 ам.доллар, дараагийн жил сарын 500.00 ам.доллароор тохиролцож хөлслүүлсэн бөгөөд энэ хугацаанд хөлслүүлэх төлбөрийг хөлслөгчөөс хариуцагч нь өөрийн эзэмшлийн голомт банк 335000295 тоот ам.долларын харилцах дансаар хүлээж авдаг байсан.

2016 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 22 сарын 13,050.00 ам.долларын төлбөрийг хариуцагч нь хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчид төлөөгүй байгаа. Иймд 13,050.00 ам.доллар буюу 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Монгол банкны ханш 2,883.17 төгрөгөөр тооцоход 37,625,368.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: БНЭУ-ын иргэн Гани Хешат Зайкейд 55 тоот орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний болон 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний дагуу түрээслүүлсэн. Сүүлд 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хийсэн гэрээгээр 12 сарын хугацаанд түрээслүүлэх байсан боловч Хешам Зайкей нь сүүлийн 8 сар байрнаас гарч, ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй. Иймд тус 2 түрээсийн гэрээний төлбөрт нийт 8 сарын хугацаанд 8,000,000 төгрөг төлөгдсөн байдаг.

Гэвч ,,,,,,,,,,,,,-ийн нэр дээрх байрны ашиглалтын зардлыг хариуцагч нь сар бүр төлж барагдуулдаг байсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас тооцон үзвэл нийт ашиглалтын зардалд 6,240,345.76 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд тус үнийн дүнг байрны түрээсийн орлогоос нөхөн төлүүлэх үндэслэлтэй байх тул тус үнийн дүнг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцож өгнө үү.

Б.Даваажаргал гэх хүн нь манай нутгийн дүү юм. Б.Даваажаргалаас ямар нэгэн мөнгө зээлсэн зүйл байхгүй, хааяа 56 тоотод очиж цэвэрлэгээ хийж хонодог байсан. Б.Даваажаргал бид 2-ын хооронд ямар нэгэн байдлаар байр түрээсэлсэн, хөлслүүлсэн харилцаа огт байхгүй, мөнгөний хүүд суулгасан зүйл огт байхгүй тул тус 9,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн эзэмшигч нь Израйль улсын иргэн Баранес Яар гэх хүн байдаг. Хариуцагч нь Ройстон Карл Брокманд түрээсэлсэн төлбөр болох 13,000.00 долларыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Голомт банкны данс ашиглан Baranes Yar гэх хүний эзэмшлийн 40607595 гэх дансруу шилжүүлсэн байх тул энэхүү үнийн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаадлагаас 15,240,345.76 төгрөг 13,000.00 долларт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,оос орон сууц хөлслүүлсний төлбөрт бусдаас авсан 8,000,000 төгрөг, 50 ам.доллар буюу 144,158.5 төгрөг, нийт 8,144,158.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-д олгож, нэхэмжлэлээс 9,000,000 төгрөг, 13,000.00 ам.доллар буюу 37,481,210 төгрөг, нийт 46,481,210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,026.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 145,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэргийн 204 дүгээр талд авагдсан /200-р хуудас дахь баримтын орчуулагдсан хувь/ Голомт банкны Гадаад төлбөрийн даалгавар баримт дээрх 13,000.00 америк долларыг шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн хэзээний, ямар заавраар хэрхэн шилжүүлсэнийг хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, түүнийгээ дэмжсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

2-р хавтаст хэргийн 52-57 хуудсанд авагдсан нотлох баримтууд болох хариуцагчийн Голомт банкны 3350000295 тоот ам.долларын харилцах дансны дэлгэрэнгүй гүйлгээний хуулгаар хариуцагч нь нэхэмжпэлийн нэмэгдүүлсэн шаардлагын 13,050.00 америк доллароос гадна, Нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлага болох Израйль улсын иргэн Яар Баранесын өмч бусад орон сууцуудын төлбөрийг мөн хүлээн авдаг байсан нь хариуцагчийг Яар Баранестай аж ахуй, санхүүгийн тусдаа харилцаатай байсныг тодорхой нотлон харуулна. 22 удаагийн гүйлгээгээр Яар Баранесийн орон сууцыг хөлслөгч Болорцэцэг нь нийтдээ 7,030.00 ам.долларыг Яар Баранест өгөх зорилгоор хариуцагч руу шилжүүлсэн байдаг.

Хариуцагч, нэхэмжлэгч нарын хоорондын сууц хөлслүүлэх аж ахуй, санхүүгийн тусдаа харилцаа бүхий байдлыг шүүхээс бодитоор үнэлээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.4-дэх хэсэгт ... нэхэмжлэгчийн төлөөлөгч нотлох баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд өмнө нь үүссэн өөр харилцааны дагуу шилжүүлсэн мөнгө гэж байгаа боловч түүний тайлбар нь нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй, шүүх хэрэгт авагдсан баримтыг зохигчийн тайлбар, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бусад баримтууд, гүйлгээ хийгдсэн хугацаа зэргийг харьцуулан үзээд уг баримтыг 13,000 ам.долларыг Яир Баранест шилжүүлсэн байна гэж үзлээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг алдаатай, буруугаар дүгнэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлага Яир Баранес болон хариуцагч нарын хооронд зээл, аж ахуйн тусдаа харилцаа байсан гэж тайлбарласан нь 2-р хавтаст хэргийн 52 - 57 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримт дээрх гүйлгээнүүдээр хариуцагч нь Яир Баранесийн өмчийн өөр орон сууцуудын төлбөрийг өөрийн дансаараа хүлээж авдаг байсныг тодорхой нотолж буй үйл баримтыг шүүхээс мөн л анхаарч үзсэнгүй. Иймд 13,000 ам.доллар буюу 37,481,210 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч талаас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 13,050 америк долларыг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийн захирал ямар данс руу шилжүүлэхийг хэлдэг байсны дагуу 13,050 ам.долларыг шилжүүлсэн. Хариуцагч үндэслэлгүйгээр 13,050 ам.долларыг аваагүй.

Гомдолд Болорцэцэг гэдэг хүнээс мөнгө авч Яар Баранес руу шилжүүлэх ёстой байсан гэж дурдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь ,,,,,,,,,,,,,-ийн 55, 56 тоот орон сууцны түрээс төлсөн орлогыг өөртөө үлдээж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үздэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогддог. Болорцэцэгээс ,,,,,,,,,,,,,, руу шилжүүлсэн гүйлгээнүүд бол тухайн хэрэгт хамааралгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан

1.а. 55 тоот сууцыг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслүүлж, 8 сарын хугацаанд хөлслөгч суулгасны төлбөр 8,000,000 төгрөг.

1.б. Мөн 56 тоот сууцыг Б.Даваажаргалд хөлслүүлсний хөлс 9,000,000 төгрөг,

1.в. 13,050 ам.доллар буюу 37,625,368.50 төгрөг, нийт 54,625,368.5 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, нь АНУ-ын Делавар мужид бүртгэлтэй хуулийн этгээд ба Монгол улс, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Жуулчны гудамж-51 дүгээр байр, 55 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016817 дугаарт бүртгэлтэй, 73,03 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны 56 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016818 дугаарт бүртгэлтэй, 95 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 6/2029 дугаартай албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх57-59/

2.а. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,-ийг төлөөлж Яар Баранес нь тус компанийн өмчлөлийн байрны 55 болон 56 тоот сууцуудыг хөлслүүлэх эрхийг О.Даваажаргалд олгож, гэрээнд ,,,,,,,,,,,,,-ийг төлөөлж Яар Баранес гарын үсэг зурж батлахаар, ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,-нд төлбөрүүдээ шилжүүлэхээсээ өмнө тухайн гэрээний дагуу сууц хөлслөх төлбөрийг цуглуулж авч, мөн гэрээндээ зааж өгвөл хөлслөгчид нь орон сууц хөлслөх төлбөрөө ,,,,,,,,,,,,,-ийн АНУ дахь банкны дансанд шилжүүлж болох нөхцөлүүдийг тусгасан байна. /1хх10/

2.б. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар Израйль улсын иргэн Яар Баранесээс ,,,,,,,,,,,,,,ид олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 55, 56 тоот орон сууцыг хөлслүүлэх эрхийг ба түрээсийн орлогыг иргэн Яар Баранест шилжүүлээгүй үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэх үндэслэлд хамаарахгүй, дээрх үйлдлийн улмаас Яар Баранест эд хөрөнгийн бодит хохирол учраагүй, харин түрээсийн орлогоо цаг тухайд нь авч чадаагүй байгаа нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй маргаан гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр ,,,,,,,,,,,ын гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /1хх 8-9/

2.в.Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 51-р байр, 55 тоот орон сууцыг хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн Гани Хешам Закей -д 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 6 сарын хугацаагаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар тус тус хөлслүүлсэн, мөн хаягт байрлах 55 тоот сууцыг, 1 сард 1,000,000 төгрөгийн төлбөртэй 8 сарын хугацаанд хөлслүүлж, төлбөрт 8,000,000 төгрөгийг авч, нэхэмжлэгчид шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Уг 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, мөн 56 тоот орон сууцыг хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь Б.Даваажаргалд хөлслүүлж 9,000,000 төгрөгийг хувьдаа авсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс дүгнээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зохигч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Мөн 56 тоот орон сууцыг хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь Б.Даваажаргалд хөлслүүлж 9,000,000 төгрөгийг хувьдаа авсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж анхан шатны шүүхээс дүгнээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Харин зохигч 56 тоот сууцыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,оор дамжуулж Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн Ройстон Артур Карл Брокманд 2016 оны 1 сараас 2017 оны 10 сар хүртэл хугацаанд эхний жил 1 сард 700 ам.доллар, дараагийн жилд 1 сард 500 ам.доллароор хөлслүүлж, 2016 оны 01 сараас 2017 оны 10 дугаар сарын 24-нийг хүртэл нийт 22 сарын 13,050 ам.долларын төлбөрийг хариуцагч өөрийн дансаар хүлээн авсан боловч нэхэмжлэгчид шилжүүлээгүй гэх үйл баримтын тухайд маргаантай байна.

3.а. Анхан шатны шүүхээс хэргийн 204-р хуудсанд авагдсан /200-р хуудас дахь баримтын орчуулагдсан хувь/ гадаад төлбөрийн даалгавар баримтаар 13,000 ам.долларыг О. Дагвадоржоос Яир Баранест ,,,,,,,,,,,,,,оос гэх утгатай Свифт код бүхий гадаад гүйлгээгээр шилжүүлсэн буюу нэхэмжилж буй 13,050 ам.доллароос 13,000 ам.доллар төлөгдсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй, уг баримтыг няцаасан баримт нэхэмжлэгчийн зүгээс гаргаагүй. /1хх116-181/

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо 13,000.00 ам.долларыг шилжүүлсэн баримтыг гаргаж, түүнийгээ нэхэмжлэгчийн өгсөн зааврын дагуу шилжүүлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх хэргийн 204 дүгээр талд авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тус баримтыг өөр гүйлгээний баримт гэж үгүйсгэж, нотлоогүй байх тул орон сууцны төлбөр гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримталсан нь буруу юм. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч үүргийн буюу хүсэл зоригийн үндсэн дээр мөнгө шилжүүлэх байсан тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/03782 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 492.1.1 гэснийг 186.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ш.ОЮУНХАНД