Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 140/ШШ2022/00516

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* ******* багт оршин суух, Д.******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* ******* багт байрлах, Завхан аймгийн *******т холбогдох,

Завхан аймгийн сум ******* дугаар тахианы фермийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, гражийн зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "*******" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.******* миний Завхан аймгийн сум ******* дугаар тахианы фермийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, гражийн зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "*******" ХХК-ны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч танай хөрөнгөнд үнэлгээ хийх гэж байна гэж утсаар мэдэгдсэн. Тэр үед манайх гэрээрээ Улаанбаатар хотод байсан. гийн дуудлагаар 4 удаа аймагт ирсэн. Эд хөрөнгөнд үнэлгээ хийхээр өөрсдөө байх шаардлагатай гэсэн учраас бид бүхэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээд бид нар ирээд шинжээч гэдэг хүн рүү утсаар залгаад манайхан ирсэн хөрөнгөө үнэлүүлье гэж хэлсэн чинь би Ховд аймагт байна, манай итгэмжлэгдсэн төлөөлөгч очиж үнэлгээ хийнэ гэж хэлсэн. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны дугаарыг нь аваад ярьсан чинь амралтын газар байна, танай хөрөнгийг үнэлсэн гэж хэлсэн. Хэзээ ирээд үнэлснийг нь мэдээгүй, г ирж үнэлгээтэйгээ танилц гэж хэлэхээр нь танилцсан. Манай хөрөнгийг үнэлэхдээ учир дутагдалтай үнэлсэн байна гэж үзэж байгаа. Одоогоос 12 жилийн өмнө анх газар өгч эхэлж байхад 0.7 га газрыг манайх 3,000,000 төгрөгөөр тооцож 21,000,000 төгрөгөөр газраа авч байсан. Манай газарт халаалтын шугам татагдаж 0.7 га газрын үнэлгээ 10,000,000 төгрөг болсон байхад манайх 12 жилийн өмнө худалдаж авсан үнэ болох 21,000,000 төгрөгөөрөө л үнэлэгдсэн байна лээ. Мөн барилгыг үнэлэхдээ гадна талаас нь хараад үнэлсэн байна лээ. Хөрөнгийг үнэлэхдээ харьцуулсан хөрөнгө нь тодорхой биш, барилгыг үнэлэхдээ материалаас нь шалтгаалж үнэлэгдэх байх. Жишиг хорооллын цаана хаус хороолол барих гээд 1 метр квадратыг нь 2,500,000 төгрөг гэж байхад манай баригдаад дуусчихсан барилга 1 метр квадрат нь 1,000,000 төгрөг ч хүрээгүй үнэлэгдсэн байна лээ. Тийм учраас хөрөнгөнд үнэлгээ хийлгүүлэхдээ өөрсдөө байж байгаад үнэлүүлье гэж шүүхэд хандсан. Манай барилгад орсон материалууд нь дандаа чанартай материалуудаар баригдсан учраас нэг бүрчлэн үнэлэх юм бол арай л өөр үнэлгээ гарах байсан. Манай хөрөнгөд хийсэн үнэлгээг дахиж хийлгүүлмээр байна. Өөрсдөө байж байгаад хөрөнгөө үнэлүүлэх хүсэлтэй байна. Манайх анх газар авахдаа 10 айлын 0.7 га газар авсан. Би газар худалдаж авсан компаниа хайгаад олсонгүй, Улаанбаатар хотод байдаг сураг байсан. Энэ талаар судалж тогтоож амжсангүй. Манай гаражийн хаалга гэхэд л 10,000,000 төгрөгийн үнэтэй. Гэтэл манай байшин бүхэлдээ 60,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Цонх гэхэд л зүгээр энгийн вакум биш, давхар төмөртэй вакум цонх. Гэтэл энгийн байшингуудтай адилхан үнээр үнэлэгдсэн байгаад гомдолтой байна. Өөрсдөө байж байгаад дахин үнэлгээ хийлгүүлмээр байна. Манай хөрөнгийг үнэлэхдээ харьцуулсан зүйлийг би огт ойлгоогүй, харьцуулсан олон л зүйл байна лээ. Тийм учраас өөрсдөө байж байгаад хөрөнгөө үнэлүүлнэ гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Д.******* материалыг хүлээж аваад барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллаагаа хийсэн. Д.******* төлбөрөө төлөөгүй учраас хөрөнгийн үнэлгээний санал авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээ дээр санал нийлээгүй учраас 2022 оны 7 дугаар сарын 04-нд шинжээч томилж шинжээчийн эрх үүргийг танилцуулж Д.******* хөрөнгийг зураг тайлбарын хамт явуулж үнэлгээ хийлгүүлэх хугацаа мөн хөрөнгө үнэлэх газрыг нь зааж өгсөн. Шинжээчийн дүгнэлт нь 2022 оны 7 дугаар сарын 20-нд ирсэн. Шинжээчийн дүгнэлтийг төлбөр авагч төлбөр төлөгч нарт 2022 оны 7 дугаар сарын 22-нд танилцуулсан. Мэргэжлийн үнэлгээчид үнэлсэн учраас шинжээчийн үнэлгээг буруу гэж үзэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Д.******* гэдэг хүний шүүхийн гаргасан шийдвэр 45,380,000 төгрөг гэж гарсан. Тэр үнийн дүнд хөрөнгөө барьцаалсан. Манайх шүүхээс гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. 3 шатны шүүхийн шийдвэртэй, гүйцэтгэх хуудсыг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээж аваад 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ажиллагаа үүсгэсэн. Манайх анх материалаа хүлээж аваад барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулах хуулийн заалтын дагуу барьцаа хөрөнгөд ажиллагаа явуулсан. Ажиллагаагаа явуулахдаа талуудаас санал авсан. Төлбөр авагч тал нэхэмжлэлийн шаардлагад заагдсан үнийн дүнгээр үнэлсэн, төлбөр төлөгч тал барьцаа хөрөнгөө 380,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хоёр тал үнийн тал дээр тохиролцоогүй учраас үнэлгээчин томилсон. Үнэлгээчин томилоход манайх ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй, үнэлгээчнийг үнэлгээгээ гаргахад бид нар ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан хугацаандаа явагдсан гэж үзэж байгаа. Үнэлгээчин яаж үнэлгээ гаргах нь манайд ямар ч хамааралгүй. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээж аваад ажлын 3 хоног дотор талуудад танилцуулсан. Тэгээд талууд шинжээчийн үнэлгээнд гомдол гаргах эрхтэй учраас төлбөр төлөгч тал гомдол гаргасан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймаг дахь *******т холбогдуулан Завхан аймгийн сум ******* дугаар тахианы фермийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, гражийн зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "*******" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Завхан аймаг дахь ******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтыг ирүүлсэн байна.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 568 дугаартай шийдвэрээр Д.*******ас 45,380,000 төгрөгийг гаргуулж Ш., Г. нарт олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 22120164 дугаар тогтоол-ын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, мөн хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийх-ээр тус тус заажээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж заасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог байна. Хариуцагч Шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээч томилох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан байх ба уг ажиллагааг хууль зөрчсөн гэх гомдлыг нэхэмжлэгч гаргаагүй байна.

Харин Завхан аймгийн сум ******* дугаар тахианы фермийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, гражийн зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "*******" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба өмчлөгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 380,000,000 төгрөгөөр үнэлж байгаа талаараа нотлоогүй байна гэж шүүх үзсэн.

Учир нь Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хууль зөрчиж тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, уг үнэлгээ зах зээлийн бодит үнээс доогуур тогтоогдсон, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн шинжтэй гэх нэхэмжлэлд тусгагдсан байдал баримтаар нотлогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлоогүй тохиолдолд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.3. 116, 118, 119 ДҮГЭЭР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Завхан аймаг дахь *******т холбогдох Завхан аймгийн сум ******* дугаар тахианы фермийн баруун талд байрлах Улсын бүртгэлийн Ү- дугаартай оффис, гражийн зориулалттай 71.1 24 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Y- дугаартай үйлчилгээний зориулалттай 12 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Г- бүртгэлийн дугаартай 3,500 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг 110,840,000 төгрөгөөр үнэлсэн "*******" ХХК-ний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 309 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.******* гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ