Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 132/ШШ2022/00655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1******* онд төрсөн, 58 настай, Б аймгийн Х*******р сум, 3 дугаар багт оршин суух, Ш*******н овогт Ж*******н Б******* /Г*******/,

 

Хариуцагч: 1******* онд төрсөн, ******* настай, Б аймгийн М******* сумын 3 дугаар багт оршин суух, Ч овогт Хгийн Э /Г/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 132/2022/00623/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.Б*******,

Хариуцагч Х.Э /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Б******* нь Х.Эоос 2,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр М******* сумын харъяат Х.Э манайд ирээд бөөн бургасан дахь хаваржаагаа зараач гэж хэлсэн. Би зарах бодолгүй байсан бөгөөд 8,000,000 төгрөг гэх байх дээ гээд бид 2 ярилцсан. Х.Э 7,500,000 төгрөгөөр авъя гэж өөрөө хэлээд 2,500,000 төгрөгийг бэлэн өгсөн. 2,500,000 төгрөгөнд нь хургатай хонь авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгөндөө сайн эр үхэр өгье гэсэн. Нэг очиход үхрээ зааж өгнө гээд явсан боловч олоогүй. Тэгээд үхрээ авч чадаагүй байтал Эынх нүүсэн байсан. Дараа жил нь үхрээ авах гэтэл зуд болж үхэр үхсэн гээд өгөөгүй. Үүнээс хойш үхрээ авах гэж 2-3 удаа уулзсан боловч өгч чадахгүй гэж хэлдэг. Тиймээс 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Х.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд энэ хүнтэй амаар хаваржааны наймаа хийсэн. 6,500,000 төгрөгөөр үнэлж хийсэн. 24 хургатай, 48 толгой хонь, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дахин надаас үхэр нэхсэн. Гэтэл ирэх өвөл нь зуд болж үхрийнхээ 3.2 хувийг үхүүлсэн. Зүсэлж авсан үхэр нь ч бас үхсэн. Би өөрт нь үүнийг хэлсэн. М******* сумын нутаг дэвсгэрт хаваржаа барьчихаад яагаад өндөр үнээр үнэлж байгаа юм бэ? Хөрзөндөө тулчихсан, нурсан шонгийн модыг би сольсон. Хүн хөлсөлж хаваржааг зөөлгөж дахин барьсан. Үүнийг энэ хүн ойлгохгүй байна. Иймээс наймаагаа буцааж, өгсөн мал мөнгөө авъя. Ер нь энэ хүн газар үнэлж хууль бус наймаа хийж байна. Бэлчээр нутаг бол улсын өмч. Малчдын өмч биш юм. Тэр тусмаа хаваржаа М******* сумын нутаг дэвсгэрт байгаа юм. Би үхрийг аваачиж өгөх албагүй. Өвөлжөөний мод нь ялзарсан байж л байна. Тэрийгээ авбал ав. Газрын даамалтай тухайн үед өвөлжөөг очиж харахад М******* сумын нутаг дэвсгэр дээр байсан. Зааж өгсөн үхэр нь зуданд үхсэн учраас төлөхгүй. Би өөрөө их хохирсон гэв.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хариу тайлбар хэрэгт ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ж.Б******* нь Х.Эоос 2500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.Нэхэмжлэгч нь Э ирээд хаваржаагаа зараач гээд 7,500,000 төгрөгөнд авахаар тохирч 2,500,000 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгөнд хургатай хонь, 2,500,000 төгрөгөнд үхэр өгөхөөр болсон. Гэвч үхрээ өгөөгүй тул 2,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

3.Хариуцагч Х.Э нь тухайн үед зүсэлж өгсөн үхэр нь зуданд үхсэн учраас төлөхгүй, хаваржааны ялзарсан мод нь байгаа тэрийгээ буцааж ав, би өгсөн мөнгө, малаа авна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

4.Зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч Ж.Б******* нь хариуцагч Х.Эод Б аймгийн М******* сумын нутагт байрлах хаваржаагаа 7,500,000 төгрөгөөр худалдсан ба 2,500,000 төгрөгийг бэлнээр, 2,500,000 төгрөгөнд хургатай хонь, 2,500,000 төгрөгөнд үхэр өгөхөөр тохиролцсон гэх үйл баримт нь нэхэмжлэгчийн Х.Э 7,500,000 төгрөгөөр авъя гэж өөрөө хэлээд 2,500,000 төгрөгийг бэлэн өгсөн. 2,500,000 төгрөгөнд нь хургатай хонь авсан. Үлдсэн 2,500,000 төгрөгөндөө сайн эр үхэр өгье гэсэн гэх, хариуцагчийн ...хаваржааны наймаа хийсэн. 6,500,000 төгрөгөөр үнэлж хийсэн. 24 хургатай, 48 толгой хонь, 2,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дахин надаас үхэр нэхсэн. Гэтэл ирэх өвөл нь зуд болж үхрийнхээ 3.2 хувийг үхүүлсэн. Зүсэлж авсан үхэр нь ч бас үхсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

4.2Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Тус гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь төлбөрийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Х.Э нь худалдан авсан эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

4.3.Хариуцагч Х.Э нь өвөлжөөг 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, худалдан авсан хаваржааны мод ялзарсан байсан, намайгаа буцна гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч хаваржааг 7,500,000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч 6,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж худалдах, худалдан авах гэрээний үнийг зөрүүтэй тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,500,000 төгрөгт үхэр өгөхөөр тохирсон байгаа нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх буюу мэдэх боломжтой байхад хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Тодруулбал: Хариуцагч Х.Э нь уг хаваржааг худалдан авахдаа түүний тоо хэмжээ, чанар байдлын талаар нягтлан үзэх боломж нь байсан гэж үзнэ.

Хаваржааны биет байдлын буюу чанарын талаар газар дээр нь үзэж тогтоох боломжтой, ингэснээр хаваржааг худалдан авахаас татгалзах, эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрх хариуцагчид байхад хаваржааг хүлээн авсанаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардах эрхээ алдаж, хаваржааны үнийг бүрэн төлж дуусгах үүрэг үүсчээ.

Иймд хариуцагч Х.Эоос 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Эоос 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******т олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Эоос 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Эоос 54,950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН