Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 214/МА2023/00004

 

Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00655 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ж.Б*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Э*******од холбогдох

2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Х.Э*******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б*******, хариуцагч Х.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Б*******ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Могод сумын харъяат Х.Э******* манайд ирээд бөөн бургасан дахь хаваржаагаа зараач гэж хэлсэн. Би зарах бодолгүй байсан бөгөөд 8 000 000 төгрөг гэх байх даа гэхэд Х.Э*******  7 500 000 төгрөгөөр авъя гэж өөрөө хэлээд 2 500 000 төгрөгийг бэлэн өгсөн. 2 500 000 төгрөгөнд нь хургатай хонь авсан. Үлдсэн 2 500 000 төгрөгөндөө сайн эр үхэр өгье гэсэн. Нэг очиход үхрээ зааж өгнө гээд явсан боловч олоогүй. Тэгээд үхрээ авч чадаагүй байтал Х.Э*******ынх нүүсэн байсан. Дараа жил нь үхрээ авах гэтэл зуд болж үхэр үхсэн гээд өгөөгүй. Үүнээс хойш үхрээ авах гэж 2-3 удаа уулзсан боловч өгч чадахгүй гэж хэлдэг. Тиймээс 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Х.Э******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ж.Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 онд энэ хүнтэй амаар хаваржааны наймаа хийсэн. 6 500 000 төгрөгөөр үнэлж хийсэн. 24 хургатай, 48 толгой хонь, 2 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дахин надаас үхэр нэхсэн. Гэтэл ирэх өвөл нь зуд болж үхрийнхээ 3-ний 2 хувийг үхүүлсэн. Зүсэлж авсан үхэр нь ч бас үхсэн. Би өөрт нь үүнийг хэлсэн. Могод сумын нутаг дэвсгэрт хаваржаа барьчихаад яагаад өндөр үнээр үнэлж байгаа юм бэ? Хөрзөндөө тулчихсан, нурсан шонгийн  модыг би сольсон. Хүн хөлсөлж хаваржааг зөөлгөж дахин барьсан. Үүнийг энэ хүн ойлгохгүй байна. Иймээс наймаагаа буцааж, өгсөн мал мөнгөө авъя. Ер нь энэ хүн газар үнэлж хууль бус наймаа хийж байна. Бэлчээр нутаг бол улсын өмч. Малчдын өмч биш юм. Тэр тусмаа хаваржаа Могод сумын нутаг дэвсгэрт байгаа юм. Би үхрийг аваачиж өгөх албагүй. Өвөлжөөний мод нь ялзарсан байж л байна. Тэрийгээ авбал ав. Газрын даамалтай тухайн үед өвөлжөөг очиж харахад Могод сумын нутаг дэвсгэр дээр байсан. Зааж өгсөн үхэр нь зуданд үхсэн учраас төлөхгүй. Би өөрөө их хохирсон” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Э*******оос 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагч Х.Э*******оос 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б*******эд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.Э******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х.Э******* миний авсан хаваржаа газрын зөрчилтэй, эзэмших эрхгүй хаваржааг надад өгсөн. Худалдан авах гэрээ байгуулаагүй, амаар тохиролцсон үнийн дүн зөрүүтэй, үхэр өгсөн боловч ирж аваагүй, тухайн үеийн үнийн зөрүүнд 500 000 төгрөгөөр 1 үхэр өгнө гэсэн боловч ирж аваагүй, зуданд тухайн үхэр үхсэн. Х.Э******* миний бие харъяа нутагтаа эзэмших эрхээ сумын захиргаанд өгсөн болно. Нэхэмжлэгч Ж.Б*******ийн шийдвэр Х.Э******* надад хохиролтой байна.” гэв.

5. Нэхэмжлэгч Ж.Б******* тайлбартаа: “Би Х.Э*******оос 2 500 000 төгрөгийг бэлнээр, 2 500 000 төгрөгөнд хургатай хонь авсан. Үлдсэн 2 500 000 төгрөгөнд сайн үхэр өгнө гэж хэлсэн. Тэгээд үхрээ өгөх гээд хайгаад олоогүй. Би тухайн газрыг үнэлж зараагүй, харин газар дээр байгаа объектыг үнэлж зарсан” гэв.           

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Э*******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн.

3. Нэхэмжлэгч Ж.Б******* хаваржаагаа 7 500 000 төгрөгөөр Х.Э*******од зарсан. 2 500 000 төгрөгийг бэлнээр авч 2 500 000 төгрөгт хурагтай хонь авсан, үлдэх 2 500 000 төгрөгт эр үхэр авна гэж тохиролцсон боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа гэж,

4. Хариуцагч Х.Э******* хаваржааны наймааг 6 000 000 төгрөгөөр үнэлж хийсэн. 24 хургатай хонь, нийт 48 толгой хонь өгсөн. Тухайн үед зүсэлж өгсөн үхэр зуданд үхсэн учраас төлөхгүй, хаваржааны ялзарсан мод нь байгаа тэрийгээ ав би буцааж мөнгө малаа авна гэж мэтгэлцсэн.

5. Нэхэмжлэгч Ж.Б*******ийн худалдсан хаваржааг хариуцагч Х.Э******* хүлээн авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч Х.Э******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа хаваржааны үнийг 6 000 000 төгрөг гэж, шүүхийн хэлэлцүүлэгт 6 500 000 төгрөг гэж зөрүүтэй мэдүүлдэг бөгөөд үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж энэ талаар нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заасан тул хаваржааг Х.Э******* эзэмшилдээ авсан гэж үзнэ.

6. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан;” бол худалдан авагч эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдана гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх;”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн талаарх татгалзлаа үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хаваржаа эрхийн зөрчилтэй, зүсэлж өгсөн үхрээ аваагүй байснаас зуданд үхсэн гэсэн тайлбар татгалзал нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Х.Э*******ын давж заалдах гомдол хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Э*******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Х.Э*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 54 950 /тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                                 С.УРАНЧИМЭГ 

                                      

                                                                                     Л.АРИУНЦЭЦЭГ