| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0380/Э |
| Дугаар | 0035 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 0035
Ч.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.Э
Шүүгдэгч Ч.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц, Д.Б /онлайн/
Хохирогчийн өмгөөлөгч Р.Ц, Ц.Э/онлайн/
Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Т овогт Ч-н М.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т овогт Ч-н Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 98 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Мгаас 18.500.000 төгрөг гаргуулан хохирогч Н.О-д олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.М давж заалдах гомдолдоо:
“ ... Миний биеийн байдал хүндэвтэр цагдан хоригдож байх хугацаанд цагдан хорих байрны эмчийн хяналтад байж өдөр бүр зүрх судас амьсгалын зам дэмжих эм тариа хийлгэж, мөн хүчилтөрөгчөөр амьсгалж өдөр хоногийг өнгөрөөж байна. Өвчний онош 2015 онд уушигны хагалгаанд орж зүүн уушиг бүтэн авагдсан. Мөн зүрхний 2 хавтаст хавхлагийн дутагдал 3 дугаар зэрэг гэсэн оноштой. Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлгийн зүрх судасны болон хавхлагийн багийн эмч нарын байнгын хяналтад, мөн 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай тахир дутуугийн группт байдаг.
Монголд хагалгаа хийх боломжгүй гадагшаа /Солонгос/ явж яаралтай хагалгаанд ор гэсэн боловч Монголд төдийгүй дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын улмаас хойшлогдсон. Мөн дээрээс нь өөрийн шунал арчаагүй байдлаасаа болж гэмт хэрэг хийсэн. Өөрийнхөө хийсэн гэмт үйлдэлд маш их харамсаж байна. Дахиж ийм хүн хохироосон гэмт үйлдэл хийхгүй гэдгээ эрхэм шүүгч та бүхний өмнө амлаж байна.
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шийтгэгдсэн энэ хэрэг урьд ял авсан хэрэг болоход хийгдсэн байсан хэрэг юм. Хоригдож байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийгээгүй. Мөн гэмт хэрэгт холбогдох болон дахин гэмт хэрэг хийгээгүй. Хэргээ хүлээж хохирол болох 29.000.000 төгрөгийг төлж барагдуулна. Шүүх хурал болохоос өмнө 10.500.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 18.500.000 төгрөгөө төлнө. Миний 2 дүү болох Ч.Э нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг, мөн дүү Ч.Х Оюу-Толгойд ажилладаг юм. Ямар ч байсан төлбөрийг чинь дуусгаж өгнө гэсэн.
Эрхэм шүүгч та бүхэн минь гэгээн мэлмий тунгалаг оюунаараа шүүж миний биеийн байдал болон ар гэр, ард минь үлдэж байгаа дөрвөн хүүхдийг аавгүй ч гэсэн ээжтэйгээ элэн бүтэн байх боломжийг олгож өгөөч. Хүүхдүүд минь ээж аавын алдаанаас болж буруу зөрүү гишгэх вий гэхээс маш их айж байна. Хүүхдүүдийнхээ өмнө маш их гэмшиж байна. Эрхэм шүүгч та бүхний өмнө дахин ийм гэмт хэрэг хийж алдаа гаргахгүй гэдгээ амлаж мөн гуйж байна. Та бүхэн надад оногдуулсан ялыг хөнгөлж нийгмээс тусгаарлахгүй өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.
Хэргийн талаар маргаан байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Шүүх хуралдаанд миний өмгөөлөгч О.Ц гэдэг өмгөөлөгч оролцоогүй ийм хүн танихгүй. Хууль ёсны өмгөөлөгч минь О.Ц. С гэдэг хүн төлбөрт 500.000 төгрөг төлөөгүй. Х надаас авсан мөнгөө төлсөн байхад С төлсөн гэж бичсэн. Миний бие 409 дүгээр Хорих ангид 1 жилийн ял эдлээгүй /энэ хаалттай/ хорих анги. Эмэгтэйчүүдийн Хорих анги болох 407 дугаар хорих ангид 1 жилийн ялаа эдэлсэн. Үүгээр буруу бичиж миний эрх зүйн байдлыг дордуулж байна.
А Х хоёрын мэдүүлэг зөрүүтэй худал байдаг. А-н хүүтэй мөнгө зээлдэг гэдгийг гэрч Н мэдүүлэгтээ хэлсэн. Шүүгч ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй гэж үзээд байна ... Миний ар гэрийн байдал насанд хүрээгүй 4 хүүхэдтэй, хүү Э 14 дүгээр сургууль 10 анги, хүү Б 5 дугаар сургууль 6 анги, хүү М 14 дүгээр сургууль 4 анги, охин А цэцэрлэгт болон өрх толгойлсон эмэгтэй.
Мөн өвчний заалт нь ялаас чөлөөлөгдөх заалттай, яаралтай хагалгаанд орох шаардлагатай зэрэг байдлыг минь харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр ялыг оногдуулж өгнө үү. Дахин ийм алдаа хийхгүй гэдгээ амлаж байна. Төлбөрөө төлөхөө илэрхийлж мөн төлж байна” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц давж заалдах гомдолдоо:
“ ... Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, хуулийн зүйлчлэлийн үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэрч Т.А нь миний үйлчлүүлэгч Ч.Мгаас дүр үзүүлсэн эвлэрлийн гэрээнд заасан мөнгийг авахын тулд хохирогч Н.О-н орон сууцыг барьцааны зээлийн гэрээ хийлгэж 29.000.000 төгрөгийг гаргуулах ажлыг зохион байгуулж өөрөө 16.000.000 төгрөг, гэрч Н.Х-т 500.000 төгрөг, хохирогч Н.О 3.000.000 төгрөгийг тус тус авсан байна.
Дээрх үйлдэлд гэмт хэрэг гарахад гэрч Т.А-н идэвхтэй үйлдэл нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “Хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хамтран оролцогч” гэж заажээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Т овогт Ч-н Мг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож төөрөгдөлд оруулан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Ц нар давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Ц нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.М нь иргэн Н.О-г “шүүхийн шийдвэрт хураагдсан хямд үнэтэй байрыг аваад зараад, эргүүлж мөнгө олох ажил байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ч.С-тай 29.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулуулж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн аймгийн сумын дугаар байрны тоотод байрлах улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, орон сууцыг барьцаалуулан 29.000.000 төгрөг зээлдүүлж уг мөнгийг нь шилжүүлэн авч залилсан болох нь нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц нь “ ... энэ хэрэгт Т.А нөлөөлсөн, хамтран оролцсон ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа өгсөн мэдүүлэг, мөн түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Ч.С, Р.Х нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.А-ыг энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хэдийгээр Т.А нь урьд Ч.Мд 29.100.000 төгрөг өгч байсан ..., түүнийгээ гаргуулахаар Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ..., эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн ..., тэдгээрийн эвлэрлийг шүүгчийн 142/ШЗ2019/02038 дугаартай захирамжаар баталгаажуулсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх боловч дээрх нөхцөл байдал нь Т.А-ыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Залилах гэмт хэргийн онцлог нь бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авахаас гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч Ч.М нь анх хохирогч Н.О-г “шүүхийн шийдвэрт хураагдсан хямд үнэтэй байрыг аваад зарж, эргүүлж мөнгө олох ажил байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж залилсан, энэ үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа зориуд хохирол, хор уршигт хүргэсэн үйл баримт тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Ч.Мгийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна.
Мөн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Ч.Мгийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Ч.Мд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал болон тогтоох хэсэгт техникийн шинжтэй алдаа гаргасан, мөн Ч.Мд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ шүүхийн нэрийг буруу бичсэн байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн ” ...О.Ц...” гэснийг ” ...О.Ц ...” гэж,
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... ” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор...” гэснийг “... Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 72 дугаартай магадлалаар...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч О.Ц нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ