Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2019/00990

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын иргэн Ц-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн Ц / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н. Чад холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 462 471 юань, хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань буюу нийт 6 819 482 913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.З, нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ц нь Н. Ч “нүүрсний орд газар худалдан авахад хөрөнгө оруулаач” гэсний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх 12799Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд газрыг худалдан авахад урьдчилгаа болгож 2010.07.19-ний өдөр 7 000 000 юань, 2010.07.20-ны өдөр 5 000 000 юань нийт 12 000 000 юанийг "М" ББСБ-аар дамжуулан өгсөн. Дээрх газарт эрэл хайгуулын ажлыг хийгээд нүүрсний нөөц тогтоогдвол 4 000 000 ам.доллараар хамтран худалдаж аваад цаашид хамтран ажиллахаар, нүүрсний нөөц тогтоогдохгүй бол 12 000 000 юанийг зээлснээр тооцож Н. Ч нь Цд буцаан төлөхөөр тохиролцсон. Ц дээрх газарт 2 000 000 юанийг зарцуулж, нөөц байгаа эсэхийг тогтоолгохоор хайгуулын ажил хийлгэсэн боловч нүүрсний нөөц тогтоогдоогүй. Иймээс Н. Чаас 12 000 000 юанийг буцааж авъя гэхэд 2010.12 дугаар сард 12 000 000 юанийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээл болгоё гэж санал тавьж, баримт бичиж өгснийг нь зөвшөөрсөн. Энэ үед Н. Ч 12 000 000 юанийн зээлийн хүү гэж 136 000 ам.доллар өгсөн. Улмаар баталгаажуулж 2011.10.21-ний өдөр БНХАУ-ын иргэн Ц, Н. Ч нар харилцан тохиролцож дээр зээлсэн мөнгийг хүүгийн хамт 2012.02.01-ний өдрийг хүртэл нийт төлөх 15 200 000 юань байхаар тооцоо нийлж, зээлийн гэрээ байгуулж, барьцаанд Н. Чын эзэмшлийн гэх С ХХК-ийн 38 хувийн хувьцааг барьцаалсан. Уг зээлийн гэрээний 1.3-т 2011.10.31-ний өдрөөс өмнө 3 300 000 юань, 2011.11.30-ны өдрөөс өмнө 4 000 000 юань, 2012.12.31-ний өдрөөс өмнө 4 000 000 юань, 2012.01.31-ний өдрөөс өмнө 4 000 000 юань тус тус төлж дуусгахаар байсан боловч Н. Ч нийт 15 300 000 юанийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 2011.10.25-ны өдрөөс хойш сар бүр 480 000 юанийн хүүг зээлийг төлөх хүртэл хугацаагаар төлөх үүрэгтэй бөгөөд Н. Чын зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй 5 жил 9 сар буюу 69 сарын хүүд 33 120 000 юань, нийт 48 420 000 юань болсон. 2019.01.18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд нэхэмжлэлийн шаардлагын Т.Ариунбилэгт холбогдох хэсгээс татгалзаж, Н. Чаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 297 454 юань, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү 5 165 017 юань, хамт ран ажиллах гэрээний дагуу 8 000 000 юань, нийт 18 462 471 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож нийт 6 819 482 913 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үндэслэл нь зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрх. 12 000 000 юанийг хүлээж авсан талаар хариуцагч маргадаггүй. Тиймээс 2010.7.19-ний өдөр 12 000 000 юанийг Н. Ч хүлээн авснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул зээлсэн мөнгөө буцаан шаардаж байна.

Нийт 12 000 000 төгрөг зээлснээс хариуцагч 6 702 546 юанийг хасаж үлдэгдэл 5 297 454 юань үлдсэн. 2010.7.19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг баталгаажуулж 2011.10.21-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд энэ гэрээгээр зээлийн гэрээний үндсэн үүргийг хариуцагч 2012.01.31-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн. Хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. Энэ хугацаанд зээлдэгч уг мөнгийг банкинд байршуулах, өөр этгээдэд зээлдүүлэх зэрэг ашиг олох боломжтой байсан хамгийн доод хэмжээгээр тооцож шаарддаг. Хүүг зах зээлийн дундаж хүүнээс доогуур тооцож үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэх эрхтэй гэж үзэж сарын 1,5 хувиар, хугацааг хариуцагч 2012.3.29-нд зээлийн гэрээний үндсэн төлбөр 119 026 юань шилжүүлсэн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй тул энэ өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017.8.30-ны өдөр хүртэлх хугацааны 65 сарын хүүг шаардаад 1,5 хувиар тооцвол нийт 5 165 017 юань болно. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 1 907 802 329 төгрөг болно.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд 2011.10.21-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу 8 000 000 юанийг буцаан шаардаж байна. Хамтран ажиллах гэрээнд нэг талаас Ц, нөгөө талаас Н. Ч нар харилцан тохиролцож гэрээ байгуулж, Н. Ч нь "Т" ХК-иас 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээг 2011.12.25-ны өдрөөс өмнө хийж өгөхөөр тохиролцож 8 000 000 юанийг авсан гэдгийг баталгаажуулсан. Гэрээнд заасан хугацаанд Н. Ч "Т" ХК-иас 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулаагүй. Тиймээс гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар 8 000 000 юанийг буцаан шаардаж байна. Нэхэмжлэлийг хангаж хариуцагчаас 18 462 471 юань буюу 6 819 482 913 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Тн залгаа газарт байрлах 12799 дугаар лицензийг хамтран авч нүүрс экспортолж, ашиг олохоор тохиролцсон. Ингээд 7 дугаар сард нүүрсний экспорт хийе, компани байгуулъя гэж хамтран ажиллах гэрээ амаар байгуулсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан. Үүний дагуу 2010 оны 7 дугаар сард 2 удаагийн шилжүүлгээр нийт 12 000 000 юань шилжүүлснийг Н. Ч хүлээж авсан. Хамтран ажиллах гэрээний дагуу ажлыг хийхгүй байж байгаад хоёр тийш болсон. Дараа нь уг 12 000 000 юанийг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлнэ гэх саналыг нэхэмжлэгч тавиад 2010 оны 9 дүгээр сард Н. Чыг зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн гэрээ нь хүсэл зоригийн үндсэн дээр бус хүчинд автаж байгуулсан гэрээ. 2 буюу түүнээс дээш этгээд төсөл хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажилласан. Талууд өөр өөрсдийн төлөөллийг гаргаж ашиг алдагдлаа тэнцүү хуваарилаад хамтран ажилласан бол гэрээ дуусгавар болох процесс нь Иргэний хуулийн 476, 479, 480 дугаар зүйлийн дагуу явагдана. Түүнээс ашигт малтмал олдсонгүй гэх үндэслэлээр Өвөр Монголд авч очоод хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал нь хуульд нийцэхгүй. Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгүүдээр 12 000 000 юаниас 9 000 000 гаруй юанийг Н. Ч нэхэмжлэгчид төлсөн гэдгийг тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх 9 000 000 юанийн 6 000 000 юанийг гаргуулахаар үнэлсэн. Нэхэмжлэгч одоо 5 000 000 гаруй юанийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Хэрэгт авагдсан аудитын дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч 9 000 000 юанийг хүлээн авсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс одоо яригдаж байгаа 5 000 000 гаруй юанийг нэхэмжлэх үндэслэлгүй. Хүүг хохирол байдлаар нэхэмжилж байх ба зээлийн гэрээнд хохирлын асуудал яригдахгүй. Талуудын хооронд байгуулагдсан нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр хүү тохиролцсон. Энэ тохиролцоо нь хүчин төгөлдөр бус болох нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Нэхэмжлэгч хүүгийн хэмжээг тодорхойлохдоо сарын 1.5 хувийн хүү гэжээ.Энэ 1.5 хувийн хүү дундаж хүү гэдгийг ямар баримтыг үндэслэж, уг тооцооллыг гаргасан нь тодорхойгүй, нотолсон баримт байхгүй байна. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр "Т" ХК-тай 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж чадвал уг мөнгийг нэхэмжлэгч буцааж авахгүй гэсэн тохиролцоо байсан. Аудитын дүгнэлтээс үзэхэд Нутгийн гоёо гэх зэрэг компаниудаар экспорт хийсэн нь харагдана. Тиймээс бид "Т" ХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Ө гэх компанид нүүрсний гэрээ хийж өгсөн энэ компанийн 25 хувийн хувьцааг нэхэмжлэгч эзэмшдэг. Ө ХХК өнөөдөр ч гэсэн Цагаан хаданд 15 га газартай, нүүрс тээвэрлэх нүүрсний талбайтай хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх компани. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагаан адуут овгийн Нармандахын  Ч /РД:ШБ63011014/-аас 5 005 793 474 /таван тэрбум таван сая долоон зуун ерөн гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 813 689 439 /нэг тэр бум найман зуун арван гурван сая зургаан зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Цай Юн Чинийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н. Чаас улсын тэмдэгтийн хураамжид 25 186 917 төгрөгийг гаргуулж, 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Цд олгож, үлдэх 15 186 917 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэмээн зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар хамтран ажиллах харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Зохигч  хамтран ажиллах хэлцэл хийгдсэн ба  үүргээ харилцан гүйцэтгэсэн.Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Хамрын үзүүр гэх газарт байрлах 12799Х дугаар бүхий ашигт малтмалын талбайд хайгуулын ажил хийсэн боловч нөөц тогтоогдоогүй тул талууд Иргэний хуулийн 480 дугаар зүйл /Хамтран ажиллах гэрээ дуусгавар болох/-ийн 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон” гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, гэрээг дүгнэх учиртай. Гэвч нэхэмжлэгч Ц нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасны дагуу хамтран ажиллах гэрээг дүгнэж, дуусгавар болгоогүй ба хамтран ажиллах гэрээгээ харилцан дүгнээгүй атлаа хамтран ажиллах дээрх гэрээг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Н. Чаар гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэг, 479 дүгээр зүйлийн 479.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн юм.Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна", гэрээнээс гарч байгаа талын үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг хэвээр үлдэнэ" гэснийг зөрчсөн. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр хамтран ажиллах гэрээний хүрээнд бий болсон эрсдлийг ганцхан Н. Чад хариуцуулсан нь үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

2. Зээлийн гэрээний тухайд:Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 462 471 юанийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй тохиолдолд анхан шатны шүүх тухайн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт хийх учиртай. Н. Ч нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч тус зээлийн гэрээний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн.

 Н. Чын зүгээс хамтран ажиллах гэрээний төлбөрт хүлээн авсан 12 000 000 юаниас нийт 9 012 509 юанийг буцаан төлсөн болох нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн "Мишээл-Од Аудит" ХХК-ийн Гүйцэтгэлийн аудитын тайлангаар тогтоогддог.Мишээл-Од Аудит" ХХК-ийн гүйцэтгэлийн аудитын тайланг нотлох баримтаар үнэлээгүй.

Хариуцагч нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ц-д төлсөн одоогоор хадгалагдаж байгаа төлбөрийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүргүүлсэн ба дээрх баримтын хүрээнд нийт 8 286 247 юанийг төлсөн байдаг.Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нотлох баримтын шаардлага хангаж буй дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй. Мөн 3 300 000 юанийг төлөх үүрэгтэй хэмээн дүгнэж буй нь ойлгомжгүй. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 476.1 дэх хэсэгт заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа хайгуулын ажилд хариуцагч Н. Чаас зарцуулсан 700 000 ам.долларыг нэхэмжлэгчид төлбөл зохих төлбөрөөс хасаж шийдвэрлээгүй байна.Хамтран ажиллах гэрээний төлбөрт 8 000 000 юань гаргуулах шаардлагын тухайд:Хариуцагч нэхэмжлэлийн дээрх шаардлагыг нотлох хүрээнд "Т транс" ХХК болон "Ө" ХХК-иудын хооронд байгуулагдсан 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №10/24 тоот Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Өмнөговь аймгийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №1-1393 тоот албан тоотуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн.Гэвч шүүхийн зүгээс дээрх нотлох баримтуудад огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хүрзэнд нүүрс экспортлох зорилгоор тодорхой үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг үйлдэл үйл ажиллагааны хүрээнд "Т транс" ХХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрзэг байгуулж чадсан.Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс /БНХАУ-ын хөрөнгө оруулалтын Руй Де ХХК/ нүүрс экспортлох зөвшөөрөл авч чадаагүйн улмаас дээрх гэрээ хэрэгжээгүй. /Ц нь Ө ХХК-ийн 25 хувийг эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтооддог ба “Руй Де” хөрөнгө оруулалтын компанийн хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч болно/Гэрээ хэрэгжээгүй шалтгаан нөхцөл нь хариуцагчаас шалтгаалаагүй, нэхэмжлэгчээс өөрөөс нь шалтгаалсан..Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхэд гаргаж, уг хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.Шүүх хэт нэг талыг баримталж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна,Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч 2013 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн №102 тоот тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаж байсан болох нь хүсэлтүүд болон прокурорын тогтоолуудаар тогтоогддог, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг.Шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахаас өмнө бус шүүхэд хандсаны дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргасан.Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад огт дүгнэлт хийгээгүй. Ц нь С.Мөнхзулд олгосон итгэмжлэлээсээ татгалзсанаар төлөөлөл дуусгавар болж байх ба төлөөлөл дуусгавар болсон цаг мөчөөс эхлэн С.Мөнхзулаас гаргасан нэхэмжлэл, түүний шаардлага хууль зүйн үр дагавар гаргахгүй юм.Мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Ц-ээс Л.Бид итгэмжлэл олгосон байдаг боловч уг итгэмжлэл нь ИХШХШтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. С.Мөнхзулаас татгалзсан, Л.Бид олгосон итгэмжлэл нь шаардлага хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой. Иймд 5 005 793 474 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц нь хариуцагч Н. Чад холбогдуулан зээл 5 297 454 юань, хүү 5 165 017 юань, хамтран ажиллах гэрээгээр авсан 8 000 000 юань, нийт 18 462 471 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар 6 819 482 913 төгрөгт тооцон гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх-1-2, 34, 36, 2хх-126-127/

 

Хариуцагч зээлийн гэрээгээр өмчлөлдөө мөнгө шилжүүлж аваагүй, дарамт шахалтад автаж  гарын үсэг зурсан тул гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзаж байна.

 

Талууд 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах 12799Х лицензтэй, 15 га газарт ашигт малтмалын хайгуулын ажил хийх, хайгуулын ажлын зардлыг Ц гаргах, нөөц тогтоогдвол цаашид хамтран ажиллахаар тохиролцож, Ц 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7 000 000 юань, 5 000 000 юань, 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8 500 000 юанийг “М ББСБ” ХХК-иар дамжуулан хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 13-15,185-189, 200-202 /

 

Мөн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд талууд уг зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрт төлөгдсөн төлбөрийн хэмжээний талаар маргаж, хариуцагч 9 300 000 юань, нэхэмжлэгч 6 702 546 юань төлөгдсөн гэж зөрүүтэй тайлбар гаргажээ. /2хх-132/

 

Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа болон тодорхой нөхцөл заасан иргэний хуулийн аль нэг гэрээний төрөлд хамааруулахгүй нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Хэргийн баримтаас үзэхэд 12 000 000 юанийг шилжүүлэн өгч, буцаан төлөх хуваарийг баталж, уг хугацаанаас хэтрүүлбэл хүү төлөх нөхцөлийг талууд тохиролцжээ. /2хх-132 / Үүнээс 7 100 010 юань буюу 136 000 ам.доллар буцаан төлөгдсөн болох нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан “136 000 ам долларыг төлсөн” гэх тайлбараар нотлогдсон тул анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. / 1хх-2, 2хх-175/

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзал, түүний үндэслэлийг нотлох үүрэгтэй. Хариуцагч төлбөрийг буцаан төлсөн байдал, хэмжээ зэргийн талаарх өөрийн тайлбараа эргэлзээгүй баримтаар нотлоогүй. Гэрээний дагуу 3 сар 10 хоногийн хүү тооцсоныг буруутгах боломжгүй байна. Иймд хариуцагч нь 2 050 833 474 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /2хх-172-176/

 

Харин 8 000 000 юанийг гаргуулах шаардлагын хувьд талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл муутай юм. Талуудын гэрээний агуулгыг үзвэл худалдах худалдан авах гэрээг “Т” ХХК-тай байгуулах хугацааг зааж энэ гэрээ биелэгдээгүй тохиолдолд 8 000 000 юанийг буцаан төлнө гэснийг болзол тавьсан хэлцэл гэж үзэхгүй. Учир нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар ирээдүйд бий болох эсэх нь хэлцэл хийгч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах үйл явдал байвал болзол гэж үзнэ. Талууд худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэг тал хүлээж, тэр үүргээ биелүүлэхгүй тохиолдолд тодорхой хугацаа зааж гэрээнээс харилцан татгалзах талаар харилцан тохиролцож баримт үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлэн өгсөн 8 000 000 юанийг буцаан шаардах эрхтэй.

 

Харин хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Нэхэмжлэгч нь маргаантай асуудлаар хэдий иргэний хэргийн шүүхэд хандаагүй боловч талуудын хоорондын төлбөр тооцоотой холбоотойгоор цагдаагийн байгууллагаар шалгуулсан, төрийн эрх бүхий байгууллагад хандан гомдол санал гаргаж байсан явдал зэргээс үзэхэд шаардах эрхээ огт хэрэгжүүлэлгүй, хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөсөн гэж үзэх үндэслэлгүй.  

 

Дээрх гэрээнд 3 300 000 юаний хүү төлөх үүрэг үүссэн гэж шүүх дүгнэсэн нь буруу боловч энэ үр дагавар үүсгэж, хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00595 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “46 дугаар зүйлийн 46.1” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 186 918 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                    ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД