Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2019/00595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Ю.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Ч,

Зээлийн гэрээний үүрэгт 10 462 471 юань, хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань буюу нийт 6 819 482 913 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, өмгөөлөгч Ц.О, хариуцагч Н.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БНХАУлсын иргэн Ц.Ю.Ч нь Монгол улсад нүүрсний бизнес эрхлэх зорилгоор, 2010 оны 04 дүгээр сард ирээд Өвөрмонгол иргэн н.Б дамжуулан Н.Чтай танилцсан. Н.Ч “нүүрсний орд газар худалдан авахад хөрөнгө оруулаач” гэсний дагуу Н.Ч-ийнхэлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх 12799Х дугаартай тусгай зөвшөөрөлтэй орд газрыг худалдан авахад урьдчилгаа болгож 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 7 000 000 юань, 2010 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 юань нийт 12 000 000 юанийг Мөнгөн гүүр ББСБ-аар дамжуулан Н.Чад өгсөн. Дээрх тусгай зөвшөөрөл бүхий газарт эрэл хайгуулын ажлыг хийгээд нүүрсний нөөц тогтоогдвол 4 000 000 ам.доллараар хамтран худалдаж аваад цаашид хамтран ажиллахаар нүүрсний нөөц тогтоогдохгүй бол 12 000 000 юанийг зээлсэнээр тооцож Н.Ч нь Ц.Ю.Чд буцаан төлөхөөр тохиролцсон. Ингээд дээрх нүүрсний орд газарт Ц.Ю.Чөөрийн 2 000 000 юанийг зарцуулж, Монгол компаниар нүүрсний нөөц байгаа эсэхийг тогтоолгохоор хайгуулын ажил хийлгэсэн боловч нүүрсний нөөц тогтоогдоогүй. Иймээс Н.Чаас 12 000 000 юанийг буцааж авъя гэхэд “мөнгийг нүүрс худалдаж авах урьдчилгаанд өгсөн тул шууд мөнгө өгөх боломжгүй байна”, өнөө маргаашгүй өгнө” гэх мэт шалтаг тоочсоор 12 дугаар сар болсон. Тухайн үед дээрх бүх үйл явдалд Н.Чтай танилцуулсан н.Буянхишиг, Н.Ч-ийнтөрсөн дүү Т.А нар нь хамтран оролцож байсан бөгөөд өөрсдийн Улзын Ундарга ХХК-ийн нэр дээр дээрх 12 000 000 юаныг төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, хууран мэхэлж байсан болно. Н.Ч 2010 оны 12 дугаар сард 12 000 000 юанийг 1 сарын 4 хувийн хүүтэй зээл болгоё гэж санал тавьж, баримт бичиж өгснийг нь зөвшөөрсөн. Энэ үед надад Н.Ч 12 000 000 юанийн зээлийн хүү гэж 136 000 ам.доллар өгсөн. Улмаар баталгаажуулж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНХАУлсын иргэн Ц.Ю.Ч, Н.Ч нар харилцан тохиролцож дээр зээлсэн мөнгийг хүүний хамт 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт төлөх 15 200 000 юань байхаар тооцоо нийлж, зээлийн гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Н.Ч-ийнэзэмшлийн гэх Сфеко-Монгол ХХК-ийн 38 хувийн хувьцааг барьцаалсан. Уг зээлийн гэрээний 1.3-т 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 3 300 000 юань, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө 4 000 000 юань, 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 4 000 000 юань, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө 4 000 000 юань тус тус төлж дуусгахаар байсан боловч Н.Ч нийт 15 300 000 юанийг төлөөгүй. Зээлийн гэрээний 2.3-т зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 480 000 юанийн зээлийн хүүг зээлийг төлөх хүртэл хугацаагаар төлөх үүрэгтэй бөгөөд Н.Ч-ийнзээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй 5 жил 9 сар буюу 69 сарын хүүнд 33 120 000 юань, нийт 48 420 000 юань болсон. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүнд нэхэмжлэлийн шаардлагын Т.Ат холбогдох хэсгээс татгалзаж, Н.Чаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 297 454 юань, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү 5 165 017 юань, хамтран ажиллах гэрээний дагуу 8 000 000 юань, нийт 18 462 471 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож нийт 6 819 482 913 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үндэслэл нь зээлийн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрх ба нэхэмжлэгч Ц.Ю.Чхариуцагч Н.Ч нар нь 2010 оны 7 дугаар сард харилцан тохиролцож 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Ц.Ю.Чнь 12 000 000 юанийг Мөнгөн гүүр ББСБ-аар дамжуулж Н.Чад шилжүүлснийг Н.Ч хүлээн авсан байдаг. Энэ нь мөнгө шилжүүлсэн баримт болон талуудын тайлбараар нотлогддог. 12 000 000 юанийг хүлээж авсан талаар хариуцагч маргадаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлсэн мөнгөө буцаан шаардаж байна. Талууд амаар тохиролцсон эсэх талаар маргадаг бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар маргавал хэрхэх талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зохицуулахдаа мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Тиймээс 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 000 000 юанийг Н.Ч хүлээн авснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох тул зээлсэн мөнгөө буцаан шаардаж байна. Нийт 12 000 000 төгрөг зээлснээс хариуцагч 6 702 546 юанийг хасч үлдэгдэл 5 297 454 юань үлдсэн. 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг баталгаажуулж 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд энэ гэрээгээр зээлийн гэрээний үндсэн үүргийг хариуцагч 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлж дуусгах үүрэг хүлээсэн. 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өнгөрснөөр нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг буцаан шаардах эрх үүссэн. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх хоёрдогч шаардах эрхийн тухайд нэхэмжлэгч нь Н.Чаас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар үндсэн үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй. Тохирсон гэдгийг гэрээгээр тохирсон гэж ойлгохгүй. Энэ хугацаанд зээлдэгч уг мөнгийг банкинд байршуулах, өөр этгээдэд зээлдүүлэх зэрэг ашиг олох боломжтой байсан хамгийн доод хэмжээгээр тооцож шаарддаг. Тэгэхээр хуульд зааснаар болон гэрээгээр тохирсноор гэж хоёр ангилах ба хүү төлөхөд чиглэсэн үүргийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар төлөх үүрэг нь хариуцагч Н.Чад үүссэн гэж үзэж байна. Хүүг зах зээлийн дундаж хүүнээс  доогуур тооцож үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэх эрхтэй гэж үзэж сарын 1.5 хувиар, хугацааг хариуцагч 2012 оны 3 дугаар сарын 29-нд зээлийн гэрээний үндсэн төлбөр 119 026 юань шилжүүлсэн ба үүнээс хойш төлбөр төлөөгүй тул энэ өдрөөс хйш нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны 65 сарын хүүг шаардаад 1.5 хувиар тооцвол нийт 5 165 017 юань болно.  Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 1 907 802 329 төгрөг болж байна. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу 8 000 000 юанийг буцаан шаардаж байна. Хамтран ажиллах гэрээнд нэг талаас Ц.Ю.Ч, нөгөө талаас Н.Ч нар харилцан тохиролцож гэрээ байгуулж, Н.Ч нь Таван толгой ХК-иас 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээг 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хийж өгөхөөр тохиролцож 8 000 000 юанийг авсан гэдгийг баталгаажуулсан. 8 000 000 юанийг буцаан шаардах эрх нь хэзээ үүссэн бэ гэхээр тус гэрээний 2.1 дэх хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Таван толгой ХК-иас 200 000 тонн нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулж чадахгүй бол 8 000 000 юанийг буцаан шаардах эрх үүснэ гэж заасан гэрээг  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Таван толгой ХК-тай  200 000 тонн нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулвал гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх байтал хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрээ нь 2010 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ байна. Иймд энэ хамтран ажиллах гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй.  Гэрээнд заасан хугацаанд Н.Ч Таван толгой ХК-иас 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулаагүй. Тиймээс гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар 8 000 000 юанийг буцаан шаардах эрх үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагчаас 18 462 471 юань буюу 6 819 482 913 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Н.Ч-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч  Монгол Улсын эдийн засаг өндөр, нүүрсний экспорт идэвхитэй явагдаж байсан 2010 оны 6 дугаар сард Өмнөговь, Дорноговь гэх аймгуудаар явж нүүрс, алт олох, хамтран ажиллаж, ашиг олох зорилгоор анх Өвөр Монголын иргэн н.Буянхишиг гэх хүнээр зуучлуулж хариуцагч дээр ирээд Өмнөговь аймгийн Хамрын үзүүр гэх Эрдэнэс Таван толгойн залгаа газарт байрлах 12799 дугаар лицензийг хамтран авч нүүрс экспортолж, ашиг олохоор тохиролцсон. Ингээд 7 дугаар сард нүүрсний экспорт хийе, компани байгуулъя гэж хамтран ажиллах гэрээ амаар байгуулсан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан. Үүний дагуу 2010 оны 7 дугаар сард 2 удаагийн шилжүүлгээр нийт 12 000 000 юань шилжүүлснийг Н.Ч хүлээж авсан. Хамтран ажиллах гэрээний дагуу тухайн 12799 гэх лицензийн талбай дээр талууд өөр өөрийн төлөөллийг гаргаж өрөм тавьсан. Хамтран ажиллагааны хэлэлцээр гэх зүйл хэрэгт байгаа. Ингээд ашиг алдагдлаа хуваарилж, тайлан тооцоогоо гаргая гэх байдлаар ажиллаж байгаад үүнийг ажил болгож чадаагүй. Энэ ажлыг хийхэд геологи хайгуулын ажил хийж баталгаажуулах ёстой. Гэтэл энэ ажлыг хийхгүй байж байгаад хоёр тийш болсон. Дараа нь уг 12 000 000 юанийг зээлийн гэрээний хэлбэрт шилжүүлнэ гэх саналыг нэхэмжлэгч тавиад 2010 оны 9 дүгээр сард Өвөр Монголын Бугад хотод Н.Чыг аваачиж зээлийн гэрээнд хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ зээлийн гэрээ нь хүсэл зоригийн үндсэн дээр бус хүчинд автаж байгуулсан гэрээ. 2 буюу түүнээс дээш этгээд төсөл хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажилласан. Талууд өөр өөрсдийн төлөөллийг гаргаж ашиг алдагдлаа тэнцүү хуваарилаад хамтран ажилласан бол гэрээ дуусгавар болох процесс нь Иргэний хуулийн 476, 479, 480 дугаар зүйлийн дагуу явагдана. Түүнээс ашигт малтмал олдсонгүй гэх үндэслэлээр Өвөр Монголд авч очоод хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч цаашид хамтран ажиллахгүй, гэрээ дүгнэж чадаагүй тул нэхэмжлэгч бүх хүмүүсийг эрүүгийн цагдаагийн газраар шалгуулсан. Тэнд талуудын хооронд үнэхээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан юм уу, зээлийн гэрээ байгуулагдсан юм уу гэдгийг бүгдийг нь шалгасан. Энэ мэдүүлгүүдээр 12 000 000 юаниас 9 000 000 гаруй юанийг Н.Ч нэхэмжлэгчид төлсөн гэдгийг тогтоосон. Мөн залилангийн хэрэг биш хамтран ажиллах гэрээ байсан байна. Энэ талаар өөрсдөө учраа ол гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.  Гэтэл анхан шатны шүүх 9 000 000 юанийн 6 000 000 юанийг гаргуулахаар үнэлсэн. Нэхэмжлэгч одоо 5 000 000 гаруй юанийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. хэрэгт аудитын дүгнэлт авагсдан ба энэ дүгнэлтээр гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгч 9 000 000 юанийг хүлээн авсан. Хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс одоо яригдаж байгаа 5 000 000 гаруй юанийг нэхэмжлэх үндэслэлгүй. Уг зээлийн гэрээг 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч тэр өдрөө бодитоор мөнгө шилжүүлээгүй. Зээлийн гэрээ 4 сарын хугацаатай, алданги тооцох талаар дурдаагүй зээлийн гэрээ тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан хугацаа хэтрүүлсэн гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Хүүг хохирол байдлаар нэхэмжилж байх ба зээлийн гэрээнд хохирлын асуудал яригдахгүй харин зээлийн гэрээгээр хүү, алданги төлдөг нь хохирлыг барагдуулах буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэлбэр юм. Хүү алданги тооцохоор хуульчилсан байхад энэ талаар тохироогүй байж бусад гэрээнд хэрэглэгддэг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь заалтыг хэрэглэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээгээр хүү тохиролцсон. Энэ тохиролцоо нь хүчин төгөлдөр бус болох нь өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн энэ тохиролцоо нь хүчин төгөлдөр бус болохыг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрсөн учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн  222.5 дахь заалтыг хэрэглэж байна. Энэ заалт ерөнхий зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйл нь нарийвчилсан зохицуулалт байхад өөр зүйл заалт барьж байгаа нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч хүүгийн хэмжээг тодорхойлохдоо сарын 1.5 хувийн хүү гэж тодорхойлж байна. Энэ 1.5 хувийн хүү дундаж хүү гэдгийг ямар баримтыг үндэслэж, уг тооцооллыг гаргасан нь тодорхойгүй, нотолсон баримт байхгүй байна. Эсхүл Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудийн дундаж хүү нь 1.5 хувь гэдгийг нэхэмжлэгч тал нотлох ёстой. Үүнээс үзэхэд хуульд зааснаар нэхэмжлэгч зээлийн хүү нэхэмжлэх эрх үүсэхгүй. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй юм.  Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээгээр Таван толгой ХК-тай 200 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулж чадвал уг мөнгийг нэхэмжлэгч буцааж авахгүй гэсэн тохиролцоо байсан. Хариуцагч нь Таван толгой ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээг өгсөн. Огнооны хувьд техникийн алдаа байх. Өмнийн гялбаа ХХК-ийн 25 хувийн хувьцааг нэхэмжлэгч эзэмшдэг. Нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хариуцагч Н.Ч байгуулж өгсөн боловч нэхэмжлэгч БНХАУлс руу нүүрс экспортлох зөвшөөрөл байхгүй тул гэрээ биелэгдээгүй, зогссон. Аудитын дүгнэлтээс үзэхэд Нутгийн гоёо гэх зэрэг компаниудаар экспорт хийсэн нь харагдана. Тиймээс бид Таван толгой ХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгчтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ч зөвшөөрөхгүй байна. Мөн тус хамтран ажиллах гэрээ нь нэхэмжлэгч нь хариуцагч Н.Чыг нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулж өгвөл 8 000 000 юань өгнө. Хэрэв чадахгүй бол мөнгөө буцааж авна гэж шахаж дарамт үзүүлж байгуулсан гэрээ юм. Гэрээний үүргийг тухайн цагт нь шударгаар биелүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч бол эрх зүйн байдлаа шудрага бусаар олж авч байгаа. Өөрөөр хэлбэл  хууль буюу гэрээний үүрэг, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан заншлын хэм хэмжээг зөрчсөн гэрээ юм. Өмнийн гялбаа гэх компанид нүүрсний гэрээ хийж өгсөн энэ компаний 25 хувийн хувьцааг нэхэмжлэгч эзэмшдэг. Өмнийн гялбаа ХХК өнөөдөр ч гэсэн Цагаан хаданд 15 га газартай, нүүрс тээвэрлэх нүүрсний талбайтай хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх компани.  Тиймээс нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын ерөнхий прокурорын тогтоол нь нэхэмжлэл гаргасны дараа хандсанас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг хүлээн зөвшөөрсөн. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа дуусах, тасалдах, зогсох зэрэг тусдаа хууль зүйн ойлголтууд байдаг бөгөөд эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудал нь хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгаанаар сэргээх асуудал биш. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсхүл зогссон уу гэдгийг тогтооход ач холбогдолтой үйл баримт. Иргэний хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай бол хөөн хэлэлцэх хугацаа сэргээдэг бөгөөд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүй, Улсын Ерөнхий прокурорт хандсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Өөрөөр хэлбэл тухайн хүний аж амьдрал, эрүүл мэнд болон бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаар эрх бүхий байгууллагад хандаж чадаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээ баримтаар нотолж байж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх заалт хэрэглэгдэх тул нэхэмжлэгч талын хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан баримтаар нотлогдохгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Улсын Ерөнхий прокурорт хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэв.  

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ц.Ю.Чанх шүүхэд 48.420.000 юань буюу 16.961.526.000 төгрөгийг хариуцагч Н.Ч, Т.А нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Аээс татгалзаж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 297 454 юань, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү 5 165 017 юань, хамтран ажиллах гэрээний дагуу 8 000 000 юань, нийт 18 462 471 юанийг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны ханшаар тооцож 6 819 482 913 төгрөгийг Н.Чаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.  

Хариуцагч Н.Ч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, хамтран ажиллах гэрээний үүргийг сольсон мэтээр 12.000.000 юанийн зээлийн гэрээ байгуулсан нь өөрийнх нь хүсэл зориг биш, дарамт шахалтын дор гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус, нөгөө талаас тухайн мөнгөнөөс 9 300 000 юанийг төлсөн, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хамтран ажиллах гэрээний хувьд нэхэмжлэгчийн өөрийнх нь 25 хувийн хувьцаа эзэмшдэг Өмнийн гялбаа ХХК-тай  нүүрс худалдах худалдан авах гэрээг байгуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч БНХАУ-руу нүүрс экспортлох зөвшөөрөлгүй тул гэрээ зогссон, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг ханган шийдвэрлэлээ.

            Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 297 454 юань, зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн хүү 5 165 017 юань, нийт 10 462 471 юань гаргуулах шаардлагын тухайд, хэрэгт авагдсан баримтаар талууд 2010.06.18-ны өдөр Н.Ч-ийнхудалдаж авсан “Улзын ундарга” ХХК-ийн эзэмшдэг Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Хамрын үзүүр гэх хаягт байрлах 12799Х лицензтэй, 15 га газарт ашигт малтмалын хайгуулын ажил хийх, хайгуулын ажлын зардлыг Ц.Ю.Ч гаргах, хайгуулын талбайд нөөц тогтоогдвол цаашид ямар нөхцлөөр хамтран ажиллахыг гэрээгээр тохиролцохоор тусгасан хамтын ажиллагааны урьдчилсан хэлэлцээр байгуулсан, 2010.09.25-ны өдөр Ц.Ю.Ч, Н.Ч нар хамтарч нүүрсний экспортын үйл ажиллагаа эрхлэх компани худалдан авах, үүнтэй холбоотой харилцааг зохицуулсан итгэлцлийн гэрээг тус тус байгуулсан үйл баримт тогтоогдох ба эдгээр хэлцлийн дагуу нэхэмжлэгч Ц.Ю.Ч2010.07.19-ний өдөр 7 000 000 юань, 5 000 000 юань, 2010.09.27-ны өдөр 8 500 000 юанийн зарлагын гүйлгээг БНХАУ-ын Аж үйлдвэр худалдааны банк, Бүтээн байгууллалтын банк, Тариалангийн банкнаас Монгол улсын Мөнгөн гүүр ХХК-иар дамжуулан шилжүүлсэн болох нь Монгол улсаас БНХАУ-ын Хөх хотод суух консул С.Ариунтуяагийн тодорхойлолт, банкны баримтууд зэргээр нотлогдож байна. /1 хх 13-15 ху, 185-189 ху, 200-202 ху,/      

 

            Үүний дараа 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр талууд зээлийн гэрээ байгуулсан ба уг гэрээгээр үндсэн зээл 12.000.000 юань, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хүүгийн үлдэгдэл 3.300.000 юань, нийт 15.300.000 юанийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлдэгч Н.Ч төлвөл хүү тооцохгүйгээр, хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойших сар бүр үндсэн зээлийн 4 хувьтай тэнцэх хэмжээгээр үндсэн зээлийг төлж дуустал хүү төлөхөөр, зээлийн барьцаанд “Сфеко-Монгол” ХХК-ийн 38 хувийн хувьцааг бариулахаар тохиролцсон байна.           

 

            Зохигч, хамтран ажиллахаар тохиролцсон, хариуцагч Н.Ч нэхэмжлэгчээс гуйвуулсан 7 000 000, 5 000 000 юанийг хүлээн авсан зэрэг үйл баримтад маргаангүй бол зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрт хариуцагч 9 300 000 юань төлсөн гэж, нэхэмжлэгч 6 702 546 юань төлсөн гэж маргадаг.   

 

            Шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг шинжлэн судлаад, зохигчдын хооронд анх Улзын ундарга ХХК-ний эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр хайгуул хийхээр, нөөц тогтоогдсон тохиолдолд цаашид хамтран ажиллах гэрээний нөхцлийг тохиролцохоор, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан  хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч нүүрсний нөөц тогтоогдоогүйн улмаас  нэхэмжлэгч Ц.Ю.Чээс шилжүүлсэн 12.000.000 юанийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэн хариуцагч буцаан төлөхөөр тохиролцсон байна гэж үзэхээр байна.

 

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болохоор зохицуулсан тул зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний үүрэг дуусгавар болж, энэ гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн төлбөрийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь дээр дурьдсан гэрээ, талуудын тайлбар, төлбөр төлөх тухай мэдэгдэл, төлбөр төлсөн баримт зэргээр нотлогдож байна.  

 

            Хариуцагч дээрх зээлийн гэрээг үгүйсгэж, түүний хүсэл зоригийн илэрхийлэл биш, бусдын дарамтын улмаас хүчээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн өдөр бодитоор хүлээн аваагүй гэж тайлбарлах боловч түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй ба төлбөр төлөхөө илэрхийлсэн албан бичгээс үзэхэд тэрээр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино.” гэж зааснаар үндсэн зээл 12 000 000, зээлийн хүү 3 300 000 юанийн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байх тул шүүх, зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хүсэл зоригоо бичгээр илэрхийлж гарын үсгээр баталгаажуулсан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах  хүчин төгөлдөр хэлцэл байуулагдсан гэж дүгнэсэн болно.  /1 хавтас 55 ху, 2 хавтас 129 ху/

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч үндсэн зээл 12 000 000 юань, хүү 3 300 000 юань төлөх үүрэгтэйгээс зээлийн төлбөрт 6 702 546 юань төлсөн нь Улзын ундраа ХХК-ний кассын зарлагын ордер, Голомт банкны төлбөрийн баримт, Хаан банкны гадаад гуйвуулгын баримт зэрэг нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алинаас нь ирүүлсэн баримт, тайлбараар нотлогдож байна.

 

            Түүнчлэн, дээрх үнийн дүн дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “2010 оны 12 дугаар сард 12 000 000 юанийг зээлийн гэрээ болгоё...12 000 000 юанийн зээлийн хүү гэж 136 000 ам.доллар өгсөн” гэж дурдсаныг үндэслэн 136 000 ам.долларыг 2011.10.21-ний өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн нэмээд хариуцагч Н.Чыг зээлийн гэрээний үүрэгт 7 100 010 юань төлсөн гэж дүгнэлээ.

 

            Харин хариуцагчийн төлсөн Х-12799 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр, өрөмдлөгийн төлбөр зэрэг нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхтэй хамааралгүй байна. /1 хавтас 2 ху, 154-163 ху, 164-167 ху/

 

            Иймд, талууд гэрээгээр 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд хүүгүй, хугацаа хэтэрвэл 4 хувийн хүү тооцохоор тохиролцсон тул үндсэн зээл 12 000 000 юаниас гэрээгээр тохирсон хугацаандаа төлсөн 7 100 010 юанийг хасч, үлдэх үндсэн зээл 4 899 990 юаниас 3 сар 10 хоногт 4 хувийн хүү тооцож 652 257 юань, нийт 5 552 247 юанийг 2017.08.30-ны өдрийн Монгол банкны нийтэд зарласан юаний албан ханш 369.37 төгрөгт хөрвүүлэн 2 050 833 474 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр хугацаа хэтрүүлсэн хүү 5 165 017 юань гаргуулахаар шаардсан боловч талууд зээлийн гэрээгээр зээлийн хариу төлбөрт хүү тохиролцсон тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн хүү шаардах үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

            Хамтран ажиллах гэрээний үүрэгт 8 000 000 юань гаргуулах шаардлагын тухайд, нэхэмжлэгч Ц.Ю.Ч2010.09.27-ны өдөр 8 500 000 юань шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хятад улсын Тариалангийн банкны баримтаар нотлогдох ба 8 000 000 юанийг хариуцагч хүлээн авсан талаар маргаангүй.

 

            Үүний дараа 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохигч хамтран ажиллах гэрээ байгуулж, 2010.09.20-ны өдөр 8 000 000 юанийг нэхэмжлэгч Ц.Ю.Чхариуцагч Н.Чад хүлээлгэн өгсөн талаар дурдаад, Н.Ч 2011.12.25-ны өдрөөс өмнө Таван толгой ХК-иас 200 000 тонн нүүрс байгуулахаар, дурдсан хугацаанд байгуулж чадаагүй тохиолдолд 8 000 000 юанийг Ц.Ю.Чд буцаан төлөх үүрэгтэй байхаар тохиролцжээ.

 

            Дээрх хэлцлийг шүүх шинжлэн судлаад, Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн  болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч, нэхэмжлэгч 25 хувийн хувьцааг нь эзэмшдэг Өмнийн гялбаа гэх ХХК-тай нүүрс худалдах худалдан авах гэрээг байгуулсан боловч нүүрс экспортлох эрхгүйн улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж маргах боловч дээрх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн болох нь нотлогдохгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Үйл явдал тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол хүчин төгөлдөр бус болно.” гэж зааснаар нэхэмжлэгч 8 000 000 юанийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй тул 2017.08.30-ны өдрийн Монгол банкны нийтэд зарласан юаний албан ханш 369.37 төгрөгт хөрвүүлэн 2 954 960 000 төгрөгийг хариуцагч Н.Чаас гаргуулах нэхэмжлэгч Ц.Ю.Чд олгох үндэслэлтэй.

 

            Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгосон бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар, 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй шинээр эхлэн тоолохоор зохицуулсан.

 

            Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Ц.Ю.Чхариуцагч Н.Чад залилуулсан гэх агуулга бүхий гэмт хэргийн шинжтэй гомдлыг цагдаагийн байгууллагад гаргасныг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад, Нийслэлийн Прокурорын газар 2013.04.19-ний өдрийн 102 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2013.06.11-ний өдрийн 557 дугаар, 2014.06.18-ны өдрийн 430 дугаар Прокурорын тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

 

            Үүний дараа Ерөнхий Прокурорын газар 2017.11.08-ны өдрийн 1/622 дугаар тогтоолоор “2013.04.19-ний өдрийн 102 дугаар тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин шалгаж өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авч хянаад, гэрээний улмаас үүссэн иргэний хэргийн маргаан байх тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна гэж дүгнээд гомдлыг хүлээн авахаас татгалзаж”  шийдвэрлэснээс үзэхэд нэхэмжлэгч ийнхүү  Ерөнхий Прокурорт хандсанаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар шинээр тоологдох үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэлээ.

 

            Эцэст нь дээрхийг нэгтгэвэл, харуицагч Н.Чаас зээлийн гэрээний үүрэгт    2 050 833 474 төгрөг, болзол хүчин төгөлдөр болсон үр дагаварт 2 954 960 000 төгрөг, нийт 5 005 793 474 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ю.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  1 813 689 439 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцэх ба нэхэмжлэгчийн төлвөл зохих тэмдэгтийн хураамийн хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар 10 000 000 гэж багасган тогтоосныг тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ч аас 5 005 793 474 /таван тэрбум таван сая долоон зуун ерөн гурван мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ю.Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 813 689 439 /нэг тэр бум найман зуун арван гурван сая зургаан зуун наян есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамийн тухай хуулийн 7 дугаар зүйийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийгн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Ц.Ю.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 000 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 25 186 917 төгрөгийг гаргуулж, 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ю.Чд олгож, үлдэх 15 186 917 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

                                ДАРГАЛАГЧ                            Д.ЭНХЦЭЦЭГ