Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/03502

 

2022                  11              08                                                      184/ШШ2022/03502

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “.............” Сууц өмчлөгчдийн холбоо, Хаяг: Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байр, .. тоот

Хариуцагч: ........... овогт ..........  .............. /РД: ............./. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо, Өнөр хороолол, .... дугаар байр, ......тоот

Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 1,244,000 төгрөг гаргуулах хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ............. , хариуцагч ....... , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Алтангэрэл нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр, 39 тоотод амьдардаг. 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 1,244,000 төгрөгийн СӨХ-ны төлбөрийн үлдэгдэлтэй болж оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 147 дугар зүйлий, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.1.2-т Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3-т заасны дагуу Э.А-с 1,244,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.А би Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол .... дугаар байрны ... тоотод оршин суудаг. Би энэ хаягтаа 2010 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна. Миний оршин суудаг байрны харьяалалтай “Ө” Сууц өмчлөгчдийн холбооноос 1,244,000.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Би энэ нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөх боломжгүй. Манай гэр бүл энэ байранд амьдарч эхэлснээсээ хойш буюу 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 9 дүгээр cap хүртэл 8 жилийн хугацаанд СӨХ-ны төлбөрийг тогтмол, хугацаандаа төлсөөр ирсэн. Энэ талаар 2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сарын хугацаанд СӨХ-ны төлбөр төлсөн баримтыг Төрийн банкнаас баталгаажуулан авч нотлох баримт болгон хавсралтаар шүүхэд гаргаж өгсөн. Харин 2018 оны 12 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг төлөхөөр Төрийн банкны интернет банкны үйлчилгээг ашиглах үед СӨХ-ны төлбөрийн задаргаанд домофоны төлбөр болох 1000 төгрөг нэмэгдсэн байна. Манай гэрт домофон төхөөрөмж суурилуулаагүй. Домофоны үйлчилгээг ашигладаггүй тул СӨХ-ны төлбөрөөс энэ үйлчилгээний 1000 төгрөгийг хасаж өгөхийг “Ө” СӨХ-ны дарга Г.П-д хэд хэдэн удаа хандан хүсэлт тавьсан боловч хэрэгжүүлээгүй. СӨХ-ны нэхэмжлэлд домофон үйлчилгээний үнэ туссан талаар 2018 оны 12 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын хугацаанд “Ө” СӨХ-оос ирүүлсэн нэхэмжлэлийн дэлгэрэнгүй баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Энэ хугацаанд холбоо шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй,  “Ө” СӨХ-оос шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд тусгасан 1,244,000 төгрөгийн дүнд багтсан байгаа домофон үйлчилгээг манайх ашигладаггүй, төхөөрөмж суурилуулагдаагүй тул СӨХ-ны төлбөрийг төлөх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Э.А-д холбогдуулан сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр /дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал/-т 1,244,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ хариуцагч 2018 оны 10 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрийг төлөөгүй гэж, хариуцагч нь төлбөрийн хэмжээ болон төлөөгүй тухайд маргахгүй, харин засвар үйлчилгээний зардал домофоны төлбөр хэмээн сард 1000 төгрөг авч байсан, манайх домофон хэрэглэдэггүй тул энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл төлөхгүй гэж маргасан.

Ө” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн хурлын 06 дугаар тогтоолоор Д.П-г  гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 5/

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байхаар заасан байна.  

Нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 4 дугаатай тогтоолоор домофон ашиглалтын төлбөрт өрх бүрээс 1,000 төгрөгийг төлбөр дээр нэмж авахаар, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 тогтоолоор  хариуцагч Э.А-н 24 сарын домофоны төлбөр 24,000 төгрөгийн авлагаас чөлөөлсөн нь баримтаар тогтоогдсон. /хх-ийн 8,9/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт  тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил  байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хариуцагч нь төлбөрийг төлөхгүй гэж маргаагүй, зөвхөн домофон хэрэглэдэггүй тул сар бүр 1,000 төгрөг авч байгаа нь хууль бус гэж маргасан бөгөөд  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар холбооны  хяналт болон хариуцлагын механизмыг тогтоосон,   оршин суугчид, гишүүдэд нь холбооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын асуудлыг өөрсдөө шийдээд явах боломжийг нь олгосон байна. 

Нэхэмжлэлээс хуульд заасан  хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах хэсэг болох 2019 оны 9 дүгээр сраас өмнөх төлбөр  287,000 төгрөг, мөн домофоны авлагаас чөлөөлсөн 24,000 төгрөгийг хасч, хариуцагчаас 933,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн  75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч Э.А-с 933,000 /есөн зуун гучин гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ө” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 311,000 /гурван зуун арван нэгэн мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,406  төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 26,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиййн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.БАТСҮХ