Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00050

 

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00050

 

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/03502 дугаар шийдвэртэй,

 

“А” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,244,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч В-, хариуцагч Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны *** дугаар байр, *** тоотод амьдардаг Б-ийн төлөгдөөгүй СӨХ-ны төлбөрийн үлдэгдэл 2022 оны 9 дүгээр сарын байдлаар 1,244,000 төгрөг болж, оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлийн 148.2.3, 149 дүгээр зүйлийн 149.1.2, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус заасны дагуу Б-ээс 1,244,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Иргэн Б- нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол ** дугаар байрны ** тоотод оршин суудаг бөгөөд энэ хаягтаа 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.

“А” СӨХ-ны нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй. Манай гэр бүл энэ байранд амьдарч эхэлснээсээ хойш буюу 2010 оны 10 дугаар сараас 2018 оны 9 дүгээр cap хүртэл 8 жилийн хугацаанд СӨХ-ны төлбөрийг тогтмол, хугацаандаа төлсөөр ирсэн.

Харин 2018 оны 12 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг төлөхөөр Төрийн банкны интернэт банкны үйлчилгээг ашиглах үед СӨХ-ны төлбөрийн задаргаанд домофоны төлбөр болох 1000 төгрөг нэмэгдсэн байна. Манай гэрт домофон төхөөрөмж суурилуулаагүй, уг үйлчилгээг ашигладаггүй тул СӨХ-ны төлбөрөөс энэ үйлчилгээний 1,000 төгрөгийг хасаж өгөхийг “А” СӨХ-ны дарга В-д хэд хэдэн удаа хандан хүсэлт тавьсан боловч хэрэгжүүлээгүй. СӨХ-ны нэхэмжлэлд домофон үйлчилгээний үнэ туссан талаар 2018 оны 12 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын хугацаанд “А” СӨХ-оос ирүүлсэн нэхэмжлэлийн дэлгэрэнгүй баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Энэ хугацаанд холбоо шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй, “А” СӨХ-оос шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд тусгасан 1,244,000 төгрөгийн дүнд багтсан байгаа домофон үйлчилгээг манайх ашигладаггүй, төхөөрөмж суурилуулагдаагүй тул СӨХ-ны төлбөрийг төлөх боломжгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1, 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-ээс 933,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 311,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,406 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 26,942 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Харицагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь 933,000 төгрөгийн төлбөрт хариуцагчийн ашигладаггүй домофон үйлчилгээ багтсан байна. Мөн энэ төлбөрийн хуримтлал нь манайхаас шалтгаалаагүй, тус төлбөрт лифтний 4,000 төгрөгөөс 11,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь СӨХ-ны болон домофоны төлбөрийг төлөх үүрэгтэй. 2011 онд ОХУ-ын домофоны систем байрлуулсан байсныг цуцалж, кодоор ордог систем суурилуулсан. Лифт зогсоогүй, хогыг үүднээс нь авдаг, цэвэрлэгээ хийдэг, гудамжны хүмүүсийг хөөж гаргаж, дундын өмчлөлийн дулаан, цахилгааны шугамыг хариуцаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

2. Нэхэмжлэгч “А” СӨХ нь хариуцагч Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,244,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Б- нь 2018 оны 10 сараас хойших дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй талаар зохигч маргаагүй.

 

4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т “орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Иймд нэхэмжлэгч “А” СӨХ нь хариуцагч Б-ээс Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

5. “А” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хариуцагч Б-ийн домофоны төлбөр болох 24,000 төгрөгийг чөлөөлжээ.

 

6. Анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаан дахь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 957,000 төгрөгөөс 2 жилийн домофоны төлбөрөөс чөлөөлсөн 24,000 төгрөгийг хасч, 933,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг зөв тайлбарлажээ.

 

7. Лифтний төлбөр нэмэгдсэн, домофоны үйлчилгээ авдаггүй гэх үндэслэл нь хариуцагчийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх талаар хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/03502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.БАТЗОРИГ

                                           

         ШҮҮГЧИД                                             Т.БАДРАХ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА