Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2019/01054

 

 

 

 

 

 

 

 

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00888 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М” ХХК, “Ө” ХХК нарт холбогдох,

 

Даатгалын гэрээний үүрэгт 324 397 500 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 534 761 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, А.Б, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1. П ХХК нь Ө ХХК-тай 2018.03.20-ны өдөр S2018\16 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түлш нийлүүлсэн. 2018.04.20-ны өдрийн байдлаар Ө ХХК-ийн төлөх төлбөрийн үлдэгдэл дүн нь 534 761 000 төгрөг болж тооцоо нийлж баталгаажуулсан. Үүний дараа худалдан авагч нь худалдагчид 10 000 000 төгрөгийн төлөлт хийсэн, үлдэгдэл 524 761 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Дээрх гэрээний хуваарьт төлбөр төлөлт хэвийн төлөгдөх байдлыг хангаж нэхэмжлэгч нь М ХХК-тай 2018.04.18-ны өдөр 90С1820007282 дугаартай 432 530 000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр даатгуулагч нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн.

 

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. Худалдан авагчийн хувьд гэрээнд зааснаар 2018.04.30-ны дотор төлбөрийг төлж дуусгах үүрэгтэй байсан үүргээ биелүүлээгүй даатгалын тохиолдлыг бий болсон. Даатгагч нь даатгалын үнэлгээ болох 432 530 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагчид 324 397 500 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Бид даатгалын гэрээнд хамруулсан төлбөрт төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн боловч даатгагч нь нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, хариу өгөөгүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөн зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна.

 

Иймд даатгалын нөхөн төлбөрт 324 397 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

2. Ө ХХК нь П ХХК-тай 2018.3.20-ны өдөр S2018/16 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрөөс 534 761 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл 534 761 000 төгрөгийг Ө ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч чанарын шаардлага хангаагүй дизель түлш нийлүүлсний улмаас хохирол учирсан. Дээрх байдлыг нотлох баримт “П” ХХК-ийн санхүүд хадгалагдаж байгаа тул засвар хийсний хохирлын хэмжээ түүгээр тодорхойлогдоно. Гэрээ байгуулан зээлээр түлш худалдан авч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр нийлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан тодорхойлолт, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт манай компанид худалдах гол нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч нийлүүлсэн түлш чанарын шаардлага хангаагүйн улмаас их хэмжээний хохирол учирч төлбөрийг төлөх боломжгүй болж, төлбөр тасалдсан. 2018.06.22-ны өдөр нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Нэхэмжлэгч нь чанарын шаардлага хангасан гэсэн албан ёсны бичиг баримт, лабораторийн дүгнэлтийг бидэнд гэрээ байгуулахад ирүүлээгүй мөн өгөөгүй байдаг нь тус түлш стандарт шаардлагад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Худалдагч тал СХЗҮТ зөвлөлийн баталсан шатахуун, хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, 4633-2006 стандартын дагуу түлшийг нийлүүлэх байсан бөгөөд худалдан авагчийн зүгээс чанарын болон биет байдлын доголдолтой стандартын бус түлш шатахуун нийлүүлснийг газар дээр нь шалган хүлээн авах нөхцөл боломжгүй, шатахуун түлшийг худалдан авснаас хойш доголдолтой гэдгийг мэдсэн.Гэрээний үргэлжлэх хугацааг талууд 2018.10.31-ний өдрийг хүртэл гэж заасан байхад нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.09.14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Гэрээний үргэлжлэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал шүүхэд хандсанаар өөрийн санаачлагаар гэрээг цуцалсан гэж үзэх юм. Тус гэрээнд гэрээг цуцлах болон дуусгавар болох талаар дурдаагүй бөгөөд худалдагч гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь гэрээнээс татгалзаж байна гэж үзнэ. Иймд  нэхэмжлэл 300 сая гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн журмаар тус компаниас хүнд машин механизм зассан санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх хүсэлт давхар гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.01.12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчтэй төлбөр тасалдлын даатгалын чиглэлээр хамтран ажиллах болсон. 2018.04.18-ны өдөр Ө ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдэж мөн өдрөө №90С1820007282 тоот даатгалын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулагдах үед Ө ХХК-д 432 530 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар мэдэгдсэн учир манай зүгээс уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалд хамруулсан. Нэхэмжлэгч нь Ө ХХК-ийн 2018.03.20-ны өдөр MNS2018/16 тоот гэрээ байгуулж, даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 432 530 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч компанийн зүгээс бидэнд 462 530 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018-03-20-ны өдрөөс 2018-04-20-ны өдрийн хооронд  647 500 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулснаас нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 534 761 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүрдээ Ө ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон. Бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6.10-д худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ гэж заасны дагуу даатгуулагч нь  төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө ХХК-иас 534 761 000 /таван зуун гучин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, М ХХК-иас 324 761 000 /гурван зуун хорин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан П ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1 779 940+2 831 760/ нийт 4 611 700 төгрөгөөс 4 611 692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг, хариуцагч Ө ХХК-иас 2 831 755 төгрөгийг, М ХХК-иас 1 779 937 төгрөгийг тус тус гаргуулж П ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Энх-Амгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх “Ө” ХХК-д нийлүүлэлт хийгдсэнийг мэдэж, нийлүүлэлт хийсэн өдрөөс эхлэн даатгалын зүйлийг даатгалд хамруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Хариуцагч татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг худалдан авагч талдаа бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болох нуун дарагдуулсан явдлыг бичгийн нотлох баримтаар нотлох боломжгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас өмнө нь нэхэмжлэгчтэй байгуулж байсан даатгалын гэрээнүүдийн хугацаа, тус компанийн худалдан авагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний болон бүтээгдэхүүний нийлүүлэлт хийсэн хугацаа зэргийг харьцуулан авч үзвэл биднийг төөрөгдөлд оруулж, нийлүүлэлт хийснээ нуун дарагдуулсан болох нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь нийлүүлэлт хийсэн талаараа бидэнд мэдэгдсэн болохоо нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх ямар нотлох баримтад үндэслэн нийлүүлэлт хийсэн талаар мэдсэн гэж үзэн шийдвэр гаргасан нь хууль бус байна. Харин даатгалын гэрээ байгуулагдах үед бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн болох нь зарлагын баримт болон бусад баримтаар хангалттай тогтоогддог. Нэхэмжлэгч нь худалдан авагчид нийт 14 удаагийн нийлүүлэлт хийж 14 төлбөрийн нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд тус төлбөрийн нэхэмжлэхүүдэд дурьдсанаар худалдан авагч нь төлбөрийг өөр өөр байдлаар төлөх үүрэг хүлээсэн байдаг. Нэхэмжлэгч нь нөхөн төлбөр нэхэмжлэн материал бүрдүүлж өгөхдөө төлбөрийн нэхэмжлэхүүдийн хуулбарыг хүргүүлж байсан боловч шүүхэд эдгээр баримтыг гаргаж өгөөгүй тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй баримт гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх баримтууд нь нэхэмжлэгчийг даатгалын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг нотлох, төлбөрийн тасалдал буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлөх ноцтой байдал нь даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө нэгэнт үүссэн байсан зэрэг нөхцөл байдлыг тогтоох нотлох баримт юм. Дээр дурьдсан талуудын гэрээнд 45 хоногийн дотор төлбөр төлөх үүрэг нь заавал 45 дахь хоног дээрээ төлөх ёстой гэсэн зохицуулалт биш харин 45 хоногт багтаан төлөх ёстой буюу бүтээгдэхүүний үнийг төлөх төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авсан даруйдаа тухайн төлбөрийн нэхэмжлэхэд заагдсан хугацааны дотор төлөх үүрэгтэй болохыг зохицуулсан зохицуулалт юм. Гэтэл шүүх нөхцөл байдлыг тогтоох баримтыг хэрэгт авахуулалгүйгээр талуудын мэтгэлцэх боломжийг хангахгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүх шаардах эрх үүсэх хугацааг 05 дугаар сарын 05-ны өдрөөс гэж тооцсон нь үндэслэлгүй буюу хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн. Шүүх нийлүүлэлт хийгдсэн өдрөөс эхлэн шаардах эрх үүсэх хоногийг тоолохдоо гэрээгээр тохиролцсон 04 дүгээр сарын 30-ны өдрийн талаарх тохиролцоог үнэлж дүгнээгүй бөгөөд талуудын хоорондын тохиролцоог буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан. Төлбөр төлөгдөөгүйн улмаас нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээ авсан гэдэгт үнэлэлт өгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд нийлүүлэлтийг зогсоосноор үүргээ биелүүлсэн гэж ойлгогдохоор тайлбарласан нь үндэслэлгүй, гэрээний 6.10-т заасныг буруу тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг утга агуулгын хувьд алдаатай. Шаардах эрх үүсээгүй байхад нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээ авах үндэсгүй, нөгөө талаас шаардах эрх үүссэнээр нийлүүлэлтийг зогсоож дараагийн арга хэмжээ авах үндэслэл бий болно. Даатгуулагч даатгалын гэрээний хураамж төлсөн өдрөөс нийлүүлэлтээ зогсоож байгаа үйлдэл мөн худалдан авагч нь өмнөх төлбөрөө нэхэмжлэхийн дагуу төлөхгүй байхад нийлүүлэлтийн хэмжээг бууруулахгүй нэмж олгосон байх үйлдэл зэрэг нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан нөхцөлийг бий болсон. Шүүх хэргийн 52 дахь талд байгаа тооцоо нийлсэн актыг үнэлсэн. Гэвч энэхүү тооцоо нийлсэн акт нь хууль бус нотлох баримт. Дээрх нотлох баримтын талаар шүүх хуралдааны явцад удаа дараа мэдэгдэж асуулт хариултын шатанд тодруулга авахыг хүссэн боловч шүүх уг асуудлыг огт авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч “М ” ХХК-иас 324 397 500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байхад шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт 324 761 000 төгрөгөөр буюу 363 500 төгрөг нэмэгдүүлж шийдвэрлэсэн. Хариуцагч “Ө” ХХК-иас 210 363 500 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх ёстой байтал гэрээний нийт үнийн дүнг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд үндэслэлгүйгээр хөрөнгөжих байдлыг бий болгосон хууль бус шийдвэр болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулж даатгалын гэрээний үүрэгт 324 397 500 төгрөг, “Ө” ХХК-д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэгт 534 761 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “М” ХХК эс зөвшөөрч “даатгалын тохиолдол бий болох нөхцөлийг даатгуулагч санаатайгаар бий болгосон, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн” гэж, хариуцагч “Ө” ХХК эс зөвшөөрч “доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлснээс худалдан авагчид хохирол учирсан, худалдагч гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж маргажээ. /хх1-2, 41-42, 70, 154-156, 162-163/

 

Хэрэгт нэхэмжлэгч нь “Ө” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр S2018/16 тоот гэрээ байгуулж, 647 500 000 төгрөгийн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдан авагч дээрх төлбөрөөс 534 761 000 төгрөгийн үнийн үлдэгдлийг төлөөгүй, нэхэмжлэгч нь мөн дээрх гэрээний хэвийн төлөгдөх байдлыг хангаж “М” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 90С1820007282 дугаартай, 432 530 000 төгрөгийн даатгалын үнэлгээтэй даатгалын гэрээ байгуулсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан худалдах худалдан авах болон даатгалын гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтаар тогтоогджээ. /хх9-17 , 49-52 /

 

Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан даатгалын гэрээ, худалдах худалдан авах гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч “М” ХХК нарын хооронд даатгалын гэрээ, нэхэмжлэгч болон хариуцагч “Ө” ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлж гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзэхээр байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгчтэй 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн төлбөр тасалдлын даатгалын гэрээний чиглэлд хамтран ажиллаж байгаа болон 432 530 000 төгрөгийн үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулснаа үгүйсгээгүй боловч “П” ХХК нь богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийж, бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан, санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатай бүрдүүлсэн гэж маргаж байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол даатгагч  нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болохоор заасан боловч “М” ХХК нь мэргэжлийн байгууллагын хувьд “П” XXК-тай дээрх даатгалын гэрээг байгуулахдаа гэрээний төлбөр хугацаандаа хэвийн төлөгдөх нөхцөлийг хангах зорилгоор гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 00 цагаас эхлэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 24 цаг хүртэл хүчинтэй байхаар, даатгалын тохиолдлыг худалдан авалтын гэрээнд заагдсан хуваарьт төлбөр хугацаанаас 120 хоногоор хэтэрсэн тохиолдлыг  даатгалын тохиолдолд хамруулахаар тохиролцсон.

 

Хариуцагч “М” ХХК нь хууртагдан мэхлэгдсэн гэх байдал хэргийн нөхцөл байдлаар няцаагдаж байна. Талууд даатгалын гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 00 цагаас эхэлнэ гэж тохиролцсон нь “Ө” ХХК-д нийлүүлэлт хийгдсэнийг мэдэж, нийлүүлэлт хийсэн өдрөөс эхлэн даатгалын зүйлийг даатгалд хамруулсан гэж үзэхээр байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцжээ.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэх бөгөөд талуудын даатгалын гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгохоор тохиролцсон. /хх-9-12/

 

Гэрээнээс үзэхэд худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтахаар заасан, шатахууныг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийлүүлж, төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй тул даатгалын гэрээнд заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болсон  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн хуульд нийцнэ. /хх-13-16/

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шалгаж үзэхэд гэрээнд заасны дагуу 432 530 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, 324 397 500 төгрөг үлдэж байх бөгөөд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Даатгагчийн “даатгуулагч худалдан авагчид өмнө нь бараа бүтээгдэхүүн нийлүүлснээ нуун дарагдуулсан нь гэрээ байгуулсан огноогоор нотлогдоно” гэх тайлбар үндэслэлгүй, гэрээнд талуудын хийсэн бичилт, хүсэл зоригийн илэрхийлэл, “П” XXК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш “Ө” ХХК-д нийлүүлэлт хийгээгүй байдлаар дээрх тайлбар няцаагдаж байна.

 

Хэдийгээр гэрээний 6.10-д “худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ” гэж заасан ч “П” XXК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө бүх нийлүүлэлтээ хийж дууссан байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт заасан “даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж хариуцагчид хандсан ч даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй, Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргасан, Санхүүгийн зохицуулах хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9/4377 тоотоор хариу өгснөөр шүүхэд ханджээ./ хх18-20/

 

Харин хариуцагч Ө ХХК нь “..., нэхэмжлэгч чанарын доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн” гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Ө ХХК нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь талуудын тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

Худалдагч худалдан авагч нар тооцоо нийлснээс хойш хариуцагч 10 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх Ө ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ олгож буй даатгалын нөхөн төлбөрийг хасахгүйгээр шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн үнийн дүнг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Ө ХХК-аас 210 363 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгох, М ХХК-аас 324 397 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн “шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэг талыг барьж шийдсэн, хэргийн талуудыг мэтгэлцүүлээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00888 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “534 761 000” гэснийг “210 363 500” гэж, “324 761 000” гэснийг “324 397 500” гэж, 2 дахь заалтын “2 831 755” гэснийг “1 209 767” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 781 755 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                     А.МӨНХЗУЛ

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД