Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2019/00888

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: П О Э Э ХХК нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: М Д ХХК

            Хариуцагч: Ө П ХХК

            Даатгалын гэрээний үүрэгт 324 397 500 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 534 761 000 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн даргаар Г.С нар оролцов.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П О Э Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

1. “П О Э Э” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ”Ө П” ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр S2018\16 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдан авагч компанид зээлээр түлш нийлүүлж ажилласан. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар “Ө П” ХХК-ийн төлөх үндсэн төлбөрийн үлдэгдэл дүн нь 534,761,000 төгрөг болох талаар талууд тооцоо нийлж баталгаажуулсан. Үүний дараа “Ө П” ХХК нь “П О Э Э” ХХК-д 10,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, харин үлдэгдэл 524,761,000 төгрөгийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Дээрх Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хуваарьт төлбөр төлөлт хэвийн төлөгдөх байдлыг хангаж “П О Э Э” ХХК нь ”М Д” ХХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 90С1820007282 дугаартай 432,530,000 төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий Даатгалын гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр даатгуулагч ”П О Э Э” ХХК нь худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээсэн.

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.9-д “Даатгалын тохиолдол” гэж Худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан. “Ө П” ХХК-ийн хувьд Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээ, түүний хавсралтад зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нийт төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь дээр заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдлыг бий болгоод байна. Ийнхүү даатгалын тохиолдолд бий болсон учир даатгагч нь Даатгалын гэрээ, түүний 1 дүгээр хавсралтад заасан Даатгалын үнэлгээ болох 432,530, 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагчид 324,397,500 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

Бид  Даатгалын гэрээнд хамруулсан төлбөрт төлбөр тасалдал үүссэн буюу даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэж, холбогдох баримтуудын хамт даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилж  “М Д” ХХК-д хандсан боловч даатгагч нь Даатгалын гэрээнд заасан ажлын 5 хоногийн дотор даатгуулагчийн дансанд нөхөн төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, бидэнд ямар нэг хариу өгөөгүй. Улмаар бид Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Аливаа этгээд даатгалын үйл ажилгаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх...” заасны дагуу энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Харин тус хорооноос 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9\4377 тоот албан бичгээр ирүүлсэн хариуг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөн зүйлд заасны дагуу шүүхэд хандаж байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 90С1820007282 дугаартай “Даатгалын гэрээний”-ний дагуу даатгалын нөхөн төлбөрт 324,397,500 төгрөгийг “М Д” ХХК-аас гаргуулж “П О Э Э” ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү.

2. Ө П ХХК нь П О Э Э ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр S2018/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 1 литр түлшний үнийг 1850 төгрөгөөр тооцож 350.000 литр дизель түлш худалдан авахаар тохиролцсон. Тус гэрээний хүрээнд Ө П ХХК нь зээлээр худалдан авсан түлшнээс 534 761 000 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх дүнг баталгаажуулж талууд тооцоо нийлсэн бөгөөд үндсэн төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэтэл хариуцагч компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулж, төлбөр төлөхгүй байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 534 761 000 төгрөгийг Ө П ХХК-иар төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Ө П ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан П О Э Э ХХК-ийн нэхэмжлэлтэй 534 761 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 300 гаруй сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь түлш нийлүүлэх гэрээ байгуулсан чанарын шаардлага хангаагүй дизель түлш нийлүүлсний улмаас манайд ашиглагдаж байсан олон төрлийн хүнд машин механизмд эвдрэл гарсан. Тус түлшнээс шалтгаалсан эвдрэл гарсныг нотлох санхүүгийн баримтууд нь манайхтай хамтран ажиллах гэрээгээр ажилласан П К ХХК-ийн санхүүд хадгалагдаж байгаа тул засвар хийсний хохирлын хэмжээ түүгээр тодорхойлогдох юм.

2018 оны 03 сарын 20-ны өдөр П О Э Э ХХК-тай №S2018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээлээр түлш худалдан авч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр нийлүүлэгч нь энэхүү гэрээнд заасан тодорхойлолт, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт манай компанид худалдах гол нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан байдаг. Ингээд хамтран ажилласан боловч гэрээт бүтээгдэхүүн нийлүүлэгч компанийн нийлүүлсэн түлш чанарын шаардлага хангаагүйн улмаас манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдаж байсан техник, машин механизмуудын хөдөлгүүрүүд эвдэрч их хэмжээний хохирол  учирсны улмаас төлбөрийг төлөх боломжгүй болж, төлбөр тасалдсан. Гэрээ байгуулж, хамтран ажилласнаас хойш худалдаж авсан түлшний үнийг зохих ёсоор төлбөрийг төлж байсан нь бид гэрээнд заасан үүргээ болон Иргэний хуульд заасан худалдан авагч талын үүргийг зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа.

 2018 оны 06 сарын 22 өдөр П О Э Э ХХК-д 10 000 000 төгрөгийн төлөлтийг Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний түлшний үнийн төлөлт хийсэн байдаг. Тус гэрээний 4.5-д заасны дагуу нийлүүлэгч нь захиалагч талд Монгол Улсын стандарт, чанарын шаардлага хангасан техникийн нөхцөлд тохирсон газрын тосны бүтээгдэхүүнийг гэрээнд заасан нөхцөлөөр, гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх үүрэгтэй гэж заасныг худалдагч тал болох Паломино ойл энд энержи ХХК нь зөрчсөн байна. Учир нь: Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбогдсон баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байсныг худалдагч тал болох П О Э Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Харин бид тухайн түлшийг худалдан авахдаа Иргэний хуулийн 262.1-т заасны дагуу зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ гэсний дагуу гэрээгээр тохиролцсон үнэ 647 500 000 төгрөгийг тодорхой цаг хугацаагаар төлөхийг тохиролцсон боловч худалдагч талын нийлүүлсэн түлш чанарын шаардлага хангаагүйгээс болж манай компанийн хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдаж байсан техник, машин механизмууд хөдөлгүүрүүд эвдэрч манай компанид ихээхэн хохирол учирсан байна.

Чанарын шаардлага хангаагүй түлшний тухайд: 1. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2.1-д заасан чанарын шаардлага нь Монгол Улсын MNS2016:2006 дизель түлшний техникийн шаардлага нь нефтийн бүтээгдэхүүний стандарт болон техникийн нөхцөлд нийцсэн түүгээр тавигдах шаардлагыг хангасан байх түлшийг нийлүүлэх нэн тэргүүний үүрэгтэй байна гэж заасан. Гэтэл нийлүүлэгч компани нь чанарын шаардлага хангасан гэсэн албан ёсны бичиг баримт, лабораторийн дүгнэлтийг бидэнд гэрээ байгуулахад ирүүлээгүй мөн өгөөгүй байдаг нь тус түлш стандарт шаардлагад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай байгаа юм. Худалдах, худалдан авах гэрээний нэн тэргүүний үүрэг нь худалдагч үүрэг хүлээдэг. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т гэрээгээр тогтоосон тоо хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Харин 251.2-т гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан. Харин талуудын хооронд хийгдсэн гэрээний 2.1-т чанарын шаардлага, стандартыг гэрээний 4.4-т заасан учраас П О Э Э ХХК нь чанарын шаардлагатай эд хөрөнгийг шилжүүлэх нь зайлшгүй үүрэгтэй байхад худалдагч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

2. Худалдагч тал СХЗҮТ зөвлөлийн баталсан шатахуун, хангамжийн технологи үйл ажиллагааны аргачлал MNS:4633-98, 4633-2006 стандартын дагуу түлшийг нийлүүлэх байсан бөгөөд худалдан авагчийн зүгээс чанарын болон биет байдлын доголдолтой стандартын бус түлш шатахуун нийлүүлснийг газар дээр нь шалган хүлээн авах нөхцөл боломжгүй эд хөрөнгө учраас хүлээн авснаас хойш чанар байдлын доголдол илрэх нь тодорхой юм. Тиймээс шатахуун түлшийг худалдан авснаас хойш доголдолтой гэдгийг мэдсэн буюу шатахуун түлшнээс болоод машин техник ажиллахгүй улмаар засвар үйлчилгээ болон тухайн төсөлт ажлаас олох боломжтой байсан орлого алдагдсан тул худалдагч тал болох П О Э Э ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээнээс татгалзсан тухайд: Гэрээний үргэлжлэх хугацаа тус гэрээний 1.3-т зааснаар талууд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан байхад нэхэмжлэгч тал Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 09 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Гэрээний үргэлжлэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал 2018 оны 09 сарын 14-ний өдөр шүүхэд хандсанаар өөрийн санаачлагаар гэрээг цуцалсан гэж үзэх юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т заасан үндэслэлээр гэрээний эрх зүйн харилцаанд оролцогчдын биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн гэрээ дуусгавар болно гэж заасан байхад нэхэмжлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байж шүүхэд хандсан нь гэрээг өөрийн санаачлагаар цуцлах, тус гэрээг дуусгавар болгож байгаа юм.

Тус гэрээнд гэрээг цуцлах болон дуусгавар болох талаар дурдаагүй бөгөөд худалдагч гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандсан нь гэрээнээс татгалзаж байна гэж үзэх тул Иргэний хуулийн 205.1-д зааснаар гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шилжүүлсэн зүйлийн чанарын доголдлыг илрүүлсэн бол нөхөн төлбөр төлөхгүй гэж заасан байх тул нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээнээс татгалзаж шүүхэд хандсан нь худалдагч тал болох Ө П ХХК гэрээнээс татзалсанаас үүссэн үр дагавар болох мөнгөн төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Иймд П О Э Э ХХК-ийн нэхэмжлэлтэй 534 761 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шарадлагын 300 сая гаруй төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн журмаар тус компаниас хүнд машин механизм зассан санхүүгийн баримтуудыг гаргаж өгөх хүсэлт давхар гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компанийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч П О Э Э ХХК-тай “Төлбөр тасалдлын даатгал”-ын чиглэлээр хамтран ажиллах болсон. Энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн зүгээс нэр бүхий 9 компанид газрын тосны бүтээгдэхүүн худалдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр дээрх төлбөр тасалдлын даатгалд хамруулсан байдаг. П О Э Э ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд газрын тосны бүтээгдэхүүн худалдахдаа тухай бүрт нь даатгалд хамруулж “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуух нийлүүлэлт болон даатгалын гэрээний хооронд хугацааны хувьд ямар нэгэн тасалдал үүсдэггүй байсан тул бид цаашид энэ журмаар хамтран ажиллах юм байна гэсэн ойлголттой болж бизнесийн итгэлцлийн зарчмын үндсэн дээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон. Тухайлбал,

 

Худалдан авагч

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийлүүлэлт хийж эхэлсэн огноо

Даатгалын гэрээ байгуулсан огноо

М П М ХХК

 

Б Г ХХК

 

Э Х ХХК

 

М Т ХХК

 

С О ХХК

 

Э Х ХХК

 

Э Х ХХК

 

 

Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ө П ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн худалдах гэж байгаа талаараа бидэнд мэдэгдэж мөн өдрөө №90С1820007282 тоот даатгалын гэрээг байгуулсан. Гэрээг байгуулагдах үед Ө П

ХХК-д 432 530 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаар мэдэгдсэн учир манай зүгээс уг үнийн дүнгээр төлбөр тасалдлын даатгалд хамруулсан.

 

2018 оны 9 дүгээр сард П О Э Э ХХК-иас Ө П ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Бидний зүгээс тус нэхэмжлэлийн дагуу холбогдох баримт материалыг хүлээн авч нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх явцад дараах нөхцөл байдал илэрсэн. Үүнд:

1. П О Э Э ХХК нь Ө П ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр MNS2018/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулж мөн өдрөөс даатгалын гэрээ байгуулагдах хүртэл хугацаанд нийт 432 530 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг нэгэнт нийлүүлсэн байсан.

2. Даатгалын гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч компанийн зүгээс бидэнд 462 530 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх талаараа мэдэгдэж байсан боловч 2018-03-20-ны өдрөөс 2018-04-20-ны өдрийн хооронд Ө П ХХК-тай 647 500 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулснаас нийт 14 удаагийн нийлүүлэлтээр 534 761 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн.

3. П О Э Э ХХК нь бүтээгдэхүүн нийлүүлэх бүртээ Өлзийтэй принт ХХК-д төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж байсан боловч худалдан авагчийн зүгээс нэг ч удаа төлбөр төлөлт хийгээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон.

Бидний хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 6.10-д “худалдан авагч нь даатгуулагчийн нэхэмжлэлийн дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нөхцөлд төлбөр төлөгдөөгүй үнийн дүнгийн хэмжээгээр дараагийн нийлүүлэлтийн хэмжээг багасгах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу даатгуулагч П О Э Э ХХК нь Ө П ХХК төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан даруйдаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй нийлүүлэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр богино хугацаанд их хэмжээний нийлүүлэлт хийсэн байна. Хамтын ажиллагаа өмнө нь ямар нэгэн үл ойлголцох асуудалгүй хэвийн явагдаж байсан тул бид бизнесийн итгэлцэлд тулгуурлан дараа дараагийн гэрээг байгуулан хамтран ажиллаж байсан боловч ийнхүү даатгуулагчийн зүгээс бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл даатгуулагч П О Э Э ХХК нь худалдан авагч талд нэгэнт бүтээгдэхүүнийг нийлүүлсэн атлаа нийлүүлэх гэж байгаа гэж мэдэгдэн даатгалын гэрээ байгуулсан, худалдан авагч төлбөрөө удаа дараа төлөөгүй байхад дараагийн нийлүүлэлтийг багасгах, зогсоох арга хэмжээ авалгүйгээр үргэлжлүүлэн нийлүүлэлт хийж даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг санаатайгаар бүрдүүлсэн байна.

Иймд бидний зүгээс Даатгалын тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П О Э Э ХХК нь хариуцагч М Д ХХК-иас Даатгалын гэрээний үүрэгт 324 397 500 төгрөгийг, хариуцагч Ө П ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 534 761 000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

1. Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 534 761 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр S2018/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээгээр, нийлүүлэгч П О Э Э ХХК нь захиалагч Ө П ХХК-д гэрээнд заасан тодорхойлолт, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт захиалагч талд гэрээнд заасан нөхцөлөөр нийлүүлэх, захиалагч төлбөрийг гэрээнд заасан журмаар төлөхөөр харилцан тохиролцсон нь /хх-49-51х/ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгээр зохицуулсан Худалдах-худалдан авах гэрээний агуулгад нийцсэн байна.

Талууд гэрээний хугацааг ...талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс хойш 2018 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй байх, газрын тосны бүтээгдэхүүний үнийг талууд худалдан авалт хийх тухай бүрд холбогдох бүх татвар хураамж орсон байдлаар харилцан тохиролцож хавсралтаар тогтоох бөгөөд зах зээлийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт зэргээс шалтгаалан үнэ хэлбэлзэх тохиолдолд нийлүүлэгч тал нь тухай бүр захиалагчид албан ёсоор мэдэгдэж, талууд нэмэлт гэрээгээр харилцан тохиролцохоор, захиалагч тал нь нийлүүлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг нэмэлт гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгчийн Хаан банкны 5173040347 тоот дансанд шилжүүлнэ гэж тохиролцжээ.

Гэтэл нэхэмжлэгч буюу нийлүүлэгч П О Э Э ХХК нь хариуцагч буюу захиалагч Ө П ХХК-нд дизель түлшийг нийлүүлсэн байдлыг доорх хүснэгтээр үзүүлэв.

Огноо

Хэмжээ/литр

Нэгж/

Нийт үнэ

1

2018.03.21

2018.05.05

52,280

1.850

96,718,000

2

2018.03.21

2018.05.05

14,300

1.850

26,455,000

3

2018.03.22

2018.05.06

21,250

1.850

39,312,000

4

2018.03.26

2018.05.10

25,330

1.850

46,860,500

5

2018.03.26

2018.05.10

23,300

1,850

43,895,500

6

2018.03.28

2018.05.12

45,420

1,850

84,027,000

7

2018.03.28

2018.05.12

26,430

1,850

48,895,500

8

2018.03.28

2018.05.12

6,440

1,850

11,914,000

9

2018.03.29

2018.05.13

4,050

1,850

7,492,500

10

2018.04.10

2018.05.25

5,000

1,850

9,250,000

11

2018.04.16

2018.05.31

10,000

1,850

18,500,000

12

2018.04.19

2018.06.03

8,460

1,850

15,651,000

13

2018.04.20

2018.06.04

23,500

1,850

43,475,000

14

2018.04.20

2018.06.04

23,300

1,850

43,105,000

 

 

 

289,060

 

534,761,000

П О Э Э ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагаар нийтдээ 289,060 литр дизель түлшийг нийт 534 761 000 төгрөгийн үнийн дүнтэйгээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасны дагуу Ө П ХХК-д нийлүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ /хх-49-51х/, тооцоо нийлсэн акт /хх-52х/, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх-53х/ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

Харин хариуцагч Ө П ХХК нь нэхэмжлэгч П О Э Э ХХК-ийг “...чанарын шаардлага хангасан гэсэн албан ёсны бичиг баримт, лабораторийн дүгнэлтийг бидэнд гэрээ байгуулахад ирүүлээгүй мөн өгөөгүй нь тус түлш стандарт шаардлагад нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай...” гэж марган нэхэмжлэлээр шаардсан дизель түлшний нийт үнэ 534 761 000 төгрөгөөс 300 гаруй сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч татгалзаж буй үндэслэлээр бичгийн баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хавсралт 1-д худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан, шатахууныг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийлүүлсэн байх тул П О Э Э ХХК-д төлбөрийг шаардах эрх 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс үүснэ.

Хариуцагч Ө П ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал, гэрээний дагуу П О Э Э ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шатахууныг нийлүүлж эхэлсэн байхад гэрээнд заасан ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан төлбөрийг барагдуулах үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байна.  

Хэдийгээр хариуцагч 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх боловч хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан Тооцоо нийлсэн акт-аар П О Э Э ХХК-ийн нягтлан Б.У болон Ө П ХХК-ийн ерөнхий захирал Б.О нар гарын үсэг зурж, санхүүгийн болон компаний тамга, тэмдгүүдийг дарж баталгаажуулсан баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлээ хариуцагчид холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэлх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаанд хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл буюу гэрээний дагуу нийлүүлсэн дизель түлш чанар, стандартын шаардлага хангаагүй доголдолтой байсан гэж татгалзан тайлбарласан татгалзлаа бичгийн баримтаар нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

2. Даатгалын гэрээний үүрэгт 324 397 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай Даатгалын гэрээгээр даатгуулагч П О Э Э ХХК-ийн худалдан авалтын зээлийн гэрээний дагуу төлөгдөх хуваарьт төлөлтийг даатгуулах, даатгагч М Д ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцсон болох нь /хх-9-12х/ Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан ба Даатгалын гэрээний агуулгад нийцэх бөгөөд Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж заасны дагуу Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах нь зүйтэй байна.

П О Э Э ХХК нь Ө П ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр S2018/16 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь дизель түлш нийлүүлэх, худалдан авагч нь ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан үнийг төлөх үүргийг хүлээсэн байна./хх-13-16х/

Энэхүү гэрээний төлбөр хугацаандаа хэвийн төлөгдөх нөхцөлийг хангах зорилгоор П О Э Э ХХК нь М Д ХХК-тай дээрх даатгалын гэрээг байгуулсан, гэрээний Үндсэн нөхцөлд гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаанд үргэлжилнэ гэж, даатгалын тохиолдлыг худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөхгүй байх тохиолдолд даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ гэж заажээ.

Хариуцагч М Д ХХК нь нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу Ө П ХХК-д нийлүүлэлт хийгээгүй гэж мэдэгдсэн гэж тайлбарлан маргаж байгаа боловч түүнийгээ баримтаар нотлоогүй бөгөөд талууд Даатгалын гэрээний хугацааг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлнэ гэж тохиролцон тогтоосноос дүгнэхэд хариуцагч нь Ө П ХХК-д нийлүүлэлт хийгдсэнийг мэдэж, нийлүүлэлт хийсэн өдрөөс эхлэн даатгалын зүйлийг даатгалд хамруулсан гэж үзэхээр байна. Энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцэж байна.

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчийн төлбөр төлөх хугацааг ачилт хийгдсэн өдрөөс хойш 45 хоногт багтаан төлөх үүрэгтэй гэж заасан, шатахууныг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нийлүүлсэн байх тул нэхэмжлэгч П О Э Э ХХК-д төлбөрийг шаардах эрх 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс үүснэ. Паломино ойл энд энержи ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш Ө П ХХК-д нийлүүлэлт хийгээгүй тул даатгалын гэрээний 6.10-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Ө П ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 289,060 литр 534 761 000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг худалдан авч /хх-17/, төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулах /хх-13-16/ үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул даатгалын гэрээнд заасан 120 хоногоос хэтэрч даатгалын тохиолдол бий болсон гэж үзнэ.

Иймд хариуцагч М Д ХХК нь даатгалын гэрээний хавсралтад заасан Даатгалын үнэлгээ болох 432 530 000 төгрөгөөс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага болох 25 хувийг хасч, даатгуулагч П О Э Э ХХК-д 324 397 500 төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө П ХХК-иас 534 761 000 /таван зуун гучин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, М Д ХХК-иас 324 761 000 /гурван зуун хорин дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг тус тус гаргуулан П О Э Э ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /1 779 940+2 831 760/ нийт 4 611 700 төгрөгөөс 4 611 692 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8 төгрөгийг, хариуцагч Ө П ХХК-иас 2 831 755 төгрөгийг, М Д ХХК-иас 1 779 937 төгрөгийг тус тус гаргуулж П О Э Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ТҮМЭНЦЭЦЭГ