Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/04796

 

 

 

 

 

 

 

                               2022        11          14

                   101/ШШ2022/04796

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  “К” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  У.М /рд:/,

Хариуцагч:  Ё.М /рд:2/ нарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Г. Э /рд:/,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 23,868,655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ё.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Г.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.М, Ё.М 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3052-2016/109 тоот “Зээлийн гэрээ’’, 3052-2016/109Б тоот “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дараах хөрөнгүүдийг барьцаалсан.

Үүнд:

1.         Улсын бүртгэлийн Ү тоот дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоот хаягт байрлах м.кв талбай бүхий хувийн сууц /Өмчлөгч нь У.М/

2.         Улсын бүртгэлийн Г гоот дугаар бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын гудамж, тоот дахь м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /Өмчлөгч нь У.М/

Зээлдэгч нар нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 65,843,464.00 төгрөг, үндсэн хүүд 27,357,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,235,187.00 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. У.М, Ё.М нартай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3052- 2016/109 тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөр дараах байдалтай байна. Үндсэн зээл: 14,156,535.00 төгрөг, зээлийн хүү: 8,405,762.00       төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 1,306,358.00 төгрөг, нийт 23,868,655.00 төгрөг байна.

Дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1.         Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,868,655.00 /хорин гурван сая найман зуун жаран найман мянга зургаан зуун тавин таван/ төгрөгийг гаргуулж Кийг хохиролгүй болгуулах,

2.         Шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Нэхэмжлэгч нь зээлдэгч М болон Мтэй 2016.5.16-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 80 сая төгрөгийг зээлсэн. Барьцааны гэрээгээр хувийн сууц болон өмчилсөн газрыг барьцаалсан. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тодорхой төлбөр төлсөн байна. Ингээд үндсэн зээл 14 156 535 төгрөг, хүү 8 405 762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 306 358 төгрөг, нийт 23 868 655 төгрөг гаргуулна. Шийдвэрийг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч төлөхгүй гэж байна. Ямар шалтгаанаар төлөхгүй гэдгээ нотлохгүй байна. Хариуцагч М нь Япон улсад байсан бөгөөд ирэхэд нь нэхэмжлэл гаргасан юм. Энэ талаар эрэн сурвалжлах шийдвэр гаргуулж байсан. Энэ хугацаанд хүү бодогдож байгаа юм. Хариуцагч нар нь нөхцөл байдлын талаар хүсэлт гаргаж байсан бол тухайн үед шийдвэрлэх боломжтой байсан боловч хүсэлт гаргаж байгаагүй. Бид гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа юм. Шимтгэлийг зээлийн гэрээнд заасан байгаа юм. Шимтгэл нь зээл олгохтой холбоотойгоор олон зардал гардаг. Иймд гэрээгээр шимтгэл төлөхөөр тохиролцсон. Бид 2016.5.16-нд барьцааны гэрээ байгуулсан. Бид эрхийн зөрчилгүй хөрөнгийг авсан. Эвлэрэл баталсан захирамж нь барьцааны гэрээнээс хойш батлагдсан. Мөн гуравдагчийн эрх ашиг хөндөгдөхгүй. Ипотекийн эрхтэй тал тэргүүн ээлжид үүргийг хангуулах эрхтэй. Үлдэх эрх байвал гуравдагч этгээд үүргээ гүйцэтгүүлнэ. Ипотек бүртгэгдсэн тул гуравдагч этгээд захирамжийг биелүүлж чадахгүй байгаа юм. Манай асуудал дууссаны дараа хариуцагч болон гуравдагч нар нь асуудлаа шийднэ гэв.

 

Хариуцагч У.М, Ё.М нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд, тэдгээрийн өмгөөлөгч Б.Буянтогос нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ундрах овогтой М /РД: / миний бие нь Кны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Миний бие У.М нь иргэн Н.М-тай 2011 онд гэрлэсэн. Хадам аав Ч.Н, хадам ээж Г.О /РД: / нар нь ОХУ-аас бараа оруулж ирж худалдан борлуулах бизнес эрхэлдэг байсан. Миний хувьд хадмуудынхаа бизнест тусалдаг байсан бөгөөд хөрөнгө, мөнгө захиран зарцуулах ямар ч эрхгүй байсан. 2016 оны 5 сард хадам аав Ч.Н, хадам ээж Г.О нар нь бизнест мөнгө хэрэгтэй байна бид өмнө нь муу зээлийн түүхтэй тул чиний нэрээр зээл авна гэсэн. Ингээд Кнаас 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25,2%-ийн хүүтэйгээр авсан. Зээлийн барьцаанд хадмуудын өөрсдийнх нь барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сум, ,,, гудамж, 4 тоот хаягт байрлах  м.кв талбай бүхий хувийн орон сууц, газрыг барьцаалсан. Тус хувийн орон сууцыг хадмууд өөрсдөө барьсан. Гэрчилгээг нь анхнаасаа миний нэр дээр авсан. Банкнаас заавал хамтран зээлдэгч байх ёстой гэж шаардсан учраас миний төрсөн ээж Ё.Мийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Тус зээлийн мөнгийг хадмууд бизнестээ зарцуулсан. 2016 оны 6 сард миний бие эхнэрийн хамт Япон улс руу явсан. 2019 оны 3 сард эхнэр буцаж ирсэн. Миний бие Япон улсад хууль ёсоор ажиллаж, амьдарч байгаад 2020 оны 9 сард Монголд буцаж ирсэн. 2020 оны 7 сараас эхлээд эхнэр болон хадмууд надтай ерөөсөө харилцахаа больсон. Одоогийн байдлаар эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Намайг Япон улс явах хүртэл буюу 2017 оны 6 сар хүргэл хадмууд тус зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлдөг байсан. Тэр үед 18,6 сая төгрөгийн үлдэгдэл үлдсэн байсан. Япон улсад байхад надад тус зээлийг төлж байгаа гэж хэлдэг байсан. Япон улсад очоод би ажил хийж эхэлсэн үеэсээ буюу 2019 оны 4 сараас олсон мөнгөө Монгол руу эхнэр лүүгээ явуулдаг байсан. Нийт 20,0 сая орчим төгрөгийг эхнэр лүүгээ явуулсан байдаг. Японоос ирсний дараа банкнаас над руу зээлээ төл гэж утасдсан. Тэр үед энэ зээл төлөгдөөгүй байгаа гэдгийг мэдсэн. Банктай уулзахад намайг явснаас хойш бараг мөнгө төлөөгүй байсан. Хадмуудаас энэ зээлээ төлж, энэ асуудал аа шийдээч ээ гэхэд чамд ямар ч хамаагүй, нэр төртэй чинь холбоотой асуудлыг цэвэрлэж өгнө, зээлтэй холбоотой асуудлыг бид хариуцна гэж хэлж байсан. Миний бие хөдөө уурхайд сүлжээгүй газар ажилладаг. Сүлжээтэй газар ирэх үедээ банктай холбоо барьдаг. Тухайн үед банкны ажилтан Г.Тэмүүжин нь барьцаа хөрөнгийг чинь зараад төлье, эвлэрлийн гэрээ байгуулъя гэдэг байсан. Тус барьцаа хөрөнгө нь миний мэдлийн хөрөнгө биш бөгөөд тухайн зээлийг би авч зарцуулаагүй тул хадмуудад энэ асуудлаа шийдээч ээ гэж удаа дараа хэлж байсан. Мөн 2021 оны 11 сард банкны ажилтан Г.Тэмүүжинд шүүхэд өгөөд шийдвэрлүүлээд өгөөч гэдгээ хэлж байсан. Шүүхээс нэхэмжлэл ирсний дараа хадам ээж Г.О-тэй уулзаж шүүхийн нэхэмжлэлийг танилцуулахад энэ зээл чамд ямар ч хамаагүй, бид өөрсдөө хариуцна гээд надад тухайн зээлийг хариуцах талаар бичиг хийж өгсөн. Шүүх дээр очиж бүх тайлбарыг өгөхөд бэлэн гэдгээ хэлсэн. Ундрах овогтой М миний бие нь тус зээлийг анхнаасаа хадмуудад авч өгсөн, барьцаа хөрөнгө нь хадмуудын мэдлийнх тул тус зээлийн хариуцагчаар хадам ээж Г.Ог татан оролцуулж, энэ асуудлыг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна.

Цар тахалтай холбоотойгоор хөнгөлөлт үзүүлж өгнө үү.

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг зөвшөөрнө. Үндсэн зээлд 65 843 464 төгрөг, хүү 27 357 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 235 187 төгрөг, нийт 94 435 652 төгрөг төлсөн. Энэ нь бизнесээ дэмжих зээл байсан. М нь өөрийн хадмуудтай цуг ОХУ-с бараа авч худалддаг байсан юм. Энэ зээлээр хөргүүртэй машин авсан бөгөөд 2019 онд шатаад төлбөрөө төлж чадаагүй. Мөн цар тахал гарч үйл ажиллагаа зогссон. Гэрээний 11-д давагдашгүй хүчин зүйл нөлөөлбөл үүрэг гүйцэтгэх хугацаа зогсоно гэж заасан. Бид үндсэн зээлийг зөвшөөрч хүү болон нэм хүүг зөвшөөрөхгүй. Жилд 25.2 хувийн хүү гэдэг нь хэт өндөр байгаа юм. Иймд шүүх хүсэлтээр зээлийн хүүг багасгаж болно гэж заасан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү. Мөн үндсэн зээлээс 800 000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байгаа юм. Энэ нь хууль бусаар шимтгэл авсан. Нэмж шимтгэл авсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймд 13 356 535 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд гуравдагч этгээд нь үндсэн зээлийг төлөөд барьцаагаа авах хүсэлтэй байдаг юм. Цар тахалтай холбоотойгоор хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх хүсэлт гаргасан. Энэ талаар нотлох баримт шаардлагагүй илэрхий баримт юм. Банк хүүгийн орлогоор зардлаа хаах ёстой бөгөөд шимтгэл авах талаар хууль байхгүй. Иймд гэрээний энэ заалт нь хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус заалт юм. Гэрээний нэг талаас гаргасан гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байдаг. Анх энэ үл хөдлөх хөрөнгийг 2014 онд барьсан. Тухайн үед 117 саяар үнэлэгдэж байсан ба одоо 97 саяар үнэлэгдсэн. Гуравдагч нь банкны төлбөрийг төлөөд эд хөрөнгийг авахаар тохиролцсон юм гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Эгийн төлөөлөгч Н.М нь шүүхэд, түүний өмгөөлөгч Л.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүх дээр хянан хэлэлцэж байгаа К ХХК-ийн нэхэмжлэлтэй У.М нарт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд Г.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхтуяа миний бие нэхэмжлэлийг гардаж аваад дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Тус иргэний хэргийн хариуцагч нь гуравдагч этгээд Г.Этай зээлийн гэрээний харилцаанд оролцож, уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар шүүхийн журмаар зээлийн гэрээний үүрэг бүхий маргааныг шийдвэрлүүлсэн. Ийнхүү шүүхийн шийдвэрээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхдээ тус маргааны талууд эвлэрч зээлийн гэрээний үүрэг болох 70.000.000 төгрөгийн үүрэгт хариуцагч У.М нь өөрийн өмчлөх эрхээр баталгаажсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт хөтөл 26-4 тоот хашаа байшин, 4 айлын газар, 7x5 харьцаатай шовгор, саравч, 2 автомашины гарашийн өмчлөх эрхийг Кны зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор өмчлөх эрхийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн өгнө гэдгээ батлан илэрхийлж, энэ агуулгаар эвлэрлийн гэрээг байгуулж, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 01490 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулан шийдвэрлэсэн болно. Холбогдох нотлох баримтуудыг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргахдаа нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Хариуцагч У.М нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр Г.Эд түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулан шийдвэрлүүлэх үед маргаан бүхий асуудлын талаар талууд дээрх байдлаар эвлэрч байгаа тухайгаа К ХХК-д удаа дараа мэдэгдэж биечлэн очиж уулзаж байсан боловч К ХХК нь ямар нэгэн хариу өгч байр сууриа илэрхийлээгүй ирсэн болно. К ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, харин барьцаа хөрөнгийг хариуцагч нь гуравдагч этгээд Г.Эд төлөх зээлийн гэрээний үүрэг болох 70.000.000 төгрөгийн төлбөрт шилжүүлэх талаар эвлэрч, шүүхийн шийдвэрээр баталгаажиж байхад тус үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байдлаар өнөөдрийг хүрсэн болно. Иймд шүүхээс тус К ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч У.М нараас 23,868,655 төгрөгийг гаргуулж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд болох Г.Эгийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байдлаар шийдвэрлэж өгнө.

Гуравдагчийн төлөөлөгч нь бичгээр тайлбар гаргасан бөгөөд дэмжиж байгаа болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой зээлийн гэрээний дагуу үлдэгдэл зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна. Үүний зэрэгцээ барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах гэсэн байна. Энэ шаардлагын хувьд гуравдагчийн эрх ашиг хөндөгдөж холбогдох баримтыг гаргаж өгсөн. Яг энэ хэсэг дээр Орхон аймгийн шүүхийн шийдвэр гарсан. Энэ хэргийн хариуцагч нь гуравдагчтай тусдаа зээлийн гэрээний харилцаанд ороод үүргээ гүйцэтгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаад эвлэрлээр хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч нь гуравдагчид зээлээ төлж чадахгүй талаар тайлбарлаж эд хөрөнгийг шилжүүлж өгөхөөр тохиролцож түлхүүрийг гардуулж өгсөн. Энэ эвлэрлийг шүүх баталж захирамж гарсан. Одоо шийдвэр гүйцэтгэл дээр ажиллагаа хийгдэж байгаа юм. Эвлэрлийн гэрээ байгуулагдаж байхад энэ хэргийн нэхэмжлэгч мэдсэн бөгөөд ямар нэг тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрэл баталсан захирамжийн талаар маргаан үүсгээгүй. Эд хөрөнгийг шилжүүлснийг мэдэж байсан юм. Дээрх захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд 2 дахь шаардлага нь үндэслэлгүй байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүйгээр шийдэж өгнө үү. Хариуцагч нь манайтай нэг зарчмын асуудал ярьж байна. Бид цаг хугацааны хувьд түрүүлж барьцаалсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна. Үүнийг цаг хугацааны хувьд гэхээсээ илүүтэйгээр хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх учиртай. Иймд эвлэрэл баталсан захирамж нь ач холбогдолгүй гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай. Барьцааны гэрээг түрүүлж хийсэн гэдэг нь хүлээн авах боломжгүй тайлбар юм гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: зээлийн гэрээний тооцоолол /хх12-13, 28-29/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00078 дугаар шийдвэрийн хуулбар /хх14-15/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх17/, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3052-2016/109 дугаар зээлийн гэрээний хуулбар /хх18-21/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх22-23/,  дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх24/, 000346716 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх25/, У.Мын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар /хх26/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нар нь шүүхэд: “Бейкер тилли далайван аудит” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/06-06 дугаар албан тоотын хуулбар /хх81/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хураангуйн хуулбар /хх82-92/, үнэлгээний тайлангийн хуулбар /хх93-107/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүхэд: 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээний хуулбар /хх40-41/, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн итгэмжлэл /хх42/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01490 дугаар захирамж /хх43/, Г.Огийн хүсэлт /хх50-51/, 2 ширхэг гэрэл зураг /хх56, 58/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21,762,298 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,106,357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “К” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 23,868,655 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч У.М, Ё.М нар нь зээлийн хүү хэт өндөр байсан, цар тахалтай холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, 800,000 төгрөгийн шимтгэл нь хууль бус гэж маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Э нь барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн хүчин төгөлдөр захирамж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь үндэслэлгүй гэж маргасан.

 

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 80,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх18-21/

Нэхэмжлэгч нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 55,000,000 төгрөг, 19-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл олгосон гэж тооцоолол гаргасан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн өдрүүдэд зээл олгогдсон гэдгийг хариуцагч нар зөвшөөрсөн.

Улмаар эхний зээл олгогдсон 17-ны өдөр хариуцагч У.М нь өөрийн данснаас 800,000 төгрөгийн шимтгэл төлсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан.

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид ашиглуулах, улмаар зээлдэгч нь мөнгөн хөрөнгө ашигласны төлбөрт хүү төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч нь 55,000,000 төгрөгийн зээл олгосон өдрөө 800,000 төгрөгийг шимтгэл нэрээр буцаан авсан байна.

Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995/ хуульд зээл олгоход шимтгэл авах талаар зохицуулаагүй.

Цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэхүү шимтгэл нь банкнаас зээл олгох үйл ажиллагаатай холбоотой зардал гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбарыг нотлоогүй.

Иймд 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 54,200,000 төгрөгийн зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээг 36 сараар байгуулсан байх боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 31-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд зээлийн тооцооллоор хариуцагч нар нь 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох хугацаанд буцаан төлөлтийг хийж байсан байх бөгөөд энэ үйл баримтыг хариуцагч нар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа тухай бүр тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар дахин тоологдсон байна.

 

Иймд зээл олгосон тус бүрээр зээлийн гэрээний дагуу үүссэн үүргийг тооцвол:

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр олгосон 54,200,0000 төгрөгийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гэрээ 5 жил, 3 сар, 14 хоног үргэлжилсэн байна. Гэрээний 3.1.3-т зааснаар жилд 25.2 хувийн хүү төлөх тул 1 жилд 13,658,400 төгрөг, 5 жилд 68,292,000 төгрөг, 1 сард 1,138,200 /13,658,400/12/ төгрөг, 3 сард 3,414,600 төгрөг, 1 хоногт 37,420.27 /13,658,400/365/ төгрөг, 14 хоногт 523,883.78 төгрөг, нийт 72,230,483.78 төгрөгийн хүү тооцогдоно.

Харин 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр олгосон 25,000,000 төгрөгийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 5 жил, 3 сар, 12 хоног үргэлжилсэн тул 1 жилд 6,300,000 төгрөг, 5 жилд 31,500,000 төгрөг, 1 сард 525,000 төгрөг, 3 сард 1,575,000 төгрөг, 1 хоногт 17,260.27 төгрөг, 12 хоногт 207,123.24 төгрөг, нийт 33,282,123.24 төгрөгийн хүү тооцогдоно.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой. Гэтэл гэрээний 3.1.4-т зааснаар жилийн 5.04 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн нь үндсэн зээлээс тооцохоор ойлгогдож байх бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч нарын гүйцэтгээгүй үүргийг тооцвол нэхэмжлэгч нь үндсэн зээлээс 65,843,464 төгрөг төлөгдсөн гэж тайлбарлаж, хариуцагч энэхүү мөнгөн дүнгийн талаар маргаагүй тул үндсэн зээлээс гүйцэтгээгүй үүрэг нь 13,356,536 /(54,200,000+25,000,000)-65,843,464/ төгрөг юм.

Цаашлаад дээрх үндэслэлээр нийт төлөх хүү болох 105,512,607.02 төгрөгөөс төлөгдсөн гэх хариуцагч нарын маргаагүй хүү 27,357,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,235,187 төгрөгийг тус тус хасвал төлөгдөөгүй үлдэх хүү нь 76,920,420.02 төгрөг юм. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүд 8,405,762 төгрөг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцох нь зүйтэй.

Иймд зээлийн гэрээний дагуу нийт гүйцэтгээгүй үүрэг нь 21,762,298 /13,356,536+8,405,762/ төгрөг болно.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч нь зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор хэт өндөр тогтоогдсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх хүүг буруулан тооцох боломжгүй.

Мөн зээлийн гэрээ хэрэгжиж байх хугацаанд цар тахал тархсан нь нийтэд илэрхий үйл баримт боловч энэ нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний дагуу эргэн төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргаж байсан гэх тайлбараа нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч энэхүү тайлбарыг үгүйсгэсэн.

 

Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 3052-2016/109Б дугаар барьцааны гэрээ байгуулсан байна.

Барьцааны гэрээний зүйл болох Орхон, Баян-Өндөр сум, тоот хаягт байрлах м.кв талбайтай, хувийн сууц, м.кв талбайтай газар нь хариуцагч У.Мын өмчлөлийн эд хөрөнгө болох нь дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдсон. /хх24, 25/

Энэхүү барьцааны гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Цаашлаад Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01490 дугаар захирамжаар дээрх барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эвлэрлийн гэрээг баталгаажуулсан байна. /хх43/

Уг захирамжид заасан эвлэрлийн гэрээнд энэхүү эд хөрөнгө нь “К” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, улмаар энэхүү зээлийн гэрээний  үүрэг дуусгавар болсны дараа өмчлөх эрх шилжүүлэхээр заажээ. /хх40/

Мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар барьцаалагч нь тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.5-д заасан дарааллаар үүргийг гүйцэтгүүлнэ.

Түүнчлэн дээрх эвлэрлийн гэрээгээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн зээлийн гэрээний маргаанд барьцааны гэрээ байгуулагдаагүй байсан гэж гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбарласан.

Иймд хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч У.М, Ё.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 21,762,298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,106,357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймаг, Баян-Өндөр сум,  хөтөл, тоот хаягт байрлах  м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, 781 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г дугаар бүртгэгдсэн газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 347,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.М, Ё.М нараас 336,961.49 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД