Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2023/00164

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          01            16                                        210/МА2023/00164

 

 

 

“***” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04796 дугаар шийдвэртэй

“***” ХК-ийн нэхэмжлэлтэй, У.М , Ё.М нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,868,655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүжин, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Буянтогос, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “***” ХК нь У.М , Ё.М нартай 2016 оны 05 сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 25,2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг Яргуйт Хөтөл 0 гудамж 0тоот хаягт байрлах 202 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-00000 дугаарт бүртгэлтэй, мөн хаягт байрлах 781 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь үндсэн зээл 65,843,464 төгрөг, хүү 27,357,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,235,187 төгрөг тус тус төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний өрийн үлдэгдэл 2022 оны 08 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,156,535 төгрөг, хүү 8,405,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,306,358 төгрөг, нийт 23,868,655 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч нараас 23,868,655 төгрөгийг гаргуулж “***” ХК-д олгож өгнө үү.

1.2. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Нэхэмжлэгч нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг барьцаанд авсан ба эвлэрэл баталсан захирамж нь барьцааны гэрээнээс хойш байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад гуравдагчийн эрх ашиг хөндөгдөхгүй.

Ипотекийн эрхтэй тал тэргүүн ээлжид үүргийг хангуулах эрхтэй. Үлдэх эрх байвал гуравдагч этгээд үүргээ гүйцэтгүүлнэ.

1.3. Мөн зээлийн шимтгэл нь зээл олгохтой холбоотойгоор зардал бөгөөд энэ талаар зээлийн гэрээгээр тохиролцсон тул зээлээс хасаж тооцох үндэслэлгүй гэжээ.  

 

2. Хариуцагч У.М ын татгалзал, тайлбарын агуулга:  

2.1. Миний бие Н.Мядагбадамтай 2011 онд гэрлэсэн ба хадам аав Ч.Н , хадам ээж Г.О нарын ОХУ-аас бараа оруулж, худалдан борлуулах бизнест тусалдаг байсан.

2016 оны 5 сард хадам аав Ч.Н , хадам ээж Г.О нарын хүсэлтээр “***” ХК-аас 80,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 25,2 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 22 дугаар баг, Яргуйт Хөтөл 0 гудамж, 0 тоот хаягт байрлах 202 м.кв талбай бүхий хувийн орон сууц, газрыг барьцаалсан. Тус хувийн орон сууцыг хадмууд барьж гэрчилгээг миний нэр дээр авсан.

Банкнаас зээл авахдаа ээж Ё.М ийг хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Тус зээлийн мөнгийг хадмууд бизнестээ зарцуулсан гэжээ.

 

3. Хариуцагч Ё.М ийн татгалзал, тайлбарын агуулга:  

3.1. “***” ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг зөвшөөрнө. Үндсэн зээл 65,843,464 төгрөг, хүү 27,357,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,235,187 төгрөг, нийт 94,435,652 төгрөг төлсөн.

У.М өөрийн хадмуудын хамт ОХУ-аас бараа авч худалддаг байсан ба энэ зээлээр хөргүүртэй машин авсан боловч цар тахал гарч үйл ажиллагаа зогссон.

Гэрээний 11-д “давагдашгүй хүчин зүйл нөлөөлбөл үүрэг гүйцэтгэх хугацаа зогсоно” гэж заасан. Бид үндсэн зээл 13,356,535 төгрөгийг зөвшөөрч, хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй ба жилийн 25.2 хувийн хүү гэдэг нь хэт өндөр байна. Иймд шүүх  хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү.

3.2. Мөн банк хууль бусаар шимтгэл авсан тул үндсэн зээлээс 800,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. Гэрээний энэ заалт нь хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус заалт юм.

3.3. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд гуравдагч этгээд нь үндсэн зээлийг төлөөд барьцаагаа авахаар тохиролцсон гэжээ.

    

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Уг иргэний хэргийн хариуцагч нь гуравдагч этгээд Г.Э тай зээлийн гэрээний харилцаанд оролцож, уг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар шүүхийн журмаар зээлийн гэрээний үүрэг бүхий маргааныг шийдвэрлүүлсэн.

Шүүхийн шийдвэрээр маргааныг эцэслэн шийдвэрлүүлэхдээ эвлэрч хариуцагч У.М нь зээлийн гэрээний үүрэг 70,000,000 төгрөгт өөрийн өмчлөлийн  Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг Яргуйт хөтөл 00-0 тоот хашаа байшин, 4 айлын газар, 7x5 харьцаатай шовгор, саравч, 2 автомашины гараашийг “***” ХК-ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор маргаангүйгээр шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээг байгуулж, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 01490 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Хариуцагч У.М нь 2017 оны 03 сарын 16-ны өдөр Г.Э д түлхүүрийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулан шийдвэрлүүлэх үед талууд дээрх байдлаар эвлэрч байгаагаа “***” ХК-д удаа дараа мэдэгдэж биечлэн очиж уулзаж байсан.

“***” ХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж, харин барьцаа хөрөнгийг хариуцагч нь гуравдагч этгээд Г.Э д төлөх зээлийн гэрээний үүрэг 70,000,000 төгрөгийн төлбөрт шилжүүлэх талаар эвлэрч, шүүхийн шийдвэрээр баталгаажиж байгааг банк хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь энэхүү эвлэрэл баталсан захирамжийн талаар маргаан үүсгээгүй.

Дээрх захирамж хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага үндэслэлгүй. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.М , Ё.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 21,762,298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “***” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,106,357 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт хөтөл, 00-0 тоот хаягт байрлах 202 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц, 781 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-00000 дугаар бүртгэгдсэн газрыг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “***” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 347,494 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.М , Ё.М нараас 336,961 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн атлаа нэмэгдүүлсэн хүүд төлсөн 1,235,187 төгрөгийг зээлийн хүүгээс хасаагүйг зөвшөөрөхгүй.

Зээлийн хөрөнгөөр ОХУ-аас хүнсний зүйл тээвэрлэж борлуулах ажлыг хийж байсан ба ковид-19 цар тахлын үед үйл ажиллагаа бүрэн зогссон. Энэ талаар банкинд мэдэгдэж байсан ба цар тахал нийтэд илэрхий заавал нотлох шаардлагагүй үйл баримт байхад нотлох баримт гаргаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэрээний 11-р зүйлд заасныг харгалзаж үзээгүй.

6.2. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно.” гэж заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ  гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг шууд хөндөж байна. Эвлэрлийн агуулга нь У.М “***” ХК-ийн зээлийн гэрээний үүргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө төлж дуусгавар болгож барьцааг чөлөөлүүлэн эвлэрлийн үүргээ биелүүлэх үндсэн агуулгатай байгааг шүүх анхаараагүй. 

У.М нь эвлэрлийн асуудлыг “***” ХК-д мэдэгдэж байсан боловч байр сууриа илэрхийлээгүй, 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 01490 дугаар шүүгчийн захирамжийг үгүйсгээгүй, эс зөвшөөрч гомдол гаргаагүй.

7.2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.5 дахь хэсэг нь нэг барьцааны зүйлийг 2 буюу түүнээс дээш барьцаалагч нар нэгэн зэрэг барьцаалсан тохиолдолд эхний барьцаалагч бусад барьцаалагчаас давуу эрхтэй болохыг тодорхойлсон ба үүнийг маргаан бүхий тохиолдолд шууд адилтган хэрэглэх боломжгүй.

Г.Э нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй ба шийдвэр заавал биелэгдэх зарчимтай бөгөөд хууль зүйн үр дагаврыг бодитой үүсгэсэн байхад энэ талаар зөв тайлбарлаж, хуулийг зөв хэрэглээгүй.

7.3. “***” ХК-тай 2016 оны 05 сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан ба шүүх маргааныг шийдвэрлэх үед “***” ХК гэсэн нэр, хэлбэртэй хуулийн этгээд улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна. Иймд “***” ХК гэсэн нэр, хэлбэртэй хуулийн этгээд шаардах эрхгүй байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй хууль зүйн үр дагавар үүсгэж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд тусгасан тохиолдолд үндсэн зээлийн хэмжээнээс 20 хувиас хэтрэхгүйгээр нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Харин шүүх нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлагдахгүйгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхийг хүсье.

Мөн короновирусийн цар тахалтай холбоотойгоор зээлдэгч хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүй талаар холбогдох баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй.

8.2. Гуравдагч этгээдийн тайлбарлаж буй харилцаа нь “***” ХК болон зээлдэгч У.М , Ё.М нарын хооронд байгуулагдсан ээлийн болон барьцааны гэрээний дараа үүссэн. Талуудын эвлэрлийг баталсан хэргийг “***” ХК-ийг гуравдагч этгээдээр татсаны дараа шийдвэрлэх шаардлагатай байсан. Уг асуудал нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш болсон тул уг маргаантай холбоогүй. Иймд хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “***” ХК нь хариуцагч У.М , Ё.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,868,655 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүү болон зээлийн шимтгэлд төлсөн 800,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчийн хооронд 2016 оны 05 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “***” ХК нь 80,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч У.М , Ё.М нар нь зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх18-21/

 

3.а. Уг зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, У.М ын өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22 дугаар баг, Яргуйт хөтөлийн 00-0 тоотод байрлах 781 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах 202 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. /хх22-25/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн болон барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

4. Нэхэмжлэгч “***” ХК нь 2016 оны 05 сарын 17-ны өдөр 55,000,000 төгрөг, мөн оны 05 сарын 19-ний өдөр 25,000,000 нийт 80,000,000 төгрөгийг зээлдэгч У.М , Ё.М нарт шилжүүлэн өгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

4.а. Хариуцагч У.М , Ё.М нар нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 65,843,465 төгрөг, зээлийн хүү 27,357,000, нэмэгдүүлсэн хүү 1,235,187 төгрөг нийт 94,435,652 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцоолол болон талуудын тайлбараар тогтоогдсон. /хх12-13/

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын гэрээний дагуу төлбөр төлсөн байдал, үлдэгдэл зээлийн хэмжээ, хэтэрсэн хугацааны хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үндэслэлтэй дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр үндсэн зээл 14,156,535 төгрөг, хүү 8,405,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,306,358 төгрөг нийт 23,868,655 төгрөг шаардсанаас хариуцагч нар ковид-19 цар тахлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэслэлээр үндсэн зээлийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэхээр татгалзлаа тайлбарлажээ.

 

5.а. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.3, 3.1.4,  4.9-д тус тус зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх ба хэрэгт авагдсан талуудын тайлбар, зээл, хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар хариуцагч нар нь зээлийг эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

5.б. Харин анхан шатны шүүх талууд нэмэгдүүлсэн хүүг 5,04 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцээгүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн.

 

Учир нь зээлийн гэрээний 3.1.3-д “зээлийн хүү жилийн 25.2 хувь” гэж, 3.1.4-т “зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 5,04 хувь” гэж тус тус заасан ба 25,2 хувийн 20 хувь нь 5,04 байх тул гэрээний уг зохицуулалт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

 

5.в. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг баримтлан хариуцагч нараас 21,762,298 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шийдлийг хэвээр үлдээж, дүгнэлтийг залруулна.

 

Нэгэнт талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо хуульд нийцсэн тул хариуцагчийн гаргасан нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлээс хасаж тооцуулах тухай гомдол хангагдах үндэслэлгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан барьцааны гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч нар төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

6.а. Учир нь талуудын хооронд 2016 оны 05 сарын 16-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн.

 

6.б. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Г.Э , Г.О нар нь “...хашаа байшингийн гэрчилгээ Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа, барьцаа зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор өмчлөх эрхийг маргаагүйгээр Г.Э д шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч тохиролцсон” нөхцөлийг баталжээ. /хх43/

 

Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар дамжуулан хийгдсэн эвлэрлийн гэрээний дагуу шүүгчийн захирамж гарсан байна.

 

6.в. Талуудын эвлэрлийн гэрээний агуулгаар тохиролцсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 дугаар баг, Яргайт хөтөл 00-0 тоотод байрлах хувийн сууц болон газар урьд нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан талаар захирамжид дурдагджээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж байгаа бол барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцаагаар хангагдах шаардлага буюу барьцааны эрх үүсдэг тул гуравдагч этгээдийн хувьд эвлэрлийн гэрээний дагуу шилжүүлэн авахаар тохиролцсон үл хөдлөх хөрөнгийг  хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд анхан шатны шүүх дарааллын талаарх Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.5 дахь хэсэгт заасныг дүгнэх шаардлагагүй.

 

6.г. Гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй.

 

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах банкны шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн.

 

7. Нэхэмжлэгч “***” ХК нь урьд хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ байсан гэх үндэслэл нь тус компанийг гэрээний дагуу шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй тул гуравдагч этгээдийн энэ талаар давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/04796 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч Ё.М ийн 149,443 төгрөг, гуравдагч этгээд Г.Э гийн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

    

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.БАТЗОРИГ

 

                                                      ШҮҮГЧИД                        М.БАЯСГАЛАН

 

                                                                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ