Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/05006

 

                                                                                                                                                                                                                                          

 

 

 

 

 

                                  2022        11          30

                          101/ШШ2022/05006

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ц. Т /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: овогт Б.М /рд:/,

 

Хариуцагч:  овогт С.Д /рд:/, нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Т би өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ,, хороо, Хүрхрээ  тоотод байрлах м.кв талбайтай, хувийн сууц, гаражыг иргэн Б.Мтай худалдахаар харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний 3.1-т заасны дагуу үнийг 500.000.000 төгрөгөөр худалдахаар, нийт төлбөрийг хоёр хувааж 2 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцож, орон сууц, гаражыг Б.Мд хүлээлгэн өгсөн. Ингээд худалдан авагч Б.М тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөхгүй болохоор нь төлөхийг шаардсан боловч түүний нөхөр нь их хэмжээний мөнгө орж ирэх ёстой байсан чинь орж ирэхгүй гацаад байна мөнгө оруулж ирүүлэхэд надад 100.000.000 төгрөг хэрэг болоод байна үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад мөнгө орж ирэхээр бүх мөнгийг чинь хүүгийн хамт өгнө гэж хэлсний дагуу миний бие зөвшөөрч өөрийн нэр дээр “Ю” ББСБ-аас зээл авч 150.000.000 төгрөгийг зээлж 100,000,000 төгрөгийг Б.Мгийн нөхөр М.Дд дансаар нь шилжүүлэн өгсөн юм. Б.Мгаас байрны төлбөр, зээлийн төлбөр мөнгө орж ирэхгүй болохоор нь залгаж асуухад нөхрийн хамт та надад 10,000,000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээч нөгөө их мөнгө 2 хоногийн дараа орж ирнэ гэж хэлсний дагуу 10.000.000 төгрөгийг зээлж авч намайг хохироосоор байна. Ингээд Б.М нь ББСБ-д төлөх зээлийн төлбөр, орон сууцны төлбөрийг төлөхгүй болохоор нь худалдах, худалдан авах гэрээг цуцалж орон сууцыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч чөлөөлж өгөхгүй өнөөг хүрсэн. Иймд: Улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ,, хороо, Хүрхрээ 1 дүгээр гудамж, 21-3 тоотод байрлах 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражыг Б.М, М.Д нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хувийн сууц, гарашийг худалдахаар гэрээ байгуулсан. Үнийн дүнг 500 сая гээд төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон. Улмаар хариуцагч Мд хүлээлгэн өгсөн. Гэтэл хүнээс мөнгө орж ирэхээр төлнө гэсэн. Тэгээд байрыг засах хэрэгтэй гээд ББСБ-т барьцаанд тавьж зээл авч засаад орсон. Үүнээс хойш төлбөрөө төлөөгүй. Удаа дараа гэрээг цуцалсан тул байрыг суллаж өгөхийг шаардсан боловч гэрээсээ хөөн гаргаж байсан. Ингээд өмгөөлөгч авч шаардсан боловч төлбөрөө төлөөгүй. Иймд хувийн сууц, гарашийг албадан чөлөөлж өгнө үү. Хариуцагч нь 250 саяыг төлсөн гэдэг боловч баримтгүй. Одоо 250-г төлнө гэдэг нь төлбөр төлөөгүй гэдгийг нотолж байна гэв.

 

Хариуцагч Б.М, М.Д нар нь шүүхэд болон хариуцагч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Тийн нэхэмжлэлтэй, С.Д, Б.М нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч бид нэхэмжлэлийг эс зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. 2021 оны 05 дугаар сарын эхээр иргэн Цтай уулзаж байр худалдах, худалдан авах тухай анх ярьсан байдаг. Иргэн Ц нь миний байр зарагдахгүй байна, дүү хүү миний байрыг аваач гэж хэлсэн. Ах нь байраа хямд зарна гэж хэлээд ярьж тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийхээр болж би өөрийн өмчлөлийн байраа зарж Ц ахын байрыг авахаар тохиролцон. Анх байр авахад засал хийгээгүй блокоороо байсан. Ц ах хэлэхдээ хэрвээ чи өөрөө засвараа хийгээд авахаар бол 300 сая төгрөгөөр, би өөрөө засвараа хийж өгвөл 500 сая төгрөг гэж тохирсон. Тэгээд Цын эхнэр Т гэж хүнтэй гэрээ хийх болсон. Гэтэл гэрээ дээр 500 сая гэсэн үнийн дүнтэй байсан. Гэрээгээ хийсний дараа Ц ахаас яагаад 500 сая гэсэн үнийн дүнтэй байгаа юм бэ гэж асуухад Ц ах эхнэрт нэр зүүсэн юм үзүүлэхгүй бол болохгүй. Дараа нь 2-лаа болноо дүү гэж хэлсэн. Тэгээд би өөрийн өмчлөлийн Зайсанд байрлалтай 4 өрөө байраа зарж засварын ажилдаа орсон байдаг. Би өөрийн мөнгөөр тус байрыг бүрэн засаж, 2021 оны 7 дугаар сард байрны засвар бүрэн дуусаж, 8 сард байрандаа орсон байдаг. Гэтэл өвгөн эсрэг талын байрандаа яг танайх шиг засвар хийлгэмээр байна гэж хэлсэн. Тэгээд дүү хүү засвар хийгээд өгөөч гэж надад санал тавьсан. Тэгээд манай байрыг барьцаанд тавьж 150 сая төгрөг ББСБ-с авсан байдаг. Тэгээд надад 100 сая төгрөг өгч эсрэг талын байрны засварыг би эхлүүлсэн байдаг. Тус байранд нэг ч айл ороогүй тул дэд бүтэц, цахилгаан, бохир, цэвэр усны холболтууд мөн дотор шаврын ажлыг бүрэн хийж дуусгасан. Эдгээр ажлуудыг хийхэд материал болон ажлын хөлс нийлээд 110 сая төгрөг болсон байдаг. Ц ах ББСБ-с авсан мөнгийг намайг төлөөд байрны мөнгөнөөс суутгана гэж хэлсэн. Би зөвшөөрч ББСБ-д хүү төлж эхэлсэн. Гэтэл өвгөн “Хүрэл тогоот”-н аманд 6 га газар байна. Тэрийг зармаар байна, хэрвээ чи зарж өгч чадвал чамд 600 сая төгрөг өгье гэж тохиролцсон байдаг. Тэгээд би гадаадын хамтрагч нараасаа асуусан тэд нараас авах хүн гарч ирсэн. Нөгөө газрыг авах хүн оллоо гээд өвгөнд хэлэхэд, өвгөн уучлаарай дүү манай газрын зөвшөөрөл цуцлагдсан байна. Ах нь санаа зовоод хэлж чадаагүй юм. Захиргааны хэргийн шүүх дээр маргаан нь явж байгаа ах нь бараг ялчих байхаа гэж надад хэлсэн. Гэвч шүүхийн шийдвэр нь нөгөө талд гарч өвгөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэж хэлсэн. Шүүхээр явахад мөнгө хэрэгтэй Дд өгнө гэж эхнэртээ ойлгуулаад өвгөн 10 сая төгрөг авсан байдаг. Т эгч нь энэ талаар асуувал 10 сая төгрөг шүүхэд өгсөн гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Би тухайн үед нээх юм бодолгүй “за” гэж хэлсэн. Тэр 10 сая төгрөгийг би аваагүй. Эхнэртээ худал хэлсэн. Ах эхнэр оролцоод байхаар ядаргаатай байдаг юм аа гэж надад хэлсэн. Энэ мэтээр эхнэртээ буруу зөрүүтэй ойлголт өгсөн байдаг. Гэтэл нэг өдөр өвгөн нас барсан. Бидний ярьсан бүх асуудлыг Т эгч үгүйсгэж биднийг байрнаас гар гэж хэлсэн. Би яалаа гэж өөрийн өчнөөн мөнгөө оруулсан байраа өгөх бэ гэж хэлсэн. Гэтэл ББСБ-с байр хураана гэж байна гэх мэтээр ярьж эхэлсэн. Намайг ББСБ-н мөнгө төл дээрээс нь 500 сая төгрөг өг гэж хэлсэн. Би тухайн үед ажил явдал болоод удаагүй байхад нь очсон болохоор ийм юм яриад яахав гээд чимээгүй байсаар өдий хүрсэн. Би өөрийн байраа зарж бетоноороо байсан байрыг засаж дуусгасан. Тус байрыг би 2017 онд ирж үзэж байсан. Өвгөн 2021 онд дахин байраа хямд зарна гэсэн санал тавьж бид авсан. Анх энэ байр ямар байсан бичлэг зураг бүгд байгаа. Дээрх хийсэн засварын ажил бүгд үнэн зөв болохыг шинжээч томилж манай байр болон эсрэг талын байрны засварыг шинжлүүлэх хүсэлттэй байна. Би өөрийн хийсэн болон гаргасан мөнгөөрөө хохирмооргүй байна. Миний өөрийн ярьсан бүх зүйлсийг нотлох ярианы бичлэг, зураг бүгд надад байгаа. Шаардлагатай бол шүүхэд гаргаж үзүүлнэ. Манай байрны засварын материал болон ажлын хөлс 250 сая төгрөг болсон. Бас өвгөнд өгсөн 200 сая төгрөгийн бичлэг, зураг байгаа. Энэ бүхнийг нотлуулахаар шинжээч томилж өгнө үү. Өөр дурдаагүй зөндөө асуудал байгаа. Миний хувьд нас барсан хүнийг гүтгэж байгаа мэт олон юм яримааргүй байгаа тул болсон бүхнийг бичсэнгүй. Тиймээс шүүх үнэн зөвийг тогтоож, хэн нэгнийг хохироохгүйн тулд шинжээчээр нотлуулахад шаардлагатай бүх баримтуудыг бид шүүхэд гаргаж өгөхөд бэлэн байна.

Нэхэмжлэгчтэй танилцсан. Анх 2017 онд байрыг үзсэн. Энэ үед тодор засалгүй байсан. Үнэ тохироогүй тул аваагүй. Дараа нь дахиж холбогдоод үнээ тохиролцоод өмчлөгч нь Т боловч Ц гэдэг хүнтэй тохирсон. Гэрээгээр 2 хувааж төлөх байсан. Засварын зардлыг буцааж өгөхгүй гэхэд нь би гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн. Гэтэл одоогоор ингээд хийчих гээд гэрээнд зуруулсан. Ингээд бид бүрэн засвар хийгээд байрандаа орсон. Энэ хооронд мөнгө төлөөгүй хугацаа алдсан шалтгаан нь хажуугийн 2 байрыг Ц миний байр юм, тэгээд танай засвар сайн болсон тул дуусахаар нь манай байр уруу оруулаад өгөөч гэсэн. Мөн байрыг засуулж өгөөд манай байрыг давхар зараад өгөөч гэсэн. Тэгээд манайх засвар хийлгэх тул байрны төлбөрөө төлөхөд яарах хэрэггүй гэсэн. ББСБ-с зээл авч засвар хийсэн мөнгө нь манай засварынх биш Цын байрны засварын мөнгө юм. Цахилгаан бас нэмж татсан. Бид зайсанд 4 өрөө байраа зараад Цын үгэнд итгээд энэ байранд засвар хийсэн. Гэтэл өнөөдөр энэ байрыг чөлөөл гэж байна. Хэрэв чөлөөлбөл бид оруулсан мөнгөө авмаар байна. 2021 онд хийсэн гэрээнд засварын 100 саяыг намайг авч луйвардсан гэж хэлсэн нь худлаа юм. Бид гэрээний 3.2-т 9 сард 250 сая, 10 сард 250 саяыг төлөхөөр заасан. Нэмэлт гэрээний 3.2-т 150 сая нь бидэнд хамааралгүй мөнгө юм. Бид 9 сарын 250 саяыг өгсөн. 150 саяын зээлийн 50 саяыг Т авсан бөгөөд 100 сая нь засварт зарцуулсан. Үлдэгдэл 250 саяыг Тт өгөхөөр тохиролцсон. Бид ББСБ-н төлбөрийг шилжүүлж байсан. Гэтэл өмгөөлөгчтэй ирээд байр чөлөөл гэсэн. Тэгэхээр нь бид хүний өмнөөс төлж байгаа ББСБ-н төлбөрийг төлөхгүй гээд хуулийн байгууллагаар явъя гэсэн. Бидний тооцоогоор 250 саяыг шилжүүлж өгөх боломжтой. Иймд байраа шилжүүлж авах хүсэлтэй байна. 250 саяын баримт нь утасны бичлэгт байгаа юм. Энэ мөнгийг Ц гэдэг хүн авсан юм. Ц нь авсан мөнгөө Тт битгий хэлээрэй гэж байсан юм. Үлдэгдэл 250 саяыг өгнө гэдэг нь өмнөх төлбөрийг үгүйсгэсэн зүйл биш юм. Миний санал бол үлдэх 250 саяасаа ББСБ-н зээлийг хаагаад өмнөх төлбөрөө тооцоод үлдэхийг нь төлнө гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх6/, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх8/, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх10-11/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх12-13/, Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх14/, зээлийн тооцоо /хх15/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нар нь шүүхэд: 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх27/, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /хх29/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хувийн сууц, гаражийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.Т нь Баянзүрх дүүрэг, дүгээр хороо, Хүрхээ  дүгээр гудамж,  тоот хаягт байрлах,  м.кв  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэгдсэн, хувийн сууц болон гаражийг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.М, М.Д нар нь хувийн сууц болон гаражийг худалдан авсан, 250,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрт хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгөд өөрийн зардлаар засвар хийсэн, үлдэх төлбөрийг төлөх боломжтой гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Зохигчид 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 500,000,000 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хх6/

Гэрээний зүйл нь маргаж буй хувийн сууц, гараж бөгөөд өмчлөх эрх худалдагч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,, дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх5/

Энэхүү үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Өөрөөр хэлбэл, худалдах худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрх худалдан авагч буюу энэ хэргийн хариуцагчид шилжээгүй болохыг хариуцагч зөвшөөрсөн.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Худалдах худалдан авах гэрээний 3.2-т зааснаар эхний төлбөр болох 250,000,000 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Цаашлаад 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3.2-т зааснаар үлдэх 250,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байна. /хх8/

 

Нэхэмжлэгч нь гэрээний үнэ төлөгдөөгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь эхний төлөлт болох 250,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг төлөх боломжтой гэж маргасан.

Ийнхүү эхний төлбөрийг төлөхдөө хариуцагч М.Д нь нэхэмжлэгчийн нөхөр С.Цт бэлнээр олгосон гэж тайлбарласан.

Гэвч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Мөн бэлнээр мөнгө олгохдоо бичгийн хэлбэрийн баримт үйлдээгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Эдгээрээс үзэхэд хариуцагчийн 250,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар нотлогдоогүй бөгөөд гэрээнд зааснаар Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг биелэгдээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Б.М нь хэрэв хувийн сууцыг буцаан өгсөн тохиолдолд засвар хийсэн зардлаа гаргуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эдгээрээс гадна хариуцагч нь үлдэх 250,000,000 төгрөгийг төлөх боломжтой байсан боловч ББСБ-с авсан 150,000,000 төгрөгийн зээлтэй холбоотойгоор төлөөгүй гэж тайлбарласан. Улмаар энэхүү зээлийн зарцуулалтыг нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүний үл хөдлөх эд хөрөнгийн засварын зардалд зориулсан гэх тайлбараа нотлоогүй.

Зохигчид болон С.Ц нар нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Ю ББСБ” ХХК-тай 150,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх10-11/

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаж буй худалдах худалдан авах гэрээний зүйлийг барьцаалж гэрээ байгуулжээ. /хх12-13/

            Зээлийн гэрээний дагуу 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь нэхэмжлэгчийн дансанд 150,000,000 төгрөгийн зээл олгогдсон байна. Үүний дараа мөн өдөр Худалдаа хөгжлийн банк дахь  ... тоот дансанд 100,000,000 төгрөг шилжигдсэн бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан.

            Эдгээр үйл баримтыг харьцуулан үзвэл ББСБ-с зээл авсантай холбоотойгоор худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Учир нь хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүний үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн гэж тайлбарласан тул энэхүү зээл нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт хамааралгүй байна.

 

            Иймд хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргээ тохиролцсон хугацаанд биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

            Улмаар гэрээнээс татгалзсан бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаан өгөх үүрэгтэй байдаг.

            Гэвч зохигчдын маргаж буй гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжээгүй.

            Мөн зохигчид хариуцагч нь гэр бүлийн хамт маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа үйл баримтын талаар маргаагүй.

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

            Харин хариуцагчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн гэх тайлбар болон зээлийн гэрээний үүргийг хэрхэн хуваарилж төлөх талаарх маргаан нь энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

               ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,дүгээр гудамж,  тоот хаягт байрлах,  м.кв  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэгдсэн, хувийн сууц болон гаражийг хариуцагч Б.М, М.Д нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, М.Д нараас 2,657,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД